Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/104

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

          Улсын яллагч: Д.Алимаа,

          Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,

          Шүүгдэгч Б.Анхбаяр,

          Нарийн бичгийн дарга: Д.Дуламсүрэн нарыг оролцуулан нээлттэй хийсэн хуралдаанаар,

          Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Наваан овгийн Баярсайханы Анхбаярт холбогдох эрүүгийн 2227001220122 тоот хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Наваан овгийн Баярсайханы Анхбаяр /РД: ЙБ90012915/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Анхбаяр нь 2022 оны 03 дугаар сарын 20-ны үед Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4-р багийн нутаг Хойд Агуйтын Суу даваа гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос 0.4536 шоо метр модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, өөрийн эзэмшлийн улсын дугааргүй улаан шар өнгийн “Чансаа” загварын мотоциклоор тээвэрлэн ойн санд 2,250,246 төгрөгийн хохирол учруулж, монгол гэрийн 15 ширхэг цуулбар хана хийж 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 47-71 УНЛ улсын дугаартай “Портер” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдснаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч Б.Анхбаяр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би мотоциклтойгоо явж ойгоос мод бэлтгэсэн. Тэгээд тухайн үед би тусгай хамгаалалтай газар гэдгийг мэдээгүй. Миний буруу” гэв.

            Иргэний нэхэмжлэгч Ж.Батмөнхийн мөрдөн байцаалтад өгсөн “...Б.Анхбаяр манай нутгийн залуу байгаа юм сайн танихгүй, хамаатан саданий холбоо байхгүй. Б.Анхбаяр надаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй...Тухайн хүний хийсэн үйлдэл гэмт хэрэг болох нь тогтоогдвол тухайн хүн байгаль орчинд учруулсан хохирлоо бүрэн барагдуулах ёстой. Тус хүн нь байгаль орчны улсын байцаагчийн гаргасан актад тусгагдсан мөнгөн торгуулийг төлчихвөл өөр ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуу/,

Гэрч Ч.Мягмарбаярын мөрдөн байцаалтад өгсөн “...Нөхөрлөлд гараад хүн хүний 100 ширхэг мод авсан. Анхбаяр тухайн үед 100 ширхэг 2 метр 40 см урттай мод авсан. Хүн хүний машин гуйгаад татуулсан. Анхаа эгчийн раманд буулгасан. Нөхөрлөл 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр буугаад 14 хоногийн дотор таталт хийсэн. Анхбаяр машингүй байсан хүнээс гуйгаад татуулсан. Б.Анхбаяр нөхөрлөлд гарч байх үедээ цуулбар хана хийгээгүй. Үндсээрээ салхинд унасан мод байсан үлдээж байгаад тэрнээс хийсэн байх. Бат-Өлзий уул нөхөрлөл тухайн үед Хойд Агуйтын Суу давааны Дунд халзан гэх газар ойн цэвэрлэгээнд гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-28-р хуу/,

- Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, 4 ширхэг фото зургууд /хх-ийн 65-69-р хуу/,

  • Модонд үзлэг хийсэн тэмдэглэл 6 ширхэг фото зураг /хх-ийн 50-58-р хуу/,

- Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “15 ширхэг цуулбар хана”-ыг битүүмжилсэн №31 дугаартай тогтоол /хх-ийн 87-р хуу/,

- Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модыг тээвэрлэсэн улсын дугааргүй улаан шар өнгийн Чансаа загварын мотоцикл”-ыг битүүмжилсэн №33 дугаартай тогтоол,

- Өвөрхангай аймгийн Сум дундын ойн ангийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн №36 дугаартай дүгнэлт: “...Дээрх зөрчлийн улмаас бэлтгэсэн мод нь “Шинэс” төрлийн босоо нойтон мод байна...Дээрх зөрчлийн улмаас ойд учруулсан нийт хохирлын үнэлгээ нойтон шинэс мод нь 0.4536 шоо мерт х 570216 төг= 258649 х 2.9=750,082 төгрөг ...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 95-96-р хуу/,

- Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 15/04/336/10 дугаартай актад “... Ойн санд учруулсан хохирлын 2,250,246 төгрөгийг нөхөн төлбөр ногдуулахаар шийдвэрлэв...” гэсэн Улсын байцаагчийн акт /хх- ийн 130-р хуу/,

- Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 1/119 дугаартай албан бичигт: “...Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн нутаг Хойд агуйт Суу даваа гэх газрын N46058I41.6II, E102003I25.2II солбилцол нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарагдаж байна...” гэсэн албан бичиг хх-ийн 70-р хуу/

- Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ий 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн №ӨХ13/022 дугаартай үнэлгээ “...Зохих зөвшөөрөлгүйгээр 15 ширхэг монгол гэрийн хана тээвэрлэж явсан гэх 47-71 УНЛ улсын дугаартай эзэмшигч Л.Ганбат гэсэн бичиг баримт бүхий “...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 6,381,293 төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн дүгнэлт /хх-ийн 105-107-р хуу/,

- Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ий 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн №ӨХЦ22-31 дугаартай 15 ширхэг цуулбар ханын зах зээлийн үнэлгээ       “...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1,350,000 төгрөгөөр үнэлэв...” гэсэн дүгнэлт /хх-ийн 115-116-р хуу/

- Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ий 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн №ӨХ12/022 дугаартай зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж тээвэрлэсэн гэх улаан шар өнгийн “Чансаа” загварын мотоциклын үнэлгээ “...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын үнэлсэн үнэлгээг 471,832 төгрөгөөр үнэлэв...” гэсэн дүгнэлт /хх-ийн 123-125-р хуу/,

  • Хохирол төлсөн баримт /хх 162-р хуудас/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

          Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Анхбаярт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.

          Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Шүүгдэгч Б.Анхбаяр нь 2022 оны 03 дугаар сарын 20-ны үед Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4-р багийн нутаг “Хойд Агуйтын Суу даваа” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос 0.4536 шоо метр модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, өөрийн эзэмшлийн улсын дугааргүй улаан шар өнгийн “Чансаа” загварын мотоциклоор тээвэрлэн ойн санд 2,250,246 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэгч Ж.Батмөнхийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуу/, гэрч Ч.Мягмарбаярын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 26-28-р хуу/, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, 4 ширхэг фото зургууд /хх-ийн 65-69-р хуу/, модонд үзлэг хийсэн тэмдэглэл 6 ширхэг фото зураг/хх-ийн 50-58-р хуу/, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “15 ширхэг цуулбар хана”-ыг битүүмжилсэн №31 дугаартай тогтоол /хх-ийн 87-р хуу/, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модыг тээвэрлэсэн улсын дугааргүй улаан шар онгийн “Чансаа” загварын мотоцикл”-ыг битүүмжилсэн №33 дугаартай тогтоол, Өвөрхангай аймгийн Сум дундын ойн ангийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн №36 дугаартай дүгнэлт: “...Дээрх зөрчлийн улмаас бэлтгэсэн мод нь “Шинэс” төрлийн босоо нойтон мод байна...Дээрх зөрчлийн улмаас ойд учруулсан нийт хохирлын үнэлгээ нойтон шинэс мод нь 0.4536 шоо метр х 570216 төг= 258649 х 2.9=750,082 төгрөг ...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 95-96-р хуу/, Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 15/04/336/10 дугаартай актад “... Ойн санд учруулсан хохирлын 2,250,246 төгрөгийг нөхөн төлбөр ногдуулахаар шийдвэрлэв...” гэсэн Улсын байцаагчийн акт /хх- ийн 130-р хуу/, Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 1/119 дугаартай албан бичигт: “...Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн нутаг Хойд Агуйт Суу даваа гэх газрын N46058I41.6II, E102003I25.2II солбилцол нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамраагдаж байна...” гэсэн албан бичиг хх-ийн 70-р хуу/,  Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ний 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн №ӨХ12/022 дугаартай зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж тээвэрлэсэн гэх улаан шар өнгийн “Чансаа” загварын мотоциклын үнэлгээ “...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын үнэлсэн үнэлгээг 471,832 төгрөгөөр үнэлэв...” гэсэн дүгнэлт /хх-ийн 123-125-р хуу/, хохирол төлсөн баримт /хх 162-р хуудас/ болон яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7-д зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэхийг хориглосон бөгөөд 35 дугаар зүйлийн 35.4.2-т зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэснийг хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэхээр заасан.

 Мөн Ойн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.4-д зааснаар иргэн түлшний мод бэлтгэх хүсэлтээ ойн анги /байхгүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч/-д гаргаж, сумын эрх бүхий албан тушаалтан мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу тухайн иргэнд олгохоор хуульчилсан байна.

