Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2025/0061

 

 

 

 

 

 

 

Б.Мы нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ1282024/***** дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч Нийс*********** давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

 

Шүүх хуралдааны даргалагч шүүгч Н.Хонинхүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

Хэргийн оролцогчид:

 

Нэхэмжлэгч Б.М

Хариуцагч нийс*************** дарга

 

Шүүх хуралдааны оролцогчид:

 

Нэхэмжлэгч Б.М

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Б, Г.Т

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа

Хэргийн индекс: 128/2023/0***/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ***** дүгээр шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 48 дугаар зүйлийн 48.1, 62 дугаар зүйлийн 62.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Мы гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийсл********* 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Б/** дугаар “Б.Мыг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох Нийслэлийн Байгаль орчны газрын Захиргаа, төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, түүнд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг ажлаас халсан өдрөөс эхлэн буцаан томилсон тушаал гарсан өдөр хүртэл тооцон олгож, тус дүнгээс эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийлгүүлэхийг Нийслэлийн Байгаль орчны газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.

2. Хариуцагч Нийслэлийн Байгаль орчны газрын даргаас дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

2.1. “...Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-т “Албан үүргийг түр орлон гүйцэтгэх албан хаагч нь үндсэн албан тушаалаасаа чөлөөлөгдөхгүйгээр албан үүргийнхээ зэрэгцээ түр орлох албан тушаалын чиг үүрэг, эрх хэмжээг хэрэгжүүлж, үр дүнг хариуцна” гэж заасан. Нэхэмжлэгч нь Нийсл********* албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаандаа байгууллагын “Өмч хамгаалах зөвлөлийн дарга”-ын ажил үүргийг хийж гүйцэтгэдэг байсан ба тус зөвлөлийн хийж гүйцэтгэх ёстой ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн шалтгаанаа “шатахууны зардал байхгүй байсан” гэж тайлбарласныг шүүх хүлээн авч түүнийг энэ зөрчилд буруугүй мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Тодруулбал нэхэмжлэгч нь өмч хамгаалах зөвлөлийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байх хугацаанд төсвийн шууд захирагчийн албан ажил үүргийг орлон гүйцэтгэж байсан буюу шаардлагатай төсвийг захиран зарцуулах, зохицуулалт хийх эрх зүйн боломж, үүрэг нь байсан боловч гагцхүү нягтлан бодогч бензиний төсвийг шийдвэрлэж өгөөгүй гэж тайлбарлаж байгаа нь өөрийн хуулиар олгогдсон эрх, үүргийг хэрэгжүүлээгүй шалтгааныг бусад этгээд буюу өөрийн шууд удирдлагад ажиллаж байсан албан тушаалтанд буруугаа тохож буй хэлбэр юм. Нэхэмжлэгч нь дээрх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүргийг дангаар хариуцан ажилладаг субъектийн хувьд эдгээр алдаагаа хүлээн зөвшөөрсөн атлаа алдааг залруулах арга хэмжээ аваагүй зэрэг нь анхан шатны шүүх хуралдааны явцад дэлгэрэнгүй харагддаг боловч эдгээр зөрчлийг “ганц нягтлан бодогчид хамааралтай” гэж үзэх боломжгүй юм.

2.2. ...Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 5 дугаартай тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан “Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ын 2.2-д “Төрийн албан хаагчид улирлын ажлын үр дүнгээр олгох мөнгөн урамшууллын дээд хэмжээ нь албан хаагчийн албан тушаалын сарын үндсэн цалингийн 40 хувиас хэтрэхгүй байна” гэж заасан боловч нэхэмжлэгч нь дээрх хууль, журамд заасан мөнгөн урамшууллын хэмжээг албаны эрх мэдлээ ашиглан хэтрүүлэн олгосон болох нь Нийслэл дэх Төрийн аудитын газрын дүгнэлт болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны А/** дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт зэргээр тогтоогддог бөгөөд анхан шатны шүүхээс тухай зөрчлийг нэхэмжлэгч гаргасан гэдгийг зөв дүгнэсэн атлаа түүнд ногдуулсан сахилгын шийтгэлийн төрлийг буруу сонгосон гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй гэж үзэж байна.

