Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 184/ШШ2019/01431

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 184/ШШ2019/01431

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

   Сонгинохайрхан дүүргийн  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,

 

Нэхэмжлэгч: ....  дүүргийн .... дугаар хороо, дүүрэг ..... гудамж ....  тоотод оршин суух М овогт Лийн Л.Н /регистрийн дугаар / нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: .... дүүргийн .... дүгээр хороо, .... гудамж .... тоотод  оршин суух Б овогт Лийн Л.Бд  /регистрийн дугаар ...../  холбогдох  “4900,000 төгрөг” гаргуулах  тухай иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Н, хариуцагч Л.Б, өмгөөлөгч А.Ганбат, хөндлөнгийн гэрч Ц.Ганцэцэг, Ө.Одбаатар, нарийн бичгийн даргад М. Оюу-Эрдэнэ  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Л.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа... Л овогтой Л.Бээс солонгосын  виз гаргаж өгнө гэж худлаа хэлж авсан 3,000,000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү. Л.Н миний бие Л.Бийн төрсөн ах болох Л.Атэй уулзахад  өөрийн дүүгээ солонгосын виз гаргадаг хүнийг сайн таньж мэддэг, би хүртэл мэддэг. Анх миний дүү камер суурилуулж байгаад танилцсан. Түүнээс хойш өчнөөн олон жил холбоотой байгаа бараг хуурай ах дүү гэж хэлсэн.Тэгээд  би 2018 оны 12 сарын 07-ны өдөр Л.Бийн төрсөн ах болох Л.Атэй уулзах гэж хүлээж байгаад  7 цагийн үед би Алтансүхтэй уулзаж баахан ярилцсаныхаа дараа, янз бүрийн юм болох юм бол би чамайг таньдагаараа чамтай, дүүтэй чинь хариуцлага тооцьё, чи дансаа өгчих үү гэсэн чинь тэгвэл манай дүүгийн данс руу шилжүүлчих гэсэн болохоор би 2018 оны 12 сарын 07-ны орой дүү Л.Бийн Хаан банкны 500560239 дансанд 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Солонгосын виз 7 хоногийн хугацаатай ажлын 5 өдөрт гаргаж өгнө гэсэн болзолтойгоор шилжүүлсэн.Түүнээс хойш амралтын өдөр 12.08, 09-ны өдөр Л.Бийн ахтай утсаар ярьсан, визний материалаа цаашаа өгсөн үү яасан бэ гээд асуухад, Сэлэнгэ явсан байгаа, цаад хүндээ хэлсэн гэсэн, Солонгосын элчингийн архивын газарт ажилладаг цаад хүндээ хэлсэн болохоор виз чинь гардаг шугамаараа гарчихна, тэр хүн нь архивын хэлтэст нь ажилладаг болохоор виз дардаг хүн нь биш гэж хэлсэн. Тэгэхээр нь аан за гэж хэлсэн. Тэгээд 2018.12.10-ны  өглөө ирсэн болов уу гээд сурагласан, гэтэл ирээгүй байсан. Утас нь холбогдохгүй байгаа, дүү ямар ч гэсэн инстграммаар найзууд, асууж сураглаж байгаа гэсэн, хэд хоногоос шийдэгдэх байх гэж хэлсэн. Тэгэхээр нь би 2018.12.11-ний өдөр өглөө ах Алтансүх рүү нь ярихад, Сүнжин гранд дээр виз мэдүүлгийн газарт 1 хүний виз нь гарсан байгаа, очиж авах гээд явж байна гэж хэлсэн. Гарсан үгүйг нь яаж мэдэж байгаа юм бэ, үнэн юм уу гэсэн чинь. Дүү кодоор нь ороод шалгачихсан гэсэн гэж хэлсэн. Ингээд үдээс хойш болоод орой болтол чимээгүй байгаад би Л.Бийн утсыг ах Алтансүхээс нь аваад залгаж ярьсан. Тэгсэн чинь цаад хүний чинь утас нь холбогдохгүй байна гэж хэлсэн ш дээ, юу болсон юм болоо гэсэн чинь, угаасаа тэр хүн чинь гаргахгүй ш дээ, цаад хүнд нь хэлчихсэн байгаа, санаа зоволтгүй бүтнэ гэдгийг Л.Б хэлсэн.Тэр өдөртөө 2018.12.11-ний орой 8 цагийн үед Л.Бийн ах Алтансүх хулхидууллаа, нөгөө хүн нь алга болсон, хилээр гараад явсан юм шиг байна гэдэг мэссэж над руу явуулсан. Ингээд би Л.Бийн оффис дээр нь очиж уулзсан. Өдөр чи 1, 2 цагийн үед чамтай ярьж байхад ямар ч санаа зовох юмгүй, цаад хүндээ хэлсэн байгаа, тэр өөрөө виз гаргадаг хүн нь биш, архивт нь байдаг хүн, цаад хүмүүстэй хэлсэн байгаа гэж хэлсэн мөртлөө яагаад 6-7 цагийн хооронд ийм юм болчихож байгаа юм бэ гэж хэлэхэд, өөрөө  тэгж худлаа ярингуутаа надад гар өргөдөл бичиж өгсөн. Гар өргөдөлдөө 10 хоногийн хугацаатай бил үү миний төлбөрийг барагдуулж өгнө, барагдуулахгүй бол автомашинаа барьцаанд өгнө гэж гар өргөдөл бичиж өгсөн байгаа. Түүнээс хойш 5-6 сар өнгөрсөн байна. Анх 12.07, 08-нд визээ гаргуулна гээд мөнгө өгсний дараа урьд нь бас өчнөөн хүмүүсийн виз гарч байсан гэж ярьж байсан мөртлөө хамгийн сүүлд цагдаагийн газарт хүрч ирсэн чинь, ямар ч хүний виз гараагүй, бүр надаас өмнө 4-5 сарын өмнө материалаа өгсөн хүмүүсийн виз гараагүй байхад над руу худлаа ярьсан байсан. Энэ мэтчилэн худлаа ярьж хохирлыг минь барагдуулахгүй явж байна. Иймээс 3000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв. 

 

Хариуцагч Л.Б шүүхэд  болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2019 оны 03 сарын 14-ний өдөр Л.Н гэгч нь тус шүүхэд надаас визний төлбөр болох 3,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ. 2018.12.07-нд Л.Н 3 сая, Үүрийнтуяагийн 7 сая төгрөг миний данс руу орж ирсэн, Л.Нээс шилжүүлсэн мөнгийг 2018 оны 12 сарын 08-нд түүний найз О.Үүрийнтуяагаас шилжүүлсэн 2,000,000 төгрөгийн хамт “ Лхагва Л.Н  3 сарын виз” гэсэн гүйлгээний утгатайгаар Б.Батмөнхийн эзэмшлийн 5990341763 тоот Хаан банкны дансанд  5 сая, 5 саяаар нь хуваагаад овог нэр, регистрийн дугаартай нь хамт хийсэн байгаа.Нотлох баримтаа өгсөн байгаа. Л.Нийн надад гаргасан өргөдөл гомдлын дагуу Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч дэслэгч Э.Доржбат дээр шалгагдсан. Л.Нийн нэхэмжлэлд хавсаргасан бичиг нь 2018 оны 12 сарын 12-нд намайг дээрх хүмүүст залилуулсан тухай анх мэдээд өөрийн туслахыг хүссэн ах, дүү нартаа хэлж, тэдэнтэй уулзаж сэтгэл санаа цочирдсон байх үед орой нь миний ажил дээр ирж над руу дайрч айлгаж сүрдүүлж уг бичгийг хийлгэж авсан. Миний бие ч гэсэн дээрх хүмүүст залилуулсан ба Б.Батмөнхөд өгсөн мөнгийг гаргуулахаар энд шүүхэд нэхэмжлэл гаргахад Төв аймгийн шүүхэд шилжүүлсэн. Иймд Л.Нээс шилжүүлсэн мөнгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.   Дээрх мөнгийг би хувьдаа авч завшаагүй болно. Нэхэмжлэгч Л.Нийн хэлж байгаагаар би өөрөө виз гаргадаг хүн биш. Виз гаргасан гэх энэ асуудлыг Тэгшжаргал гээд байгаа алга болсон, виз гаргаж өгнө гэж хэлсэн, виз гаргаж өгдөг Тэгшжаргал гэж хүн байдаг. 5 сарын өмнө гэж яриад байгаа тэр хүнд виз гаргуулна гэж бүртгүүлсэн хүмүүсийн  виз виз бүгдээрээ гарчихсан шүү, визээ ирж аваарай гээд 2018.11.28-ны өдөр хэлж байсан. Бүх хүмүүсийн виз гарчихсан, та нар бичиг баримтаа 12 сарын 14, 15, 16-ны өдрүүдэд очиж аваарай гэж байсан. Тэгэхээр нь виз нь гарчихсан юм байна гэж би ойлгоод, ойрын хүрээний хүмүүстээ хэлж байсан. Манай ах ч гэсэн өөрийнхийгөө гарчихсан байна гэдгийг хүмүүст хэлсэн чинь, найзуудаас нь сонсож ирээд энэ хүн би бас мэдүүлье гэж ирж байсан. Нэгэнт бид нарын виз гарчихсан, паспортоо бид нар гар дээрээ аваагүй, виз гарсан гэдгийг бол сонссон, цаад хүнтэйгээ Тэгшжаргалтай яриад шийдвэрээ гаргаарай гээд манай ах Алтансүх Л.Нт Тэгшжаргалын 9494 гээд мобикомын дугаарыг өгсөн байгаа.Тэр утас руу нь Л.