Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 136/ШШ2019/00090

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, Сайншанд сум, 3 дугаар баг, 12-р хэсэгт оршин суух, эмэгтэй, 22 настай, Дүгэрсүрэн овогт Алтантуяагийн Оюунтуяа /РД: ЕС 96121804/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймаг, Сэргэлэн сум, 3 дугаар баг, Баян гэх газар оршин суух хаягтай, эрэгтэй, 38 настай, Түмчүүд овогт Будсүрэнгийн Хэрлэн /РД: ЖЗ 81020613/-д холбогдох
Эцэг болон хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Оюунтуяа, хариуцагч Б.Хэрлэн /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золбоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Оюунтуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
А.Оюунтуяа миний бие нь 2016 оноос Б.Хэрлэнтэй амьдрал зохиосон. Хамтран амьдарч байх хугацаанд 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүү Болорсүхийг төрүүлж түүнээс хойш хэрэлдэж муудалцдаг болсон. 2017 оны 3 дугаар сараас хойш тус тусдаа амьдарч хүү Болорсүх ээжийн асаргаанд үлдсэн. Иймд хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч Б.Хэрлэн нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2016 оноос А.Оюунтуяа гэх бүсгүйтэй амьдарч байсан нь үнэн. Энэ хугацаанд буюу 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүү Болорсүх мэндэлсэн. А.Оюунтуяа нь хүнтэй нууц амрагийн харьцаа тогтоож гэр бүлийн харьцаа тогтворгүй болж 2018 оны 3 дугаар сараас амьдрал 2 тийшээ болсон. Хүү Болорсүх нь миний хүүхэд мөн, хүүхдийн тэтгэлэгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Харин хүүхдийн нэр дээр 18 нас хүртэл нь хугацаатай хадгаламж нээлгэж, өөр хүн ашиглахгүйгээр зөвхөн өөрт нь зориулах хүсэлтэй байна. Би удахгүй суллагдана. Цалин мөнгө, тодорхой орлогогүй учир хүүхдийн тэтгэлэг төлөх хугацаа шаардлагатай байна. Ялаа эдэлж дуусаад гарч ажил хийж хүүхдийн тэтгэлэг төлөх бодолтой байна гэв.
Шүүх хуралдаанд гаргасан зохигчийн тайлбар болон хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судлаад                       
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Оюунтуяа нь хариуцагч Б.Хэрлэнд холбогдуулж хүү О.Болорсүхийн эцгээр тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч А.Оюунтуяа, хариуцагч Б.Хэрлэн нар нь 2016 оноос 2018 оны 3 дугаар сарыг хүртэл хамтран амьдрах хугацаандаа 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүү О.Болорсүх /1 нас, 5 сар, 6 хоногтой/ төрсөн болох нь төрсний гэрчилгээний нотариатчаар баталгаажуулсан хуулбар /хх-6/, Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн ажлын албаны 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2/439 тоот албан бичиг /хх-4/, мөн тус сумын “Мишээлт мана” өрхийн эрүүл мэндийн төвийн эмч А.Оюунтуяагийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн тодорхойлолт /хх-5/, болон нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Зохигч нар 2016 оноос 2018 оны 3 дугаар сар хүртэл хамтран амьдарсан, энэ хугацаандаа хүү О.Болорсүх төрсөн, эр, эмийн харилцаатай байсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан “бид эр, эмийн харилцаатай байсан, хүүхэд бидний дундаас гарсан, миний хүүхэд мөн” гэх тайлбараар нотлогдон тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 23-р зүйлийн 23.2-т зааснаар хариуцагч Б.Хэрлэнг О.Болорсүхийн эцгээр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар  хүү О.Болорсүхэд тэтгэлэг тогтоож, эцэг Б.Хэрлэнгээр тэжээн тэтгүүлэх,
-мөн хуулийн 38-р зүйлийн 38.5-д “Тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулна.” гэж зохицуулсан байх тул тэтгэлэгийг зориулалтын дагуу, гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх А.Оюунтуяад даалгаж,
-Тэтгэлэгийн хэлбэр, хугацааг гэрлэгчид тохиролцоогүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1., 41.2-д зааснаар мөнгөн хэлбэрээр, сар бүр тэтээж тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Тэтгэлэгийн хэмжээ нь,  хүү О.Болорсүх нь Дорноговь аймгийн Сайншанд суманд оршин суудаг байх ба төвийн бүсийн хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээ 2019 оны 3 дугаар сарын байдлаар /187,100/-аар 50 хувь нь 93,550 төгрөг байна. 
Хүү О.Болорсүхтэй эцэг Б.Хэрлэнг хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд байнгын харилцаатай байлгах, уулзуулах, хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэх, адил үүрэг хүлээлгэх, өсөн бойжиход хувь нэмэр оруулах боломжоор хангаж байх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл эцгээс хүүхэдтэй харилцах харилцаа, эрх үүрэг тэгш хэвээр үргэлжилдэг болно.
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагад улсын тэмдэгтийн хураамжийн үнийн дүнг тодорхойлохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасны дагуу тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлд нэг жил /187,100/50%=93,550*12=1,122,600-650,000=472,600*2.4%=11,342 +20,150=31,492/-ийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон 31,492 төгрөг хариуцагчаас гаргуулж улсын орлогод оруулах, 
нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Хэрлэнгээс 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор тус тус тогтов.
            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, мөн хуулийн 116, 118 зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар Т овогт Б.Х-г Д овогт О.Б-ийн эцгээр тогтоосугай.


2. Зохигч хүү О.Б-ийн асрамжийн талаар маргаагүй болохыг дурдаж, хүү Д овогт О.Б-ийг эх Д овогт А.О-ийн асрамжид үлдээсүгэй.


3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т зааснаар хүү Д овогт О-гийн Б-д тэтгэлэг тогтоож, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2-т зааснаар “11 нас хүртэлх насны хүүхдэд 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр” сар бүр эцэг Т овогт Б.Х-ээр тэжээн тэтгүүлсүгэй.


4. Гэр бүлийн тухай хуулийн 38-р зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлэгийг зориулалтын дагуу, гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх А.О-д даалгасугай.


5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,
-хариуцагч Б.Х-ээс 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.О-д олгож, хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 31,492 төгрөг гаргуулж улсын орлого /Төрийн банк 100060000957/-д оруулсугай. 


6. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг тогтоосон шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Ц.Чинбаярт даалгасугай.


7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч уг өдрөөс хойш 7-21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба хариуцагчид баталгаат шуудангаар хүргүүлэхийг мэдэгдсүгэй.


8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар Зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

           
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          В.АМАРТҮВШИН