Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2025/0060

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 08*** дугаар шийдвэрийг нэхэмжлэгч “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Д давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

 

Шүүх хуралдааны даргалагч Ц.Сайхантуяа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “Т” ХХК

Хариуцагч Хан-********** нарт

Шүүх хуралдааны оролцогчид:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Д

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Хариуцагч Д.Т, Н.М

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д, Б.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дэлгэрмөрөн

Хэргийн индекс: 128/2024/09***/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 08*** дугаар шийдвэрээр: 2015 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухайн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь заалт, Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4, 7 дугаар зүйл, 2008 оны Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх заалт, 2019 оны Татварын ерөнхий хууль /шинэчилэн найруулга/-ийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.3, 15.3.2 дахь заалт, 2017 оны Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 11.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Т” ХХК-иас Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Т, Н.М нарт холбогдуулан гаргасан “Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Т, Н.М нарын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн НА-2323000**** дугаар Нөхөн ногдуулалтын актын төлбөрийг 92,378,181.82 төгрөг болгож багасгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Д дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “... Нэхэмжлэгч нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд анх Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч  Д.Т, Н.М нарын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн НА-2323000**** дугаар Нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.6-д заасны дагуу “төлбөр тогтоосон захиргааны актын төлбөрийн хэмжээг багасгах” болгон өөрчилсөн. Түүнчлэн нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд татвар төлөгчийн тайланг татварын алба хүлээн авч баталгаажуулснаар Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах итгэл үүссэн гэдэг үндэслэлээр маргасан. Гэвч анхан шатны шүүх зөвхөн татварын хөөн хэлэлцэх хугацаа, татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулсан эсэхэд дүгнэлт хийсэн.

Нэхэмжлэгчийн зүгээс татварын хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлж татвар ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж акт тогтоосон нь Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлд заасан хугацааг тодорхойлох журмын дагуу хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн буюу Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана” гэж заасан тул 2019 оны жилийн эцсийн буюу 12 сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор тайлагнах ёстой бөгөөд тэр хугацаагаар хөөн хэлэлцэх хугацааг тоолоход 2021 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан.

Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно” гэж заасны дагуу гүйцэтгэх захирал 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гардаж авсан буюу мэдсэнээр хүчин төгөлдөр болсон учир төлбөр ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 21 хоногоор хэтэрсэн нь тогтоогдож байхад хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй. Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Т, Н.М нар “Т” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж акт үйлдсэн. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрт татвар төлөгчийг 2018 онд зөрчил гаргасан мэтээр дүгнэсэн нь алдаатай байна. Дээрх үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2024/08*** дугаар шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул тус шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч “Т” ХХК нь Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн НА-2323000**** дугаар нөхөн ногдуулалтын актаар “2019 онд “Эх өв хүч” ХХК-аас худалдан аваагүй атлаа 923,781,818.22 төгрөгийн бараа материал худалдан авсан мэтээр баримт бүрдүүлж нэмэгдсэн өртгийн албан татварын төлбөл зохих татварын дүнгээс хасаж тооцон, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвар бууруулсан зөрчил гаргасан гэж үзэж, 92,378,181.82 төгрөгийн нөхөн татвар, 27,713,454.55 төгрөгийн торгууль, 18,475,636.36 төгрөгийн алданги, нийт 138,567,272.73 төгрөгийн төлбөр ногдуулснаас нөхөн татварыг төлөхийг зөвшөөрч, харин торгууль, алдангийн төлбөрийг багасгуулахаар нэхэмжлэл гаргажээ.