Н найзтайгаа залгаж яриад өөрсдөө шийдвэр гаргаад, виз гаргуулахаар болоод миний дансанд хийсэн. Мөнгөө уг нь бүртгэлийн ажилтан гээд байгаа Батмөнх гэх хүний дансанд хийж болох байсан, би тэр дансыг нь бас өгсөн, бид нар энэ данс руу мөнгөө хийж визээ мэдүүлсэн, бид нар буюу Алтансүх, би, миний найз 10-аад хүн  визээ мэдүүлэхдээ Батмөнхийн данс руу барьцааны төлбөрийг хийсэн. Та 2 ч гэсэн визээ мэдүүлэхээр бол энэ данс руу хийж болно шүү гээд мэссэжээр өсгөн байгаа. Гэтэл үгүй заавал Алтансүх юм уу, чиний данс руу хийнэ гээд тухайн үед ахаас данс аваад хийсэн мөнгийг Батмөнх рүү шилжүүлсэн. Би энэ хүнийг залилчихна гэж огт бодоогүй, Дансны хуулгыг хэрэгт нотлох баримтаар өгсөн. Визнийхээ мэдүүлгээ 8-нд нь одоо материалууд нь өгөгдөнө гэж хэлснийх нь дагуу материалууд нь 8-нд манай ажлын урьд талын автомашины зогсоол дээрээс машинтайгаа ирээд аваад явсан байгаа. Ингээд хагас, бүтэн сайнд би Сэлэнгэ явчихаад ирнэ, 1 дэх өдрөөс та нарын визний материалуудыг аваад ирнэ, гаргаж өгнө гээд, 1 дэхэд 1 хүний материал Сүнжингээс тараагдаж байгаа тэр дээр би очно гээд хэлснийх нь дагуу би 1 дэх өдөр Сүжин дээр очих ёстой юм байна гэж бодсон. Ингээд 1 дэхь өдөр нь буюу 10-нд нь утас руу нь залгасан боловч утас нь холбогдохгүй байсан, холбогдохгүй болохоор нь Сэлэнгэ рүү ажлаар явна гэж байсан болохоор ирж амжаагүй байгаа юм байна гэж бодоод 1 өдөр би утас руу нь байн байн залгасан ч аваагүй, утсаа авахгүй болохоор нь маргааш нь би, урьд нь архивын дарга нь гэсэн дугаар надад өгч байсан дугаар луу нь залгаад асуусан чинь Тэгшжаргалыг хайгаад бөөн юм болж байна,энд бүх виз мэдүүлсэн хүмүүс нь цуглаад байж байна гээд 12 сарын 12-ны өглөө ярихаар нь би тухайн үед сандраад хамгийн ойр байрлах цагдаагийн газар луу өргөдөл бичээд хандсан, би залилуулчихлаа гээд хэлсэн. Гэтэл энийг цагдаагийн газраас ч гэсэн шалгаж байгаа гэсэн. Тухайн үед манай ажилтай ойр байсан болохоор тээврийн цагдаагийн газарт би хандсан байсан, харьяалал биш хэрэг байна гээд миний өргөдлийг хүлээн авахаас татгалзаад би Баянгол дүүргийн 1-р хэлтэст хандсан байгаа. Тэр гар бичмэл, эргэж төлнө гэсэн гээд байгаа, тэрийг бол 12 сарын 12-ний өглөө нь би тэр хүн нь байхгүй болсон, залилуулсан гээд маш их цочиролд орсон байсан, орой нь Л.Н, найз Үүрийнтуяатайгаа манай ажил дээр ирээд над руу маш ихээр дайрсан. Би мөнгөө авмаар байна, болохгүй бол би танай гэрт чинь очино гээд байсан, яг энэ асуудал, ийм зүйл бодоод би маш их шоконд орсон, мөн дээр нь манай гэрт аав маань даралт харавчихсан байдаг, одоо ч гэсэн байдаг, тухайн үед гэрт маань аавын маань бие муу байхад энэ 2 хүн очоод хүнд байдал үүсгээд байсан учраас би айж сандарсан.Гэхдээ энийг би өөрийн хүслээрээ бичээгүй, намайг маш их айлгаж, сүрдүүлж байсан учраас айж, цочирдсондоо болоод бичиж өгсөн. Мөнгийг би хувьдаа авч завшаагүй тул 3,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй гэв.

 

            Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

                                                                                                                                                               

Нэхэмжлэгч Л.Н нь хариуцагч Л.Бд холбогдуулан “Үндэслэлгүй хөрөнгөжсөн 3000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

          Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.   

          Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд: нэхэмжлэгч Л.Н нь хариуцагч Л.Бийг  БНСУлс руу виз гаргадаг талаар төрсөн ах  Л.Аээс нь мэдэж, виз гаргуулахаар  Алтансүхтэй тохирч,  дүү Л.Бийнхээ дансыг өгсний дагуу 2018 оны 12 сарын 07-нд  түүний  ХААН  банкны 500560239 данс руу  3000,000 төгрөгийг шилжүүүлсэн болох нь тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч   хариуцагчаас БНСУ-ын виз гаргаж өгнө гэж худал хэлж авсан 3000,000 төгрөгөө гаргуулна гэж шаардаж байгаа,

хариуцагч Л.Б нь эс зөвшөөрч  дээрх мөнгийг би хувьдаа авч завшаагүй, би өөрөө виз гаргадаг хүн биш, 2018.12.07-нд Л.Н 3 сая, Үүрийнтуяагийн 7 сая төгрөг миний дансруу орж ирсэн,Л.Нээс шилжүүлсэн мөнгийг, түүний найз О.Үүрийнтуяагаас шилжүүлсэн 2,000,000 төгрөгийн хамт “ Лхагва Л.Н  3 сарын виз” гэсэн гүйлгээний утгатайгаар 2018 оны 12 сарын 08-нд Б.Батмөнхийн эзэмшлийн 5990341763 тоот ХААН банкны дансанд 5 сая, 5 саяаар нь хуваагаад овог нэр, регистрийн дугаартай нь хамт хийсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж  маргажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаар бол  хариуцагч Л.Б нь нэхэмжлэгч Л.Нээс шилжүүлсэн 3000,000 төгрөг, түүний найз Үүрийнтуяагийн шилжүүлсэн 7000,000 төгрөгийг  өөрийн 5005602039 тоот данснаас  2018 оны 12 сарын 08-нд   Б.Батмөнх гэгчийн  эзэмшлийн 5990341763 тоот ХААН банкны данс руу “Лхагва Л.Н 3 сарын виз, Онолбаатар Үүрийнтуяа 3 сарын виз” гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлэг хийжээ/ хх11/ 

 

Түүнчлэн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу “Naara Naara”,  “Altansukh Agaa” гэсэн фэйсбүүк хаягт  2018 оны 12 сарын 11-нээс 12 –ны хооронд харилцсан  талаар үзлэг хийхэд нэхэмжлэгч Л.Н нь Алтансүх гэгчтэй визний тухай харилцаж байсан ба хариуцагч нь Алтансүхийг өөрийн ах биш талаар мөн нэхэмжлэгч нь  Алтансүхээс  Л.Бийн дансыг авч түүн рүү  3000,000 төгрөг шилжүүлсэн талаар тайлбарладаг.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагч Л.Бийн ах Алтансүхтэй тохиролцон дүү Л.Бийн дансыг авч, 3000,000 төгрөгийг шилжүүлсэн ба зохигчийн хооронд Солонгосын виз гаргаж өгөх  талаар ярилцаж, харилцан тохиролцоогүй боловч хариуцагч нь нэхэмжлэгчийн шилжүүлсэн 3000,000 төгрөгийг өөрөө ашиглаагүй, цааш нь дамжуулан 2018 оны 12 сарын 08-нд   Б.Батмөнх гэгчийн  эзэмшлийн 5990341763 тоот ХААН банкны данс руу “Лхагва Л.Н 3 сарын виз” гэсэн утгатайгаар шилжүүлсэн болох нь нотлогдсон, нэхэмжлэгч Л.Н  нь өөрийн татгалзал,тайлбараа хуульд зааснаар нотолж чадаагүй гэж шүүх үзэв.

 

           Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн  492.1.1-д ”хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” бол хөрөнгөө буцаан шаардах талаар заасан.

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд хариуцагч Л.Б нэхэмжлэгчийн шилжүүлсэн 3000,000 төгрөгийг өөрөө авч ашиглаагүй байх тул  хуульд зааснаар  түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхээргүй байгаа талаар  шүүх дүгнэв.

 

Иймээс нэхэмжлэгч Л.Н нь хариуцагч Л.Бээс 3000,000 төгрөгийг шаардах эрхгүй байх тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.      

Хариуцагч талаас хэрэгт нотлох баримтаар диски өгсөн атлаа тус дискинд үзлэг хийлгэх хүсэлт гаргаагүй болохыг дурдав.

Хэрэгт Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын 2019 оны 01 сарын 01-ны  өдрийн 642 тоот тогтоол авагдсан ба тус “ Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоолоор...180506372 дугаартай хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж дуусган... хэрэг бүртгэлийн хэргийг хаах санал гаргаж, прокурорт  ирүүлснийг...2018.12.07-ны өдөр Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Гранд Плаза төвд иргэн О.Үүрийнтуяа, Л.Наранччимэг нар нь Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргуулахаар Л.Бийн Хаан банк дах 5005581017 тоот дансанд 10 сая төгрөг шилжүүлж залилуулсан гэх хэргийг хянавал залилах гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байх ба хохирогч О.Үүрийнтуяа, Л.Н нар нь гомдол саналгүй тул хэргийг хааж өгнө үү гэх хүсэлт бичгээр гаргасан байх тул гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэх нь зүйтэй...гэж 180506372 дугаар бүхий хэргийг хаасан болохыг дурдах нь зүйтэй. /хх39/

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлсэн ба  эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримт болох прокурорын 642  тоот тогтоол нь  хэргийг шалгах явцад цугларсан бичмэл нотлох баримт байгаа бөгөөд нэхэмжлэгчээс ирүүлсэн хэргийн 5-р талд авагдсан баримт нь хуулийн шаардлага хангаагүй тул шүүх үнэлээгүй болно.    

Нэхэмжлэгч  Л.Н нь Б.Батмөнхөд холбогдуулан тухайн асуудлаар шаардлага гаргахад энэ шийдвэр саад болохгүй байна.

 

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57дугаар зүйлийн 57.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар  нэхэмжлэгч Л.Нийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118,119 дүгээр зүйлийн  119.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон  

                                                          

                                ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Нийн нэхэмжлэлтэй хариуцагч Л.Бд холбогдох “ Үндэслэлгүй хөрөнгөжсөн 3000,000 төгрөг” гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Нийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигчид нь шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4,119.7 дах хэсэгт зааснаар 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                                                Х.ОЮУНЖАРГАЛ