| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2023/0029/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/32 |
| Огноо | 2023-01-17 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Энхбат |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 2023/ШЦТ/32
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,
-улсын яллагчаар Г.Энхбат,
-шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Н.Баяр нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Тт холбогдох эрүүгийн 2234007180534 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1980 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 1, оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1-д зааснаар 150.000 төгрөгөөр торгох,
-Сум дундын 23 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон,
-Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
-Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 309 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
-Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 207 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай Б.Т
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Тнь Төв аймгийн Зуунмод сумын Энхтайван 6 дугаар багийн нутагт 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.Цтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үснээс нь зулгаан газар чирж, хөлөөрөө дэвсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Б.Т нь мэдүүлэхдээ: “2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн өглөө Д.Цтэй хамт Нийгмийн даатгал орсон. Д.Цтэй урагшаа ажил руу нь хүргээд өг гэхээр нь ажил дээр нь хүргэж өгсөн. Ажил руу явах замдаа 2 лааз пиво аваад ажил руугаа орсон. Би 5 дугаар хороо ороод аавынхаа гэрт очоод багаж авчихад дуудлагаар хүний машин задлаад байж байтал Д.Цэцэгээ цайны цагаар согтуу залгасан. Би ажилтай байна ажлаа хийж дуусаад залгая гээд тасалсан. Дахин орой 5 цаг өнгөрөөд нар руу залгаад намайг ирээд аваадах би гэртээ харимаар байна гэхээр нь би очиж автал тэнд байсан хүмүүс бүгд согтуу байсан. Тэгтэл Энхтайван явъя жаахан ууя өнөөдөр н.Мөнөө эгчийн төрсөн өдөр гээд ууж байтал хоорондоо хэрэлдсэн” гэв.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн 2234007180534 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Д.Тнь Төв аймгийн Зуунмод сумын Энхтайван 6 дугаар багийн нутагт 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.Цтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үснээс нь зулгаан газар чирж, хөлөөрөө дэвсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай үйл баримт нь дараах:
-Хохирогч Д.Цгийн “...2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр өглөөнөөс орой 18 цаг хүртэл ажил дээрээ ажлаа хийж байгаад тараад эмч н.Мөнхбатын хамтаар Б.Тийг дуудаад Энхтайваны хойд талын уул буюу энхтайваны хамгийн хойд талын хашааны ар талд хүргүүлээд ажлын газрын н.Базарсад, н.Оюунгэрэл, н.Алтансүх эхнэрийн хамтаар сантехникч н.Батгэрэл нарын хамтаар байж байсан юм. Тухайн үед Б.Т ирэхдээ эрүүл ирсэн бөгөөд ууцгааж байснаа надаас мөнгө нэхээд байхаар нь би мөнгө байхгүй, чиний өгсөн мөнгийг үрчихсэн гэж хэлсэн чинь мөнгөө өг гичий минь гэж хэлээд намайг үснээс зулгаагаад чирээд газар унагаасан. Тэгээд би доош хараад ойчсон чинь намайг хөлөөрөө дэвссэн байгаа. Тэгээд н.Батгэрэл нь салгаж аваад явсан юм..., ...надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Одоо над дээр ирэхгүй тэр чигтээ салах юм бол гомдолгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 тал/,
