Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/25

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзориг,

-Улсын яллагчаар Г.Ариунзул,

-Хохирогч Ц.Найманжин,

-Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Бд холбогдох эрүүгийн 2134004130521 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, 2 хүүхдийн хамт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Г.Б

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Гэгээ” төвд иргэн Ц.Найманжинтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

             

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Г.Б нь: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.

Хохирогч Ц.Найманжин нь: “Тухайн өдөр цай ирж уугаарай гэх урилгын дагуу явж очсон. Тээд очоод буцаад  явах гэсэн н.Нямсүрэн орой жоохон суучих гээд байхаар нь хамт суугаад согтууруулах ундаа жоохон хэрэглэсэн. Би тухайн үед хөл дээрээ зогсож чадахгүй согтсон байсан гэхдээ юу болж байгааг мэдэж байсан. Тэгээд байж байсан чинь нүүр лүү ирээд Г.Б цохисон, тэгэхээр нь би согтуудаа “чи яахаараа намайг ирж цохидог юм” гэсэн араас нь дагаад явсан чинь бас 2-3 удаа нүүр лүү цохисон. Өглөө босоход нүүр хөндүүр болоод аймар болсон  байсан. Ээж өглөө асуухаар нь Г.Б цохисон гэдгийг хэлсэн.         Намайг тухайн үед эмнэлгээр нэг явсан өөр зүйл байхгүй. Би тэрэнд нь гомдсон, миний нулимс гэнэт гардаг болсон. Хохирлын баримт надад байгаа гэхдээ өнөөдөр авч ирээгүй байна. Би энэ хүний мууг үзэх гээгүй, би гомдолгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Гэгээ” төвд иргэн Ц.Найманжинтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-Хохирогч Ц.Найманжингийн “...2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын төвд шинээр баригдсан гэгээ хүнсний дэлгүүрийн цайллаганд урилгаар 12 цагт очиж шинэ дэлгүүрийн нээлтэд оролцож улмаар 21 цаг хүртэл найрласан. Би нэлээн халамцуу нэг мэдсэн цайллаганы өрөөнөөс хоёр хүнээр сугадуулчихсан гарч байсан. Тэгсэн өөдөөс уг шинэ дэлгүүрийн эзэн С.Бямбасүрэнгийн найз гэх Г.Б шатаар бууж ирж байгаа харагдсан. Тэгээд л миний хамар нүүр рүү гараараа цохисон. Би янхан, гичий яахаараа намайг цохидог юм бэ гээд араас нь 2 давхар руу гарсан чинь дахиад миний нүүр рүү 2 удаа цохисон. Тэгээд би орилж чаралсан. Намайг гадаа шатан дээр орхиод хүмүүс тарж би нэг цаг орчим гадаа байж байгаад гэр рүүгээ явсан... Би нэлээн согтсон хүнээр түшүүлээд явж байсан. Би сайн мэдэхгүй байна, юу гэж хэлснээ, юунаас болсноо санахгүй байгаа. Яах аргагүй л намайг цохихоор нь янхан, гичий намайг чи цохидог хэн бэ гэж хашгирч байснаа санаад байгаа юм. Урьд өмнө ямар нэгэн асуудал бид хоёрын дунд байгаагүй. н.Лхагвасүрэн, н.Батцагаан хоёр намайг сугадаж явсан байсан. Тэр хоёр мэдэж байгаа. Би Г.Бг цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 тал/,

