| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганбаатарын Мягмарсүрэн |
| Хэргийн индекс | 132/2019/00155/И |
| Дугаар | 162 |
| Огноо | 2019-04-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 162
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “М ” ХХК-ийн төлөөлөн нэхэмжлэгч Т.М ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1962 онд төрсөн, 57 настай, эмэгтэй, Булган аймгийн Булган сумын... оршин суух, А овогт Б.Д
Хариуцагч 1959 онд төрсөн, 60 настай, эрэгтэй, Булган аймгийн Булган сумын... оршин суух, Ч овогт Д.Б нарт холбогдох,
Зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 17 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2019/00155/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Төлөөлөн нэхэмжлэгч: 1996 онд төрсөн, 23 настай эмэгтэй, дээд боловсролтой, “М ” ХХК-д хуулийн зөвлөх ажилтай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг... оршин суух, Т овогт Т.М, хариуцагч Б.Д , нарийн бичгийн дарга Д.Түшигбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “М ” ХХК-ийн төлөөлөн нэхэмжлэгч Т.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "М " ХХК нь иргэн Б.Д , Д.Б нартай 2012 оны 03 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 20 000 000 төгрөгийг 2012 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх 7 сарын хугацаатайгаар зээлсэн. Иргэн Б.Д , Д.Б нар нь 2013 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 2 000 000 төгрөг /бэлнээр/, 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 500 000 төгрөг /дансаар/, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 500 000 төгрөг /дансаар/ шилжүүлж нийт 3 000 000 төгрөг төлж 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл ямар нэгэн төлбөр төлөөгүй байна.
Иргэн Б.Д нь 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр зээлийн үлдэгдэл төлбөр 17 000 000 төгрөгийг сар бүрийн 10-ны өдөр 1 000 000 төгрөгөөр "М " ХХК-д шилжүүлэн өгнө, хэрэв амлалтандаа хүрээгүй нэг сарын хугацаа өнгөрсөн тохиолдолд шүүхийн журмаар шийдвэрлүүлнэ гэсэн баталгаа гаргаж өгсөн боловч төлбөрөө хугацаандаа төлөөгүй тул шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээр хандаж байна. Б.Д , Д.Б нар нь зээлийн төлбөрөөс 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 500 000 төгрөг, 10 дугаар сарын 23-ны өдөр 500 000 төгрөг нийт 1000 000 төгрөгийг төлсөн байх тул нэхэмжлэлээс 1000 000 төгрөгийг хасч үлдэх 16 000 000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Б.Д шүүхэд гаргасан тайлбартаа: “М ” ХХК-ийн захирлаас 2012 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 20 000 000 төгрөгийг 7 сарын хугацаатай, хүүгүй зээлж авсан. Уг төлбөрөөс 2012 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 1 000 000 төгрөгийг 5111025912 тоот дансаар, 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1 000 000 төгрөгийг 5111025912 тоот дансаар, 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 1 000 000 төгрөгийг 5111025912 тоот дансаар, 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 500 000 төгрөгийг 499025119 тоот дансаар, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 500 000 төгрөгийг 499025119 тоот дансаар зээлээ төлж байх явцад Б гийн нөхөр нь байна одоо 6 000 000 төгрөг хий тэгвэл танай тооцоог хаалаа гэж удаа дараа шөнө, оройгүй залгаж яриад байсан учир энэ байдлаас болгоомжлоод эргэн төлөлтөө зогсоосон. 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 88061674 дугаараас би "М " ХХК-ийн хүн байна. Танайхыг 17 000 000 төгрөгөө төлөхгүй бол орон гэргүй болгоно гээд нотариат дээр сууж байсан ба сэтгэл зүйн хүчинд автаж 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гэрээ хийсэн. Би үлдэгдэл 16 000 000 төгрөгийг сард 200 000 төгрөгөөр төлөх боломжтой байгаа тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М ” ХХК-иас 20 000 000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. 4000 000 төгрөгийг төлсөн. Үлдэх 16 000 000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Гэхдээ сар бүр 500 000 төгрөгөөр төлөх хүсэлттэй байна гэв. ҮНДЭСЛЭХ нь:
“М ” ХХК-ийн төлөөлөн нэхэмжлэгч Т.М нь хариуцагч Б.Д Д.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 17 000 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 1000 000 төгрөгөөр багасгаж, 16 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.
“М ” ХХК, хариуцагч Б.Д , Д.Б нарын хооронд 2012 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 20 000 000 төгрөгийг 7 сарын хугацаатай 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдөр эргэн төлөхөөр харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулагдсан байх ба талууд гэрээний талаар маргаагүй байна. /хх-ийн 6-7/
Зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч 20 000 000 төгрөгийг зээлдэгч нарт шилжүүлсэн, зээлдэгч нар шилжүүлэн авсан 20 000 000 төгрөгийг 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдөр бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ. Гэвч зээлдэгч Б.Д , Д.Б нар нь зээлийн төлбөрөөс 2012 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 1 000 000 төгрөг, 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1 000 000 төгрөг, 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 1 000 000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 500 000 төгрөг /дансаар/, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 500 000 төгрөг /дансаар/ бүгд 4000 000 төгрөгийг төлж, үлдэх 16 000 000 төгрөгийг төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, зээлийн төлбөрийг төлсөн тухай мөнгөн шилжүүлэгийн баримт зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 3, 6-7, 24-29/
Түүнчлэн хариуцагч нар нь зээлийн төлбөрийг төлөхөө хүлээн зөвшөөрч тайлбар гаргаж байна.
Иймд хариуцагч Б.Д , Д.Б нараас зээлийн үлдэх төлбөр 16 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М ” ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Хариуцагч Д.Б д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй, төлөөлөн нэхэмжлэгч Т.М , хариуцагч Б.Д нар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжтой талаар хүсэлт гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Д , Д.Б нараас зээлийн үлдэх төлбөр 16 000 000 /арван зургаан сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М ” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242 950 /хоёр зуун дөчин хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 237950 /хоёр зуун гучин долоон мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН