Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 123

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1974 онд төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Булган аймгийн ... оршин суух, Г  овогт Л.Н -н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1977 онд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Булган аймгийн ... оршин суух, С овогт Л.Б  -д холбогдох,

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2019/00083/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Н , хариуцагч Л.Б , нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 онд Булган аймгийн Сайхан сумын Ундрах багийн малчин Л.Б тай танилцан дотносож, 2013 оноос 2018 оны 5 дугаар сарыг хүртэл хамтран амьдарсан. 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр охин Б.О  мэндэлж өөрийнх нь хүсэлтээр эцгээр нь овоглосон. Бид гэрлэлтээ батлуулаагүй, батлуулъя гэхээр батлуулдаггүй байсан. Л.Б  нь надтай танилцахад 3 настай хүүтэй байсан. Миний бие хүүг ад үзэж байгаагүй, охиныг хөхөө хөхүүлэхэд сониучирхахаар нь өрөөсөн хөхөө хөхүүлдэг байсан. Хүү Б.Ж  нь 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр өвчний улмаас нас барсан. Үүнээс хойш Б  миний амьдралын утга учир алга, 2 охин /анхны эхнэрийн охин, эмээ дээрээ амьдардаг, миний охин/-оос минь өөр хүн хэрэггүй гэж, уурлахаараа намайг доромжилж, хардан элдвээр хэлдэг. Охиноо элэг бүтэн өсгөх гэж түүний доромжлолыг тэвчдэг байлаа. 2018 оны 5 дугаар сард гэрээсээ хөөсөн тул бид хоёр талд амьдарч байгаа. Хөөснөөсөө хойш элдвээр доромжилж гар хүрч охиныг минь булаан авч, хөдөө гэртээ аваачин ээж охин хоёрыг хөндийрүүлж байсан. Миний бие 8 дугаар сард аймагт ирэхээр нь өөрөө очиж уурлаж байж охиноо булааж авч үлдсэн. Одоо охин минь эрүүл саруул бойжиж Булган сумын 1 дүгээр цэцэрлэгт хүмүүжиж байна. Хүүхдээ өөрийн асрамжид авч, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжилж байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй болно гэв.

Хариуцагч Л.Б  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Л.Н гийн нэхэмжлэлтэй хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие 2013 оноос 2018 оны 5 дугаар сар хүртэл Л.Н тай хамтран амьдарсан. Энэ хугацаанд буюу 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр охин О  төрсөн. Л.Н нь охиноо төрүүлээд 1 нас хүртэл нь асарч байгаад ажилдаа орж, хүүхдээ би өсгөсөн. Бидний хувьд Л.Н нь төвд өөрийн албаны ажлыг цаг наргүй хийж би охиноо асарч өсгөхийн зэрэгцээ хөдөө байж мал аж ахуйгаа эрхэлдэг байсан. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд охин маань аавтайгаа ихэнхи цаг хугацааг хамт өнгөрөөсөн тул илүү дотно байдаг. Бидний тусдаа амьдарч эхэлсэн 5 сараас 9 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл охин надтай хамт хөдөө байж байгаад сургуулийн өмнөх боловсрол олгуулах зорилгоор  ээжид нь авчирч өгөхөд охин ааваасаа салахгүй гэж уйлаад үлдэж өгөхгүй байсан тул би өөрийн эгч дээрээ орхиод ээжийг нь ирж аваарай гэсэн боловч ээжийгээ дагаж явахгүй очихгүй гээд байна гэхээр нь би өөрөө гэрт нь хүргэж өгөхөд уйлаад хоцорч байсан. Түүнээс Л.Н гийн бичсэн шиг хүч хэрэглэж булааж авч явсан зүйл байхгүй цэцэрлэг эхэлсэний дараа охиндоо юмыг нь бэлдэж өгөхөөр багштай нь уулзаж байтал охин минь харчихаад ирээд дагасныг багш нь авч тэврээд хоцорсон. Энэ тухайгаа ээждээ хэлсэн юм болов уу маргааш нь 7 дугаар цэцэрлэгт шилжүүлж, чи битгий хүүхдэд муу юм зааж өгөөд бай чамтай уулзуулахгүй гэсэн юм. Миний охин одоо ээжтэйгээ нагац эгч Элбэгзаяагийнд амьдардаг. Амьдарч буй орчин нөхцөл нь таатай биш архины хамраалтай хүмүүстэй ийм орчинд нөхцөл охин минь амьдарч байгаа тул би өөрийн биеэр дуртай цагтаа очиж уулзаж сургууль цэцэрлэг амарсан үед авч асарч өөртэйгээ илүү ойр дотно харилцаагаа тасалдуулмааргүй байна. Н бид хоёрын хувьд зан харилцаа таарамжгүй, мөн гэр амьтай биш ажил амьдралаа тэгш авч явахыг боддоггүй хөдөөний ажилтай над шиг хүнд тохирохгүй байсан. Би өөрөө үр хүүхдээсээ хагацаж байсны хувьд охиноо ээжээс нь хагацуулан өнчрүүлмээргүй байна. Иймд хүүхдийн амрамжийн асуудалд маргахгүй тэтгэлэг төлөхөд татгалзахгүй гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Н нь хариуцагч Л.Б д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Л.Н , хариуцагч Л.Б  нар нь 2013 онд танилцаж, дотноссон ба тэдний дундаас 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр охин Б.О  төрснийг 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгэж №********** дугаартай төрсний гэрчилгээ олгосон болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.

Зохигчид гэрлэлтээ бүртгүүлээгүй тул Л.Н , Л.Б  нарыг хууль ёсны гэр бүл гэж үзэхгүй боловч, Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д ”гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж заасны дагуу хариуцагч Л.Б  нь охин Б.О г Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй.

Хариуцагч Л.Б  нь охин Б.О д тэтгэлэг төлөхөөс татгалзах зүйлгүй гэж тайлбар гаргаж байх тул хуульд заасны дагуу эцгээс нь тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.

Хүүхэд хэний асрамжинд байгаагаас үл хамааран эцэг, эхийн хэн аль нь нөгөөгөө Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.6-д заасан үүргээ хэрэгжүүлэхэд нэгэн адил хязгаар тавихгүй байхыг анхаарвал зохино.

Нэхэмжлэгч Л.Н нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн нь хариуцагчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх үндэслэл болохгүйг анхаарвал зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-р зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин Б.О г 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Л.Б аар тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Л.Н д даалгасугай.
  2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурьдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
  3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Мичидмаад даалгасугай.
  4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Н нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагчаас 102 729 /нэг зуун хоёр мянга долоон зуун хорин ес/ төгрөг гаргуулж Төрийн санд олгосугай.
  5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.6-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглож, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглосугай.
  6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  дурдсугай
  7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             О.ОДОНЧИМЭГ