Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 41

 

Н.Б-д холбогдох ял дүйцүүлэн

хасах тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 89 дүгээр шүүгчийн захирамж, Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 11 дүгээр магадлалтай, Н.Б-д холбогдох ял дүйцүүлэн хасах тухай материалыг ялтан Н.Б-ын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1980 онд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Өвөрхангай аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1/40 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5-д заасныг журамлан тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.17-д зааснаар 24 жил хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй 1 жил 6 сар 25 хоног хорих ялаас 1 жилийг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг нийт 25 жил хорих ялаар тогтоосон ялыг эдэлж байгаа Б овогт Н-ийн Б.

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд зааснаар Н.Б-г 2002 оны Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэмж нэгтгэсэн  1 жил хорих ялаас чөлөөлж, түүнд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.17-д зааснаар оногдуулсан 24 жил хорих ялыг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.9, 2.11 дэх хэсэгт заасан ялтай дүйцүүлэн 19 жил 2 сар 13 хоног хорих ял болгон тогтоож, Н.Б-д оногдуулсан 19 жил 2 сар 13 хоногийн хорих ялаас түүний биечлэн эдэлсэн 9 жил 3 сар 17 хоногийн хорих ялыг хасч, эдлэх ялыг 9 жил 10 сар 26 хоногийн хугацаагаар тогтоож, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн 89 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, ялтан Н.Баттулгын гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Хяналтын шатны шүүхэд ялтан Н.Б гаргасан гомдолдоо “...Давж заалдах шатны шүүхийн магадлалын тодорхойлох хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу хорих ял эдэлж буй ялтанд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй заалт гэж тодорхойлсон нь уг хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлсэн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэсэн заалтыг зөрчсөн. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд заасан “Хууль шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй” гэсэн заалтыг гажуудуулан шударга ёсны зарчмыг алдагдуулсан. Иймээс Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан надад оногдуулсан хорих ялыг 9-15 жилийн хооронд тогтоож, дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан болно” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Ялтан Н.Б-д 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.17-д зааснаар оногдуулсан хорих ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.9, 2.11 дэх хэсэгт заасан ялтай дүйцүүлэн хассан анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн захирамж, магадлал үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна” гэж заасны дагуу 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө ял шийтгүүлсэн этгээдэд шүүхээс оногдуулсан ял нь шинэ Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсэгт зааснаар оногдуулж болох тухайн төрлийн ялын доод, дээд үндсэн хэмжээнээс дээгүүр байвал уг ялыг шинэ Эрүүгийн хуульд заасан ялын доод, дээд үндсэн хэмжээнд нийцүүлэн хасах байдлаар хэрэгжүүлдэг байна.

Анхан шатны шүүх ялтан Н.Б-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлээр нэмж нэгтгэсэн 1 жил хорих ялаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.17-д зааснаар оногдуулсан хорих ялыг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.9, 2.11 дэх хэсэгт заасан ялтай дүйцүүлэн тогтоож хуулийг зөв хэрэглэжээ.

Учир нь шүүх Н.Б-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.17-д зааснаар 24 жил хорих ял шийтгэсэн байх бөгөөд уг гэмт хэргийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.9, 2.11 дэх хэсэг болгон өөрчилж, хорих ялыг тухайн зүйл, хэсэгт зааснаар 19 жил 2 сар 13 хоног хорих ял болгон тогтоосон нь үндэслэлтэй болно.

Ялтан Н.Б-ын 2015 оны Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг журамлан хорих ялын хэмжээг тогтоолгох тухай гомдлыг хянаж үзвэл хорих ялыг хөнгөрүүлэх тухай энэхүү журмыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу хорих ял эдэлж буй ялтны хорих ялыг шинэ Эрүүгийн хуульд заасан ялтай дүйцүүлэн хасахад хэрэглэхгүй бөгөөд харин гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоож ял оногдуулахдаа хуульд заасан үндэслэл журмын дагуу уг хуулийн заалтыг хэрэглэхээр хууль тогтоогч хуульчилсан тул энэ талаар гаргасан ялтны гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны  шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 89 дүгээр шүүгчийн захирамж, Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 11 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, ялтан Н.Б-ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН