Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/17

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,

-улсын яллагчаар М.Одгэрэл,

-иргэний нэхэмжлэгч Б.Есөнжаргал,

-шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Т нарт холбогдох эрүүгийн 2234004680369 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1973 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эмч мэргэжилтэй, группт байдаг, ам бүл 2, эхийн хамт тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Д.Т

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Т нь 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотоос Дундговь аймаг явах чиглэлийн асфальтан замын 172/100 дахь километрийн шонгийн ойролцоо “Тоёота кролла” маркийн “32-43 ӨМӨ” улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн нийтлэг үндэслэл 11.3 “эсрэг эгнээтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж “93-57 УБТ” улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, “93-57 УБТ” улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийн зорчигч Т.Буянжаргалын биед хүндэвтэр, жолооч Ц.Баттэмүүжингийн биед хөнгөн хохирол тус тус учруулж, Г.Чгийн амь нас хохирч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Д.Т нь мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

Иргэний нэхэмжлэгч Б.Есөнжаргал нь мэдүүлэхдээ: “н.Чулуундаваа нь зам тээврийн ослын улмаас нас барсан харамсалтай явдал болсон. н.Чулуундаваа нь манай “Неткапитал” ББСБ, ХХК-тай 2022 оны 5 дугаар сарын  31-ний өдөр авто машинаа барьцаалан 36 сарын хугацаатай автомашинаа унаж явах нөхцөлтэйгөөр 3.600.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, мөн 6 дугаар сарын 2-ны өдөр 2.000.000 төгрөгийг гэрээ байгуулан нэмж зээлээр авсан. Гэтэл эхний зээл төлөлт эхлээгүй байх үед зам тээврийн осолд орж хариуцагч маань нас барсан. Иймд зээлийн эргэн төлөлтийг шүүгдэгч төлнө гэж өөрөө мэдүүлж байх учраас 6.651.869 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна. Өөр нэхэмжлэх зүйлгүй” гэв.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2234004680369 дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судлахад

Шүүгдэгч Д.Т нь 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотоос Дундговь аймаг явах чиглэлийн асфальтан замын 172/100 дахь километрийн шонгийн ойролцоо “Тоёота кролла” маркийн “32-43 ӨМӨ” улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн нийтлэг үндэслэл 11.3 “эсрэг эгнээтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж “93-57 УБТ” улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, “93-57 УБТ” улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийн зорчигч Т.Буянжаргалын биед хүндэвтэр, жолооч Ц.Баттэмүүжингийн биед хөнгөн хохирол тус тус учруулж, Г.Чгийн амь насыг хохироосон үйл баримт нь дараах:

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 2 тал/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 4-5 тал/,

-Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /1-р хх-ийн 6-7 тал/,

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 8-19 тал/,

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ганбямбын “...Би болсон асуудлын талаар мэдэхгүй бана. Д.Т хоёр Улаанбаатар хотод ажил явдалд оролцчихоод Өмнөговь аймаг руу буцаж явсан юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 22 тал/,

-Иргэний нэхэмжлэгч Б.Есөнжаргалын “...2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 2.000.000 төгрөгийн, 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 3.600.000 төгрөгийг Г.Ч автомашин барьцаалсан зээлийг 36 сарын хугацаатай автомашинаа унаж явах нөхцөлтэйгээр авсан. Зээл төлөгдөж эхлээгүй байх үед зам тээврийн осолд орсон гэсэн шалтгааныг зээлийг төлөөгүй байгаа. Автомашины өмчлөгч нь Г.Ч мөн бөгөөд зээл авахдаа автомашины нэрийг манай байгууллага руу шилжүүлсэн тул автомашины эзэмшигч нь “Нэт капитал” ББСБ мөн. Хамтран зээлдэгч байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 26 тал/,

-Хохирогч Т.Буянжаргалын гэрчээр өгсөн “...Би 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Дундговь аймгийн төвөөс “93-57УББ” улсын дугартай “приус-20” маркийн автомашинтай нөхөр н.Баттэмүүжин, охин н.Сондорын хамт Улаанбаатар хотын чиглэл рүү явах замд саарал өнгийн машин зөрөөд өнгөрөх байх гэж бодтол урсгал сөрөөд урдаас ирж мөргөсөн. Дараа нь мөргөлдсөн газраас 300м орчим зайд аажуу явбал аяндаа хүрнэ дээ гэж самбар тогтоож байсан хүн хараад хажуу талд нь байсан цагдаагийн машин ирж гурван энгийн хувцас хүн гарч ирээд бидэнд тусал замын унаанд суулгаж өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 52 тал/,

-Хохирогч Ц.Баттэмүүжийнгийн гэрчээр өгсөн “...Би 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Дундговь аймгийн төвөөс “93-57 УББ” улсын дугаартай приус-20 маркийн автомашинтай эхнэрТ.Буянжаргал, охин н.Сондорын хамт Улаанбаатар хотын чиглэл рүү явах замд саарал өнгийн машин зөрөөд өнгөрөх байх гэж бодтол урсгал сөрөөд урдаас ирж мөргөсөн. Тэгээд би машинаас бууж тухайн мөргөсөн хүнээс та яаж байгаа юм бэ гэж асуухад ах нь зүүрмэглэсэн байна гэсэн. Дараа нь мөргөлдсөн газраас 300м орчим зайд аажуу явбал аяндаа хүрнэ дээ гэж самбар тогтоож байсан хүн хараад хажуу талд нь байсан цагдаагийн машин ирж гурван энгийн хувцастай хүн гарч ирээд бидэнд тусалж замын унаанд суулгаж өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 54 тал/,

-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 357 дугаартай “...Б.Сондорын биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 56-57 тал/,

-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 357 дугаартай “...Т.Буянжаргалын биед цээжний баруун талын 5-р хавирга, өвчүү ясны хугарал, зүүн хөх, баруун мөр, хэвлийн доод, баруун гуянд цус хуралт, баруун өвдөг, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Цаашид хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 60-61 тал/,

-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 355 дугаартай “...Ц.Баттэмүүжингийн биед баруун эгэм, гуя, зүүн гуя, умдаг, баруун өвдөгт цус хуралт, баруун гар, газрын 3, 4-р хурууны завсар, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Цаашид хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 65-66 тал/,

-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 135 дугаартай “...Талийгаач Г.Чгийн биед нугасны тасрал, хүзүү, бүсэлхийн нугаламын хугарал, баг тархины аалзан хальсан доорх цус харвалт, хоёр талын олон хавирганы хугарал, өвчүү ясны хугарал, баруун шуу яс, баруун эгэмний хугарал, биед шарх, зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь амьд ахуйд нь үүссэн гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Талийгаач Г.Ч нь нурууны нугалам, цээжний хавсарсан гэмтлийн улмаас нугас тасар нас баржээ. Талийгаачийн цуснаас 1.0 хувийн спиртийн агууламж илэрсэн байна. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаач нь /I/ бүлгийн цустай байна.” Гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 73-75 тал/,

-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 76-85 тал/,

-2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 22/43 дугаартай “Цагаан шонхорын жигүүр” НҮТББ-ын “...Тоёота кролла” маркийн “32-43 ӨМӨ” улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоож Д.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсний зөрчсөн байх үндэслэлтэй байна. “Тоёота приус-20” маркийн “93-57 УБТ” улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Баттэмүүжийнг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэлгүй байна. ““...Тоёота кролла” маркийн “32-43 ӨМӨ” улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоож Д.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэж үзэж байна. Уг зам тээврийн осолд замын нөхцөл байдал, үзэгдэх орчин нөлөөлөөгүй байна. Нэмж тусгах санал үгүй” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 88-89 тал/,

-“Эм Жэй Жэй Эм” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 06/226 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 96-124 тал/,

-Иргэний нэхэмжлэгч Б.Болормаагийн “... “93-57 УБТ” улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2016 оны 08 дугаар сард хувь хүнээс 9.700.000 төгрөгөөр худалдаж авч байсан. 2021 оны 10 дугаар сард 2.500.000 төгрөгөнд ломбарданд тавьж зээл авч байсан. Уг тээврийн хэрэгсэл нь миний өмчлөл, эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Сард 251.000 төгрөг төлдөг, 2022 оны 10 дугаар сард зээл төлөгдөж дуусна. Би автомашиныхаа хохирлын үнэлгээгээр гарсан мөнгөн дүнг буруутай жолоочоос нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 135 тал/,

-Шүүгдэгч Д.Тийн яллагдагчаар өгсөн “...Би эцэг эхээс зургуулаа айлыг 4 дэх хүүхэд байгаа юм. Бага насаа эцэг эхийн гар дээр өсөж хүмүүжээд цэцэрлэгийн боловсрол эзэмшээд, Өмнөговь аймгийн Булган суманд 1981-1989 онд ЕБС-ийн 8 дугаар ангийг суралцаж төгсөөд, 1989-1994 онд Дорноговь аймгийн Анагаах ухааны коллежийг бага эмч сувилагч мэргэжлээр суралцаж төгссөн. 1995-1999 онд Төв аймгийн Эрдэнэсант сумын Угалж 3 дугаар багийн эмч, 2003-2010 онд Өмнөговь аймгийн Булган сумын 3 дугаар багийн эмч, 2013-2014 онд “Эрдэнэс таван толгой” ХХК-д эмчээр, түүнээс хойш эхнэр Г.Чтай н.Ивээл гэх нэртэй хувийн эмнэлэг нээн ажиллуулдаг байсан. 2020 оноос 11 дүгээр цэцэрлэгийн эмчээр одоог хүртэл ажиллаж байна. 2 хүүхэдтэй, Г.Ч бид хоёр хамт амьдраад 13 жил болж байсан. Цэргийн албыг дүйцүүлэхээр 1991 онд хааж байсан. Эрүүл мэндийн салбарт ажиллах хугацаандаа Эрүүл мэндийн яамны жуух бичиг, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, Аймгийн тэргүүний ажилтан, сумын 9 алдартны нэг, спортоор шагайн харвааны аймгийн гоц мэргэн, зан байдлын хувьд үг дуу цөөнтэй хүн байгаа юм. Би нойрмоглоод ядарсан үедээ жолоо барьсны улмаас эсрэг урсгалд орж автомашин мөргөж осол гаргасан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Бусдад учруулсан хохирлыг боломжоороо төлж байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 143 тал/ зэрэг болон шүүгдэгч Д.Тийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг болно.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой,

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааны дараалал болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, эсхүл шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал хүсэлт гаргаагүй байна.

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Д.Т нь 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотоос Дундговь аймаг явах чиглэлийн асфальтан замын 172/100 дахь километрийн шонгийн ойролцоо “Тоёота кролла” маркийн “32-43 ӨМӨ” улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн нийтлэг үндэслэл 11.3 “эсрэг эгнээтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж “93-57 УБТ” улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, “93-57 УБТ” улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийн зорчигч Т.Буянжаргалын биед хүндэвтэр, жолооч Ц.Баттэмүүжингийн биед хөнгөн хохирол тус тус учруулж, Г.Чгийн амь насыг хохироосон үйл баримт тогтоогдсон.

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Д.Т нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчиж, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл хийсний улмаас “93-57 УБТ” улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийн зорчигч Т.Буянжаргалын биед хүндэвтэр, жолооч Ц.Баттэмүүжингийн биед хөнгөн хохирол тус тус учруулж, Г.Чгийн амь насыг хохироосон байна.

Өөрөөр хэлбэл замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл хийсний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл, 1 хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл, 1 хүний хүний амь нас хохирсон хохирол учирсан  байна.

 

Шүүгдэгч Д.Тийн Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж буй энэхүү өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршигт хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд хүний амь нас хохирсон хохирол, хор уршиг нь шүүгдэгчийн болгоомжгүй үйлдэлтэй шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заасан шинжийг хангасан, түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.

 

Мөн болгоомжгүй гэм буруу нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эцэст гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсан эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч тэрхүү хор уршгийг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, боломжтой байсан гэж хайхрамжгүй хандсан гэх хоёр хэлбэрээр  илэрдэг болно.

Хамгийн гол хохирол, хор уршигт зориуд хүргээгүй байдгаараа санаатай гэмт хэргээс ялгагдах шинжтэй.

Иймд шүүгдэгч Д.Тийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, нэг хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагчаас: “ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврйин хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар тэнсэх ял оногдуулж, үүрэг хүлээлгэх саналтай байна” гэх ялын дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэнгээс: “...Өмгөөлөгчийн зүгээс хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Улсын яллагчийн ялын саналыг дэмжиж оролцож байна. Тэнсэх ялыг 1 жил болгож өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.

 

Шүүгдэгч Д.Тийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял ” оногдуулах сонгомол санкцтай гэмт хэрэг байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан байх ба энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.Т нь  хөдөлмөрийн чадвараа 70 хувиа алдсан /Өмнөговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 0507617 дугаартай шийдвэрээр нотлогддог/ зэрэг хувийн байдлаас үзэхэд шүүгдэгч Д.Т эмчилгээ сувилгаа хийлгэх үүднээс орон нутаг болон хот хоорондын дотор зайлшгүй явах нөхцөл байдал үүсэх тул түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжгүй гэж үзсэн

Харин шүүгдэгч Д.Тд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, анхнаасаа буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж хүний амь нас, эрүүл мэндэд шууд учирсан үр дагавар болох оршуулга, зан үйлтэй холбоотой хохирол болон эмчилгээний зардлыг төлсөн байдал, энэ гэмт хэргийн хохирогч болох Г.Ч нь түүний гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч байсан зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж тус тус заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Д.Тийн ял шийтгэл шалгах хуудсаар анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, анхнаасаа буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаагүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж хүний амь нас, эрүүл мэндэд шууд учирсан үр дагавар болох оршуулга, зан үйлтэй холбоотой хохирол болон эмчилгээний зардлыг төлсөн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заасан гэмт хэрэг нь эрх хасах нэмэгдэл ял хүлээлгэхээр заасан тул мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасны дагуу Д.Тийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасах нэмэгдэл ял оногдуулж, мөн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар уг нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хугацааг тоолохыг дурдах нь зүйтэй.

 

Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Н.Буджаргалын болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Буянжаргалын эрүүл мэндэд хүндэвтэр, Ц.Баттэмүүжингийн биед хөнгөн гэмтэл учирч иргэн Г.Чгийн амь нас хохирсон байна.

Хохирогч Т.Буянжаргал, Ц.Баттэмүүжин нар нь 11.500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас шүүгдэгч Д.Т нь шүүхийн шатанд дээрхи нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулсан ба шүүх хуралдааны товыг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ганбаяр, хохирогч Ц.Баттэмүүжин, Т.Буянжаргал, иргэний нэхэмжлэгч Б.Болормаа нарт мэдэгдэхэд “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байна.

 

Харин шүүх хуралдаанд оролцсон иргэний нэхэмжлэгч Б.Есөнжаргал нь зээлийн гэрээний үлдэгдэл болох 6.651.869 төгрөгийн нэхэмлэлийн шаардлага гаргасанг  шүүгдэгч Д.Т нь нөхөн төлөхөө илэрхийлсэн түүнээс гаргуулж “Нэткапитал финанс корпораци” ББСБ /РД:5255961/-д олгохыг,

Эрүүгийн 2234004320404 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д.Т нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

        1. Шүүгдэгч Д.Тийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, нэг хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

        1. Шүүгдэгч Д.Тийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсугай.

 

        1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.Тд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.

 

        1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тийг шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх  тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

        1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.Т нь хохирогч Т.Буянжаргал, Ц.Баттэмүүжин нарт 11.500.000 төгрөг төлсөнг дурьдаж, хохирогч Т.Буянжаргал, Ц.Баттэмүүжин нарт төлөх төлбөргүй, шүүгдэгч Д.Төөс 6.651.869 / зургаан сая зургаан зуун тавин нэгэн мянга найман зуун жаран ес/ төгрөгийг гаргуулж “Нэткапитал финанс корпораци” ББСБ /РД:5255961/-д олгосугай.
        2. Эрүүгийн 2234004680369 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д.Т нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Тийн тээврийн хэрэгсэл  жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
        4. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
        5. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
        6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
        7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ю.ЭНХМАА