| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 128/2024/0247/З |
| Дугаар | 221/МА2025/0064 |
| Огноо | 2025-01-23 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2025/0064
“В” СӨХ-ны нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2024/08*** дугаар шийдвэрийг нэхэмжлэгч “В” СӨХ-ны өмгөөлөгч П.Цын давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдааны даргалагч Н.Долгорсүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү
Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “В” СӨХ
Хариуцагч Хан********** дарга
Гуравдагч этгээд “В” СӨХ
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ц
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О /цахим/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал
Хэргийн индекс: 128/2024/0***/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 805 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 37 дугаар зүйлийн 37.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтыг тус тус баримтлан “В” СӨХ-оос Хан***д холбогдуулан гаргасан ““В” СӨХ-ны хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлэхгүй орхисон Хан***гын хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, үйл ажиллагаагаа хугацаагүйгээр явуулах эрхийг болон гэрчилгээ сунгахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ц дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:
2.1. “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34-р зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” 107 дугаар зүйлийн 107.4-д “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж зааснаас харвал шүүхийн шийдвэр, үндэслэлд хийсэн дүгнэлт нь хэргийн оролцогчдод ойлгомжтой, ил тод байх зарчмыг хангасан байхыг шаардсан хэм хэмжээ бөгөөд хэрэв энэ зарчмыг хангаж чадахааргүй байдлаар шийдвэр бичигдсэн байвал мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэх шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болно.
2.2. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д “холбоог зохион байгуулах хурлын шийдвэрийг үндэслэн сум, дүүргийн Засаг даргын тамгын газар холбоог бүртгэх”, 18.1.3-д “холбооны үйл ажиллагааг дэмжих” гэж зааснаас үзвэл дүүргийн Засаг дарга нь сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдсаныг зөвхөн бүртгэх, бүртгэгдсэн холбооны үйл ажиллагааг дэмжин ажиллах үүрэгтэй болохоос түүний үйл ажиллагаа явуулах эрхийг хугацаагаар хязгаарлах, нэгэнт байгуулагдсан сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааг зогсоох, үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлах эрхгүй. Анхан шатны шүүх 2018 онд байгуулагдсан, үйл ажиллагаа явуулах эрх нь өмнө нээгдсэн байгаа нөхцөл байдалд дүгнэлт өгөхгүйгээр дүүргийн Засаг даргын сууц өмчлөгчдийн холбоодтой холбоотой эрх үүрэгт үнэлэлт өгөхгүйгээр “... өргөдлийг шийдвэрлэхгүй орхигдуулсан буюу эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн дүүрэн харьцуулж, үнэлж чадаагүй, хэргийн нэг талыг илэрхий барьсан буюу оролцогчдын эрхийг тэгш хангаж чадаагүй гэж үзэж байна.
2.3. Барилга байгууламжийг ашиглах зориулалтаар нь ялгаж, ангилсны нэг нь “Орон сууц” ба Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль, Орон сууцны тухай хууль, Орон сууц хувьчлах тухай хуульд зааснаар “Орон сууц” гэдэг нь хүн амьдрах, аж төрөх зориулалттай цогцолбор, байшин, сууцыг тодорхойлсон бөгөөд энэ зориулалтаар өмчилж, ашиглаж байгаа этгээдийг СӨХ-ны гишүүн байхаар, нэг СӨХ байгуулж болохоор заасан байхад сууцны бус зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч нарыг хуулийн энэ ялгаа заагийг ойлгохгүйгээр сууц өмчлөгч нартай нэг СӨХ-нд харьяалагдах агуулгатай дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь өмчилж буй хөрөнгийн ялгаатай зориулалтаар тус тусдаа үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарласан, аж ахуйгаа чөлөөтэй эрхлэн явуулах, эвлэлдэн нэгдэх эрхийг хязгаарласан илэрхий хууль бус шийдвэр болсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу үнэлснээс хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хуулийг буруу хэрэглэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
2. “В” СӨХ-оос Хан****д холбогдуулан “В” СӨХ-ны хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлэхгүй орхисон Хан****гын хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, үйл ажиллагаагаа хугацаагүйгээр явуулах эрх болон гэрчилгээ сунгахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
2.1. Гэвч хэрэгт Хан-Уул дүүргийн Тамгын газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 09/2** дүгээр албан бичгээр “... Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5.1, Иргэний хуулийн 143.1-д зааснаар нийтийн зориулалттай орон сууцанд нэг холбоотой байна гэж заасан, иргэдийн санаачилгаар байгуулагдсан “Вива сити” СӨХ үйл ажиллагаа явуулж байна. Иймд танай байгууллагаас өгсөн хүсэлтийг хүлээн авч бүртгэх, сунгах боломжгүй болно” гэж нэхэмжлэгчийн “хугацаа сунгуулах” хүсэлтийг бүрэн шийдвэрлэж татгалзсан хариу өгсөн, нэхэмжлэгч уг албан бичигээр өгсөн хариуг эс зөвшөөрч маргасан байх бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн зүйлийг “эс үйлдэхүй” гэж үзэхгүй, “захиргааны акт” гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй байх тул энэ хүрээнд тус шүүх уг актыг дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулав.
3. Анхан шатны шүүх “... Вива сити хотхоны байрнууд нь ... тухайн орон сууцны сууц өмчлөгч иргэн, аж ахуйн нэгжүүд тус тусдаа дундын өмчлөлийн эд хөрөнгийг өмчлөх эрхийг хэрэгжүүлэх боломжгүй, ... тухайн барилгад дэд бүтэц, шугам сүлжээний эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд аль давхарт ямар зориулалтаар орон сууцыг ашиглаж байгаагаас үл хамааран сууц өмчлөгч иргэн, аж ахуйн нэгжийн хувьд орон сууцыг ашиглах боломжгүй нөхцөл байдал үүсэж, ашиглалтын хэвийн байдал алдагдах үр дагавар үүсэх тул хариуцагчийн сунгалт хийж, гэрчилгээ шинэчлэн гаргуулах хүсэлтийг хангахаас татгалзсан шийдвэр нь бодит нөхцөлд тохирсон шийдвэр гэж үзэхээр байна” гэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
4. “Вива сити” хорооллын байрнууд нь анхнаасаа 1 дүгээр давхрын зориулалт нь үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахаар, 2-оос дээш давхарт хүн амьдран суух орон сууцны зориулалтаар баригдсан, нэхэмжлэгч СӨХ-ны гишүүд 1 дахврын өмчлөгч нар буюу үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг, харин 2-оос дээш давхарт оршин суугч иргэд “амьдран суудаг” сууц өмчлөгч нар байна
5. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн /цаашид Хуулийн гэх/ 1.1-д “Энэ хуулийн зорилт нь сууц өмчлөгчдийн холбооны зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлох, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалт, хамгаалалттай холбоотой харилцааг зохицуулахад оршино.” гэж, 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “"нийтийн зориулалттай орон сууцны байшин" гэж Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан барилгыг;” 4.1.2-т “"сууц өмчлөгч" гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь сууцыг захиран зарцуулах эрх бүхий этгээдийг;” ойлгохоор тус тус заасан.
6. Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1/ "нийтийн зориулалттай орон сууцны байшин" гэж бүхэлдээ буюу ихэнх хэсэг нь дөрөв ба түүнээс дээш сууцны зориулалттай барилгыг; 3/ "сууц" гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь нэг гэр бүл аж төрөхөд зориулагдсан нэг буюу хэд хэдэн өрөө бүхий цогцолборыг;” ойлгохоор заажээ.
7. Үүнээс үзвэл дээрх хуулиар зөвхөн “хүн амьдран суух, аж төрөх” зориулалт бүхий сууцны хэсгүүдтэй байшинг “нийтийн зориулалттай орон сууцны байшин” гэж ойлгож, уг байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт хамгаалалтын талаар зохицуулсан байх тул мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Орон сууцны нэг байшинд нэг холбоо байх бөгөөд зэрэгцэн орших хэд хэдэн орон сууцны байшин дахь сууц өмчлөгчид нэгдэн нэг холбоо байгуулж болно.” гэж заасныг сууцны болон үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалт хосолсон байшингийн дундын өмчлөлийн асуудлыг зохицуулсан хууль гэж шууд үзэж, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай хэсгийг өмчлөгч нарын байгуулсан Сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээний хугацааг сунгахаас татгалзсан нь үндэслэлгүй байна.
