Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/19

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж, шүүгч Т.Батжаргал, Ж.Дэлгэрмөрөн нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү,

Улсын яллагч Ч.Батзориг,

Иргэдийн төлөөлөгч Г.Батбаатар,

Шүүгдэгч Н.Ц, түүний өмгөөлөгч Т.Багахүү, Ш.Алтангадас, Б.Мөнхгэрэл нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Цт холбогдох эрүүгийн 2202002650333 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, англи хэлний орчуулагч, эрх зүйч, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “Үнэт металл, үнэт чулуу тэдгээрийн хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдийн үндэсний холбоонд” сургалт, хөгжлийн мэргэжилтэн, мөн “Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоонд” бизнес хөгжлийн мэргэжилтэн ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Н.Ц

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Ц нь Америкийн Нэгдсэн улсаас шуудан илгээмж ашиглан Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай “AbsoluteXtracts” гэсэн бичиглэлтэй 2 ширхэг шилэн савлагаа бүхий тус бүрийн жин нь 1 грамм буюу 2 грамм жинтэй тосорхог шингэн төрлийн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах “Чингис хаан” олон улсын нисэх буудлаар буюу Монгол Улсын хилээр нэвтрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Н.Ц нь: “Би 2013 оноос хойш Оюу Толгой төсөлд гүний уурхайд ажилладаг байсан бөгөөд ажиллаж байх хугацаандаа нуруундаа гэмтэл авсан. Тогтмол физик эмчилгээ хийлгэдэг байсан бөгөөд өвдөлт нь намдахаа больсон тул 3 сар тутамд урт гуурс, тариа хийлгэдэг болсон. Мөн Америкийн нэгдсэн улсаас манай найз холбогдож ярьсан бөгөөд миний нурууны өвчинд сайн гэж эм над руу явуулсан. Би явуулсан эмийг нь хууль бус мансууруулах бодис гэж мэдээгүй. Тухайн бодисыг хилээр оруулж ирээд татаж мансуурах, цааш нь зарж борлуулах гэсэн зүйл байхгүй. Би өвчтэй аавын хамт 2 хүүхэдтэйгээ амьдардаг. Мөн байрны зээлтэй мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Үйл баримтын талаар:

 

Эрүүгийн 2202002650333 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Үүнд: Шүүгдэгч Н.Ц нь Америкийн Нэгдсэн улсаас шуудан илгээмж ашиглан Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай “AbsoluteXtracts” гэсэн бичиглэлтэй 2 ширхэг шилэн савалгаа бүхий тус бүрийн жин нь 1 грамм буюу 2 грамм жинтэй тосорхог шингэн төрлийн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах “Чингис хаан” олон улсын нисэх буудлаар буюу Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн үйл баримт нь:

-2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл” /1-р хх-ийн 15 тал/,

-Шүүгдэгч Н.Цийн гэрчээр өгсөн “...АНУ-д ажиллаж байх үед болон Оюу толгойд ажиллаж байх хугацаанд миний нуруу их өвддөг байсан юм. Тэгээд 3 сардаа 1 удаа нурууны эмчилгээ БЗД-ийн 13 дугаар хорооны өрхийн эмнэлэгт эмчилгээ хийлгэдэг байсан. Сүлдээ 3 сардаа 1 удаа эмчилгээ хийлгэж чадахгүй, байнгын өвддөг болсон юм. Тэгээд саяхан 10 жилийн найз н.Чанар-Эрдэнэтэй фэйсбүүкээр холбогдсон юм. Найз маань АНУ-ын Сан франциско хотод ажиллаж амьдардаг юм. Тэгээд ойр зуурын юм ярьж байгаад би түүнд миний нуруу байнга өвдөж байгаа талаараа хэлсэн. Найз маань АНУ-д хөгшчүүлийн асрах газарт ажилладаг бөгөөд өвчтэй хүмүүст өвчин намдаах зорилгоор электрон тамхи татуулаад байдаг юм. Тэрийг хэрэглэж үзэх юм уу гэхээр нь би тэгье гэж хэлсэн. Тэгээд би тухайн электрон тамхийг нь авахаар 300.000 төгрөг н.Чанар-Эрдэнийн дүү н.Чанарбат гэх нэртэй хүний хаан банкны данс руу шилжүүлсэн. 3-4 сарын хооронд байгаа байх аа, гэхдээ н.Чанар-Эрдэнэ тухайн электрон тамхи хэдэн төгрөг байдаг талаар надад хэлээгүй юм. Хэрвээ явуулсан мөнгө нь илүү гарвал зөрүүнд нь памперс явуулаарай гэж хэлсэн. Тэгээд найз маань өнөөдөр тосч авсан электрон тамхийг эмийн сангаас худалдаж авсан гэж хэлсэн. Надад үнийг нь тодорхой хэлээгүй юм. Өчигдөр орой буюу 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 94998400 дугаарт “Бид монгол” нэртэй карго гэсэн дугаараас “Танд АНУ-с илгээм ирлээ 10-18 цагийн хооронд ирж аваарай” гэсэн зурвас ирүүлсэн байсан. Тэгээд л өглөө ажил дээрээ очиход 10 цаг өнгөрч байхад хуучин тээврийн товчооны замын баруун талын 25 дугаар байранд байрлах “Бид монгол” гэсэн карго дээр очиж н.Чанар-Эрдэнийн явуулсан илгээмжийг хүлээн аваад задалж үзээгүй шууд аваад явж байтал хүмүүс ирээд намайг саатуулсан. Ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 17-19 тал/,