-Гэрч Д.Батгэрэлийн “...Тухайн өдрийн орой 17 цагийн орчим байсан байх ажил дээрээ байж байхад арьс харшлын өрөө рүү ороход н.Мөнхбат эмч, сувилагч н.Цэцгээ бас хоёр хүний хамтаар нийт 4-үүлээ сууж байсан бөгөөд нэг шил архи уугаад сууж байсан. Тухайн үед н.Мөнхбаяр эмчийн төрсөн өдөр байсан юм. Тэгэд надад нэг хундагалаад өгөхлөөр нь тэрийг нь уучихаад би гарсан юм. Тэрнээс гараад 20-30 минут болоод би ажил дээрээсээ гарсан чинь халдвартын тасгийн урд талд н.Мөнхбаяр, н.Цэцгээ нөгөө хамт байсан хүмүүс нь гадаа байсан бөгөөд н.Алтансүх эхнэрийн хамтаар байсан. Тэгээд н.Цэцгээ Б.Тийг дуудчихсан гээд байж байсан. Тэгээд намайг хамт явах уу гэхээр нь би зөвшөөрөөд би н.Алтансүхийн машинд суугаад н.Алтансүх эхнэртэйгээ, харин Б.Т, н.Цэцгээ, н.Мөнхбаяр эмч гурав хамт явсан. Тэгээд энхтайван ороод хамгийн хойд талын гудмын ард очоод Б.Т машинаас гараад зогсож байсан. Тэгтэл н.Цэцгээ буугаад Б.Тийн ар нуруу руу нь цохисон. Тэгсэн чинь Б.Т эргэж хараад хэрэлдээд барьж аваад доороо хийгээд үстсэн. Тэгсэн чинь н.Мөнхбаяр эмч хүрч ирээд салгасан. Тэгээд л шууд би Б.Тийг машинтай нь аваад хөдлөөд такси бариад дивизийн байран дээр би очиж буугаад Б.Т гэр рүүгээ явлаа гээд явсан. Энхтайванд бол архи дарс уугаагүй..., ...Б.Тийн машиныг н.Алтансүхийн машин дагаад явж байгаад зэрэг шахуу зогссон. Тэгээд би буугаад хартал Б.Т машинаасаа бууж байсан. Араас нь н.Цэцгээ бууж ирээд Б.Тийн нуруу руу нь гараараа нэг удаа цохисон. Тэгтэл Б.Т эргэж хараад хулгайч минь мөнгө өгөөдөх гэж хэлээд н.Цэцгээг үстэж аваад доороо хийгээд дээр нь гараад өвдөглөөд чи муу мөнгө өгөөдөх надаас 100.000 төгрөг авсан гэж хэлсэн байсан. Тэгээд л н.Мөнхбаяр ирээд салгачихсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/,
-Гэрч Г.Мөнхбатын “...Тухайн өдөр би ээлжийн амралтаа авчхаад ажилдаа орсон байсан үе бөгөөд тухайн үед манай танилууд төрсөн өдрийг чинь нөхөж тэмдэглэж өгнө гээд Алтан ураг орж хоол цай идчихээд бас жоохон уусан. Тэгээд ажил дээр ирээд н.Цэцгээг дуудсан. Тэгтэл н.Цэцгээ ажилтай амжихгүй байна гээд байсан. Тэгээд бид нар дахин нэг шил архи уухаар болоод н.Алтансүхийн машинтай явах гэсэн чинь багтахгүй байхаар нь н.Цэцгээ Б.Тийг дуудаад хоёр машинтай энхтайван явсан. Тэгээд очоод байж байтал гэнэт н.Цэцгээ, Б.Т хоёр маргалдаад эхэлсэн. Миний хувьд тухайн үед жоохон согтчихсон орж гараад байсан юм. Тэгээд гэнэт ухаан ороод харсан чинь н.Цэцгээг Б.Т нь заамдаад авчихсан цохиж унагасан. Тэгээд би очоод салгасан юм. Тэгээд Б.Т нь зугтаагаад явчихсан. Тэгээд бид нар үлдээд архи уусан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/,
-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 533 дугаартай “...Д.Цгийн биед баруун 5-р хавирга, хамар ясны хугарал, хамар, баруун хацар, доод уруул, дээд уруулын дотор салс, эрүү, нуруу, баруун бугалга, тохой, зүүн бугалга, гуянд цус хуралт, зүүн шуунд зулгаралт, баруун зулайн хуйх, дух, дээд, доод уруулд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 тал/,
-Шүүгдэгч Б.Тийн яллагдагчаар өгсөн “...Миний хувьд Д.Ц гэдэг хүнтэй 2007 онд танилцаад улмаар гэр бүлийн холбоотой болсон юм. Үүнээс хойш Төв аймгийн Зуунмод сумын Энхтайван 6 дугаар баг 13-22 тоотод амьдардаг байсан юм. Бид хоёр дундаасаа хүүхэдгүй. Албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй. Тэгээд 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Зүүндэлгэрт хүний машин янзлахаар болоод би өөрөө машинаа бариад Зүүндэлгэрт орж хүний машин янзалчихаад би өмнө нь эмнэлэгт засварчнаар ажиллаж байгаад гэнэт халагдсан байсан учир гэнэт халагдсаны тэтгэмж хөөцөлдсөн байсан учир нийгмийн даатгалын газарт очиж материалаа эхнэр Д.Цгийн хамтаар өгчихөөд гараад явж байсан чинь манай эхнэр н.Мөөнөө эмч өчигдөр архи уучихсан шартаад байна гээд байна гэхээр нь дэлгүүр орж хоёр лаазтай нийслэл нэртэй пиво аваад эмнэлгийн гадаа эхнэрийг пивотой нь хамт хүргэж өгөөд Зүүндэлгэр рүү нөгөө хүний машиныг гүйцээж засахаар явсан юм. Өдөр 15 цагийн орчим байсан эхнэр Д.Ц утсаар яриад юу хийж байна гэхээр нь хүний машин засаж байна гэж хэлээд юм ярьсан чинь хэл ам нь ээдэрчихсэн согтчихсон байсан. Тэгээд би чи юм уучихсан юм уучихсан юм уу гэсэн чинь би угаагүй гээд байсан. Тэрнээс хойш байж байгаад дахиад залгахаар нь авсан чинь нэлээд согтуу байсан. Тэгээд би утсаа тасалчихаад хүний машиныг янзлаад байж байгаад орой 18 цаг болж байхад над руу залгаад чи яваад ир хөгшөөн хөгшин нь харих гэсэн юм чи яваад ирэх үү, гэхээр нь эмнэлгийн гадаа яваад очиход н.Мөөнөө эмч, н.Алтансүх эхнэртэйгээ, н.Базраа зэрэг хүмүүс эмнэлгээс гарч бүгдээрээ согтуу гарч ирээд хөдлөхөөр болоод би машинаа бариад манай машинд эхнэр Д.Ц, н.Мөөнөө эмч бид гурав яваад энхтайван ороод хамгийн хойд талын гудманд ард ороод зогсоосон тэгээд тэндээ эд нар архи ууна гээд бас намайг архи уу гэхээр нь би машин барьж байгаа би уухгүй гэсэн. Тэгээд тэд нар архи ууж байгаад хоорондоо маргалдаад байсан бас намайг н.Мөөнөө эмч чи миний сувилагчийг дарамталж байдаг юм нусан чавх минь гэсэн. Тэгээд би н.Мөөнөө эмчээ би тантай юм ярихгүй гэсэн чинь н.Алтансүх хажуугаас намайг заамдаж аваад бид хоёр барилцаж аваад салцгаасан. Тэгээд н.Батгэрэл ах бид хоёр хөдлөөд яваад өгсөн. Тэгээд энхтайван ороод машинаа тавьчихаад замт дэлгүүр ороод тэндээсээ такси бариад н.Батгэрэл ах дивизэд буугаад би аавынд энхтайван очиж хоносон маргааш өглөө нь цагдаа орж ирээд чи эхнэрээ зодсон байна тэр хүний чинь нуруу хугарсан байна. Тэгтэл Д.Ц машинаа бариад манай гадаа ирсэн бөгөөд тэр үед манай аав за нөгөө нуруу нь хугархай эрхийн үнэмлэхгүй хүн машинаа бариад явдаг юм уу гэж хэлж байсан. Тэрнээс биш цохиж зодсон зүйл бол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 тал/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Д.Тнь Төв аймгийн Зуунмод сумын Энхтайван 6 дугаар багийн нутагт 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.Цтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үснээс нь зулгаан газар чирж, хөлөөрөө дэвсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.
