| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2023/0039/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/45 |
| Огноо | 2023-01-27 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Сонинмөнх |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/45
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,
улсын яллагч Ц.Сонинмөнх,
шүүгдэгч, хохирогч Д.С, Г.А, тэдгээрийн өмгөөлөгч О.Оюунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Г.А, Д.Ск нарт холбогдох эрүүгийн 2234000000019 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Г.А
Монгол Улсын иргэн, 1998 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Д.Ск /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.А нь 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 20 цагийн үед Төв аймаг Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр багийн нутагт байрлах “Хайрхан” Хүнсний дэлгүүрийн хажууд иргэн Д.Стэй хоорондын таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүнийг тонгоч унагаан, хашааны банк модоор чих, нуруу хэсэгт нь цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Д.С нь 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 20 цагийн үед Төв аймаг Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр багийн нутагт байрлах “Хайрхан” Хүнсний дэлгүүрийн хажууд иргэн Г.Атай хоорондын таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний цээжний зүүн талд нь хутгалж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Д.С нь: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.
Шүүгдэгч Г.А нь: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.
Хохирогч Д.С нь: “Уулнаас бууж ирээд согтуу таарсан. Хоорондын таарамжгүй харилцаанаас болж муудалцсан. Хавирга хугарсан одоо зүгээр болсон. Гомдол санал байхгүй” гэв.
Хохирогч Г.А нь: “Уулнаас бууж ирээд орой нь архи уусан болохоор болсон явдлыг санахгүй байна. Нэг мэдсэн эмнэлэгт сэрсэн. Одоо биеийн байдал зүгээр болсон” гэв.
Шүүгдэгч Г.А, Д.С нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.
Шүүгдэгч Г.А нь 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 20 цагийн үед Төв аймаг Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр багийн нутагт байрлах “Хайрхан” Хүнсний дэлгүүрийн хажууд иргэн Д.Стэй хоорондын таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүнийг тонгоч унагаан, хашааны банк модоор чих, нуруу хэсэгт нь цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол,
Шүүгдэгч Д.С нь 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 20 цагийн үед Төв аймаг Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр багийн нутагт байрлах “Хайрхан” Хүнсний дэлгүүрийн хажууд иргэн Г.Атай хоорондын таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний цээжний зүүн талд нь хутгалж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Д.С, Г.А нар нь 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ. /хх-ийн 77-78 тал/,
Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сонинмөнх нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 19 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-ийн 82-83 тал/ 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч Д.С, Г.А нар нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Д.С, Г.А нарт холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй.
Шүүгдэгч Д.С, Г.А нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 77-78 тал/ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” гэж, 4.2-д “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн 3 дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.3-д “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.4-д “хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх” гэж 4.5-д “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” гэж тус тус заасанд нийцэж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С, Г.А нарын хүсэлтийг хүлээн авч шүүхэд шилжүүлсэн нь үндэстэй байна.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Д.С, Г.А нар нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Д.С, Г.А нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
прокурорын саналыг хүлээн авч, саналын хүрээнд шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Хохирол хор уршиг, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Д.Сийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Аын биед “цээжний зүүн талд хатгагдсан шарх, бүсэлхий орчмын зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол,
Шүүгдэгч Г.Аын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Сийн биед “3, 4-р хавирганы цууралт, зүүн чихэнд шарх, нуруунд зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол тус тус учирсан байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч Г.А нь шүүгдэгч Д.Сээс, хохирогч Д.С нь шүүгдэгч Г.Ааас “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж тус тус мэдүүлсэн байх тул энэ тогтоолоор гаргуулах хохирол төлбөр байхгүй байна.
Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий Прокурорын 2017 оны 6 сарын 30-ны өдрийн 36/А/68 дугаартай Эрүүгийн хэрэгт хураан авсан хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх журмын 5.3-т “Шүүхийн шийдвэрт устгахаар заасан эд мөрийн баримтыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисс шийдвэрлэнэ.” гэж зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1 ширхэг эвхэгддэг хутгыг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж,
Эрүүгийн 2234000000019 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.С, Г.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г.Аыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
-шүүгдэгч Д.Скийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч Г.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,
-шүүгдэгч Д.Скийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А, Д.С нарт оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус сануулсугай.
5. Эрүүгийн 2234000000019 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг эвхэгддэг хутгыг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Д.С, Г.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.С, Г.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА