| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2023/0006/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/14 |
| Огноо | 2023-01-02 |
| Зүйл хэсэг | 10.6., |
| Улсын яллагч | Ц.Сонинмөнх |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 2023/ШЦТ/14
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,
-Улсын яллагч Ц.Сонинмөнх,
-шүүгдэгч М.Э, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч М.Эд холбогдох эрүүгийн 2234003090573 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1967 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Ховд аймагт төрсөн, 56 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер механик мэргэжилтэй, “Монголын алт” ХХК-ийн Мак евро блокийн үйлдвэрт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх М.Э
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Э нь Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Монголын алт МАК” ХХК-д хөдөлмөр хамгааллын инженерийн үүрэгт ажлыг эрхэлж байхдаа, хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалтын хэрэгцээг зөв тодорхойлж, зайлшгүй шаардлагатай сургалтыг оновчтой зохион байгуулж, шалгалт авч үр дүнг тооцож ажиллаагүй, засвар үйлчилгээ хийх үед мөрдөн аюулгүй ажиллагааны дүрмийг боловсруулж засварын ажилчдад танилцуулан мэдлэг дадлага олгох ажлыг зохион байгуулаагүй, байгууллагын хэмжээнд мөрдөж буй хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд хяналт тавьж ажиллаагүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авч, хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлэлцээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хөдөлмөрийн гэрээний дагуу тус үйлдвэрийн тэргэнцэр эргэх хэсэгт засварын ажил хийж байсан 31 настай, эрэгтэй, иргэн Б.б нь автомат ажиллагаатай тэргэнцэрийн тавцанд даруулж гэмтсэний улмаас нас барж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч М.Э нь: “Тус осол 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр цайны баг буюу 12 цаг 50 минутын орчим болсон. Миний бие тухайн үед үйлдвэрийн даргаар шинээр томилогдоод хоёр хонож байсан. Оффис дээр ажиллаж байтал гэнэт осол гарсан талаар дуудлага ирсэн. Талийгаачийг газар хэвтүүлсэн байдалтай байсан. Нүүрэн хэсэг нь хөхрөлттэй. Яаралтай арга хэмжээ авсан. Оффис дээр байсан бусад хүмүүс мөн адил ирсэн байсан. Ослын газрыг яаралтай тусгаарласан. Талийгаач бол засварын хэсэгт ажилладаг байсан. Би өглөө болгон ажлын зааварчилгааг өгч байсан. Зааварчилгааг мастер н.Адъяасүрэн өгдөг байсан. Энэ ажиллагааны өндөр эрсдэлтэй ажил хэдий ч өдөр болгон давтамжтай хийгддэг ажил учраас миний зүгээс тавьдаг шаардлага бол өндөр эрсдэлтэй эсвэл хүн нь өөрчлөгдсөн бол заавал мэдээлж байх ёстой гэсэн чиглэлийг барьж ажилладаг байсан. Тухайн үед талийгаач ганцаараа ажиллаж байсан. Маш богино хугацаанд энэ асуудал болсон” гэв.
Шүүгдэгч М.Э нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.
Шүүгдэгч М.Э нь Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Монголын алт МАК” ХХК-д хөдөлмөр хамгааллын инженерийн үүрэгт ажлыг эрхэлж байхдаа, хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалтын хэрэгцээг зөв тодорхойлж, зайлшгүй шаардлагатай сургалтыг оновчтой зохион байгуулж, шалгалт авч үр дүнг тооцож ажиллаагүй, засвар үйлчилгээ хийх үед мөрдөн аюулгүй ажиллагааны дүрмийг боловсруулж засварын ажилчдад танилцуулан мэдлэг дадлага олгох ажлыг зохион байгуулаагүй, байгууллагын хэмжээнд мөрдөж буй хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд хяналт тавьж ажиллаагүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авч, хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлэлцээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хөдөлмөрийн гэрээний дагуу тус үйлдвэрийн тэргэнцэр эргэх хэсэгт засварын ажил хийж байсан 31 настай, эрэгтэй, иргэн Б.б нь автомат ажиллагаатай тэргэнцэрийн тавцанд даруулж гэмтсэний улмаас нас барж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч М.Э, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нар нь 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ. /хх-ийн 195 тал/,
Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сонинмөнх нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 1 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /2-р хх-ийн 201-202 тал/ 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч М.Э нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч М.Эд холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Эд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” гэж , 4.2-д “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.3-д “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.4-д “хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх” гэж 4.5-д “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” гэж тус тус заасанд нийцэж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эы хүсэлтийг хүлээн авч шүүхэд шилжүүлсэн нь үндэстэй байна.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч М.Э нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч М.Эыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
прокурорын саналыг хүлээн авч, саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Хохирол, хор уршиг бусад асуудлаар:
Шүүх хуралдааны товыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Эрдэнэчимэгт мэдэгдэхэд “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байх тул энэ тогтоолоор гаргуулах хохирлын асуудал байхгүй байна.
Эрүүгийн 2234003090573 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Э нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч М.Эыг хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч М.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар М.Эд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э нь шүүхээс хүлээсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 2234003090573 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг “Сиди”-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэргийн хамт хадгалж, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч М.Э нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, 4 бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА