Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2021/0754

 

 

                                               

 

 

 

  2021             11           12                                128/ШШ2021/0754 

                                                 

           

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, түүний өмгөөлөгч Б.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Д.О                                                                              

Хариуцагч: СБД-ийн ГЗБА

Нэхэмжлэлийн шаардлага: СБД-ийн ГЗБА газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээ олгохгүй байгаа нь хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг СБД-ийн ГЗБАнд даалгуулах.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ: “... Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 300 дугаартай захирамжаар Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, "Сэлбэ"-д зуслангийн зориулалтаар 700 м.кв талбайтай газрыг 15 жилийн хугацаатайгаар иргэн Э.М, Д.О нарт эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Захирамжийн 2 дугаар хавсралтын "5170", "5171" дугаарт тус тус баталгаажсан.

Захирамжийн дагуу кадастрын зураг хийлгэж баталгаажуулж, газрын төлбөрийг тухай бүр төлж ирсэн бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээ авах, гэрээ байгуулах хүсэлт гаргасан болов ч хариуцсан мэргэжилтэн солигдсон, таны бичиг баримт олдохгүй байна гэж удаа дараа буцаасаар өнөөдрийг хүрсэн. Бид газар эзэмших гэрчилгээ олгохгүй байгаа тухай гомдлыг тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд олон удаа гаргаж байсан болов ч хариу өгдөггүй, тухайн үед гаргаж байсан гомдлууд олдохгүй байна гэж тайлбарладаг байсан.

Ингэж явсаар СБД-ийн ГЗБА наас 2021.01.08-ний өдөр 14/259 дугаартай албан бичгээр тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг "Сэлбэ зусланд” иргэн Ж.Буд нарын дөрвөн иргэнтэй холбоотой гомдлыг судалж үзлээ. Тус нэгж талбар дээр газрын маргаантай байгаа бөгөөд тус иргэд нь газрын тухай хуулийн 40.1.6 дугаар зүйлд заасны дагуу газраа 2 жил ба түүнээс дээш хугацаагаар эзэмшээгүйгээс болж маргаан үүссэн.

Иргэн Ж.Б манай албаны зүгээс 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 4079 тоот албан бичгээр хариу хүргүүлсэн. Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.4 дүгээр заалтад газартай холбогдсон маргааныг шүүх хяналтын байгууллагаар шийдвэрлэдэг тул та шүүх хяналтын байгууллагад хандан маргаанаа шийдвэрлүүлнэ үү. Хувийг иргэн Э.М, Д.О нарт гэсэн хариу өгсөн юм. Сүхбаатар дүүргийн газар бидний эмшиж байгаа газартай холбоотой ямар нэг маргаан байгаа эсэхийг тодруулахаар зохион байгуулалтын албаны дарга Т.М уулзаж хэн гэдэг хүн ямар маргаан гарсан өргөдөл, гомдолтой нь танилцаж хуулбарлан авах хүсэлт гаргахад "ямар ч өргөдөл, гомдол байхгүй“ Б" гэдэг хүнтэй тохиролц нэг бол газраа зарчих гэж хэлсэн.

Ашиг сонирхлын зөрчлийн үүднээс СБД-ийн ГЗБА Засаг даргын захирамжийг үл биелүүлж гэрээ байгуулж, гэрчилгээ олголгүй 2007 оноос хойш газар эзэмших эрхээ эдлэх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна. Э.М, Д.О биднийг хохироож, эрхийг минь зөрчиж дээд шатны болон холбогдох байгууллагын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу хариу өгөхгүй үл хэрэгсэж байна.

Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байгаагийн улмаас бид газар эзэмших эрхээ хуульд заасны дагуу зохих ёсоор эзэмшиж чадахгүй тог, ус цахилгаан хороо, нутгийн захиргааны байгууллагууд зэрэг төрийн байгууллагуудын үйлчилгээг авч чадахгүй нөхцөл байдал үүссэн, газраа өмчлөх хүсэлт гаргах, барьцаалах, өвлүүлэх зэрэг хууль ёсны эрх ашиг хөндөгдөж байгаа юм. Иймд Э.М, Д.Обид нарт СБД-ийн ГЗБА газар эзэмших эрхийн гэрчилгээг олгохгүй байгаа нь хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Сүхбаатар дүүргийн газрын албанд даалгаж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Газар эзэмших захирамжтай холбоотой маргаан байхгүй байна гэж харж байна. Газар зохион байгуулалтын албаны гэрээ байгуулж гэрчилгээ олгохгүй байгаа нь хууль бус юм. Нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол зөрчигдөж байгаа нь харагдаж байна. Өнөөдрийн байдлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 300 тоот захирамж хүчинтэй хэвээр байна. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ гэж заасан байдаг. Захирамжийн дагуу газар эзэмших гэрээ эрхийн гэрчилгээг олгох, тус чиг үүргийг хэрэгжүүлэхгүй байгаа бусдын газартай давхацсан тайлбар өгсөн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт заасан, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт .Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж заасан. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа тул захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах нь үндэслэлтэй гэж үзэж байна. ... 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлага дээр гэрчилгээ олгохгүй байгаа нь хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрхийн гэрчилгээг олгохыг даалгах мөн гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг даалгах гэдгийг тодруулж байна.” гэжээ.

Хариуцагч СБД-ийн ГЗБА шүүхэд 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбийн аманд тус дүүргийн Засаг даргын 2007 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 160 дугаар захирамжаар иргэн Д.Х 700 метр квадрат газрыг зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон байна. Харин газрын кадастрын мэдээллийн санд иргэн Д.Х нэр дээр нэгж талбар бүртгэгдээгүй байгаа ч газар дээрээ хашаа барин амьдарч, газраа зориулалтын дагуу ашиглаж байна.

Тус байршил дээр дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 300 дугаар захирамжаар иргэн Э.М, Д.Онарт давхцуулан тус бүр 700 м2 газрыг зуслангийн зориулалтаар 15 хугацаатай газар эзэмших эрх олгогдсон ч гэрээ, гэрчилгээ олгогдоогүй байна. Гэвч өнөөдрийн байдлаар газрын кадастрын мэдээллийн санд Э.М нэгж талбарын 18649325292671 /шинэ нэгж талбарын дугаар 1461901634/ дугаартай, Д.О нэгж талбарын 18649325296635 /шинэ нэгж талбарын дугаар 1461901659/ дугаартай дээрх 2 иргэний нэр дээр бүртгэлтэй байна.

Иймд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 /Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна/ дахь заалтын дагуу Э.М, Д.О нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбараа дэмжиж байна. Нэмэлт тайлбар байхгүй.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Монгол Улсын иргэн Д.Онь тус шүүхэд хандан “СБД-ийн ГЗБА газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа нь хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрхийг гэрчилгээг олгохыг СБД-ийн ГЗБАнд даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хуралдаан дээр “СБД-ийн ГЗБА газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээ олгохгүй байгаа нь хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг СБД-ийн ГЗБАнд даалгуулах” гэж тодруулсан болно.

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэг. Хэргийн үйл баримтын талаар:

1.1. Нэхэмжлэгч Д.О нь 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн Газрын албанд хандаж, газар эзэмшихийг хүссэн өргөдлийг гаргасан.[1]

1.2. Дээрх өргөдлийг хянаж үзсэний үндсэн дээр нэхэмжлэгчид Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 300 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Сэлбэд зуслангийн зориулалтаар 700 м.кв талбайтай газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрх олгосон.[2]

1.3. Нэхэмжлэгчийн эзэмших эрхтэй газрын нэгж талбарын дугаар нь 1461901659 /хуучин дугаар нь 18649325296635/ бөгөөд кадастрын зураг хийгдсэн.[3]

1.4. Хэдийгээр түүнд газар эзэмших эрх олгосон шийдвэр гарсан, кадастрын зураг хийгдсэн боловч Газрын тухай хуульд зааснаар газар эзэмших гэрээ, газар эзэмших эрхийн гэрчилгээг олгоогүй.

1.5. Нэхэмжлэгчийн зүгээс холбогдох эрх бүхий байгууллагуудад гэрээ байгуулах, гэрчилгээ олгуулах талаар удаа дараа хандаж байсан. Тухайлбал, 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүсэлт[4], 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хүсэлт[5], 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хүсэлт[6] зэргийг удаа дараа гаргасан.

1.6. Хариуцагчийн зүгээс иргэн Д.Огазар эзэмших эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээ олгохгүй байгаа үндэслэлээ тайлбарлахдаа Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 160 дугаар захирамжаар олгогдсон иргэн Д.Х газартай давхцуулан газар олгосон тул хэмээн тайлбарлаж байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эцсийн байдлаар тодруулахад нэхэмжлэгч Д.О газар нь хэн нэгэн иргэний газартай ямар нэг байдлаар давхцалгүй болох нь тогтоогдсон.[7]

1.7. Нэхэмжлэгчийн зүгээс газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээ олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус гэж маргаж байна.

Хоёр. Хариуцагчийн эс үйлдэхүйн хууль зүйн үндэслэлийн талаар:

2.1. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт “Эрхийн гэрчилгээгээр газар эзэмшүүлэх шийдвэрийн талаар үүссэн маргааныг энэ хуулийн 60.1.1-д заасны дагуу шийдвэрлэнэ” гэж заажээ.

2.2. Мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ.” гэж заасан.

2.3. Түүнчлэн тус хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8 дахь хэсэгт “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ” гэж зохицуулжээ.

2.4. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд холбогдох эрх бүхий Засаг дарга иргэнд газар эзэмших эрх олгосон шийдвэр гаргасан бол тухайн газар эзэмшүүлэх шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэнтэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэх үүрэгтэй байгаагаас гадна тухайн гэрээ нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байж, талууд тухайн гэрээний биелэлтийг жил бүр дүгнэж байхаар хуульчлан тогтоосон байна.

2.5. Мөн энэ талаар гарсан маргааныг тухайн шатны Засаг даргын дээд шатны Засаг дарга шийдвэрлэхээр хуульд заажээ.

2.6. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Монгол Улсын иргэн Д.О Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 300 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Сэлбэд зуслангийн зориулалтаар 700 м.кв талбайтай газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрх олгосон боловч газар эзэмших гэрээ байгуулаагүй, гэрчилгээ олгоогүй болох нь тогтоогдож байх бөгөөд ийнхүү хариуцагч нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасан гэрээ байгуулж, гэрчилгээ олгох үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасан эс үйлдэхүй байна гэж шүүх дүгнэв.

2.7. Түүнчлэн нэхэмжлэгч нь энэхүү маргааныг шийдвэрлүүлэхээр буюу газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгуулах талаар холбогдох байгууллагуудад болон дээд шатны Засаг даргад удаа дараа хандаж хүсэлт, гомдол гаргаж байсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчийн энэхүү хүсэлтэд холбогдох эрх бүхий байгууллага үндэслэл бүхий хариу өгөөгүй, холбогдох гэрээ байгуулж, гэрчилгээ олгох ажиллагаа хийгээгүй, улмаар шүүхээр шийдвэрлүүлэх талаар хариуг[8] өгч байжээ.

2.8. Хэрэв нэхэмжлэгч Д.О эзэмших эрхтэй олгосон газар нь өөр хэн нэг иргэний эзэмших эрхтэй газартай давхацсан тохиолдолд хариуцагчийн зүгээс гаргаж буй газар эзэмших гэрээ байгуулахгүй, гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүй зөвтгөгдөх боломжтой хэдий боловч бодит байдал дээр иргэн Д.О олгосон газар дээр өөр хэн нэг иргэний газар давхцалгүй болох нь нэгэнт тогтоогдсон[9] тул хариуцагчийн эс үйлдэхүйг зөвтгөх хууль зүйн үндэслэл байхгүй байна гэж шүүх үзлээ.

2.9. Шүүхэд анх Э.М, Д.О нар нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 7031 дугаар захирамжаар Э.М-ын нэхэмжлэлтэй хэргийг тусгаарлаж, Д.Хонгорын нэхэмжлэлтэй СБД-ийн ГЗБАнд холбогдох 128/2021/0095/З индекстэй захиргааны хэрэгт нэгтгэж, энэхүү шийдвэрээр нэхэмжлэгч Д.О гаргасан нэхэмжлэлийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.4, 106.3.12 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.8 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.О гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, СБД-ийн ГЗБА газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээ олгохгүй байгаа нь хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг СБД-ийн ГЗБАнд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

 

[1] Хавтаст хэргийн /цаашид “Хх” гэх/ 88-90 дэх тал

[2] Хх 82-83 дахь тал

[3] Хх 39-40 дэх тал

[4] Хх 19-20 дахь тал

[5] Хх 23-24 дэх тал

[6] Хх 51-52 дахь тал

[7] Хх 150 дах тал

[8] Хх 26 дахь тал

[9] Хх 150 дахь тал