Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/107

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

          Улсын яллагч: Д.Алимаа,

          Хохирогчийн өмгөөлөгч: Г.Гандөш,

          Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Хонгорзул,

          Шүүгдэгч О.Одбаяр, Н.Баасансүрэн,

          Нарийн бичгийн дарга: А.Батцог нарыг оролцуулан

          Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигон овгийн Олзвойн Одбаяр, Боржигон овгийн Нацагдоржийн Баасансүрэн нарт холбогдох эрүүгийн 2227000000128 тоот хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын  биеийн байцаалт:

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Хашаат сумын 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар, Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 04 сарын 01-ний өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6-т зааснаар 5 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, Боржигон овгийн Олзвойн Одбаяр /РД: АС87031716/,

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, “Сод монгол” шатахуун түгээх газарт түгээгч ажилтай, ам бүл 4, эх, 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1 дүгээр баг Сансар 5-4 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Боржигон овгийн Нацагдоржийн Баасансүрэн /РД: ЙР94093002/,

Холбогдсон хэргийн талаар:      

Шүүгдэгч О.Одбаяр, Н.Баасансүрэн нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой баг Дэнж 34-5 тоотод 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 19 цагийн үед Ж.Түвшинбаярыг үл ялих зүйлээр шалтаглан зодож түүний биед дээд уруулд шарх цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд үүдэн шүдэнд 1-р шүдний булгарал, зүүн дээд үүдэн 2-р шүдний хугарал, зүүн өвдөгний зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдснаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч О.Одбаяр нь шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй гэв.

          Шүүгдэгч Н.Баасансүрэн нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би Ж.Түвшинбаяр гэдэг хүнийг сайн танихгүй. Тухайн өдөр Ж.Түвшинбаяр нь манайд манай нөхрийн найз гээд ирсэн. Ж.Түвшинбаяр нь Ц.Хүрэлбаатартай яваад гаднаас 2 шил архи авч ирсэн. Ж.Түвшинбаяр тухайн өдөр Өгийнуур сумаас ирсэн гэдэг нь худлаа. Э.Туяасайханы ахынд байж байгаад ирсэн. Бид нар архи ууж байхад би нөхөр О.Одбаяртай маргалдсан. Удалгүй манай нөхөр О.Одбаяр унтаад өгсөн. О.Одбаярыг унтаж байхад Э.Туяасайхан бид хоёрыг Ж.Түвшинбаяр янхан, банзал, гичий гэх мэтээр доромжлоод байсан. Ж.Түвшинбаярын хажууд ягаан өнгийн сандал байсан. Ж.Түвшинбаяр тухайн сандлыг над руу авч шидсэн. Ж.Түвшинбаяр над руу архины шил шидэх гэтэл Э.Туяасайхан болиулсан. Би Ж.Түвшинбаярыг сандал шидэхээр нь хажуу тийшээ бултахад сандал хананд ойгоод газарт унасан. Би Ж.Түвшинбаярыг тухайн сандлаар нэг л удаа цохисон. Гэрч нар худлаа мэдүүлэг өгсөн байсан” гэв.        

Хохирогч Ж.Түвшинбаярын мөрдөн байцаалтад өгсөн “...Өчигдөр буюу 2022 оны 08 дугаар сарын 22-ны орой 19 цагийн үед Өгий нуур гэх газраас Өвөрхангай аймгийн Хархорин суманд ирсэн юм. Улаанбаатар хот явах гэж байтал манай найз Хүрэлбаатар дуудсан ба уг газар нь очиход Хүрлээ хүмүүстэй хоол идээд сууж байсан. Намайг орох үед гэрт байсан хүмүүс нэг шил архи уусан гэж хэлж байсан. Хоол идсэний дараа нэг шил Экс 0,75 граммтай архи гэрт байсан Хүрлээ болон гэрийн эзэн Одбаяр түүний эхнэр Бааска, Туяасайхан гэх хүмүүстэй хамт уусан. Тухайн үед Одбаяр унтахаар газар хэвтэж байсан, архи ууж байх үедээ Одбаярын эхнэр Бааска бид 2 юунаас болсон юм мэдэхгүй нэг мэдэхэд маргалдаж байсан. Би Бааска гэх эмэгтэйг айлгах гэж сууж байсан хуванцар сандлыг хана руу шидэхэд Бааска уурлаад над руу дайрч уг сандлаар нүдсэн. Нөхөр нь сэрээд намайг цохиж унагаж дээр дарсан. Уг үйл явдлыг манай найз Хүрэлбаатар, Баярчимэг нар мэдэж байгаа. Одбаяр, Хүрлээ Бааска, Туяасайхан бид нар нийт 3 шил архи уусан юм. Одбаяр Бааска хоёр эхэлж хоорондоо маргалдсан юм. Тухайн үед манай эхнэр хоёулаа эндээс явъя гэж хэлсэн. Би байж бай гэсэн чинь уурлаад гадаа гараад машиндаа ороод суусан. Баасансүрэн намайг нүүр нүдгүй цохисон, дээрээс дараад байсан. Тэгээд эргээд хартал Одбаяр чи муу манай эхнэрийг яаж байгаа юм бэ гээд цохиод авсан, намайг ахиад цохисон, би газар ойчсон. Тэгээд дээрээс нэлээн хэд цохисон, Одбаяр ч цохиод л эхнэр нь ч цохиод л байсан. Надад 7,362,868 төгрөгийн хохирол учирсан энэ баримуудыг хэрэгт хавсаргаж өгсөн. Би хохирол 7,362,868 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6, 87-88-р хуу/,

