Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/24

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч Д.Дэлгэрсүрэн,

хохирогч М.Б,

шүүгдэгч А.Г, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.Год холбогдох эрүүгийн 2234000000572 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Ерөнхий цэргийн командын офицер мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн мото буудлагын баталионы захирагч, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт тоотод оршин суух хаягтай, улсаас энхийн төлөө медаль, Зэвсэгт хүчний 100 жилийн ойн медальтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, А.Г

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Г нь 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн байранд “хоногийн манаанд гарсангүй” гэх шалтгаанаар М.Быг заамдан, газарт шидэж, хохирогч М.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

             

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч А.Г нь: “2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр зарим хугацаат цэргийн албан хаагч нар халагдах гээд тэд нарын хувцасыг солиулж байхад ахлагч н.Энхманлай харуул хамгаалалтад гарч байгаа би буугаад эртхэн явмаар байна. Манай гэрт хоёр хүүхэд хоёулаа байгаа эхнэр өнөөдөр ажилдаа орсон эртхэн буугаад очимоор байна. Тэгтэл хүн нь ирэхгүй байна яах бэ? гэж сандарсан байдалтай ирэхээр нь дараагийн ээлжинд гарах нь хэн юм бэ? гэхэд Ахмад н.Оюунмандал гэх хүн гарна гэж хэлхэхэд яагаад ирэхгүй байгаа юм бэ? утас руу нь залгасан уу? гэхэд залгасан утсаа авахгүй байна гэсэн. Тэгвэл ахлах дэслэгч М.Б дараагийн ээлжинд дээр гарах ёстой байсан гэхээр нь ахлах дэслэгч М.Быг гаргачих гэж хэлсэн. За ойлголоо гээд цааш яваад хэдэн минутын дараа буцаж ирээд ахлах дэслэгч М.Б ээлжинд гарч чадахгүй гэж байна гэсэн. Тэгтэл яагаад чаддаггүй юм яасан юу болсон юм бэ гэсэн. Мэдэхгүй ээлжинд гарч чадахгүй гэж байна гэхээр нь дуудаад ир гэсэн. Ахлах дэслэгч М.Б би өнөөдөр жижүүр манаанд гарч чадахгүй гэж хэлсэн. Тэгээд би гарах юм уу та гарах ёстой. Өмнөх ээлжид хүн нь гарах боломжгүй байна гэсэн харилцаанаас болж маргаан үүссэн. Маргаан үүсэх явцад хүмүүсийн дэргэд М.Б чи нь дарга байх хамаагүй шүү бацаан минь гээд над руу нэг салаавч өгсөн. Тэгээд араас нь дуудаад учраа олох гэсэн намайг тоохгүй байхаар нь би араас нь очоод нэг түлхээд авсан. Тэр үйлдлийг холоос штабын дарга н.Мэндсайхан гэх хүн хараад юу болоод байна гэхээр нь М.Б жижүүрт гарахгүй гээд байна. Дараагийн гарах хүн байхгүй М.Быг гаргах гэсэн гарахгүй гээд байна гэсэн. Штабын даргад болсон явдлыг хэлэхдээ та хоёр явж учраа ол гэж хэлсэн. 1 рот байр луу явж байгаад замдаа бас маргаад заамдалцаад М.Быг тонгорч унагсан. Тонгорч унагсны дараа ёо гэхээр нь ямар балай юм бэ? ингээд гай болдог байхгүй юу? гээд М.Быг 1 ротын байр луу дагуулаад манайд нэг барьдаг цэрэг татагдаж ирсэн тэрийг дуудаад гарын бариулсан. Тэгтэл тэр цэрэг сайн мэдэхгүй байна гэхээр нь сувилагчийг дуудуулаад мөр нь мултарчихсан байна уу? үзээд өг гэж хэлэхэд, сувилагч мөр нь мултраагүй байна. Эмнэлэг явах шаардлагатай гэсэн. Тэгэхээр нь би ажлаа зохицуулаад дараагийн хүнийг нь харуулд гаргачхаад М.Бын араас очиж рентген зураг авхуулсан. Тэгтэл хотод очиж мөрний эмира зураг авхуулах шаардлагатай юм байна гээд нэрийн хуудас өгсөн. Тухайн утас руу залгаад үзүүлэхэд 300.000 төгрөг болно гээд замын унаа болон өвчин намдаах тариа хийсэн энэ тариа нь гарах юм бол өвдөнө гэхээр нь өвчин намдаах эм авч өгөөд нийт 350.000 төгрөг өгөөд очоод юу болсон талаараа яриарай гэсэн. Зураг авхуулчихлаа гэж ярьсан. Тухайн үед ийм асуудал болсон” гэв.

Хохирогч М.Б нь: “2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр харуул хоногийн манаан дээрээс болж маргалдсан асуудал болсон. Ямар ч байгууллагад захирагчийн тушаалаар харуул хоногийн манаан дээр гардаг. Миний өмнө нь ажиллаж байсан газарт хууль бусаар харуул хоногийн манаанд хүн томилсны үүднээс хугацаат цэргийн албан хаагч өнгөрсөн. Энэ талаар зурагтаар гарсан. Ийм шалтгаанаар хоёрдох анги руугаа шилжиж ирсэн. Шилжиж ирсэн тохиолдолд тухайн анги байгууллагатайгаа долоо хоног танилцдаг. А.Гын хэлж байгаа дараагийн хүн нь би байсан талаарх асуудал худлаа зүйл. Учир нь захирагчийн тушаалаар тав дахь өдөр цэргийн албан хаагчдын нэрс гарна. Нэг дэх өдөр цэргийн албан хаагчдын нэрс гарна гэсэн ойлголт байхгүй. Би тухайн шинэ ангид ямар зохион байгуулалтаар ямар ажиллагаа явагддаг талаар юу ч мэдэхгүй харанхуй хүн орж ирсэн. Тухайн асуудал бол харуул хоногийн манаан дээрээс болж маргалдсан. Тухайн үед захираагчийн ажил хүлээлцэх тушаал нь хүртэл гараагүй. Дөнгөж ангийнхаа байдалтай танилцаад явж байсан. Дөрөвдөх өдөр томилогдоно ирж тав дахь өдөр нь ангитайгаа танилцаад нэг дэх өдөр анги дээрээ иртэл ийм зүйл тохиолдсон. Энэ асуудлаар өргөдөл гаргахгүй 2023 он хүртэл явсан. Яагаад өргөдөл гаргаагүй бэ? гэхээр миний гарыг ийм айхтар гэмтээн гэж бодоогүй. Тэгтэл аймгийн сувилагч гар нь айхтар гэмтсэн байна. Та ажлын байран дээр гэмтсэн тохиолдолд цалингаа гүйцэд аваад явах боломжтой гэж хэлсэн. Би тэр талаар мэдээгүй. Тухайн үед би гэмтсэн байхад хэн ч намайг ангийн байрнаас гаргаж өгөөгүй. Шүүхийн байгууллагад ажилладаг таньдаг залуугаа машинтай дуудаж өөрөө энэ ангиас гараад эмнэлэг дээр ирсэн. Эмнэлэг дээр ирээд зураг авхуулсны дараа А.Г ирсэн. Монголын хаана сайн бариач эмч байна бүхий л газраар явсан. Эмнэлэгт үзүүлэхэд та 270 хүний дараа хагалгаанд орох юм байна гэж хэлсэн. 10 дугаар сард цэргийн эмнэлэгт хэвтэж байхад гэмтлийн ерөнхий эмч утсаар залгаж М.Б мөн үү таны хагалгааны хувиар болсон байна гэж хэлсэн. Гэмтлийн ерөнхий эмчтэй он гарснаас хойш нэг ч удаа уулзаж чадаагүй. Хувийн эмнэлгээр явсан. Цэргийн эмнэлэгт 2 удаа хэвтсэн. Би 3 хүүхэдтэй хөдөө ажиллаж байгаад хотод ирсэн хүн орон байрнаас эхлээд гараад явахдаа мөнгө, тухайн үед бодсон гэмтсэн эмнэлгээр явж байхад намайг ганц хүн байсан нь миний эхнэр байсан. 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өвчин намдах тариа 100.000 гаран төгрөгөөр авсныхаа дараа А.Гтой уулзахад чи надаас юу авах гээд байгаа юм надад ганц байгаа нь прүсс машин байна гэж хэлсэн. Намайг мөнгө салгах гэсэн бодолтой гэж доромжилсон. Одоо яаж байна гар нь ясан бэ? Гэх байдлаар эргэж тойрч явсан зүйл байхгүй. Тийм туслалцаа дэмжлэг үзүүлээгүй. Би өөрөө эмнэлгээр явж үзүүлсэн. Тухайн үед эмнэлэг ороход чи л ирээ юу гэдэг байдлаар ханддаг болсон. Сүүлд ажиллаа хийхгүй бол хэцүүдлээ гээд ажил дээрээ очтол цэргийн хүмүүс гараа хаяж явахаас эхлээд асуудал их байсан. Сугаа нь завсар салхи орж байх ёстой салхи оруулахгүй байсаар байж миний сугаа аймар үмхье үнэртэй болчихсон. Яагаад үмхье үнэртэй байгаа талаар эмч нар ямар нэгэн хариу хэлэх боломжгүй. Жил гаран барь гэсэн боловч ар гэр миний яаж байгаа билээ цалин хөлс, эм тариа гэх мэт авч байгаа цалингаа гүйцэт авч чадахгүй байгаа. Эмнэлэгт хагалгаанд орох гэсэн та шүүх эмнэлгийн дүгнэлтээ аваад ир гэсэн. Тухайн үед А.Год хэлсэн шүүх шинжилгээний эмнэлгийн дүгнэлттэй байж дараагийн асуудлууд шийдвэрлэгдэх боломжтой талаар хэлсэн. Хэвэр тухайн үед сайхан сэтгэлээр хандаад явж байсан бол өнөөдөр шүүхийн танхимд уулзаад байх шаардлага байхгүй. Хохирлын талаарх нотлох баримтаар бүрдүүлж чадаагүй. Увс аймагт очиж бариулж байсан. Бензиний баримтаа өгөх гэсэн боловч зарим баримт нь цаг хугацааны явцад цагаан цаас болоод харагдахаа болчихсон байсан. Хүнд харуулах юм бол худлаа зүйл аваад ирсэн байна гэхээр байсан учир харагдаж байгаа зүйлсээ хэрэгт хавсаргасан байгаа” гэв.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2234000000572 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүгдэгч А.Г нь 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн байранд “хоногийн манаанд гарсангүй” гэх шалтгаанаар М.Быг заамдан, газарт шидэж, хохирогч М.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч М.Бын “...2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр би Зэвсэгт хүчний 167 дугаар анги буюу Өмнөговь аймагт байрладаг цэргийн ангиас Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах 016-р ангид Мото буудлагын 1-р ротын ажиллагааны офицероор томилогдоод ажлын 3 дахь хоног дээр ажил очоод байж байтал 11 цагийн үед над дээр нэг ахлагч ирээд таныг бателеон захирагч, хошууч н.Ганболд дуудаж байна гэхээр нь би яваад очтол намайг харуулын хоногийн манаанд хууль бусаар амаар томилсон байсан. Тэгээд би тухайн томилгоонд гарч чадахгүй юм байна, би ядахдаа 7 хоног ажлын байртайгаа танилцаад болъё гэтэл н.Ганболд гэдэг хүн тэгээд би гарах юм уу пизда минь гэхээр нь би харуул хоногийн манаанд томилгооны манааны дагуу гарна, би гарахгүй гэж байгаа юм бол байхгүй гэж хэлээд эргэж хараад явтал намайг ангийн гаднах талбайд явдал дунд хойноос ирээд н.Ганболд намайг хавсарч унагаасан. Тэгээд миний эрээн хувцасны энгэрийн товч тасраад, намайг унагаагаад дээр гараад дараад хувцаснаас татаад хувцасны захаар боосон. Тэнд байсан н.Цогоо гэдэг сургагч ахлагч ирээд салгасан. Тэгээд н.Ганболд цаашаа эргээд штабын үүд рүү явсан Тэгээд тэнд байсан штабын офицерууд дээр очоод тэд нарт н.Болд харуул манаанд гарахгүй гээд байна гээд хэлчихсэн зогсож байсан. Тэгээд би очоод хоёулангийн дундын асуудал энэ хүмүүст хамаагүй гэж хэлээд түрүүлээд цэргийн байр руу алхаж байтал н.Ганболд араас ирээд цэргийн байрны гадаа хана руу намайг заамдаж аваад саваад нэг зүс мэдэхгүй залуу салгасан, цэргийн байр руу ороод явж байхад н.Ганболд өөр нэг цэрэгтээ гаднах хувцсаа бариулаад миний ардаас ирээд намайг заамдаад үүрээд шидсэн. Заамдаад шидүүлээд тухайн үед би хэсэг зуур ухаан алдсан байсан. Тэгээд тухайн шидүүлсэн газраа босоод иртэл миний зүүн талын гар хөдөлгөөнгүй өвчтэй болсон байсан. Тэгээд тэднээс бариа хийдэг цэрэгт бариулаад, сувилагч ирээд намайг үзээд та аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмнэлэгт үзүүлэх шаардлагатай юм байна гэж хэлэхээр нь Төв аймгийн эмнэлэгт ирж үзүүлээд эндээс ГССҮТ-рүү явж үзүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 6 тал/,

-Гэрч Л.Энхманлайгийн “...Би Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах 016 дугаар нэгтгэлд салааны ахлагч ажилтай. 2022 оны 07 дугаар сард наадмын дараа би жижүүрийн үүрэг гүйцэтгээд анги дотор хоносон. Маргааш өглөө нь 09 цаг 20 минутад жагсаад 10:00 гэхэд ээлж хүлээлцээд буучихдаг юм. Тухайн өдөр баталеоны жижүүрт гарах томилгоотой н.Ариунболд ахмад ирээгүй. Тэгэхээр нь би баталеон захирагч болох хошууч А.Год би буумаар байна дараагийн ээлжинд гарах хүн ирэхгүй байна гэхэд бателеон захирагч ажиллагааны офицер М.Быг гаргачих гэхээр нь би очоод М.Бод таныг өнөөдөр баталеон жижүүрт гар гэнээ гэж дамжуулж хэлсэн. Тэгтэл М.Б би гарахгүй гэсэн. Би буцаж очоод баталеон захирагч А.Год М.Б гарахгүй гэж байна гэхэд баталеон захирагч А.Г М.Быг дуудаад ир гэсэн. Тэгээд би М.Быг дуудаад иртэл М.Б, захирагч А.Г нар уулзаад жижүүртээ гаралдаа гэтэл М.Б би гарахгүй 2-3 хоногийн дараа гарья гэсэн. Тэгтэл А.Г тэгээд хаашаа юм би гарах юм уу гээд хоорондоо маргаж эхэлсэн. Тэгээд маргалдаад штабын дэд хурандаа н.Билэгсайхан руу явсан. А.Г, М.Б нар штабын даргатай уулзаад буцаад цэргийн байр луу ороод хоорондоо заамдалцаад барилцаад авсан байсан. Тэгээд ахмад н.Батмөнх бид хоёр салгах гээд очих хооронд захирагч А.Г М.Быг хамраад унагаасан. Тэгээд М.Б А.Гын дор орсон байж байсан. Ахмад н.Батмөнх бид хоёр очиход М.Б ёо ёо мөр эвгүй болчихлоо гэж байсан. Тэгээд бид хоёр М.Быг өргөж босгоод түшээд өрөө рүү оруулсан. Тэгээд бариач цэргийг дуудаад М.Быг бариулсан. М.Быг бариач цэргээр бариулчхаад Төв аймгийн төвөөс хүн дуудаад Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү хүргүүлсэн. Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү араас нь А.Г бид хоёр хамт очиход М.Б эмнэлэг дээр үзүүлж байсан. Тэгээд эмнэлгээ гарч ирэхэд нь би М.Быг Улаанбаатар хот руу авч яваад гэмтлийн эмнэлгийн хажуу талын хувийн эмнэлэгт үзүүлж зураг авхуулсан. Тухайн эмнэлэг дээр 350.000 төгрөгөөр өмр эгэмний имра зураг авхуулсан. Уг 350.000 төгрөгийг захирагч А.Г миний данс руу шилжүүлж би тооцоог хийсэн. Тэгээд үзүүлж дуусаад би М.Быг Улаанбаатар хот Баянхошуу гэх газар хүргэж өгөөд гэртээ харьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 тал/,

-Гэрч Ж.Батмөнхийн “...2022 оны 07 дугаар сарын сүүлээр батальон жижүүрт гарах Б.Ариунболд нь ирэхгүй жижүүрт гарах хүнгүй болоод би батальоны захирагч А.Год танилцуулахад батальон захирагч А.Г ротын ажиллагааны офицер М.Быг гарга гэж хэлсэн. Тэрний дагуу өглөө ээлжнээс бууж байсан ахлах ахлагч Л.Энхманлайгийн хамт М.Б дээр очиж ээлжинд гарах талаар хэлэхэд би гарч чадахгүй 2-3 хоногтоо ээлжинд гармааргүй байна гээд байсан. Тэгэхээр нь батальон захирагч А.Год М.Б жижүүрт гарч чадахгүй гэж байна гэхэд юу гэсэн үг юм бэ М.Быг жижүүрт гарга дуудаад ир гэхээр нь Л.Энхманлайгаар дуудуулсан М.Б батальон захирагч А.Гтой уулзаад би гарч чадахгүй гээд байсан. Тэгтэл батальон захирагч М.Быг дагуулаад 016 дугаар нэгтгэлийн дарга дэд хурандаа Э.Билэгсайханд очиж илтгэнэ гээд М.Бтой хамт явсан. М.Б, А.Г нар штабын даргатай очиж уулзчихаад буцаад хоорондоо маргалдаад батальоны бар руу ирж байсан. Би дотогшоо өөрийн өрөө рүү орчихоод М.Б, А.Г нарын араас 1-р ротын байр руу орсон. Тэгэхэд А.Г, М.Б нар хоорондоо заамдалцаад зогсож байсан. Тэгтэл М.Б ёоёо мөр эвгүй болчихлоо гээд сууж байсан. Тэгээд батальон захирагч А.Г өө яачихваа ямар балай юм бэ гээд М.Быг бид нар 1-р ротын захирагчийн өрөө рүү оруулаад А.Г бариач цэргийг дуудуулж байсан. Тэгээд би өрөө рүүгээ гараад явсан. Тэрнээс хойш би юу болсон талаар мэдэхгүй. Ямар ч байсан сураг сонсоход М.Б эмнэлэг рүү явсан гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 тал/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 622 дугаартай “...М.Бын зүүн талын 2, 3, 4, 5, 6 дугаар хавиргануудын багана нурууны хажуугийн шугамаар зөрөөгүй хоёролсон хугарал, зүүн далны бяцарч зөрсөн хугарал, булчингийн ширхгийн урагдал гэмтлүүд тогтоогдлоо. М.Бын биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, , цохигдох тухайлбал хязгаарлагдмал бус гадарга дээр унах гэх мэт үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн зүүн талын мөрний үений соронзон резонанст томографийн шинжилгээ, 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн цээжний хөндийн компьютер томографийн шинжилгээнүүдээр оногшлогдсон байна. М.Бын биед учирсэн дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөл хэсэх нь эмчилгээ эдгэрлээс хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 14-16 тал/,

-Шүүгдэгч А.Гын сэжигтнээр өгсөн “...Би 2022 оны 07 дугаар сарын дундуур М.Бод жижүүрт гар гэсэн үүрэг өгсөн чинь би гарахгүй гэсэн. Яагаад гарахгүй гэж байгаа юм бэ гэтэл би шилжиж ирсэн удаагүй байна дараагий нудаа гаръя гэхээр нь тэгээд хэн гарах юм бэ би гарах юм уу гэтэл би мэдэхгүй гэсэн. Тэр үед штабын дарга дэд хурандаа Э.Билэгсайхан штабын үүдэнд явж байхаар нь би очоод М.Б жижүүрт гарч чадахгүй гээд байна гэж илтгэсэн. Тэгтэл штабын дарга яагаад гарахгүй гэж байгаа юм та хоёр яагаад маргалдаад байгаа юм учраа ол яв цаашаа гээд явуулсан. Тэгээд М.Бод бид хоёр цаашаа үргэлжлүүлээд маргалдаад яагаад гарахгүй гээд байгаа юм бэ гэтэл намайг заамдаад авахаар нь би зөрүүлээд заамдаад авсан. Тэгээд цаашаа цэргийн байрны голд ороод би М.Быг тонгороод унагаасан. М.Б ёоёо мөр эвгүй болчихлоо гэхээр нь өө яачихваа гэд би н.Батмөнх ахмадын хамт өргөөд 1-р ротын захирагчийн өрөөны буйдан дээр суулгасан. Тэгээд араас нь би өөрөө очсон. Тухайн эмнэлэг дээр рентген авахуулаад мэс заслын эмчид үзүүлсэн. Тэгтэл тухайн эмч нь далсны яс нь цуурсан байна. Нэг сар гам барихад зүгээр болно гэж ярьж байсан. Тэгээд хот руу орж имра зураг авахуулна гэхээр нь ахлагч н.Энхманлайгийн хамт явуулаад би анги руу очлоо очоод хэдэн төгрөг болохнуу над руу яриарай гээд явуулсан. Тухайн үед өвдөөд байна гэхээр нь өвчин намдаах эм авч өгөөд явуулсан. Хот руу очоод М.Бтой хамт явсан ахлагч Э.Энманлай над руу утсаар яриад 350.000 төгрөгөөр мөрний имра үураг авхууллаа гэсэн. Тухайн үед М.Б хаан банкны дансгүй гэхээр нь би Э.Энхманлайгийн данс руу 350.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн өдөр ийм л зүйл болсон..” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/,

-Шүүгдэгч А.Гын яллагдагчаар өгсөн “...Би М.Бод учруулсан хохирлыг тодорхой хэмжээнд төлж барагдуулсан. Би анх 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хэрэг учрал болоход Э.Энхманлайгийн хамт М.Быг Улаанбаатар хот руу явуулаад араас нь Э.Энхманлайгийн дансаар М.Бод имра зураг авхуулах мөнгө гээд 350.000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш хэд хоногийн дараа өөр хувийн эмнэлэг хэвтэх гээд байна гэхээр нь М.Бын найз н.Энхтөр гэдэг хүний 5057356239 тоот дансаар 700.000 төгрөг шилжүүлж өгсөн. Мөн хоёр хоногийн дараа мөрний хязгаарлагч тогтоогч, эм тариа авна гэхээр нь М.Бын найз н.Энхтөрийн 5057356239 тоот дансаар 700.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд би М.Бод 1.750.000 төгрөг өгсөн байна... Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 тал/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч А.Г нь хохирогч М.Бтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч А.Гыг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

Учир нь шүүгдэгч А.Г нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүд, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг гэм буруутай гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч А.Г нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

           

Прокуророос шүүгдэгч А.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан...” гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч А.Гын холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч А.Г нь хохирогч М.Быг зодох сэдэлт, санаа зорилго төрж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодсон байна.