Улсын яллагч шүүх хуралдаанд “...яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн прокурор нь ээлжийн амралттай байгаа ба өнөөдрийн шүүх хуралдаанд томилгоотойгоор оролцож байна. Ингэхдээ улсын яллагчийн зүгээс шүүгдэгчийн “Чансаа” маркийн тээврийн хэрэгслээр хууль бусаар мод бэлтгэж тээвэрлэсэн гэх гэм буруутайд тооцох саналтай байна. Харин 47-71 УНЛ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр мод тээвэрлэсэн гэх үйлдэл нь гэмт хэргийн шинжид тооцогдохгүй. Учир нь тусгай хамгаалалтай газраас модыг Чансаа маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж гэрийн гадна буулгаснаар гэмт хэрэг төгссөн гэж үзэж байна....” гэж тайлбарласан ба шүүгдэгч Б.Анхбаяр нь зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд мод бэлтгэсэн, “Чансаа” загварын мотоциклоор тээвэрлэсэн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул улсын яллагчийн гаргасан тайлбар үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.

Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч Б.Анхбаярын үйлдэл нь хавтас хэрэгт авагдсан үйл баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ. 

            Иймд шүүгдэгч Б.Анхбаярт холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, шүүхээс шүүгдэгч Б.Анхбаярыг зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэв.

          Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 2,250,246 төгрөгөөр тогтоосон байна.

 Шүүгдэгч Б.Анхбаяр нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2,250,246 төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр төлсөн /хх 162/ байх тул шүүгдэгч Б.Анхбаярыг бусдад төлөх хохирол, төлбөргүй байна гэж шүүх үзлээ..

          Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Шүүхээс шүүгдэгч Б.Анхбаярыг гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “...Шүүгдэгч Б.Анхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заалтад зааснаар  01 жил 04 сарын хугацаагаар Бат-Өлзий сумын нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байхаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай...” гэсэн дүгнэлтийг,

          Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү....” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.   

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Анхбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж шийтгэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

            Шүүгдэгч Б.Анхбаярт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж,

            шүүгдэгч Б.Анхбаярыг бүртгэж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, 

шүүгдэгч Б.Анхбаяр нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдаж,

            шүүгдэгч Б.Анхбаяр нь 2 хоног цагдан хоригдсон, хилийн хориг тавигдаагүй,  шүүгдэгч нарын баримт бичиг шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүйг тус тус дурдаж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгчийн өөрийн эзэмшлийн улсын дугааргүй Чансаа маркийн улаан шар өнгийн мотоциклыг,

          шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ бэлтгэсэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Засаг даргын тамгын газрын няравт хариуцуулсан 15 ширхэг монгол гэрийн хана зэргийг тус тус улсын орлого болгож,

           хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цагаан өнгийн шатахууны савтай хар өнгийн төмөр бариултай, цагаан өнгийн олсон татуургатай шар өнгийн цахилгаан хөрөө 1 ширхэг, гар хийцийн хар өнгийн төмөр их биетэй модон бариултай татуурга 1 ширхэг, хар өнгийн төмөр их биетэй модон бариултай сүх 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газарт даалгаж, 

          шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Анхбаярт ял оногдуулахгүйгээр тэнссэн тул цагдан хоригдож байгаа шүүгдэгчийг шүүх хуралдааны танхимаас суллаж, шүүгдэгч Б.Анхбаярт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч,  

          шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

          давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Анхбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Наваан овгийн Баярсайханы Анхбаярыг зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Наваан овгийн Баярсайханы Анхбаярыг хорих ялыг оногдуулахгүйгээр 01 жил 02 сарын хугацаагаар тэнссүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Анхбаярт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

          4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Анхбаярыг бүртгэж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. 

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Анхбаяр нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдсугай.

          6. Шүүгдэгч Б.Анхбаяр нь 2 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй,  шүүгдэгч нарын баримт бичиг шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүйг тус тус дурдсугай.

          7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгчийн өөрийн эзэмшлийн улсын дугааргүй Чансаа маркийн улаан шар өнгийн мотоциклыг,

шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ бэлтгэсэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Засаг даргын тамгын газрын няравт хариуцуулсан 15 ширхэг монгол гэрийн хана зэргийг тус тус улсын орлого болгосугай.

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цагаан өнгийн шатахууны савтай хар өнгийн төмөр бариултай, цагаан өнгийн олсон татуургатай шар өнгийн цахилгаан хөрөө 1 ширхэг, гар хийцийн хар өнгийн төмөр их биетэй модон бариултай татуурга 1 ширхэг, хар өнгийн төмөр их биетэй модон бариултай сүх 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газарт даалгасугай.

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Анхбаярт ял оногдуулахгүйгээр тэнссэн тул цагдан хоригдож байгаа шүүгдэгчийг шүүх хуралдааны танхимаас суллаж, шүүгдэгч Б.Анхбаярт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.  

          10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Анхбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.ЭНХ-АМГАЛАН