2.3 Мөн маргаан бүхий тушаалыг гаргах болсон дээрх зөрчлүүд нь хариуцагчийн дээр дурдсан тушаал болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас байгуулагдсан ажлын хэсгийн 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн “Илтгэх хуудас, Нийслэл дэх Төрийн аудитын газрын НТАГ-***********ШЗ дүгнэлт зэргээр тогтоогдсон, энэхүү зөрчлийг гаргасан албан тушаалтанд Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэлээс зохих шийтгэлийг ногдуулах талаар саналыг ирүүлсний дагуу маргаан бүхий тушаал гарсан. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан “...төсвийн мөнгийг өөрт болон албан хаагчдад илүү олгосон ...” зөрчлийг тогтоосон атлаа түүнд Төрийн албаны тухай хуульд заасан халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хэт хүндэдсэн мэтээр дүгнэж, холбогдох хууль журам зөрчсөн этгээдийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилохоор шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ***** дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

1. Нэхэмжлэгч Б.М нь Нийсл********* 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Б/** дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Нийслэлийн байгаль орчны газрын Захиргаа, төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Анхан шатны шүүх “... хариуцагч нь төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах эрх хэмжээг хэрэгжүүлэхдээ хуулийг дээдлэх хүрээнд тухайн төрийн албан хаагчийн сахилгын шийтгэл хүлээх болсон үндэслэлийг тодруулан тогтоогоогүй, нотлох баримт цуглуулаагүй, зөрчлийн шинж байдал, анх болон давтан үйлдсэн эсэхийг харгалзан үзэж, харьцуулан дүгнэсний үндсэн дээр тохирох сахилгын шийтгэлийг ногдуулаагүй байх тул хуульд нийцсэн шийдвэр гэж үзэхээргүй” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэснийг хариуцагчийн давж заалдах гомдлын дагуу хүчингүй болгох үндэслэлгүй байна.

3. Хариуцагч нь маргаан бүхий актад нэхэмжлэгчийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлүүдийг нэг бүрчлэн нэрлэн заасан байх боловч хэрэгт авагдсан баримтаас үзэхэд аудитын дүгнэлт, илтгэх хуудсанд заасан тухайн зөрчил нэг бүрийг нэхэмжлэгч нь гаргасан гэж үзэхээргүй байна.

3.1. Нэхэмжлэгч нь Нийсл********* 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Б/** дугаар тушаалаар тус газрын Захиргаа, төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн томилогдсон, улмаар Нийслэлийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/1** дүгээр захирамжаар нэхэмжлэгч Б.Мыг Нийсл********* албан үүргийг шинээр дарга томилогдох хүртэл хугацаанд түр орлон гүйцэтгүүлэхээр томилсноос хойш 2022 оны 12 дугаар сарын 25-нд дарга томилогдох хүртэл 3 сар тухайн үүргийг гүйцэтгэжээ.

3.2. Маргаан бүхий 2023 оны Б/** дугаар тушаалд дурдсан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны А/** дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн “Илтгэх хуудас”-т “...Нийслэлийн Төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд өгсөн аудитын дүгнэлтээр Нийслэлийн төсвийн 38 байгууллагаас нийт 30,582.5 саяг төгрөгийн зөрчил илэрсэн. Нийт зөрчлийн 35.6 хувь буюу 10,884.4 сая төгрөгийн зөрчил нь Нийслэлийн Байгаль орчны газрын зөрчил дангаараа эзэлж байна” гэснээс үзвэл нэхэмжлэгчид хариуцлага ногдуулж буй “төсвийг дутуу зарцуулсан” гэх зөрчил нь тус байгууллагын 2022 оны бүтэн жилийн төсвийн зарцуулалтын тухайд хамааралтай байна.

3.3. Мөн Үндэсний Аудитын газрын Нийслэл дэх төрийн аудитын газраас Нийслэлийн Байгаль орчны газрын 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөрх санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, цэвэр хөрөнгө/өмчийн өөрчлөлт, мөнгөн гүйлгээний тайлан, тодруулгууд болон төсвийн гүйцэтгэлд аудит хийж, “хязгаарлалтай дүгнэлт” гарсан нь мөн нэхэмжлэгчийн ажил үүрэг гүйцэтгэхээс өмнөх үйл ажиллагаанд ч хамааралтай байна.

3.4. Зарим дүгнэлт, акт, илтгэх хуудас гарах үед байгууллагын даргын үүргийг түр гүйцэтгэж байсны хувьд нэхэмжлэгчийн нэрийг тусгаж дүгнэлт гаргасан нь тухайн зөрчил тус бүрийг нэхэмжлэгч гаргасан болохыг тогтоосон гэж үзэхээргүй байна.

4. Хариуцагч нь давж заалдах гомдолдоо “... нэгэнт аудитын дүгнэлт, эрх бүхий этгээдийн акт, илтгэх хуудсаар тогтоосон зөрчлийг дахин нотлох баримтаар тогтоох шаардлагагүй ...” гэх боловч дээр дурдсанаар Газрын даргын үүргийг 3 сарын хугацаанд түр орлон гүйцэтгэсэн, дүгнэлт, илтгэх хуудас, акт нь бүтэн жилийн үйл ажиллагаанд хамаарах санхүүгийн зөрчлүүд тогтоогдсон энэ тохиолдолд аль зөрчлийг нь Б.М гаргасан эсэхийг тогтоосны үндсэн дээр хариуцагч нь тохирох сахилгын арга хэмжээ авах ёстой байсан боловч тухайн зөрчил тус бүрийг Б.М гаргасан эсэхийг тогтоогоогүй байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

5. Маргаан бүхий актад дурдсан зөрчлүүдээс төрийн албан хаагч нарт болон өөртөө урамшуулал олгосонтой холбоотой зөрчлийг Б.М гаргасан нь тогтоогдсон байна.

5.1. Энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдолд “Төрийн албаны тухай хуулийн 48.1-д заасан шийтгэлийн аль нэгийг ногдуулах асуудал нь хариуцагчийн бүрэн эрхийн асуудал байхад анхан шатны шүүх сонгох боломжийг хэтрүүлсэн гэж буруу дүгнэсэн” гэснийг үгүйсгэхээргүй байна. Учир нь маргаан бүхий актыг гаргахад нэхэмжлэгчийг хэд хэдэн зөрчлийг гаргасан гэж үзэж, түүнд тохируулж, төрийн албанд нэг жил эргэж орох эрхгүйгээр халах шийтгэлийг сонгож ногдуулсан, гэтэл зарим зөрчлийг Б.М гаргасан болохыг тогтоогоогүй гэж шүүх үзсэнтэй холбоотой Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын арга хэмжээ нь зөрчлийн шинж байдалд тохирохооргүй болжээ.  

5.2. Шүүх захиргааны актыг өөрчлөх эрхгүй, мөн “халах” буюу хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох шийтгэл хүндэдсэн гэж үзсэнтэй холбоотой маргаан бүхий актыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан нь зөв байх тул шийдвэрийг хүчингүй болгуулах давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй, харин хариуцагч нь тухайн хуулийн сонгох боломжийг зөв хэрэгжүүлж, тогтоогдсон зөрчилд нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан хариуцлагын төрлөөс аль тохирохыг сонгож, зохих журмаар шийдвэрлэхэд энэхүү шийдвэр саад болохгүй.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ***** дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Нийсл********* давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                        Н.ХОНИНХҮҮ

 

ШҮҮГЧ                                        Ц.САЙХАНТУЯА

 

ШҮҮГЧ                                        С.МӨНХЖАРГАЛ