-Гэрч Б.Жаргалсайханы “...2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр “Бид монгол интернэшнл” ХХК-ийн шуудан илгээмжийн газраар дамжин Н.Ц гэх нэр дээр АНУ-с ирсэн хайрцагтай барааг Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “UTPS” гаалийн хяналтын бүсэд тээвэрлэж ирсэн. Тус барааг гаалийн улсын байцаагч Я.Ариунболор нь хүлээн авч, рентген тоног төхөөрөмж ашиглан гаалийн хяналт шалгалт хийх явцад илгээмжээс мансууруулах төрлийн бодис байж болзошгүй эд зүйл илэрсэн. Энэ тухай Я.Ариунболор нь улсын ахлах байцаагч надад нэн дариу мэдэгдсэн. Тухайн ачааг гаалийн байгууллагаас шалгаж үзэхэд хайрцаг дотор 2 ширхэг шилэн савтай шаргал өнгийн зүйл байсан. Гаалийн ерөнхий газрын гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх газрын холбогдох албаны удирдлагаас чиглэл авч, бараа хүлээн авагч, оролцогчийг тодорхойлох зорилгоор Гаалийн тухай хуулийн 250 дугаар зүйлд зааснаар “Барааг гаалийн хяналтын дор хүргэх” гэсэн заалтыг үндэслэн гаалийн хяналт дор 2022 оны 04 дүгээр сарын 27-нд “Бид монгол интернэшнл” ХХК-ийн байр болон Баянгол дүүргийн 3 дугаар хороо 2 дугаар хороолол замчдын гудамж 25 дугаар байрын 25 тоотод барааг хүргүүлж, хяналт дор бараа хүлээн авагчид мэдэгдсэн. Тус барааг шалгаж үзэхэд 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн нийслэгээр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах Чингис хаан олон улсын нисэх буудал, боомтоор хилийн гаалийн хяналтад улсын хилээр нэвтэрч, 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо Сонсголонгийн гудамж Ази проперти ХХК-ийн байранд байрлах улс хоорондийн шуудан илгээмжийн гаалийн газрын Юу Ти Пи Эс дэх гаалийн хяналтын бүсийн хяналтад орсон байна. 2022 оны 04 дүгээр сарын 27-нд тус бараанд шалгалт хийгдсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 29-30 тал/,

-Гэрч Д.Энх-Амгалангийн “...Н.Ц нийт 3 удаа мэдрэлийн кабинетэд үзүүлсэн. Мөн 1 удаа мэдрэлийн мэс засалд үзүүлсэн. Өвтөний карт дээр нь өөр эмчилгээ хийгдсэн тэмдэглэгээ байхгүй байна... Н.Цт кекалог, дексаметазон, бупивакайн гэх 3 эмийн уусмал 2022 оны 08 дугаар сарын 25-нд тарь өгсөн. Өвчтөний картыг үзэхэд өмнө нь тариа хийж байсан гэж хэлсэн. Хэрвээ тариа хийсэн байгаад тэмдэглээгүй байлаа ч энэ 3 эмийн уусмалыг хийсэн байх боломжтой. Энэ 3 эмийн уусмалд хар тамхины агууламж агуулагдаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 32-33 тал/,

-Гэрч В.Чанарбатын “...Би Н.Ц гэдэг хүнийг танихгүй. Харин В.Чанар-Эрдэнэ нь миний төрсөн ах байгаа юм. Бид нар айлаас гурвуулаа. В.Чанар-Эрдэнэ том ах маань юм. Тэгээд би дүү н.Чанар-Очир юм. Ах маань одоо АНУ-ын Сан франциско хотын окланд гэдэг газар байгаа. Ах 2015 оны 09 дүгээр сард АНУ руу явсан. Гэр бүлийнхэнтэйгээ хамтдаа байдаг юм. н.Чанар-Эрдэнэ нь цагийн ажил, хоол хүргэлт, таксигаар үйлчлэх ажил хийдэг юм. Бид хоёр фэйсбүүкийн чатаар холбогддог юм. Одоогоор дугаарыг нь мэдэхгүй байна. Асуугаад авч болно... н.Чанар-Эрдэнэ нь хаан банкныхаа данснаас мөнгө шилжүүлэх боломжгүй болсон юм. Тэгээд өөрийнхөө нэр дээр данс нээгээд өг гээд одоо энэ 5004139405 тоот дансыг хас банк дээр нээлгэсэн юм. Энэ дансыг 1 жилийн өмнө нээж байсан санагдаж байна. Уг дансыг ах маань ашигладаг юм. би нэг хааяа мөнгө, төгрөг зээлэхээр бол энэ данс руу орж мөнгөн авдаг юм. Ерөөсөө л ахын хэрэгцээндээ ашигладаг данс байгаа юм. Би уг дансаар ямар нэгэн гүйлгээ хийдэггүй, ашигладаггүй юм... Би зургийг харлаа. Энэ гүйлгээний талаар мэдэх зүйл огт байхгүй, ах л уг дансыг ашигладаг юм. Миний утас дээр уг данс руу мөнгө орсон, гарсан талаар мэдээлэл ирдэггүй юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 35-36 тал/,

-Гэрч Б.Маргадын “...2022 оны 04 дүгээр сарын 28-ны өглөө нээгээд удаагүй байхад нэг хар бараан өнгийн хувцастай залуу орж ирээд илгээмж авна гэсэн. Тэгээд утасны дугаараар нь буюу 94998400 гэсэн дугаарыг хийхэд 76В гэсэн дугаартай илгээмж бүртгэгдсэн байсан. Тэгээд түүнээс бичиг баримтыг нь шалгахаар асуухад машиндаа үлдээсэн гээд машинаасаа бичиг баримтаа авч ирээд явсан. Төд удалгүй орж ирээд бичиг баримтаа шалгуулсан. Тэгээд би илгээмжийг гардуулсан бүртгэлийн дэвтэр дээр бүртгэж аваад гарын үсэг зуруулаад 1 ширхэг илгээмжийг нь өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 38-39 тал/,

-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2519 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн “1” гэсэн хаягтай шилэн савтай шингэ, “2” гэсэн хаягтай шилэн савтай шингэн зэргээс дельта 9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 48-53 тал/,

-Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 504 дугаартай “...Н.Ц нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Н.Ц нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. Н.Ц нь өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадвартай байна. Н.Ц нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. Н.Ц нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 59-61 тал/,

-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 3747 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн дээжийн гялгар ууттай жин 8.5 г, “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн дээжийн гялгар ууттай жин 9.2 г байна. Бодис нь гялгар уутанд наалдаж хатсан тул бодисын цэвэр жинг тогтоох боломжгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн дээжийн хэмжээ хүрэлцэхгүй тул мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын агууламж, хувь хэмжээг тогтоох боломжгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 66-68 тал/,

-2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл”, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 70-73 тал/,

-2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл”, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 76-122 тал/,

-2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн “Илгээмж гардуулсан дэвтэр”-т үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 123-139 тал/,

