Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 136/ШШ2019/00048/И

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн анхан шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, Сайншанд сум, 2 дугаар баг, Эрхчөлөөний гудамж, 11 дүгээр байрны 22 тоотод оршин суух, эмэгтэй, 24 настай, Боржигон овогт Батбаярын Жаргалсайханы нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Дорноговь аймаг, Сайншанд сум, 2 дугаар баг, Энхтайваны гудамж,  2-14 тоотод оршин суух, эрэгтэй, 23 настай, Бичээч овогт Агармөнхийн Мөнх-Эрдэнэд холбогдох 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Жаргалсайхан, хариуцагч А.Мөнх-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золбоо нар оролцов. 

                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Жаргалсайхан нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Б.Жаргалсайхан миний бие А.Мөнх-Эрдэнэтэй 2014 оноос хамтран амьдарч, 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын Тамгын газрын иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн 4401000076 дугаарт бүртгэгдэж гэр бүлээ батлуулсан. 

2015 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүү М.Мөнхжин төрсөн бөгөөд нөхөр А.Мөнх-Эрдэнэ нь 2015 оны хавраас гэр бүлээс гадуур өөр эмэгтэйтэй харилцаатай болж энэхүү байдлаас болоод хүүхэд бид хоёрт маш хүндрэлтэй, худал хуурмаг амьдрал, маш их маргаан үүсэж, бид цаашид хамтран амьдрах ямар ч боломжгүй болсон. 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж, эвлэрүүлэх ажиллагаа амжилтгүй болсон гэж үзээд дуусгавар болсон. 

А.Мөнх-Эрдэнэтэй цаашид амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцалж, хүү М.Мөнхжинг өөрийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч А.Мөнх-Эрдэнэ нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Гэрлэлт цулахыг бид харилцан тохиролцосон. Хүү М.Мөнхжинд хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг төлнө. Бидэнд эд хөрөнгийн маргаан байхгүй, иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанд гаргасан зохигчийн тайлбар болон хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судлаад                        

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Жаргалсайхан нь хариуцагч А.Мөнх-Эрдэнэд холбогдуулж гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Урьдчилан шийдвэрлэх журмаар буюу эвлэрүүлэх зуучлалд хандсан боловч эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа үр дүнд хүрээгүй дуусгавар болсон байна.

 

Нэхэмжлэгч Б.Жаргалсайхан, хариуцагч А.Мөнх-Эрдэнэ нар нь 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гэр болсныг 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 4401000076 дугаарт бүртгүүлж гэрлэлтээ баталгаажуулсан, хамтран амьдрах хугацаандаа 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүү М.Мөнхжин /3 нас 6 сар 15 хоногтой/ төрсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар болон төрсний гэрчилгээний нотариатчаар баталгаажуулсан хуулбар /хх-5, 6/, “Мишээлт Мана” өрхийн эрүүл мэндийн төвийн эмч Г.Будын тодорхойлолт /хх-3/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. 

Хүү М.Мөнхжин нь Дорноговь аймагт оршин суудаг, эх Б.Жаргалсайханы асрамжид хүмүүждэг ба Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 “... асуудлыг шүүх шийдвэрлэнэ.”-д зааснаар асрамж, мөн гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болон хүүхдийг эхийн асрамжид үлдээх талаар шаардлага гаргаагүй тул үр дагавар, хууль зүйн дүгнэлт хийхгүй. 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр 14.1 дэх хэсэгт зааснаар эвлэрэхгүй боломжгүй, гэрлэгчид гэрлэлт цуцлуулах талаар харилцан тохиролцсон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4, 132.6-д зааснаар гэрлэлтийг цуцлав.

 

Нэхэмжлэгч Б.Жаргалсайхан нь Иргэний хуулийн 17 дугаар зүйл 17.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар иргэний эрх зүйн зарим чадамжтай хүү М.Мөнхжингийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг төлөөлөх хууль ёсны төлөөлөгч /хх-6/, эхийн асрамжид хүмүүждэг байх ба Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.,  мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т зааснаар хүү М.Мөнхжинг төлөөлөн хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна. 

Хүү М.Мөнхжинтэй эцэг А.Мөнх-Эрдэнийг хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд байнгын харилцаатай байлгах, уулзуулах, хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэх, адил үүрэг хүлээлгэх, өсөн бойжиход хувь нэмэр оруулах боломжоор хангаж байх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл эцгээс хүүхэдтэй харилцах харилцаа, эрх үүрэг тэгш хэвээр үргэлжилдэг болно.  

Гэр бүлийн тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, мөн хуулийн 40 дуүгээр зүйлийн 40.1-д зааснаар хүү М.Мөнхжинд тэтгэлэг тогтоож, эцэг А.Мөнх-Эрдэнээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

 Тэтгэлэгийн хэлбэр, хугацааг гэрлэгчид тохиролцоогүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1., 41.2-д зааснаар мөнгөн хэлбэрээр, сар бүр тэтээж тэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Тэтгэлэгийн хэмжээ нь, хүү М.Мөнхжин нь Дорноговь аймгийн Сайншанд суманд оршин суудаг байх ба төвийн бүсийн хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээ 2019 оны 02 дугаар сарын байдал /187,100/-аар 50 хувь нь 93,550 төгрөг байна. 

 

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагад улсын тэмдэгтийн хураамжийн үнийн дүнг тодорхойлохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасны дагуу тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлд нэг жил /187,100/50%=93,550*12=1,122,600-650,000=472,600*2.4%=11,342 +20,150=31,492/-ийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон 31,492 төгрөг хариуцагчаас гаргуулж улсын орлогод  

нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Мөнх-Эрдэнээс 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох, улсын орлогод оруулахаар тус тус тогтов. 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, мөн хуулийн 116, 118 зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Б овогт Б.Ж, Б овогт А.М нарын гэрлэлтийг цуцласугай.   

 

 2. Зохигч хүү М.М-ийн асрамжийн талаар маргаагүй болохыг дурдаж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар хүү Б овогт М.М-г эх Б овогт Б.Ж-йин асрамжид үлдээсүгэй. 

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т зааснаар хүү Б овогт М.М-д тэтгэлэг тогтоож, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2-т зааснаар “11 нас хүртэлх насны хүүхдэд 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр...” сар бүр эцэг Б овогт А.М-ээр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 31,492 төгрөг гаргуулж улсын орлого /Төрийн банк 100060000957/-д оруулж, 

-мөн 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Ж-нд олгосугай.   

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг болохыг дурдсугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9., 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар тэтгэлэг тогтоосон болон гэрлэлт цуцласан тухай шийдвэрийн хувийг улсын бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Ц.Чинбаярт даалгасугай. 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал уг өдрөөс хойш 7-21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай. 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар Зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

   

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          В.АМАРТҮВШИН