-Хохирогч Ц.Найманжингийн дахин өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Г.Бгийн хувийн машинтай намайг эмнэлэгт үзүүлэх зорилгоор явсан. Надтай Г.Б тэр өдөр уулзаад хоёулаа цагдаа, шүүх гээд яахав энүүгээрээ асуудлаа шийдүүлж салъя” гээд уулзаад хамт явсан. Эмнэлэгт үзүүлээд үзлэгийн төлбөрийг өгөөд маргааш өдрөөс нь эхлээд утсаа салгаад алга болсон... Дараа нь би утсаар залгаад эмчилгээний зардал, хохирол мөнгө гаргуулж авмаар байна. Хэрэв гаргаж өгөхгүй бол би цагдаа шүүхэд өргөдөл өглөө гэхэд “тэгээ шүүхдээ өг” гэж хэлсэн. Одоо хамгийн сүүлд 200.000 төгрөгийн эход харуулсан байгаа. Энэ мэт эмчилгээний мөнгө бусад зардлыг гаргуулан авмаар байна... Тэр үйл явдлаас хойш миний толгой тархи их өвдөж, зарим юмийг мартаж санадаг болсон. Миний нүднээс нулимс гараад толгойгоор их өвдөөд байгаа. Би дахин тархины зураг авахуулаад эмчилгээ хийлгэмээр байна. Тэр үйл явдлаас хойш олон удаа эмнэлэгт үзүүл эмчилгээ хийлгэсэн. Тэр бүх зардлаа гаргуулж авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал/,

-Гэрч С.Сайнсүрэнгийн “...Тэр орой 22 цагийн үед хүмүүс дайллага дуусч зарим хүмүүс нь яваад үлдсэн халамцуу хүмүүс нь явж өгөхгүй тэр дотор манай ээжийн ахынх нь хүүхэд болох Ц.Найманжин нэлээн согтчихсон. Тэгээд агсам согтуу тавиад л хүнтэй муудалцаад л байсан. Хүмүүсийг зоогийн газраас гаргачихаад дээд давхарт хүмүүстэй байж байтал гадаа үүдний хонгилд нэг хүн чанга чанга орилоод байхаар нь хартал Ц.Найманжин хажууд нь н.Батцагаан хорьчихсон н.Бадмаатай муудалцаад байж байсан. Тэгээд би очиж хоёр давхраас бууж харь гээд гаргасан. Тэгсэн намайг шатны уруу түлхэж би шатаар унасан. Тэгээд дуу дуулж өгсөн залуу намайг босгож нөгөө Ц.Найманжинг очоод чи тэр гадаа зогсож байгаа залуу чинь н.Бадмаагийн найз залуу чи тэр хүнтэй очиж уулз гэж хэлээд буулгасан. Энэ үед Ц.Найманжин н.Бадмаа авгай миний хамрыг цохичихлоо гээд байхаар нь нөхөр болох залуу нь зааж өгч явуулсан. н.Бадмаа нь энэ үед дээд давхарт нуугдсан байсан гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 тал/,

-Гэрч С.Нямсүрэнгийн “...Тэр орой 22 цагийн үед хүмүүс дайллага дуусч зарим хүмүүс нь яваад үлдсэн халамцуу хүмүүс нь явж өгөхгүй тэр дотор манай ээжийн ахынх нь хүүхэд болох Ц.Найманжин нэлээн согтчихсон, тэгээд надтай цуг суух гээд намайг хоргоогоод тэгээд татаж тавиулаад энэ үед найран дээр байсан хүмүүс болиулж н.Батцагаан аваад гарсан. Тэрнээс хойш би Ц.Найманжинтэй таараагүй. Маргааш нь би камерын бичлэг шүүж үзнэ гээд Ц.Найманжинг ирэхээр нь шүүж үзэхэд манай дээд давхрын камерт н.Бадмаа эгчтэй муудалцаад л байгаа бичлэг байсан. Манай найзын эхнэр н.Батнасан дээд давхарт хүүхдүүдтэйгээ унтах гэж байхад нь Ц.Найманжин согтуу орж бадмаа эгчтэй муудалцаж, н.Бадмаа эгч цохисон гэдгийг нь харсан юм билээ, өөр би юу ч мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 тал/,