-Шүүгдэгч Н.Цийн яллагдагчаар өгсөн “...Миний нуруу 2015 оноос өвдөж эхэлсэн. Нурууны үений зөөлөн эдийн бүтцийн өөрчлөлттэй гэсэн оноштой. 3 сар тутамд физик эмчилгээ хийлгээд өвдсөн үед нь өвчин намдаах эм уугаад явдаг байсан. 2021 оноос нуруу ойр ойрхон өвддөг болсон. 2022 оны 01 дүгээр сараас эхлээд Улсын нэгдсэн Нэгдүгээр өв эмнэлэгт 3-аас 4 сарын давтамжтай хориг тавих эмчилгээ буюу өвчин намдаах зориулалттай амбулаторийн мэс ажилбарыг хийлгэдэг болсон. Мэс ажилбарын эмчилгээнд ууж сүүжний үе хооронд 3 төрлийн тариа тарьдаг. 2022 оны 04 дүгээр сард АНУ-д амьдардаг В.Чанар-Эрдэнэтэй фэйсбүүк чатаар ярьж байх үедээ би нуруу өвддөг болсон талаараа хэлсэн. Гэтэл найз В.Чанар-Эрдэнэ нь АНУ-ын хөгшчүүлийн асрах газарт асрагчийн ажил хийдэг болж таараад тухайн асрах газарт өвчин намдаах зорилгоор тухай өвчтөнүүдэд өвдөлтийг нь намдаа био бэлдмэлүүд байдаг. Жишээ нь дусаалга хэлбэртэй, иддэг хэлбэртэй, электрон тамхи шиг татдаг хэлбэртэй байдаг хэрэглээд үзэх үү гэж найз В.Чанар-Эрдэнэ надаас асуусан. Би татдаг хэлбэртэй электрон тамхинаас нь 2 ширхгийг хэрэглээд үзье гэж хэлэхэд найз В.Чанар-Эрдэнэ нь АНУ-ын Санфранциско хотын хавдрын төвийн дэргэдэх хөгшчүүл асрах газрын хажуу талд байрлах эмийн сангаас худалдан аваад АНУ дахь Бид монгол карго илгээмжийн газрын салбарт өгч илгээсэн байсан. Тухайн био бэлдмэлийн мөнгийг нь хаан банкны интернет банкаар өөрийн данснаас В.Чанар-Эрдэнийн дүүгийн /нэрийг нь санахгүй байгаа/ данс руу 2022 оны 04 дүгээр сарын дундуур 300.000 төгрөг шилжүүлсэн. /өдрийг нь сайн санахгүй байна/. 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Бид монгол шуудан илгээмжийн газраас танд АНУ-с илгээмж ирлээ гэх мессеж ирсэн. 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр намайг илгээмжээ хүлээн авах үед Тагнуулын ерөнхий газрын ажилчид ирж саатуулсан Тагнуулын ерөнхий газарт авч ирээд байцаалт аваад утсан үзлэг хийгээд, илгээмжийг онгойлгоод электрон тамхины хэлбэртэй био бэлдмэлийг шинжилгээнд явуулахаар хураан авсан. Тэгээд л гэр рүү явуулсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 49-51 тал/ зэрэг бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй,  энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Н.Ц нь Америкийн Нэгдсэн улсаас шуудан илгээмж ашиглан Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай “AbsoluteXtracts” гэсэн бичиглэлтэй 2 ширхэг шилэн савалгаа бүхий тус бүрийн жин нь 1 грамм буюу 2 грамм жинтэй тосорхог шингэн төрлийн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах “Чингис хаан” олон улсын нисэх буудлаар буюу Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн үйл баримт тогтоогдож байна гэж үзлээ.

 

Монгол Улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон ба “сэтгэцэд нөлөөт бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтсан байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, улсын хилээр нэвтрүүлэх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

 

Шуудангийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1-д үйлчлүүлэгч буюу илгээгч  нь илгээж байгаа зүйлийнхээ талаар үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 4.1.3-д Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3.1.1, 3.1.4-т заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, түүний түүхий эдийг шуудангаар илгээхийг хориглоно” гэж заажээ.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно...” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.:.₮ гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

 

Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан гэмт хэрэг нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн”-ээр хэргийн бүрдэл хангагддаг. Өөрөөр хэлбэл барааг хүлээн авч, хил нэвтэрч ирлээ гэдгийг лавтай мэдсэн үеэс нь бараа хууль бусаар нэвтрүүлэх субъектив талын санаа, зорилго буюу тухайн гэмт хэргийн бүрдэл хангагдсан гэж үзнэ.

Шүүгдэгч Н.Цийн үйлдсэн “Хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн” гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, түүнчлэн Үндэсний аюулгүй байдлын эсрэг түүнд хохирол, хор уршиг учруулах нөхөн төлөх боломжгүй хор уршигтай болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Г.Ганбаатараас: “Авах гэж байгаа зүйлээ судалж сайн мэдээгүй учраас ийм хэрэгт холбогдсон байна” гэсэн дүгнэлт гаргасан нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримттай тохирсон үндэслэл бүхий дүгнэлт гаргасан гэж үзэв.

Иймд шүүгдэгч Н.Ц нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Ц нь “...Америкийн нэгдсэн улсаас манай найз холбогдож ярьсан бөгөөд миний нурууны өвчинд сайн гэж эм  явуулсан. Би явуулсан эмийг нь хууль бус мансууруулах бодис гэж мэдээгүй...” гэх, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан.“ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан гэмт хэргийн шинж байгаа эсэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3-т зааснаар санаатай гэмт хэрэг мөн эсэх, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.4 дүгээр зүйлд заасан зарчлийн хэрэг мөн эсэх” агуулга бүхий хүсэлтүүдийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авах боломжгүй гэж үзсэн.

