Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
Хэргийн индекс | 105/2016/0008/э |
Дугаар | 14 |
Огноо | 2017-01-02 |
Зүйл хэсэг | 181.2.1, |
Улсын яллагч | С.Солонго |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 14
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга А.Болор,
улсын яллагч С.Солонго,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэболор ҮД:02-48,
шүүгдэгч Б.Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1962 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, 54 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, орос англи хэлний багш, орчуулагч мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан., ам бүл-6, охин, хүргэн зээ хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 хороолол, 1 байрны 55 тоотод оршин суух хаягтай , улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн Сотон овогт Базарсадын Амгаланд /РД:ЧК62110277/
Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2501 3797 дугаартай 105/2016/0008/Э индекстэй хэргийг 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ
Шүүгдэгч Б.Амгалан нь 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 105-р байрны 1 дүгээр орцны 2 давхарт бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчин хохирогч О.Дагийразыг шалтгаангүйгээр нүүрэн тус газар гараараа цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Амгалан мэдүүлэхдээ: Би урьд нь мэдүүлэг өгөхдөө хэргийнхээ талаар бүгдийг ярьсан. 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр архи уучихсан байсан. Тэгээд 115-р байрны 1-р давхарт танилынхаа хаалгыг тогшоод зогсч байхад усны заалт бичих гээд нэг эмэгтэй ирсэн . Энэ айлд хүн байхгүй байна уу гэхээр нь байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд гадагшаа гараад зогсч байхад хохирогчийн эхнэр ирээд чи манай нөхрийг зодчихлоо гэсэн. Би зодоогүй гэж хэлсэн. Тэгээд цагдаа дуудаад цагдаа ирж намайг авч явсан. Би архи ууссан байсан болохоор сайн санахгүй байна. Хийсэн хэргээ хүлээж байна гэв.
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Мөрдөн байцаалтанд хохирогч О.Дагийразын:…тэр өдөр үдээс хойш 16 цаг болж байхад манай гэрт сантехникийн хүмүүс засвар хийхээр орж ирэхээр нь дуу чимээ их гарна гэж хэлэхээр нь би гадагшаа салхинд суухаар гарсан. Гадаа байрны урд талын саравчин дотор 20 гаруй минут сууж байхад миний сууж байсан саравчны хойд талын саравчин дотор согтуу архи уусан байдалтай нэг хар судалтай ноосон цамцтай доогуураа бэлтгэлийн өмдтэй залуу зогсож байсан. Ингээд би дотогшоо орц руу орох гээд алхаж байсан чинь нөгөө түрүүн архи уусан байсан залуу байрны зүүн талаас гарч ирээд над руу чиглээд алхсан. Би харвасан болохоор их удаан алхаж явдаг. Ингээд намайг орц руу ороод дээш шатаар өгсөж байхад араас гүйж гарч ирээд миний куртикний баруун энгэрээс татаад “Чи яасан ганган хулгайч вэ” гэж хэлээд миний зүүн нүд рүү баруун гараараа 2 удаа цохьсон чинь би ханаруу налаад зогссон. Тэгээд тэр залуу хараад зогсоод байхаар нь “ Нансалмаа ” гээд 2-3 удаа дуудаад нөгөө залуу доошоо шатаар бууж байхад манай эхнэр Нансалмаа гарч ирэхээр нь би “намайг авраарай” гэж хэлсэн. Тэгээд гэрт сангийн ажил хийж байсан 2 залуу гарч гүйгээд нөгөө согтуу залууг бариад ороод ирэхээр нь цагдаа дуудсан....Би тэр залууг саравчинд сууж байхад нь зүс царай хувцасыг нь сайн харсан. Араас орц руу орж ирээд миний энгэрээс бариад өөдөөс харах үед нь царайг нь харсан...Миний өөдөөс харж байгаад цохих үед нь амнаас архи үнэртэж байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 28-29-р тал/
Мөрдөн байцаалтанд гэрч Э.Чингисийн: ...Би тэр өдөр хамт ажилладаг Наранбаатарын хамт 150 дугаар байрны 17 тоотод 16 цагийн үед сангийн ажил хийж дуусаад байж байсан чинь тус айлын эмэгтэй муухай орилоод Наранбаатар араас нь гараад гүйсэн. Тэгээд би ажлаа хийж дуусаад гараад ирсэн чинь Наранбаатар нөгөө зодсон гэх залууг бариад ирсэн байсан. Ингээд цагдаа дуудаад иртэл тэр хүнийг барьж байгаад хүлээлгэж өгсөн... гэх мэдүүлэг. /1-рхх-ийн 30-р тал/
Мөрдөн байцаалтанд гэрч Н.Наранбаатарын:... Би 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 15 цагийн орчим засварчин Чингисийн хамт Баянзүрх дүүргийн 14-р хороо, 150 дугаар байрны 17 тоотод бохирын шугам засварлахаар очсон....Засварын ажлыг хийгээд 50 орчим минут болсны дараа дуусаад усаа шалгах гээд байж байхад тэр айлын эмээ хаалгаа онгойлгоод хүүе юу болоо вэ гээд гараад гүйхээр нь би араас нь гарахад тэр айлын эзэн хөгшиний нүдний шил нь хагарсан, нүднээс нь цус гарсан байдалтай байсан. Тэр хөгшин цоохор цамцтай малгайгүй хүн намайг цохьчихоод зугтаачихлаа бариад өгөөч гэхээр нь би гадагшаа гараад харахад хөндлөн судалтай эрээн цамцтай нилээд архи уусан бололтой согтуу хүн 104-р байрны урдуур замаа дагаад гүйж байхаар нь нь ардаас нь хөөгөөд нөгөө хүнийг бариад эргээд 105-р байрны 1-р орцонд орж ирээд 17 тоотын гэрийн эзэнд харуулаад энэ хүн мөн үү гэхэд саяны намайг цохьсон хүн мөн байна гэж хэлсэн...Анх орцонд гарч ирэх үед Дагийраз судалтай цамцтай хүн байсан гэж хэлсэн. Мөн тэр сүүлд авчирсан цохьсон гэх залуугийн гар нь шалбарсан байсан. Тэр шалбархай нь шинэхэн шалбархай бөгөөд цус гарч байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 33-р тал /
