Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 03

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

 ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ

ШИЙТГЭХ ТОГТООЛ

 

2017 оны 01 сарын 04 өдөр                 Дугаар  03                                   Баруун-Урт

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны                                            шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг  шүүгч Д.Сугар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон

Улсын яллагч Б.Уранцэцэг,

         Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр

Шүүгдэгч Б.Батболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тожиламбаа овгийн Бөхбатын Батболдод холбогдох 201617000353 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар

 

 Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1994 оны 05 сарын 21-ний өдөр Сүхбаатар аймгийн Халзан суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд  боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, Одкон хотхоны 1-17 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ЛЮ94052114, Тожиламбаа овогт Бөхбатын Батболд,

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Б.Батболд нь согтуугаар 2016 оны 11 сарын 21-ний шөнийн 23 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Nice” караокед иргэн Ч.Батзолбоог үл ялих зүйлээр шалтаглан, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч  Б.Батболд  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Иргэн Батхолбоо намайг БХИС-д сурч байхад  дээрэлхдэг байсан. 2016 оны 12 сарын 22-ны орой 23 цагийн үед намайг “Nice” караокед орох үед Батхолбоо таарахаар нь дээрэлхдэг байсан нь санаанд ороод түүний нүүрэн тус газар нь нэг удаа цохичихоод гараад явсан. Буцаж орох үед  цагдаа ирээд аваад явсан. Би түүнд эмчилгээний зардал гэж 600.000 төгрөг өгсөн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв.

 

            - Хохирогч Ч.Батзолбоогийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...00-д ороод хүн бие засч байхаар нь болж байна уу ах нь бие засах гэсэн юм гэж хэлэхэд Батболд байсан. Батболд бие засч дуусчихаад чимээгүй гараад явсан. Би бие засч байтал хөөе гэхээр нь эргээд хартал чи намайг ахын дүү гэж хэлдэг хэн бэ гэж хэлээд миний зүүн нүдний орчим гараараа нэг удаа цохичихоод гүйгээд гараад явсан. Тэгээд дуулж байсан өрөөндөө ортол гаднаас Батболд ороод ирсэн. Батболдыг дэглэж байсан гэснээс намайг цохисон гэсэн миний хувьд Батболдыг дэглэж байгаагүй... гэх мэдүүлэг, / хх-н 7-8 х /

 

              - Гэрч Х.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Батболд намайг 22 цаг болж байхад Nice караокед хүрээд ир гэхээр нь ганцаараа очиход зааланд ганцаараа суучихсан пиво уугаад сууж байсан. Удалгүй гадуур хувцсаа тайлаад гарсан. Намайг 00 руу ороход Батболд өөдөөс гарч ирж байсан. Нөгөө хүн нь доошоо тонгойчихсон нүүрээ дараад байж байхаар нь Батболдыг аваад гадагшаа гарсан...” гэх мэдүүлэг /хх-н 10-11 х /

 

- Гэрч Д.Бат-Эрдэнийн  мөрдөн байцаалтанд өгсөн: “...Батзолбоо нь 00 орлоо гээд ганцаараа гарсан. Удалгүй цусаа гоожуучихсан өрөөнд орж ирээд хүнд зодуулчихлаа гэсээр орж ирсэн. Зүүн хөмсөг нь сэтэрчихсэн, зүүн нүд хавантай орж ирсэн. Бие засч байхад хөөе гэж дуудсан эргэж хартал цохисон гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 13-14 х /

 

- Гэрч Б.Одончимэгийн  мөрдөн байцаалтанд өгсөн: “...нэг залуу танай 00-ийн өрөөнд хүнд зодуулчихлаа 00-н цаас байна уу гэсэн, харахад зүүн хөмсөг нь язарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-н 15-16 х /

 

- Гэрч Ч.Одхүүгийн  мөрдөн байцаалтанд өгсөн: “...архи ууж байгаад нилээд удсаны дараа Батзолбоо ганцаараа бие засахаар гараад удалгүй орж ирэхдээ зүүн нүдэндээ цохиулчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-н 17 х /

 

- Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 11 сарын 21-ний бдрийн 135 дугаартай дүгнэлтэд /хх-н 30 х /

- Ч.Батзолбоогийн биед зүүн хөмсөгт шарх, зүүн дээд зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо

- Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг болон нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ

- Уг гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 

- Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй, гэсэн дүгнэлт,

 

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас  / хх-н 30 х /

 

- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7-р багийн засаг даргын 2016 оны 11 сарын 30-ны өдрийн тодорхойлолт / хх-н 31 х /

 

- Б.Батболдын иргэний үнэмлэхийн лавлагаа, / хх-н 32 х / зэрэг болно.  

 

Шүүгдэгч Б.Батболд нь согтуугаар 2016 оны 11 сарын 21-ний шөнийн 23 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Nice” караокед иргэн Ч.Батзолбоог үл ялих зүйлээр шалтаглан, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч, хохирогч  нарын болон хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, шүүх эмчийн шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Б.Батболдод холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогджээ.

 

Хэдийгээр шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр шүүх хуралдаанд  хохирогч Батзолбоо Батлан хамгаалах их сургуульд байхдаа Б.Батболдыг дарамталдаг байсан учраас тэр орой шүүгдэгч Б.Батболд тэр үйлдлийг эргэн санаж Ч.Батзолбоог зодсон байдаг бөгөөд энэ нь хувийн сэдэлтэй үйлдэгдсэн хэрэг. Иймд  хэргийн зүйлчлэлийг өөрчилж эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлээр зүйлчлэх үндэслэлтэй гэж  мэтгэлзэж  байгааг шүүх хүлээн авах боломжгүй юм. 

Учир нь тухайн цаг хугацаанд шүүгдэгч хохирогч нарын хооронд ямар ч хувийн харьцаа үүсээгүй, хохирогч Ч.Батзолбоо мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ...Би Б.Батболдыг дарамталж байгаагүй бөгөөд дарамталж байснаа санахгүй байна. Дараа нь Батболд намайг дарамталж байснаас цохьсон гэж хэлсэн ...гэх мэдүүлгээс дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.Батболд нь Ч.Батзолбоог дарамталж байсан гэсэн үл ялих зүйлээр шалтгалан  зодож хөнгөн гэмтэл учруулсныг хувийн сэдэлтэй гэж үзэх боломжгүй бөгөөд хэрэгт  шүүгдэгч хохирогч нарыг урьд нь хувийн таарамжгүй харьцаатай байсан нь ч  тогтоогдоогүй байна.

 

Иймд шүүгдэгч Б.Батболдыг иргэн Ч.Батзолбоог үл ялих зүйлээр шалтаглан, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй  гэж шүүх үзнэ.

 

Шүүхээс ял шийтгэл ногдуулахад шүүгдэгч Б.Батболдын хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас  гэмшсэн зэрэг нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Харин мөн хуулийн 56 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

            Шүүгдэгч Б.Батболд нь  хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа,   үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

             Шүүгдэгч Б.Батболд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн болон бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гомдолгүй гэснийг тус тус дурдах нь  зүйтэй байна.

 

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн   283, 284, 286, 293, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Б.Батболдыг  үл ялих зүйлээр шалтаглан, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар шүүгдэгч Б.Батболдыг 3 /гурван/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасныг журамлан ялтан Б.Батболдод оногдуулсан 03 жил 10 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид  эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг журамлан ялтан Б.Батболдод оногдуулсан 03 жил 10 хоногийн хорих ялыг тэнсэж, 01/нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар тэнсэгдсэн ялтан Б.Батболдод хяналт тавихыг Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

           6. Ялтан Б.Батболд нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй бөгөөд тэдгээр нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ч.Батзолбоо гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Б.Батболдод урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

   8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол  танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

                                     

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.СУГАР