Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/13

 

 

 

 

 

 

 

 

 

          

                                 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзориг,

-улсын яллагчаар Г.Энхбат,

-шүүгдэгч, хохирогч Д.М, Б.Ш нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Д.М, Б.Ш нарт холбогдох эрүүгийн 2234000000543 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, 3 хүүхдийн хамт Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань 1 дүгээр баг фермийн хорооны 1-4 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,

-урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил, 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх Д.М /РД:УС84062914/.

 

Монгол Улсын иргэн, 1965 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 1, ганцаараа Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань 1 дүгээр баг фермийн хорооны 8 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,

-урьд Улаанбаатар хотын шүүхийн 1992 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 32 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 500 төгрөгийн хөрөнгө хурааж, 14 жилийн хорих ял, тус шүүхийн 2001 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 20 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор эрүүгийн хулийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хорих ял, Хан-Уул дүүргийн 2013 оны 03 оны 01-ний өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хорих ялаар тус тус ял шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх Б.Ш /РД:УО65062037/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.М нь Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань 1 дүгээр багийн нутаг фермийн 1-4 тоотод 2022 оны 10 дугаар сарын 29-ний орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Штэй маргалдан улмаар зүүн гарын хурууг нь хазаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

 

Шүүгдэгч Б.Ш нь Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань 1 дүгээр багийн нутаг фермийн 1-4 тоотод 2022 оны 10 дугаар сарын 29-ний орой Д.Мтэй маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Д.М нь мэдүүлэхдээ: “Манай дүү дэлхий аварга болсон гээд жоохон согтууруулах ундааны зүйл хэрэглээд гэртээ ирээд эхнэрийнхээ ахтай муудалцаж, үл ойлголцсон. Намайг оронд дээр боож унгахаар нь гарын тавиулах гээд хазсан” гэв.

Шүүгдэгч Б.Ш нь мэдүүлэхдээ: “2022 оны 10 сарын 29-ний өдөр манайд Д.М ирсэн. Хоол идэх гээд ирсэн гэж бодоод хоол өгсөн чинь тэр хоолыг асгаж, шидээд агсан тавиад муудалцах болсон” гэв.

 

Хохирогч Д.М нь мэдүүлэхдээ: “Манай хүргэн ах бид хоёрын дундуур их ордог байсан. Тэрэнд нь юм бодсон байх, тухайн өдөр цохиулаад унаад боолгосон болохоор гарын тавиулах гээд гарын хазсан үйл явдал болсон. Тэрнээс хойш зодолдсон зүйл байхгүй” гэв.

 

Хохирогч Б.Ш нь мэдүүлэхдээ: “Тухайн үед Д.М согтуу орж ирсэн. Би хоол идэх гэж байгаа байх гэж бодоод хоол аягалаад өгтөл тэр хоолыг авч шидээд араас нь сандал шидээд тэгээд маргалдсан” гэв.

 

            Шүүгдэгч Д.М, Б.Ш нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

 

Шүүгдэгч Д.М нь Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань 1 дүгээр багийн нутаг фермийн 1-4 тоотод 2022 оны 10 дугаар сарын 29-ний орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Штэй маргалдан улмаар зүүн гарын хурууг нь хазаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол,

Шүүгдэгч Б.Ш нь Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань 1 дүгээр багийн нутаг фермийн 1-4 тоотод 2022 оны 10 дугаар сарын 29-ний орой Д.Мтэй маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

  • Шүүгдэгч Б.Шгийн хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 7-8 тал/,
  • Шүүгдэгч Д.Мияа-Эрдэнийн хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 12 тал/,
  • Шүүгдэгч Б.Шгийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/,
  • Шүүгдэгч Д.Мияа-Эрдэнийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/,
  • Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 601, 629 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 20-21, 23-24 тал/,
  • Шүүгдэгч Б.Шгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 35 тал/,
  • Шүүгдэгч Д.Мияа-Эрдэнийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 41 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

  Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Д.М, Б.Ш нар нь 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ. /хх-ийн 83, 84 тал/,

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхбат нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагч нарын хүсэлтийг хүлээн авч 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 260 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-ийн 85, 86 тал/ 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч Д.М, Б.Ш нар нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Д.М, Б.Ш нарт холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй.

Шүүгдэгч Д.М, Б.Ш нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 83, 84 тал/ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” гэж, 4.2-д “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн 3 дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.3-д “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.4-д “хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх” гэж 4.5-д “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” гэж тус тус заасанд нийцэж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М, Б.Ш нарын хүсэлтийг хүлээн авч шүүхэд шилжүүлсэн нь үндэстэй байна.

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Д.М, Б.Ш нар нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Д.М, Б.Ш нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

прокурорын саналыг хүлээн авч, саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирол хор уршиг, бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Д.Мияа-Эрдэнийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Шгийн биед “2, 3-р хурууны 3, 2-р шивнүүр ясны хугарал, зүүн гарын 3-р хуруунд шарх, зүүн гарын 3, 5-р хуруу зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр хохирол,

Шүүгдэгч Б.Шгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Мияа-Эрдэнийн биед “баруун гарын 5-р хурууны 1-р үенд шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, баруун нүдний доод зовхинд зулгаралт, нуруунд цус хуралт, баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол тус тус учирсан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч Д.М нь шүүгдэгч Б.Шгээс, хохирогч Б.Ш нь шүүгдэгч Д.Мэс “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж тус тус мэдүүлсэн байх тул энэ тогтоолоор гаргуулах хохирол төлбөр байхгүй байна.

Эрүүгийн 2234000000543 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ш, Д.М нар нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Д.Мийг бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

-шүүгдэгч Б.Шг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Шүүгдэгч Д.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

-шүүгдэгч Б.Шг 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мд оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Шг шүүхээс тогтоосон Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрээс бусад нутаг дэвсгэрт явахыг, тодорхой газар очихыг, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчихгүй байхыг сануулсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Шг Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрээс бусад нутаг дэвсгэрт зорчихдоо “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэж, тодорхой газар очих хязгаарлалт тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Шг нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих солихыг, шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

 

7. Шүүгдэгч Д.Мд оногдуулсан торгох ялын биелэлтэд, шүүгдэгч Б.Шд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

 

8.Эрүүгийн 2234000000543 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Д.М, Б.Ш нар нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М, Б.Ш нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

11.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

12.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ю.ЭНХМАА