Мөрдөн байцаалтанд гэрч Н.Нансалмаагийн:...Нөхрийг гарах үед 16 цаг болж байсан байх. Манай нөхөр гараад 20 гаруй минутын дараа 2 давхарын коридорт 2, 3 удаа нэг муухай орилохоор нь гүйгээд гарсан чинь 2 давхарын шатны хана налчихсан зүүн талынх нь зовхиноос цус гарчихсан, малгай нь газар уначихсан, шил хагарчихсан байсан бөгөөд гүйгээд очсон чинь биеийн тамирын өмдтэй хар эрээн ноосон цамцтай залуу доошоо шатаар гүйж байсан. Тухайн үед надтай манай гэрт сан хийж байсан 2 залуу гарч ирж байсан бөгөөд “би доошоо гүйгээрэй манай нөхрийг зодчихлоо гэсэн тэр 2 залуу нөгөө доошоо бууж байсан залуугийн араас гүйж гараад нээх удалгүй доошоо шатаар гүйж байсан биеийн тамирын өмдтэй залууг дагуулаад шатан дээр ирэхээр нь цагдаад дуудлага өгөөд цагдаа аваад явсан. Доошоо зугтааж байхад нь хувцасыг нь харсан байсан...Тэр залуу маш их согтолттой байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 34-р тал /
-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹14167 тоот актанд :
1.О.Дагийразын биед зүүн нүдний дээд зовхинд шарх, зүүн нүдний дотор буланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
Шинжээч эмч М.Золжаргал гэсэн дүгнэлт /хх-ийн 37-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Танхайн гэмт хэргийн объект нь: Нийгмийн хэв журам байна. Хүний нэр төр, эрх чөлөө, эрүүл мэнд, нийтийн болон хувийн өмчийн эрх зэрэг нь энэ хэргийн давхар объект байж болно.
Танхайн гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив тал нь бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэсэн буюу хэрэглэхээр заналхийлсэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн үйлдэл байдаг.
Сувъектив тал нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байх бөгөөд сэдэлт нь бусдыг үл хүндэтгэсэн танхайн сэдэлттэй,
Субъект нь 14 насанд хүрсэн хэрэг хариуцах чадвартай Монгол улсын болон гадаадын иргэн , харьяалалгүй этгээд хэн байж болно.
Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас дүгнэхэд Б.Амгалан нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч О.Дагийразыг шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь зодож биед нь гэмтэл учруулж танхайрсан байна. Уг гэмт хэрэг нь танхайн сэдэлттэй байна.
Иймд Б.Амгалан нь 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 105-р байрны 1 дүгээр орцны 2 давхарт бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчин хохирогч О.Дагийразыг шалтгаангүйгээр нүүрэн тус газар гараараа цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь талуудын хүсэлтээр шинжлэн судалсан хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Б.Амгаланг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Амгалан нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдов. /хх-н 50-р тал/
Хохирогч О.Дагийраз нь өөрт учирсан хохирлын 120.000+19.200=нийт 139.200 төгрөгийн баримтыг хавтаст хэрэгт ирүүлснийг шүүгдэгч Б.Амгалан нь ХААН банкаар шилжүүлэн төлсөн байх тул Б.Амгаланг одоогоор төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-н 52,53-р тал/
Шүүгдэгч Б.Амгалан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1-т зааснаар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55 дугаар зүйлийн 55.1.9-т зааснаар үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, 55 дугаар зүйлийн 55.1.3-т зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэргийг харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлэн үзэж түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэв.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сотон овогт Базарсадын Амгаланг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн зодож нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хохирогчийн биед гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар Базарсадын Амгаланг 3 /гурван / жил 1 / нэг / сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Б.Амгаланд оногдуулсан 3 /гурван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4.Б.Амгалан нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй , битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хохирогч энэ хэргийн улмаас өөрт учирсан хохирлын холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар Б.Амгаланд оногдуулсан 3 /гурван/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, хянан харгалзсан хугацаанд хяналт тавихыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.
7.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Б.Амгаланд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Амгаланд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