8. Уг шийдвэрийн улмаас тухайн байшингийн тодорхой хэсгийг дангаар өмчлөгч нэхэмжлэгч этгээдийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалт, арчлалт хамгаалалтыг хэн хариуцах нь ойлгомжгүй үлдэж, тэдгээрийн эрх, ашиг сонирхол хөндөгдсөн байхад Дүүргийн Засаг даргын сунгахаас татгалзсан шийдвэрийг хууль зөрчөөгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
8.1. Хариуцагч нь оршин суугчдын байгуулсан СӨХ-ны гомдлын дагуу уг татгалзлыг гаргасан гэх бөгөөд тусдаа холбоо байх нь тэдгээрийн ямар эрхийг хөндөж байгаа гэж үзсэнийг тодруулаагүй, харин нэхэмжлэгч тал нь тусдаа холбоо байхад асуудал үүсэхгүй, ОСНААК-тойгоо тус бүртээ гэрээ байгуулаад ус, дулааны шугам сүлжээг хариуцуулж байгаа гэх тайлбараас үзвэл хариуцагч нь сонсох ажиллагаа явуулж, тухайн хүсэлтийг шийдвэрлэхээс өмнө тодруулах шаардлагатай дараах нөхцөл байдлуудыг судалж тодруулалгүй шийдвэрлэсэн байх тул цаашид хэргийн нөхцөл байдлыг судлан дахин шинэ акт гаргах хүртэл тухайн маргаан бүхий актыг түдгэлзүүлсэн өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж үзэв.
9. Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Иргэний хуульд тухайн харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй бол түүнтэй төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ” гэж заасан.
10. Хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “"сууц өмчлөгчдийн холбоо" гэж нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог;” ойлгохоор зааснаас үзвэл нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нар нь байшингийн хэсгийг ямар зориулалтаар өмчилж байгаагаас үл харгалзан хэн аль нь дундаа хамтран ашиглаж байгаа байшингийн дундын өмчлөлийн ашиглалт, хамгаалалтыг хариуцах Холбоонд нэгдэх ашиг сонирхлыг зохицуулсан хуулийн холбогдох хэсгийг төсөөтэй хэрэглэж болохоор байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэхгүй боловч зайлшгүй нэг Холбоонд нэгдэх шаардлагатай эсэхийг хариуцагч сонсох ажиллагааны хүрээнд тогтоогоогүй байна.
11. Хуулийн 5.3-т “Холбоог зохион байгуулах хурлыг сууц өмчлөгчдийн санаачилгаар хуралдуулна. Шаардлагатай тохиолдолд тухайн нутаг дэвсгэрт байгаа орон сууц хувьчлах товчоо болон тухайн шатны Засаг даргын санаачилгаар хуралдуулна.” гэж, 18 дугаар зүйлийн 18.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь бүрэн эрхтэй: 18.1.1.холбоог зохион байгуулах хурлын шийдвэрийг үндэслэн сум, дүүргийн Засаг даргын тамгын газар холбоог бүртгэх; 18.1.2.холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх арга хэмжээ авах, биелэлтэд хяналт тавих;” гэж заасан бүрэн эрхийг хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг дарга нь хэрэгжүүлэх боломжтой байна.
12. Хариуцагч нь нэхэмжлэгч, гуравдагч этгээдийг оролцуулан дундын өмчлөлийн барилга, байгууламж, засвар, арчлалт шаардлагатай заавал дундаа хамтран өмчлөх, эсхүл зөвхөн оршин суугчид болон аж ахуйн нэгжүүд тус тусдаа хамтран өмчилж арчлалтыг хариуцах боломжтой эд зүйлс байгаа эсэхийг тогтоосны үндсэн дээр хэрэв хоорондоо хамааралтай салгаж үл болох эд зүйлстэй байвал нийт өмчлөгч нарыг хуралдуулж, нэгдсэн нэг Холбоог зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, эсхүл бие биенээсээ хамаарахгүйгээр дундаа хамтран өмчлөх, арчлан хамгаалах боломжтой эд зүйлс байгаа тохиолдолд тусад нь Холбоо байгуулах боломжтой эсэхийг шийдвэрлэж, тусдаа Холбоо байгуулсан тохиолдолд 2 холбоо нь хамтран хариуцах дундын өмчлөлийн эд зүйлсийн ашиглалтыг хэрхэх талаар тохиролцсон гэрээг байгуулах боломжтой эсэхийг тодруулсны үндсэн дээр хэн алиных нь ашиг сонирхлыг хөндөхгүйгээр дахин шинэ акт гаргах шаардлагатай.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2024/08*** дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “1. Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Вива сити аж ахуй нэгж” СӨХ-ний хүсэлтийг “бүртгэх, сунгах боломжгүй” гэж татгалзаж шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 09/2** дүгээр албан бичгийг хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулж дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчлөн, “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д зааснаар хариуцагч нь шүүхийн тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий нэхэмжлэгчийн хүсэлт сунгахаас татгалзсан шийдвэр хүчингүй болохыг дурдсугай.” гэсэн 3 дахь заалтыг нэмж бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