| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганбаатарын Мягмарсүрэн |
| Хэргийн индекс | 132/2019/00154/И |
| Дугаар | 180 |
| Огноо | 2019-04-09 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 180
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн даргалж хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 1992 онд төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Орхон аймгийн ... оршин суух, Ч овогт Д.Г -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1990 онд Булган аймгийн Булган суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Булган аймаг ... оршин суух, Г овогт У.С -д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2019/00154/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Г , хариуцагч У.С , нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь У.С тай 2009 онд танилцаж, дотносон 2011 онд хүү С.Б , 2013 онд охин С.Б нар төрсөн. Энэ хугацаанд У.С нь байнга архи ууж, агсам тавьж хардаж, зодож нүдэж, ажил төрөл дээр очиж зоддог байсан. Одоо салаад 3 жил болж байгаа бөгөөд тусдаа амьдралтай болсон тул бидний гэрлэлтийг цуцлуулж өгнө үү. Хоёр хүүхдээ өөрийн асрамжиндаа авна. Эцгээс нь тэтгэлэг гаргуулна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч У.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн асрамжийн талаар маргах зүйлгүй. Хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч У.С аас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Д.Г , хариуцагч У.С нар нь 2009 онд танилцаж дотносон 2011 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр гэр бүл болсныг иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлж, тэдний дундаас 2011 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүү С.Б , 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр охин С.Б нар төрсөн болох нь гэрлэлтийн болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна. /хх-ийн 6-7/
Гэрлэгчид нь хамт амьдарч байх хугацаандаа зан харьцааны хувьд таарч тохироогүйн улмаас 2016 оноос хойш хамтран амьдраагүй, цаашид харилцан бие биеэ хайрлан хүндэтгэж хамт амьдрах боломжгүй, нэхэмжлэгч бусадтай гэр бүлийн харилцаатай болсон зэрэг байдлыг харгалзан гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч хүүхдүүдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд 2011 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн хүү С.Б , 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин С.Б нарыг эхийнх нь асрамжинд үлдээж, эцэг У.С аар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Гэрлэгчид эд хөрөнгийн талаар маргаагүй болно.
Хүүхдийг хэний асрамжинд үлдээснээс үл хамааран эцэг, эхийн хэн аль нь нөгөөгөө Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.6-д заасан үүргээ хэрэгжүүлэхэд нэгэн адил хязгаар тавихгүй байхыг анхаарвал зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасны дагуу хариуцагч У.С аас 2 хүүхдийн тэтгэлэгт ногдох нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээс /194300х12=2331600₮/ улсын тэмдэгтийн хураамжийг тооцон 52255 төгрөг, гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг, бүгд 122455 төгрөгийг гаргуулан 52255 төгрөгийг Төрийн санд, 70200 төгрөгийг нэхэмжлэгчид тус тус олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч овогт Д.Г , хариуцагч Г овогт У.С нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.7-д заасныг баримтлан 2011 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн хүү С.Б , 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин С.Б нарыг эх Д.Г ийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2011 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүү С.Б , 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр охин С.Б нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг У.С аар тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Д.Г т даалгасугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурьдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.
5. Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч У.С аас 122455 /нэг зуун хорин хоёр мянга дөрвөн зуун тавин тав/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөг, Төрийн санд 52255 /тавин хоёр мянга хоёр зуун тавин тав/ төгрөгийг тус тус олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.6-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглож, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглосугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Мичидмаад даалгасугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН