Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2019/ДШМ/08

 

Ш.Бо-т холбогдох хэргийн талаар Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж Прокурор Б.Төрболд Шүүгдэгч Ш.Бо- Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Баасандэмбэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Баасандэмбэрэлийн давж заалдах гомдлоор Ш.Бо-т холбогдох 1823000660006 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв. Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1987 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Завхан аймгийн Идэр сумд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт Завхан аймаг Идэр сум Мануустай багт оршин суудаг, урьд Завхан аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж байсан, мөн Сум дундын 12 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай, Тугчин овгийн Ша-ын Бо-, /Регистрийн дугаар: ИЖ********/ Шүүгдэгч Ш.Бо- нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авсан гэмт хэрэгт холбогджээ Анхан шатны шүүх: Шүүгдэгч Тугчин овгийн Ша-ын Бо-ыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Ш.Бо-ыг 02 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Ш.Бо-т оногдуулсан 02/хоёр/ жил 1 сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, хэрэгт хураагдсан 3 ширхэг судрыг хохирогчид буцаан олгосон, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт авагдсан болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болж, шийтгэх тогтоолыг улсын яллагч болон түүний дээд шатны прокурор, шүүгдэгч , хохирогч тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Баасандэмбэрэл давж заалдсан гомдолдоо: Шүүгдэгч Ш.Бо-ын өмгөөлөгч Э.Баасандэмбэрэл би Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолыг 2019 оны 03 дугаар сарын 14-нд гардан авсан бөгөөд тус шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Тус шийтгэх тогтоолыг эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт: “Шүүгдэгч нь Завхан аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж байсан, мөн Сум дундын 12 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан байна. 2002 оны Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнсэн хянан харгалзсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдээгүй учир 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс ялгүй болсон байна. Гэвч шүүгдэгч нь өмнө нэг төрлийн буюу хулгайн гэмт хэрэгт 2 удаа шийтгэгдсэн боловч энэ байдалдаа дүгнэлт хийлгүйгээр дахин хулгайн гэмт хэрэг үйлдсэн” гэж үзээд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан хөнгөрүүлэх зохицуулалтыг хэрэглэх боломжгүй гэж дүгнэснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, гэм буруугаа хүлээсэн нөхцөлд хэрэглэхээр заасан байна. Шүүгдэгч Ш.Бо- нь мөрдөн шалгах шатнаас эхлээд шүүхийн хэлэлцүүлэгт ч өөрийн үйлдэлд гэм буруугаа хүлээж мөн учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдаг. Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”. Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан. Шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл бүрдсэн, мөн Эрүүгийн хуулийн энэхүү зохицуулалтыг хэрэглэхэд хуулиар ямар нэгэн хязгаарлалт тогтоогоогүй байна. Гэтэл анхан шатны шүүхээс шүүгдэгчийн өмнөх эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон байдлыг үндэслэж тухайн гэмт хэрэгт хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх Эрүүгийн хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хариуцлага хүлээж ялгүй болсон гэмт хэргийг шүүгдэгчийн одоогийн үйлдэлд халдааж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 5-д “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах” зарчимд үл нийцнэ гэж үзэж байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан дээрх зарчим, хэм хэмжээг харгалзан үзэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 сарын 28-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Жич: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өмгөөлөгчөөс шүүгдэгч Ш.Бо-т давж заалдах гомдлыг урьдчилан танилцуулав гэжээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Баасандэмбэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Шүүгдэгч Ш.Бо- нь судар хулгайлсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг нөхөн төлсөн байгаа. Анхан шатны шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх үед өмгөөлөгчөөс энд дурдсан нөхцөл байдал болон шүүгдэгч 1 ой 6 сартай бага насны хүүхдийн хамт айлын мал маллаж хөдөө амьдардаг зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар түүнд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг хүссэн. Гэвч анхан шатны шүүхээс 2008, 2015 оны шийтгэх тогтоолоор эрүүгийн хариуцлага хүлээлгэж 2017 оны 02 дугаар сард ялгүй болсон буюу эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нөхцөл байдлыг үндэслэж эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэхээр заасан Эрүүгийн хуулийн хэм хэмжээг хэрэглээгүй. Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүндрүүлж, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэж заасан байдаг. Мөн Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлал тогтоосоноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй гэж заасан байна. Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байгаа. Хөнгөрүүлэх хуулийн заалтыг хэрэглэхэд тогтоосон хуулийн хязгаарлалт байхгүй байна. Түүнчлэн эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсныг үндэслэж эрх зүйн байдлыг дордуулах хуулиар олгогдсон боломжийг нь хязгаарлаж болохгүй гэсэн Эрүүгийн хуулийн заалттай байгаа. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгийг харгалзан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар өөрчлөлт оруулж шүүгдэгчид оногдуулсан хорих ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна гэв. Шүүгдэгч Ш.Бо- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд энэ хэргийг ганцаараа даагаад ороод ирсэн юм. Миний ард нэг хүн байгаа надад тэр сударыг авах санааг гаргасан юм. Манай гэр хөдөө байдаг юм. Намайг Идэр сумын төв рүү ороход тэнд нэг үнэтэй судар байна тэрийг хоёулаа авья гэж н.Амарбаяр хэлсэн. Тэр нь одоо хаана байгаа юм бэ? гэж намайг асуухад сумын төвийн гэрт нь байгаа гэсэн. Тэгээд 3 хоногийн дараа би оройхон сумын төв орж ирэхэд н.Амарбаяр надтай таарч төв дээр нь байдаг гэрт нь орж сударыг авья гэсэн. Чи одоо мал маллаад амархан хөл дээрээ зогсохгүй ямар нэгэн юм хийж байж хөл дээрээ босч амьдрал чинь сайхан болно гэж надад хэлсэн. Тэгээд сумын төв дээр байдаг гэрт нь бид 2 ороход судар байхгүй байсан харин надтай хамт орсон н.Амарбаяр нэг базагч бариад гарч ирсэн. Энэ явдлын дараа энд байхгүй юм байна. Хөдөө байдаг гэрт нь л байгаа юм байна гэж надад хэлсэн. Тэгээд дараа нь адуунд явж байгаад тэр айлд бугуйлаа авах гэж очиход эзэнгүй байсан, судар нь харин тэр гэрт нь байж байсан. Тэгээд би тэр сударыг авчихаад н.Амарбаярт судар авсан талаараа хэлсэн. Тэгэхэд за би наадахыг чинь зарж, борлуулна гэж надад хэлсэн. Тэгээд энэ бүх явдлын дараа н.Амарбаяр намайг чи хэргээ бүгдийг нь даагаад орчих гээд надад 1.900.000 төгрөг өгсөн юм гэв. Энэ мөнгийг өгсөн талаар миний хажууд 2 гэрч байсан учраас гэрчилнэ. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шалгаж өгнө үү гэв. Прокурор Б.Төрболд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцсэн байгаа. Монгол улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд ялыг хөнгөрүүлэх, чөлөөлөх талаар заасан байдаг. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар заавал хохирлоо төлсөн тохиолдолд ялыг хөнгөрүүлнэ гэсэн заалт байхгүй. Энэ бол шүүхийн эрх хэмжээний асуудал тийм учраас өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэж байна. Ийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ. Шүүгдэгч Ш.Бо- нь 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Завхан аймгийн Идэр сумын Мануустай багийн нутагт хаваржиж байсан иргэн Ч.Мөнхбатын гэрт нэвтрэн орж 19-р зууны үеийн хар болгомол цаасан дээр түвд үсгээр бичсэн гар бичмэл “Алтангэрэл” судар 1 ширхэг, орчин цагт бүтээгдсэн гэх “Алтангэрэлийн хураангуй судар” 1 ширхэг, “Доржзодов” судар 1 ширхэгийг хулгайлж, Ч.Мөнхбатад 7.235.000 төгрөгний хохирол учруулсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. Шүүх Ш.Бо-ын дээрх үйлдлийг “орон байранд нэвтэрч” үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ял оногдуулсан нь зөв бөгөөд шүүгдэгч Ш.Бо-т ял оногдуулахдаа хуульд заасан хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж хуульд заасан ялын доод хэмжээгээр хорих оногдуулсан нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон, ял хүндэдээгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж, хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Шүүгдэгч Ш.Бо- нь давж заалдах шатны шүүх хуралдаанд би энэ хэргийг ганцаараа үйлдээгүй н.Амарбаяртай хамт үйлдсэн тул хэргийг дахин шалгаж өгнө үү гэсэн мэдүүлэг өгчээ. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдохгүй байна. Түүнчлэн хэрэгт авагдсан баримт болон анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх нь шүүхийн эрх хэмжээ тул давж заалдах шатны шүүх хуралдаан дээр гаргасан дан ганц шүүгдэгчийн мэдүүлэгт үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Баасандэмбэрэлийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцлийг магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлсэнээс хойш 30 хоногийн дотор Хяналтын шатны шүүхэд гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Б.АРИУНБАЯР

Б.НАМХАЙДОРЖ