 

Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.

Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.

 

Энэ хэргийн тухайд шүүгдэгч А.Г нь хохирогч М.Быг заамдан, газарт шидсэний улмаас хүндэвтэр гэмтэл буюу хүндэвтэр хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг болж байна.

 

Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн зүүн талын 2, 3, 4, 5, 6 дугаар хавиргануудын багана нурууны хажуугийн шугамаар зөрөөгүй хоёролсон хугарал, зүүн далны бяцарч зөрсөн хугарал, булчингийн ширхгийн урагдал бүхий хүндэвтэр гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч А.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:  

            Улсын яллагч Д.Дэлгэрсүрэнгээс: “ шүүгдэгч А.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг санал болгож байна” гэх ялын дүгнэлтийг,

            Хохирогчийн өмгөөлөгч Д.Ганхуягаас: “... Миний үйлчлүүлэгч тохиолдлын чанартай анх удаа гэмт хэрэгт холбогдсон өмнө нь ял шийтгэлгүй байсан. Хохирогчийн хавтаст хэрэгт авагдсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Эдгээр байдлыг харгалзан үзэж эрх зүйн байдлыг дээрдүүлж торгуулийн ял оногдуулж, оногдуулсан ялыг хэсэгчлэн төлөхөө илэрхийлж байна. Цаашид хохирогчийн гарах эмчилгээний зардлын иргэний журмаар нэхэмжлэх тохиолдолд төлнө гэдгээ илэрхийлж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.

 

Шүүгдэгч А.Гын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “...дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” оногдуулах сонгомол санкцтай гэмт хэрэг байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан байх ба шүүгдэгч А.Г нь тохиолдлын шинжтэй хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөрдөн байцаалтын, прокурорын, шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаж мэтгэлцдэггүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн байдал, эмчилгээний зардлыг төлсөн байдал, нөхөн төлөхөө илэрхийлсэн, хувийн байдал зэргийг харгалзсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж тус тус заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч А.Год торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэж,  

 

Шүүгдэгч А.Год оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд буюу шүүхээс тогтоосон дээрх 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй байна

 

Шүүх шүүгдэгч А.Год эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, анхнаасаа буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж хүний эрүүл мэндэд шууд учирсан үр дагавар болох эмчилгээний зардлыг төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хохирол хор уршиг, бусад асуудлын талаар:

            Шүүгдэгч А.Гын гэм буруугийн санаатай үйлдлийн улмаас хохирогч М.Бын эрүүл мэндэд “зүүн талын 2, 3, 4, 5, 6 дугаар хавиргануудын багана нурууны хажуугийн шугамаар зөрөөгүй хоёролсон хугарал, зүүн далны бяцарч зөрсөн хугарал, булчингийн ширхгийн урагдал” бүхий хүндэвтэр хохирол учирчээ.

            Шүүгдэгч А.Гоос хохирогч М.Б нь мөрдөн байцаалтын шатан болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нийт 3.319.380 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас шүүгдэгч А.Г нь мөрдөн байцаалтын шатанд 1.700.000 төгрөгийг, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд үлдэх буюу 1.619.380 төгрөгийг нөхөн төлсөнг, хохирогч М.Б нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг,

            Эрүүгийн 2234000000436 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч А.Г нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч А.Гыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч А.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Год оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г нь хохирогч М.Бод 3.319.380 төгрөгийг төлсөнг, хохирогч М.Б нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

5. Эрүүгийн 2234000000572 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч А.Г нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ю.ЭНХМАА