Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 184/ШШ2019/01430

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 29 өдөр                  Дугаар 184/ШШ2019/01430                       Улаанбаатар хот

                                        

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,

 

 Нэхэмжлэгч: .... дүүрэг, 6 дугаар хороо, .... дугаар гудамж .....тоот хаягт оршин суух М овогт Дийн Аийн /регистрийн дугаар: ...../ нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .... дүүрэг,  4 дүгээр хороо, ..... тоот хаягт оршин суух албан ёсны хаягтай ...., .... хороо, ... гудамж .... тоот хаягт түр оршин суух Б овогт Тийн Б /регистрийн дугаар: ...../ холбогдох

 

 “Хүүхдийн тэтгэлэг” гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.А, хариуцагч Т.Б, нарийн бичгийн даргад М.Оюу-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.А миний бие нь Т.Бтэй 2013 онд танилцан үерхэж байгаад 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүү Б.Б мэндэлсэн. Бидний хамтын амьдралтай байх хугацаанд зан хариилцааны хувьд таарч тохирохгүй, байнгын хэрүүлтэй байсан бөгөөд 2017 оны 09 дүгээр сараас тусдаа амьдрах болсон. Тусдаа амьдрах болсон үеэс хүү Б.Б миний асрамжинд байгаа. Бидний хувьд хэн хэн нь цаашид хамтран амьдрах хүсэл сонирхолгүй бөгөөд хүү Б.Бийг ээж миний асрамжинд байлгахаар тохиролцсон. Бидний хувьд эд хөрөнгийн маргаангүй бөгөөд Т.Бгөөс хуульд заасан үндэслэл журмаар хүү Б.Бэд хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү... гэв.

 

Хариуцагч Т.Б шүүхэд  болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2013 оны зун танилцаад 2014 онд жирэмсэн болоод хүүхэд маань 2015.06.23-ны өдөр хүү маань төрсөн. Бид хамт амьдардаг байсан, бид хадам ээжийндээ амьдардаг, ажилгүй хүүхдээ хараад заримдаа ажил олдохоор ажил хийдэг байсан. Бид тусдаа гараагүй байсан болохоор түүнээс болж маш их хэрүүл үүсдэг байсан. Би заримдаа оройтдог, заримдаа ажил дээрээ хонодог, тэр үед ажил дээрээ хоноогүй гэж хардаад асуудал гардаг байсан, ер нь надаас их болж бид хэрүүл болдог байсан. Ингээд бид хамт амьдарч байгаад манай гэрт амьдарч үзээд бид 2 хадмын гэрт амьдарч байсан. Би 2-3 хиамны үйлдвэр, барилгын туслахын ажил хийдэг байсан. Ер тусдаа гарах боломж гарахгүй, хоорондоо маргалдаад ойлголцохгүй болоод тусдаа амьдарсан...Одоо бид хамтдаа амьдраад үзэх үү гэж ярилцсан, 2 хоногийн өмнө. Одоо би тогтсон ажилтай болсон, тэр ажил маань их боломжийн, эргээд бид хамт амьдрахаар шийдсэн байгаа. Урьд нь эхнэр маань надад тэтгэмж тогтоолгоно гэж хэлж байсан, би тэтгэмж тогтоолгодгоороо тогтоолгоод эргээд хамт амьдаръя гэж бодсон. Ингээд 18 нас хүртэл нь мөнгө цуглуулъя гэж бодож байгаа болохоор тэтгэлэг төлөхийг зөвшөөрнө  гэв.   

 

Хэрэгт авагдсан  нотлох баримтыг шинжлэн судлав.           

                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Т.Бд холбогдуулан “Хүүхдийн тэтгэлэг” гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд: Д.А, Т.Б нар нь 2013 онд танилцан хамтран амьдарч байхдаа гэрлэлтээ батлуулаагүй ба 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүү Б.Бийг төрүүлсэн бөгөөд 2017 оны 09 сараас хойш тусдаа амьдарч байгаа болох нь хүүхэд эрүүл өсөн бойжиж буй тухай өрхийн эмчийн тодорхойлолт, хүмүүжиж буй цэцэрлэгийн тодорхойлолт, хорооны Засаг даргын тодорхойлолт, эхийн иргэний үнэмлэхний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна

 

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” талаар зохицуулсан ба энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дах хэсэгт зааснаар хүү Б.Бийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүүхдээ сар бүр тэжээн тэтгэхээр заажээ.

 

Зохигч нар хамтран амьдрах хугацаанд гэрлэлтээ батлуулаагүй ба хариуцагч Т.Б нь хүү Б.Бийг өөрийн нэрээр овоглож төрсний гэрчилгээ авсан бөгөөд өөрийн хүүхэд биш гэдэгт маргаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн  байна.

 

Иймд хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулж  шийдвэрлэв.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй бөгөөд тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6-д зааснаар эцэг, эх тусдаа амьдрах болсон хэдий ч хариуцагч Т.Бгөөс хуулиар хүлээсэн дээрх үүрэг хэвээр үлдэхийг, эцгийн үүргээ хэрэгжүүлэхэд нь нэхэмжлэгч Д.А саад болохгүй байхыг дурдав.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт ”тэтгэвэр, тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөнө” гэж заасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлсөн 35,869+34,331=70,200 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж олгов.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дах хэсэгт “тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хохирол, нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцно” гэж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд хүүхдийн тэтгэлэгийг  гаргуулахдаа тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны түвшингийн хэмжээгээр тооцохоор  заасан.

 

            Иймээс Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-дэх хэсэгт  зааснаар хариуцагч Т.Бгөөс нэг жилийн хугацаанд 1 хүүхдэд төлвөл зохих тэтгэлэгт улсын тэмдэгтийн хураамжид 35,868  төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулахаар тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дах хэсэгт заасныг баримтлан ... оны .... дугаар сарын ....-ны өдөр төрсөн хүү Б.Бийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Тын р /регистрийн дугаар: ....  сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулах  хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүй бөгөөд тэтгэлэгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулах болохыг дурьдсугай.             

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  35,869+34,331=70,200 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч Д.Ад олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Бгөөс улсын тэмдэгтийн хураамжид 35,868  төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дах хэсэгт зааснаар эх Д.А, эцэг Т.Б нар нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг даалгасугай.

6.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигчид нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Х.ОЮУНЖАРГАЛ