Шүүгдэгч Б.Т нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.
Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Б.Т нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.
Прокуророос шүүгдэгч Б.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн...” гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.
Мөн түүнчлэн шүүгдэгчийн, гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Д.Цгийн эрүүл мэндийн эсрэг хүч хэрэглэсэн үйлдэл гаргаж байгаа нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5.1.1."гэр бүлийн хүчирхийлэл" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан /3.1.Энэ хуулийн үйлчлэлд дараахь этгээд хамаарна: 3.1.1.эхнэр…хамтран амьдрагч.../ этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг гэж заасанд хамаарч байна.
Иймд шүүгдэгч Б.Тийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.Цгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Г.Энхбатаас: “Шүүгдэгч Б.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх .” ялын дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баяраас: “...Шүүгдэгч нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. . Хуульд заасан ялын саналыг харж байхад торгуулийн ял оногдуулах саналтай байна. Учир нь торгуулийн ял торгуулаа төлөөгүй бол цааш нь хүндэрч хорих ял болох боломжтой. Албадан ажил гэдэг бол ажил хийлгэсэн зүйл байхгүй хий дэмий эргэлддэг. Тиймээс улсыгаа бодсон ч шүүгдэгчийг бодсон ч цаад хэрэг гарсан үр дагаврыг бодод үзэхэд торгуулийн ял оногдуулж өгнө үү...” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүгдэгч Б.Тийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Б.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Б.Тийг Төв аймгийн Зуунмод сумаас өөр нутаг дэвсгэрт явахыг хориглох, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Т нь Төв аймгийн Зуунмод сумаас бусад нутаг дэвсгэрт зорчихдоо “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасны дагуу хорих ялаар солихыг анхааруулж, шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харъяа дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс торгуулийн ял оногдуулах дүгнэлт гаргасанг шүүх хүлээн авах боломжгүй. Учир нь шүүгдэгч Б.Т нь энэ төрлийн гэмт хэргийг удаа дараа үйлдэж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл болох торгох ялаар, нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан энэ тал дээр дүгнэлт хийлгүй дахин энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж байгаа нь эрхэлсэн тодорхой ажилгүй, ажил хийх гэж байгаа гэх боловч хаана ямар газар ажиллах талаархи баримт хэрэг авагдаагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж зааснаар мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлж шүүгдэгч Б.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.Т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруу дээрээ маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Б.Тийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Цгийн биед “баруун 5-р хавирга, хамар ясны хугарал, хамар, баруун хацар, доод уруул, дээд уруулын дотор салс, эрүү, нуруу, баруун бугалга, тохой, зүүн бугалга, гуянд цус хуралт, зүүн шуунд зулгаралт, баруун зулайн хуйх, дух, дээд, доод уруулд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан байна.
Шүүх хуралдааны товыг хохирогч Д.Цд мэдэгдэхэд “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байх тул энэ тогтоолоор гаргуулах хохирол, төлбөргүй байна.
Бусад асуудлын талаар
Эрүүгийн 2234007180534 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Т нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Шүүгдэгч Б.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тийг шүүхээс тогтоосон Төв аймгийн Зуунмод сумаас бусад нутаг дэвсгэрт явахыг, тодорхой газар очихыг, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчихгүй байхыг сануулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Тийг Төв аймгийн Зуунмод сумаас бусад нутаг дэвсгэрт зорчихдоо “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэж , тодорхой газар очих хязгаарлалт тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Т нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих солихыг, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
6. Шүүгдэгч Б.Тийн зорчих эрхийг хязгаарлах ялын шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.
7. Эрүүгийн 2234007180534 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийг төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Өнө-Эрдэнэд даалгасугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА