Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2021/01176

 

 Төрийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

                  иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 132/ШШ2019/00638 дугаар шийдвэр,

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 3 дугаар магадлалтай, 

Төрийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Э.Түмэндэмбэрэл, А.Төртхан нарт холбогдох,

 Зээлийн гэрээг цуцалж, 9,665,087 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ганчимэгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа оролцов. 

Нэхэмжлэгч Төрийн банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э.Түмэндэмбэрэл, А.Ганцоож нар нь Төрийн банкны Булган салбарын Зүүнтүрүү тооцооны төвөөс 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 12100064952 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан нийт 10,500,000 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй 50 сарын хугацаагаар сар бүр төлөх нөхцөлтэйгөөр, 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 121800064952 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан нэмэлт 1,900,000 төгрөг авч нийт 12,123,000 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй 50 сарын хугацаатай сар бүр төлөх нөхцөлтэйгөөр тус тус авсан. Төрийн банкны зүгээс 2018 оны 12 дугаар сарын 11-ний  өдрийн зээлийн гэрээний 3.2.1, 3.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч зээлийн хугацааг хэтрүүлсэн хэвээр байна. Зээлдэгч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ноцтой зөрчил гаргасан. Иймд зээлийн гэрээг цуцалж, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн дүн 8,704,394.21 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 945,710.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 14,982.19 төгрөг, нийт 9,665,087 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 169,592 төгрөг, нотариатын зардал  6,500 төгрөг, нийт 9,665,087 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.Түмэндэмбэрэл, А.Төртхан нар шүүхэд гаргасан тайлбартаа: Зээлдэгч бид нар Төрийн банкнаас 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр барьцаат зээлийн гэрээгээр 10,500,000 төгрөгийн зээл авч байсан. Энэ  гэрээний дугаар, мөнгөн дүн андуурсан байхад, тус шүүх 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 132/ШЗ2019/01913 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус /нэхэмжлэлийн шаардлага байхгүй/ байхад, нэхэмжлэлд хавсаргасан барьцаат зээлийн гэрээний дугаар, мөнгөн дүн зөрүүтэй байхад, иргэний хэрэг үүсгэсэн байна. Иймд дээрх үндэслэлүүдээр Төрийн банкны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 132/ШШ2019/00638 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 12100064952 тоот барьцаат зээлийн гэрээ, 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 121800064952 тоот барьцаат зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Э.Түмэндэмбэрэл, А.Төртхан нараас үндсэн зээлийн үлдэгдэл 8,704,394.21 /найман сая долоон зуун дөрвөн мянга гурван зуун ерэн дөрвөн/ төгрөг, хүүгийн төлбөр 945,710.59 /есөн зуун дөчин таван мянга долоон зуун арав/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 14,982.19 /арван дөрвөн мянга есөн зуун наян хоёр/ төгрөг, нийт 9,665,087 /есөн сая зургаан зуун жаран таван мянга наян долоо/ төгрөгийг гаргуулж Төрийн банкны Булган салбарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 169,592 /нэг зуун жаран есөн мянга таван зуун ерэн хоёр/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас169,592 /нэг зуун жаран есөн мянга таван зуун ерэн хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэжээ.