3.  Анхан шатны шүүх “... актаар торгууль, алданги ногдуулахдаа татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчмыг баримталж Зөрчлийн тухай хуулийн 2019 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан 11.19 дүгээр зүйлийн 1.2, Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, 2008 оны Татварын ерөнхий хуулийг хэрэглэсэн нь үндэслэлтэй зөв, ... мөн Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлд заасан татварын хөөн хэлэлцэх 4 жилийн хугацаа өнгөрөөгүй ...” гэж, нэхэмжлэгчийн маргасан үндэслэлүүдэд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

4.  Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол болон өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт “... татвар төлөгчийн тайланг татварын алба хүлээн авч баталгаажуулснаар “хууль ёсны итгэл үүссэн”, тухайн үед татварын алба энэ зөрчлийг илрүүлсэн бол ийм их хэмжээний торгууль, алданги үүсэхгүй байх байсан, энэ талаарх нэхэмжлэлийн үндэслэлд анхан шатны шүүх дүгнэлт өгөөгүй, ... татварын алба нь НӨАТ-ын падааны хяналтаа тавьж чадаагүй байдал энэхүү зөрчил гаргахад нөлөөлсөн” гэж маргасныг хүлээн авч хангах үндэслэлгүй байна.

4.1. Нэхэмжлэгч нь “худалдан авалт хийгээгүй, бусдад нэмэгдсэн өртгийн албан татвар” төлөөгүй атлаа баримт бүрдүүлж, төсөвт төлөх татвараас хасч, төсөвт төлөх татвараа бууруулах зөрчлийг гаргахгүй байх үүрэгтэй буюу татварын албаны хяналтаас үл хамаарч тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2008 оны Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Татвар төлөгч дараахь үүрэг хүлээнэ: 18.1.1.татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх;” гэж заасны дагуу үнэн зөв тайлагнаж, татвараа төлөх үүрэгтэй тул уг үүргийг зөрчсөн зөрчил гаргасанд татварын албаны буруутай нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй.

5. Мөн гомдолд “… Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д актыг мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно гэж заасны дагуу нөхөн ногдуулалтын актыг 2024.01.31-ний өдөр гардаж авах үед хүчин төгөлдөр болсон гэж үзэх тул тухайн татварыг тайлагнах ёстой 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш акт хүчин төгөлдөр болох хүртэл татварын хөөн хэлэлцэх 4 жилийн хугацаа өнгөрснийг анхан шатны шүүх зөв тайлбарлаж хэрэглээгүй” гэжээ.

5.1. Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-д “Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулснаас бусад харилцааг энэ хуулиар зохицуулна” гэж заасан, татварын байцаагчийн нөхөн ногдуулалтын актыг хэзээ хүчин төгөлдөр болох талаар Татварын  ерөнхий хуулиар нарийвчлан зохицуулсан тул Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д заасныг энэхүү харилцаанд хэрэглэхгүй.

5.2. Татварын ерөнхий хуулийн /2019 оны/ хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-д “Нөхөн ногдуулалтын акт, илтгэх хуудаст хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч гарын үсэг зурж, хариуцсан нэгжийн дарга хянан баталгаажуулж гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.” гэж зааснаар нөхөн ногдуулалтын акт нь 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гарч, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн дарга Б.М мөн өдөр гарын үсэг зурсан байх тул тухайн өдрөөс хүчин төгөлдөр болсон тул гомдлыг хангах үндэслэлгүй. 

6. Мөн гомдолд “… анхан шатны шүүх 2018 онд зөрчил гаргасан мэтээр дүгнэсэн нь алдаатай байна” гэсэн нь Шийдвэрийн Үндэслэх хэсгийн 10-т “2018” гэж бичигдсэн байдлаас харагдах боловч “жилийн эцсийн тайланг дараа сарын 10-ны дотор гаргахаар хуульд заасны дагуу гаргах хөөн хэлэлцэх хугацааг 2020 оны 01 дүгээр зүйлийн 10-ний өдрөөс эхлэн тоолох”-оор хөөн хэлэлцэх хугацааг зөв тооцсон байх тул энэ шалтгаанаар шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй.

7. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй тул хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2024/08*** дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Т” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

    

 

ШҮҮГЧ                                                                       Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