-Гэрч Б.Лхагвасүрэнгийн “...Би тэр өдөр Гэгээ төвийн нээлтийн цайллаганд ороод орой 22 цагийн орчим Ц.Найманжин согтоод байхаар нь гэрт нь хүргэж өгөх санаатай авч гараад машинд суулгах гэсэн чинь суухгүй гээд байж байхад Г.Б цаанаас ирээд хэрүүл хийгээд эхэлсэн. Би дундуур нь ороод та хоёр битгий хэрүүл хийгээд бай боль гэж салгаад дотор гэрт нь хүргэж өгөх гэж байсан н.Норжин буюу ээжийгээ дотроос аваад гэрт хүргэж өгөөд гэртээ хариад амарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 тал/,

-Гэрч Д.Батнасангийн “...2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр нөхөрийн багийн найз С.Нямсүрэн болон түүний эгч С.Бямбасүрэн нарын урилгаар манай нөхөр Гэгээ нэртэй үйлчилгээний төвийн нээлтэд өглөө 10 цагт эхэлж түүний хөтлөгч болон дуу дуулж өгсөн юм. Би нөхөр хүүхдүүдтэйгээ ирсэн байсан бага насны хүүхэдтэй учир би ерөнхийдөө дээд давхарт нь хүүхдүүдээ хараад өнжсөн. Гэгээ төвийн цайллага нь өргөн болж орой 22 цаг өнгөрч байхад байх дээд давхарт хүүхдүүдээ унтуулж байтал гадаа үүдний хонгил хэсэгт нэг согтуу эрэгтэй хүн орилж чарлаад хүүхэд сэрээчих гээд байхаар нь болиулах санаатай гараад очсон. Тэгсэн нэг залуу нэлээн согтуу хажууд нь нэг нь хорьчихсон, тэгээд нэг эмэгтэй рүү дайраад байхаар нь би дундуур нь ороод болиулах гэж орсон. Тэгсэн нөгөө эмэгтэй рүү хэлэх хэлэхгүй үгээр дайраад доромжлоод байсан ба нөгөө эмэгтэйг салгаж холдуулах санаатай голоор нь ороод түлхэж байтал нөгөө согтуу залууг нөгөө хүүхэн чинь миний мөрөн дээгүүр гараараа нүүрэн тус газар нь хоёр удаа цохиод авсан. ТЬэгээд би нөгөө хүүхнийг холдуулж хоосон өрөөнд оруулсан. Тэгээд удалгүй н.Сайнаа эгч хэсэг хүмүүс ирж нөгөө согтуу залууг дээд давхраас гаргасан. Эргэж буцаад л янхан, гичий чи хаана байна, намайг цохидог хэн бэ чи, чамайг ална гээд л орилоод байсан. Гадаа хэсэг орилж байгаад явсан. Тэгээд чимээгүй болчихоор нь унтсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 тал/,

-Гэрч Л.Анхтуяагийн “...Тэр өдөр авга эгч, ах С.Бямбасүрэн, С.Нямсүрэн нарын шинээр Гэгээ нэртэй үйлчилгээний төв барьж тухайн өдөр нээлтийн арга хэмжээ болж олон хүн ирж цайллаганд орсон. Тэр үед би өглөөнөөс орой болтол үйлчлэгчээр ажилласан. Орой болж зарим хүмүүс нь тарж халамцуу голдуу хүмүүс нь үлдсэн. Би гал тогоонд байж байгаад хүмүүс н.Бадмаа эгч Ц.Найманжин ах хоёр хоорондоо маргалдсанаас нь хойш таарсан. Яах аргагүй Ц.Найманжин ах согтуу тэр хавиар агсам согтуу тавиад байхыг нь харсан. Тэрнээс Ц.Найманжин ахыг н.Бадмаа эгч цохиж байхыг бол би хараагүй сүүлд нь дээд давхарт ороход Ц.Найманжин ах л согтуу н.Бадмаа гичий намайг цохичихлоо гээд орилоод байж байхад хажууд нь н.Сайнаа эгч дуучин ахын эхнэр н.Батнасан эгч нар байсан. н.Бадмаа эгч байхгүй байсан. н.Сайнаа эгч дээд давхраас гарах гээд үлдсэн би ажлаа хийгээд дууссан байсан учир гараад машинаар гэртээ хүргүүлсэн. Миний мэдэх зүйл бол ердөө л энэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 тал/,