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 3 дугаар магадлалаар: Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 638 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч А.Ганчимэгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ганчимэгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,700 /хорин долоон мянга долоон зуун/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ганчимэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 11-ний өдрийн №132/ШШ2019/00638 дугаарын шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 1 сарын 15-ны өдрийн 3 дугаартай магадлалыг 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр гардан аваад эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Төрийн банкны 2019.10.28-ны өдрийн 31/456 дугаартай нэхэмжлэл нь анхан шатны шүүхийн хувьд нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй, Эвлэрүүлэн зуучлагчид гаргаж байгаа өргөдөл байсаар байтал, мөн анхан шатны шүүх 2019.11.05-ны өдөр 01913 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байхад иргэний хэрэг үүсгэсэн. Мөн нэхэмжлэл нь хавсаргасан барьцаат зээлийн гэрээний дугаар, мөнгөн дүнгээсээ зөрүүтэй байхад, иргэний хэрэг үүсгэсэн. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч тал Зээлийн гэрээг цуцлахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байдаг. Гэтэл зээлдэгч бид ажилгүй болоод, зээлийг төлөх боломжгүй болсон талаар 2019.02.28-д мэдэгдээд, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрх банкинд байгааг мэдэгдээд, гэрээг цуцлах тухай хүсэлтийг банкинд гаргасан. Хэрэв тайлбар авсан бол бид 2019.02.28-с хойших зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хасч тооцуулах байсан. Бид одоог хүртэл ажилгүй, ам бүл 5, гурван хүүхэд цэцэрлэг, сургуульд байгаа тул бидний хувьд банкны зээлийн хүү 945,710.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,982.19 төгрөг нийт 960,962.78 төгрөгийг төлөх чадваргүй байтал нэхэмжлэгч тал бидний хүүхдүүдийн эрх ашгийг хөндөж 3 хүүхдийн халамжийн мөнгийг суутган зээл төлүүлж байна. Иймд Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 11-ний өдрийн №132/ШШ2019/00638 дугаарын шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 1 сарын 15-ны өдрийн 3 дугаартай магадлалд заасан 9,665,087 төгрөгөөс зээлийн хүү 945,710.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,982.19 төгрөг нийт 960,962.78 төгрөгийг хасч, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ 

Төрийн банкны Булган салбар нь Э.Түмэндэмбэрэл, А.Төртхан нарт холбогдуулан зээлийн гэрээ цуцалж, 9,665,087 төгрөг нэхэмжлэхдээ зээл 8,704,394 төгрөг, хүү 945,710 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,982 төгрөг гэжээ. Хариуцагч нар нэхэмжлэлээс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг эс зөвшөөрсөн байна. 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.  

Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Зохигчийн хооронд байгуулагдсан барьцаат зээлийн гэрээгээр хариуцагч нар 2017.07.04-ний өдөр 10,500,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 50 сарын хугацаагаар зээлэх, ...нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохирсон ба 2017.09.14-ний өдөр 1,900,000 төгрөгийг дээрх нөхцлөөр нэмж зээлсэн болох нь тогтоогдсон, хариуцагч үгүйсгээгүй байна.  

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т нийцжээ.  

Хариуцагч нар зээлийг тохирсон хуваарийн дагуу төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн тул нэхэмжлэгч үүргээ биелүүлэхийг шаардсан, хариуцагч шаардлагыг биелүүлээгүйгээс гэрээг цуцалж, улмаар шүүхэд хандсан нь гэрээний 6.2, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасныг зөрчөөгүй байна. 

Зээлдэгч А.Ганцоож нь зээлийн гэрээ байгуулсны дараа нэрээ А.Төртхан болгон өөрчилсөн нь хэргийн баримтаар тогтоогдсон, шүүх хариуцагчийг А.Төртхан гэж тодорхойлсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т нийцжээ.  

Нэхэмжлэгч нь шүүхэд хандахдаа зээлийн гэрээг 2019.10.28-ны өдрөөр цуцлан, мөн өдөр хүртэлх үүргийн биелэлт шаардсан байна.  

Банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. 

    Гэрээ хүчин төгөлдөр байх тул талуудын хэн аль нь гэрээний үүргийг биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй юм.  

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч  гэрээний зүйл болох 10,500,000 төгрөг, 1,900,000 төгрөгийг тус тус хариуцагч нарт шилжүүлсэн байх тул гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзнэ.   

Харин зээлдэгч нар зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх үүргээ биелүүлээгүй нь тогтоогдсон, энэ тохиолдолд хүү, гэрээнд зааснаар нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.  

  Шүүх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлж, нэхэмжлэлийг хангасан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т нийцсэн байна. 

Иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамжид зээлийн гэрээний дугаарыг буруу бичсэн нь шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй тул энэ талаарх гомдлыг хүлээн авах боломжгүй.  

Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 132/ШШ2019/00638 дугаар шийдвэр, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 3 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ганчимэгийн гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 27,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ 

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Г.ЦАГААНЦООЖ 

  Х.ЭРДЭНЭСУВД