Учир нь Зөрчлийн тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1-д “Монгол Улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөлтэй мансууруулах, тайвшруулах үйлчилгээтэй, сэтгэцэд нөлөөт эм, бодис, тэдгээрийн түүхий эдийг” мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөл, экспортлогч, импортлогч талууд байгуулсан гэрээнд заасан нэр төрөл, тоо, хэмжээнээс хэтрүүлсэн” бол зөрчлийн хэрэг үүсгэж шалган шийдвэрлэхээр хуульчилсан байна.

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-д “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч Н.Цийн үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хүсч үйлдсэн. Өөрөөр хэлбэл тухайн сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлснээр гэмт хэрэг төгссөн.

 

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол ” гэсэн обьектив шинжийг хангасан бөгөөд дээрхи шинжийг хүндрүүлэх нөхцөлтэйгээр улсын хилээр нэвтрүүлсэн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Ц.Сонинмөнхөөс: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” гэх ялын дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэлээс: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хуульд заасан хугацаанаас доогуур шийдэж өгнө үү” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Багахүүгээс: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Алтангадасаас: “Өмгөөлөгч нартай санал нэг байна. Өчигдөр үйлчлүүлэгчтэйгээ утсаар ярихад нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрсөн” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд гэмт хэргийн ангилалд хамаардаг, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгддэг онцлогтой.

Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийг цээрлүүлэх, ирээдүйн зөв амьдралд чиглүүлэхэд ач холбогдолтой, түүнтэй хамаарал бүхий хүмүүст анхаарал санамжийг бий болгох, буруу зуршил, үйлдлээс сэрэмжлүүлэх зорилготой.

Шүүх шүүгдэгч Н.Цт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн байдал гэм бруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдал зэргийг харгалзан өмгөөлөгч нарын хүсэлтүүдийг хүлээн авч шүүгдэгч Н.Цийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Шүүгдэгч Н.Цт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргахгүй байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирол, хор уршиг бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь: нийгмийн аюулын шинж чанарын хувьд хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, хүний төв мэдрэлийн системийн тогтолцоог дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямраах зэргээр хортой үр дагавартай үүсгэдгээр хүн амын эрүүл мэнд аюулгүй байдалд хохирол, хор уршиг учруулдаг.

Шүүгдэгч Н.Ц нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг үгүй гэсэн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 504 дугаартай дүгнэлтэд энэ талаар дурдаагүй байна. /1-р хх-ийн 59-61 тал/, шүүгдэгч Н.Ц нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Тагнуулын ерөнхий газрын мөрдөн шалгах газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа гэх “AbsoluteXtracts” гэсэн бичиглэлтэй тус бүр нь 1 грамм жинтэй 2 ширхэг шилэн савалгаатай /хагарсан/ бодис, “Raw garden” гэх бичиглэлтэй, цагаа өнгийн гаанс /цаасан хайрцагтай/ зэргийг прокурор, мэргэжилтнийг оролцуулан зохих журмын дагуу устгахдаа тэмдэглэл үйлдэж, эд мөрийн баримтыг устгасан талаарх тэмдэглэл, баримтыг тус шүүхэд ирүүлэхийг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газарт даалгаж,

Эрүүгийн 2202002650333 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүйг, шүүгдэгч Н.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н.Цийг мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Н.Цийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цт оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн 2234000000010 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Тагнуулын ерөнхий газрын мөрдөн шалгах газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа гэх “AbsoluteXtracts” гэсэн бичиглэлтэй тус бүр нь 1 грамм жинтэй 2 ширхэг шилэн савлагаатай /хагарсан/ бодис, “Raw garden” гэх бичиглэлтэй, цагаан өнгийн гаанс /цаасан хайрцагтай/ зэргийг прокурор, мэргэжилтнийг оролцуулан зохих журмын дагуу устгахдаа тэмдэглэл үйлдэж, эд мөрийн баримтыг устгасан талаарх тэмдэглэл, баримтыг тус шүүхэд ирүүлэхийг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газарт даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Ц энэ хэрэгт цагдан хоригдсон хоног, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Цт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ял эдлэх хугацааг 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

6.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

7.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

8.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Цт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ю.ЭНХМАА

 

                                       ШҮҮГЧИД                          Т.БАТЖАРГАЛ

 

                                                                        Ж.ДЭЛГЭРМӨРӨН