-Гэрч Ц.Мартын “...2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 10 цагийн орчимд ээж н.Зина, дүү Ц.Найманжин нарын хамт Гэгээ төвийн нээлтийн ажиллагаанд уригдан очсон. Би нээлтэд оролцчихоод ээжийн хамт 15-16 цагийн үед гэр рүү харьсан. Дүү Ц.Найманжин болон бид нарыг С.Нямсүрэн байж байгаад яв гэж хэлсэн. Тэгээд ээж бид хоёр гэр рүү яваад дүү Ц.Найманжин араас очъё гээд үлдсэн. Тэгээд дүү ирэхгүй байж байгаад маргааш өглөө нь ээжийн гэр рүү 09 цаг өнгөрч байхад ортол Ц.Найманжин ирчихсэн байсан. Тэгтэл Ц.Найманжингийн нүүр нь хөхөрчихсөн, хамраас нь их хэмжээгээр цус гарчихсан байсан. Уруул нь сэтэрсэн цус гарсан цус нь хатчихсан байсан. Тэгээд би гайхаад яасан юм аниагийн дүү гэтэл Ц.Найманжин надад н.Бадмаа авгайд зодуулчихлаа гэсэн. Тэгээд би гэр рүү ороод буцаж гарж ирээд хартал Г.Б ээжийн хашааны хаалганы гадаа жижиг тэрэгтэйгээ ирчихсэн байсан. Тэгээд би ээжийн гэр рүү ороход Г.Б манай дүүг аваад гэмтэл явна гээд гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36 тал/,

-Гэрч О.Зинагийн “...2022 оны 11 дүгээр сарын 12-ны өглөө 10 цагийн үед хүү Ц.Найманжин болон охидууд, хүүхдүүдтэйгээ Батсүмбэр суманд манай нөхөрийн дүүгийн хүүхэд том үйлчилгээний газар барьсан, түүн дээр уригдан очоод байж байгаад 16 цагийн үед тэндээс гарсан. Тэр үйлчилгээний төвд байгаа хүмүүс нь Ц.Найманжингийг жоохон байж байгаач гэсэн. Тэгээд манай хүү надад хандан энэ хүмүүс жоохон байж бай гээд байн, та харьж бай би араас чинь яваад очъё гэсэн, тэгээд шөнийн 02 цаг болж байхад ирдэггүй, тэгээд би санаа зовоод байж байтал манай хүү өглөө нь 08 цагийн үед ирсэн. Ирэхдээ хүн танихийн аргагүй, нүүр ам нь хөхөрсөн, уруул ам нь хавдсан орж ирсэн. Орж ирэхээр нь яагаад чи ийм болчихвоо гэж асуутал Ц.Найманжин надад хандан надыг н.Бадмаа авгай ийм болгочихлоо, ий ийм сайхан залуу насаа муусайн авгайчуудад зодуулж байх гэж дээ гэж хэлээд уйлсан. Тэгэхээр нь би намайг явья гэхэд явахгүй байж байгаад тэгчихлээ гэж ирсэн. Тэгэхээр нь би н.Бадмаа руу залгаад чи яагаад хүүхэд ийм болгочихдог юм бэ гэтэл би яваад очъё гэсэн. Тэгээд н.Бадамсүрэн манайд ирээд надад хандан ёстой уучлаарай эгчээ гэхээр нь би уучлаад байх юу байх вэ манай хүү архи уудаггүй, тамхи татдаггүй ийм сайхан залууг ингэж гэж гэтэл уучлаарай эгчээ би одоо эмнэлэг аваад явъя гээд Ц.Найманжинг аваад гараад явсан. Тэгээд тэр н.Бадамсүрэнгийн нөхөр болон н.Бадамсүрэн тэр хоёр манай хүүг аваад гэмтлийн эмнэлэг явсан. Тэгээд үзүүлчихээд манай хүү гэртээ хүрээд ирсэн. Гэртээ ирчихээд 300.000 төгрөгө гарлаа тэрийг н.Бадамсүрэн гаргасан гэсэн. Манай хүүгийн хамар цаашаа чихэгдээд орчихсон, доторх яс нь үүрсэн байсан гэсэн. Гэмтэл дээр очоод хамраа нааш татуулж гаргасан гэсэн. Тэрнээс хойш манай хүү эмнэлгээр зөндөө явсан, тархи толгой нь байнга өвдөөд даралт нь ихэсдэг болсон. Бид нар тэр өдрөөс хойш долоо хоног бүр Мандалийн эмнэлэгт ирж эмчилгээ хийлгэдэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 38 тал/,

-Гэрч С.Магияагийн “...Би Ц.Найманжин гэдэг хүнд 2022 оны 08 дугаар сарын 24-нд шөнө Ц.Найманжин гэдэг хүн эгч н.Мартийн хамт Батсүмбэр сумын ЭМТ-д эмнэлгийн тусламж авахаар ирсэн. Тухайн хүний биед үзлэг хийхэд өөрийнх нь хэлж байгаагаар зовиур нь цээж өвдөөд байна, амьсгалахад хэцүү байна, амьсгалахаар цээжээр хатгуулж өвдөөд байна, хэвтэж болохгүй байна, хэвтэхээр бөглөрчих гээд байгаа юм шиг санагдаад байна гэсэн өгүүлэлтэй орж ирсэн. Тэгээд би өвчин намдаах тариа хийсэн. Тэгээд тариагаа хийлгээд арай тайвширхаар нь явж хотод үзүүлсэн нь дээр юм байна гээд 13а маягт бичиж өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40 тал/,

-Шүүгдэгч Г.Бгийн “...Би тухайн өдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын төвд манай найз н.Бямбасүрэн шинээр дэлгүүр барьж нээлт хийгээд тухайн дэлгүүрийн цайны газарт найз нарыгаа дуудаж цайллага хийж байна гээд намайг дуудаад, тэгээд би ажилтай байж байгаад орой 20 цагийн орчимд очиход хүмүүс идэж уугаад байж байсан. Би ороод хоол цай идэж уугаад хүмүүстэй юм яриад сууж байсан. Тэгтэл Ц.Найманжин архи согтууруулах ундаа уусан согтуурхаад ширээ сандал эвдэх гээд хүмүүстэй муудалцаад байсан ба Ц.Найманжинг хүмүүс аваад гарсан. Тэгээд 23 цаг өнгөрч байхад би бие засах гээд гараад явж байхад Ц.Найманжин гадаа явж байснаа намайг хараад н.Бадмаа янхан авгай минь гээд хашгираад байсан. Тэгэхээр нь би хажууд нь очоод гараараа хацарт нь хоёр удаа алгадсан. Тэгээд би салаад цаашаа яваад орон гэсэн чинь араас Ц.Найманжин ирээд чи намайг цохиж зоддог хэн юм янхан авгай минь гээд над руу дайраад байсан. Тэгэхээр нь би мөн гараараа хацарт нь хоёр удаа алгадсан юм. Цаашаа яваад н.Лхагва таараад н.Лхагвагаар би н.Бямбасүрэнгийн гэрийн хоёр давхарт гаргуулаад тэгтэл араас мөн Ц.Найманжин н.Бадмаа янхан авгай минь хаана байна гээд орж ирээд хашгираад байсан. Би тэгээд н.Бямбасүрэнгийн гэрт хоносон юм. Тэгээд маргааш нь гэртээ хариад байж байхад Ц.Найманжин ээж н.Зийнаа гуа ирээд чи манай хүүхдийг зодож хамрыг нь хугалсан байна гэсэн. Тэгээд би тийм юм бол үзүүлье гээд Улаанбаатар хот руу Ц.Найманжинг дагуулан явж эмнэлэгт үзүүлсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 тал/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 472 дугаартай “...Ц.Найманжингийн биед хамар ясны хугарал, баруун, зүүн нүдний зовхи, баруун хацарт цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид хөдөлмөрийн чадварт тогтонги алталдат нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…гэх шинжээчийн дүгнэлт / хх-ийн 52-53 тал/,

-Шүүгдэгч Г.Бгийн яллагдагчаар өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр манай найз н.Бямбасүрэнгийн шинэ дэлгүүрийн нээлтийн цайллага болсон юм. Тэр өдөр би очихгүй байж байгаад 2021 оны 11 дүгээр сарын 12-ны орой 20-с 21 цагийн үед найр болж байгаа газарт буюу Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр багийн төвд байрлах Гэгээ дэлгүүр рүү очсон. очоод хоол унд идээд нэлээн суусан. Намайг оройтож ирлээ гээд архиар шахаад байсан. Тэгээд намайг ороод хоол идээд сууж байхад Ц.Найманжин нэлээн согтуу байсан. Хүмүүстэй маргаад муудалцаад байгаа харагдсан. Хэсэг хугацааны дараа би гарч бие засчаад орж явтал Ц.Найманжин миний араас өө н.Бадмаа янхан авгай явж байна гээд хашгираад байхаар нь би эргэж очоод чи юу гээд байгаа юм бэ гээд нүүр хэсэг рүү нь 2 удаа самардсан. Тэгэхдээ тухайн үед хамар нь хугараагүй гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 89-90 тал/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт

Г.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Гэгээ” төвд иргэн Ц.Найманжинтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.

 

Прокуророос шүүгдэгч Г.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч Г.Бгийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч Г.Б нь хохирогч Ц.Найманжинг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа цохиж, зодох сэдэлт, санаа зорилго төрж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодсон байна.

 

Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.

Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.

Энэ хэргийн тухайд шүүгдэгч Г.Б нь хохирогч Ц.Найманжинг цохисны улмаас хөнгөн гэмтэл буюу хөнгөн хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж, төгссөн гэмт хэрэг болж байна. Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн эрүүл мэндэд цээжинд шарх бүхий хөнгөн гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Мөн шүүгдэгч Г.Б нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд үйлдлээ, зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Г.Б нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

Иймд шүүгдэгч Г.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч Г.АриунзулШүүгдэгч Г.Б нь бусдын эрүүл мэндэд  хөнгөн хохирол санаатай учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлцийн үед шүүгдэгч, хохирогчийн өгсөн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар зорчих эрхийг хязгаарлах ялын саналыг гаргаж байна” гэх ялын дүгнэлтийг гаргасан байна.

 

Шүүгдэгч Г.Бг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Г.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Г.Бг Төв аймгийн Батсүмбэр сумаас өөр нутаг дэвсгэрт явахыг хориглох, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Г.Б нь Төв аймгийн Батсүмбэр сумаас бусад нутаг дэвсгэрт зорчихдоо “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасны дагуу хорих ялаар солихыг анхааруулж, шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харъяа дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Г.Бд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгахад урьд урьд ял шийтгэлгүй, анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт холбогдсон ба анхнаасаа буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсантай холбоотой хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон бөгөөд хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирол хор уршиг, бусад асуудлын талаар

Шүүх хэлэлцүүлгийн шатанд хохирогч Ц.Найманжин нь “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байх тул энэ тогтоолоор гаргуулах хохирол төлбөр байхгүй байна.

 

Эрүүгийн 2134004130521 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8., 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Г.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Г.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бг шүүхээс тогтоосон Төв аймгийн Батсүмбэр сумаас бусад нутаг дэвсгэрт явахыг, тодорхой газар очихыг, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчихгүй байхыг сануулсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д тус тус зааснаар шүүгдэгч Г.Бг Төв аймгийн Батсүмбэр сумаас бусад нутаг дэвсгэрт зорчихдоо “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэж , тодорхой газар очих хязгаарлалт тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих солихыг, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

 

6. Шүүгдэгч Г.Бгийн зорчих эрхийг хязгаарлах ялын шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

 

7. Эрүүгийн 2134004130521 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

9. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ю.ЭНХМАА