Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 136/ШШ2019/00047

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн анхан шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар: 

 

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, Даланжаргалан сум, 5 дугаар баг, 12 дугаар байрны 2-3 тоотод оршин суух, 30 настай, эрэгтэй, Элжгэн овогт Нямсүрэнгийн Болдбаатарын нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Дорноговь аймаг, Сайншанд сум, 3 дугаар баг, 10 дугаар хэсэг, 42 дугаар байрны 24 тоотод оршин суух, 34 настай, эмэгтэй, Задгайт овогт Нэргүйн Баттуулд холбогдох 

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй, 

-хүүхэд /Б.Элбэгбаяр, Б.Эрхбаяр/-ийн тэтгэлэг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Болдбаатар, хариуцагч Н.Баттуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золбоо нар оролцов. 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Болдбаатар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, нэхэмжлэлдээ: 

Н.Болдбаатар миний бие Н.Баттуултай 2008 онд гэр бүл болж 2009 онд том хүү Б.Элбэгбаяр, 2015 онд бага хүү Б.Эрхбаяр нар төрсөн. Н.Баттуул нь байнга намайг хардаж хэрүүл хийдэг байсан, үүнээс болж би ажлаасаа хүртэл гарсан. 2015 онд бага хүү Б.Эрхбаярыг төрснөөс хойш Н.Баттуул надаас тусдаа Сайншандад амьдрах болсон. Энэ хугацаанд намайг хүүхдүүдтэй минь уулзуулдаггүй, би хаалганы гаднаас хүүхдүүдтэйгээ харилцаад буцдаг байсан. Иймээс бид цаашид гэр бүл байх боломжгүй, гэрлэлт цуцлуулахаар бид харилцан тохиролцсон тул гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдтэйгээ уулзаж байх эрх олгож өгнө үү. 

хүү Б.Элбэгбаяр, Б.Эрхбаяр нарыг ээжийнх нь асрамжид үлдээх ба бидний хооронд эд хөрөнгийн маргаангүй байхгүй, хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг төлнө. Хүүхдүүдтэйгээ уулзаж байхыг хүсэж байна. Хүүхдүүдийнхээ тэтгэлэгийг 1 жилийн эцэст нь өгч баймаар байна. Өөр нэмж хэлэх зүйлгүй гэв. 

 

Хариуцагч Н.Баттуул нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Бид 2008 онд танилцаж, 2009 оны 6 дугаар сард нэг гэрт амьдарсан. 2009 оны 8 дугаар сарын 20-ны өдөр том хүү Б.Элбэгбаяр, 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр бага хүү Б.Эрхбаяр нар төрсөн. Н.Болдбаатар нь 2009 оны 10 дугаар сараас гэр бүлээс гадуур байнга харилцаа үүсгэж, хэрүүл зодоон хийж эхэлсэн. Хүү Элбэгбаярыг 2 сартай байхад гэр бүлээс гадуурх харилцаа нь ил тод болсон. М.Отгоо, Хандаа, Болороо гэх мэт олон бүсгүйтэй харилцаа тогтоож байсан. Бид 2015 оны 9 дүгээр сараас эхэлж тусдаа амьдарч эхэлсэн. 

Энэ хугацаанд 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хадам ээж маань өвдсөний улмаас эргэж очсон ба 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Болдбаатар нь болон хүү Элбэгбаярыг зодож заазуур шидэж, харанхуй шөнө гэрээсээ хөөсөн. Энэ өдрөөс хойш 2 хүү маань байнгын айдастай, хүн хаалга чанга тогших үед буйдангийн араар ордог болсон. Энэ хугацаанд Болдбаатар нь бид 3-тай утсаар яриагүй, ямар нэгэн туслалцаа үзүүлээгүй. 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хоёр хүүг минь тоглоомын талбай дээр тоглож байхад нь 1 удаа уулзаад бага хүү Эрхбаярт 20,000 төгрөг өгсөн байсан. Түүнээс хойш огт ирж уулзаагүй, гэрчилгээ авъя гэж огт залгаагүй. Иймээс би энэ хүнтэй цаашид хамт амьдрах боломж байхгүй. Гэрлэлт цуцлах талаар бид харилцан тохиролцсон, иймд 2 хүүдээ тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна гэжээ. 

 

Хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. 

Нэхэмжлэгч Н.Болдбаатар нь хариуцагч Н.Баттуулд холбогдуулж гэрлэлт цуцлуулах тухай, хариуцагчаас нэхэмжлэгч Н.Болдбаатарт холбогдуулан хүү Б.Элбэгбаяр, Б.Эрхбаяр нарт хүүхдийн тэтглэг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ. 

 

Нэхэмжлэгч Н.Болдбаатар, хариуцагч Н.Баттуул нар нь 2008 оны 8 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болсныг 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 11 дугаарт бүртгүүлж гэрлэлтээ баталгаажуулсан /хх-4/, 2008 оноос 2015 оны 9 дүгээр сар хүртэл хамтран амьдрах хугацаанд 2009 оны 8 дугаар сарын 20-ны өдөр том хүү Б.Элбэгбаяр /9 нас 5 сар 29 хоногтой/, 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр бага хүү Б.Эрхбаяр /3 нас 4 сар 21 хоногтой/ нар төрсөн болох нь төрсний гэрчилгээний нотариатчаар баталгаажуулсан хуулбар /хх-4, 5/, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, бусад бичгийн нотлох баримтаар,

- Мөн гэрлэгчид эвлэрүүлэн зуучлагчид 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хандсан боловч гэрлэгчид цаашид хамтран амьдрах боломжгүй, 2015 оны 9 дүгээр сараас тусдаа амьдарсан, цаашид өөр өөрсдийн гэр бүлтэй болохыг эрмэлзсэн, гэрлэлт цуцлах талаар харилцан тохиролцсон зэрэг нь зохигчийн тайлбар, мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Хүү Б.Элбэгбаяр, Б.Эрхбаяр нар нь эх Н.Баттуулын асрамжид хүмүүждэг ба гэрлэгчдийн хэн хэн нь гэрлэлт цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар гэрлэгчид харилцан тохиролцож, харин гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болон хүүхдийг эхийн асрамжид үлдээх талаар маргаангүй байна.

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр 14.1 дэх хэсэгт зааснаар эвлэрэхгүй боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4, 132.6-д зааснаар гэрлэлтийг цуцлав.

 

Хүү Б.Элбэгбаяр, Б.Эрхбаяр нарыг эцэг Н.Болдбаатартай хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд байнгын харилцаатай байлгах, уулзуулах, хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэх, адил үүрэг хүлээлгэх, өсөн бойжиход хувь нэмэр оруулах боломжоор хангаж байх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл гэрлэлт цуцлагдсан ч эцгээс хүүхэдтэй харилцах харилцаа, эрх үүрэг тэгш хэвээр үргэлжилдэг болно. 

Гэр бүлийн тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дуүгээр зүйлийн 40.1-д зааснаар Хүү Б.Элбэгбаяр, Б.Эрхбаяр нарт тэтгэлэг тогтоож, эцэг Н.Болдбаатараар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

 

Тэтгэлэгийн хэмжээ нь, Хүү Б.Элбэгбаяр, Б.Эрхбаяр нар нь Дорноговь аймгийн Сайншанд суманд оршин суудаг байх ба төвийн бүсийн хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээ 2019 оны 02 дугаар сарын байдал /187,100/-аар 50 хувь нь 93,550 төгрөг байна. 

 

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагад улсын тэмдэгтийн хураамжийн үнийн дүнг тодорхойлохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасны дагуу тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлд нэг жил /187,100/50%=93,550*12=1,122,600-650,000=472,600*2.4%=11,342 +20,150=31,492*2=62,984/-ийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон 62,984 төгрөг хариуцагчаас гаргуулж, улсын орлогод оруулахаар тогтов. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, мөн хуулийн 116, 118, мөн хуулийн 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Э овогт Н-ийн Б, З овогт Н-н Б нарын гэрлэлтийг цуцласугай.  

 

   2. Зохигч хүү Б.Э, Б.Э нарын асрамжийн талаар маргаагүй болохыг дурдаж, хүү Э овогт Б-ын Э, Э овогт Б-ын Э нарыг эх З овогт Н .Басрамжид үлдээсүгэй.

 

 3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т зааснаар хүү Э овогт Б-ын Э, Э овогт Б-ын Э нарт тэтгэлэг тогтоож, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2-т “11 нас хүртэлх насны хүүхдэд 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр...” зааснаар эцэг Э овогт Н-ийн Б-аар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Б-аас хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 62,984 төгрөг гаргуулж улсын орлого /Төрийн банк 100060000957/-д оруулж, 

- хариуцагч Н.Б-аас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Б-т олгосугай.  

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг болохыг, хариуцагч Н.Б-аас хүүхдүүдтэй эцэг Н.Б-ыг саадгүй уулзуулж байна гэсэн болохыг дурдсугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9., 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар тэтгэлэг тогтоосон болон гэрлэлт цуцласан тухай шийдвэрийн хувийг улсын бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Ц.Чинбаярт даалгасугай. 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал уг өдрөөс хойш 7-21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай. 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          В.АМАРТҮВШИН