          Гэрч Б.Баярчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр өгсөн “...Би Өвөрхангай аймгийн Хархорин суманд өөрийн гэр бүлийн хүн болох Түвшинбаярын хамт 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотоос ирсэн юм. Өчигдөр буюу 2022 оны 08 дугаар сарын 22-ны орой 19 цагийн үед хөдөөнөөс Хархорин суманд ирсэн. Нэг айлд очсон, тэр айлд өмнө нь очиж байгаагүй. Манай нөхөр Түвшинбаяр манай найз Хүрлээ энэ айлд байгаа гэж хэлсэн. Гэрт нь ороход айлд Хүрлээ, Бааска, Одко, Туяасайхан гэсэн дөрвөн хүн байсан. Тэнд байсан хүмүүс 0.75 граммын Экс нэртэй архи хувааж уусан. Архи ууж байх явцад Бааска гэх эмэгтэй өөрийн нөхөр Одко гэдэг залуутай хэрэлдэж маргалдсан, тэр үед би гэрээс гараад автомашин дотор нөхрөө хүлээгээд сууж байсан. Хэсэг хугацааны дараа чимээ гараад байхаар нь ортол манай нөхрийг Одко дараад дээр нь суучихсан, түүний эхнэр Бааска нь улаан өнгийн хуванцар сандлаар толгой хэсэг рүү цохиж нүдсэн. Мөн гарт таарсан модон сандал, усны сав зэргийг Түвшинбаяр руу шидэж хөл гараараа өшиглөсөн. Тухайн үед манай нөхөр Түвшинбаяр би эмэгтэй хүнд гар хүрэхгүй, чи хол бай чамайг хаана ч цохих билээ гэж хэлж байсан. Үйл явдал болоход Хүрлээ, Туяасайхан нар байсан ба болсон үйл явдлыг маш сайн мэдэж байгаа. Хэрүүл маргаан, зодоон болсны дараа Түвшинбаярыг Хархорин сумын нэгдсэн эмнэлэгт очиж үзүүлсэн эмч, эмнэлгийн ажилтан үзээд нийт арван хоёр оёдол тавьж өвчин намдаах эм тариа хийсэн. Дараа нь цагдаагийн байгууллагад хандсан тухайн үед Одко, Бааска, Хүрлээ нар бүгд л ирсэн, болсон зүйлийн талаар хэлж байсан. Ямар учраас манай нөхрийг Бааска зодож цохисон талаар мэдэх зүйл байхгүй байна. Түвшинбаярыг Бааска гэх эмэгтэй нөхөр Одко намайг гэрт нь байхад дээр нь дарчихсан нүүр болон нуруу хэрэг рүү гараараа цохиж байсан. Тэр Бааска гэх эмэгтэй үнэхээр агсам эмэгтэй байна лээ над руу болон Хүрлээ гэх манай нөхрийн найз руу сандал шидсэн. Миний бие одоогоор учирсан гэмтэл байхгүй, харин манай нөхрийн биед халдаж эрүүл мэнд, гоо сайханд нь гэмтэл учруулсан явдалд гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9-р хуу/,

          Гэрч Ц.Хүрэлбаатарын мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 13 цагийн үед Одбаяр гэрт очсон. Намайг очих үед Туяасайхан, Одбаяр түүний эхнэр Бааска тэр 3 байсан өөр хүн байгаагүй. Түвшинбаяр 2022 оны 08 дугаар сарын 22-ны орой 19 цагийн орчимд над руу залгаж хаана байгаа талаар асуусан тэгэхээр нь Одбаяр гэрт байна гэж хэлэхэд удаагүй ирсэн. Түвшинбаяр эхнэртэйгээ цуг ирсэн эхнэрийнх нь нэрийг мэдэхгүй. Түвшинбаярыг ирэхээс өмнө Одбаяр бид 2 0,75 граммын экс нэртэй архи уучихсан байсан. Харин Одбаярын гэрт байсан Бааска болон Туяасайхан нар архи уугаагүй эрүүл байсан. Түвшинбаяр эхнэрийн хамт ирэхэд хоол хийгээд идэж байсан. Түвшинбаярыг ирэхээр нь нэмж гарднаас 2 шил 0,75 граммын экс нэртэй архи авсан түүнийг ууж байхад Одбаяр эхнэртэйгээ маргалдсан. Одбаяр хэсэг унтсан тэр үеэр Бааска, Түвшинбаяр хоёр маргалдсан Түвшинбаяр уурлаж гэрт байсан түшлэгтэй хуванцар сандал хан руу шидсэн. Түвшинбаяр Бааска хоёрыг маргалдаж байхад Одбаяр босож ирээд манай эхнэрийг яаж байна гэж хэлээд Түвшинбаярын нүүр хэсэг рүү 2 удаа гараараа цохисон. Түвшинбаяр Одбаяр хоёрыг ноцолдож байхад Одбаярын эхнэр Бааска гэх эмэгтэй Түвшинбаярыг хуванцар сандлаар цохисон. Түвшинбаярын шидсэн сандал нь хагарчихсан байсан. Түүний хэлтэрхийгээр Бааска Түвшинбаярыг цохиж биед нь гэмтэл учруулсан тэгээд нүүр хэсгээс нь цус гарсан. Эмнэлэгт очиж оёдол тавиулсан. Дараа нь цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн цаг үед Туяасайхан Бааска гэх эмэгтэйн хажууд сууж байсан. Түвшинбаярын эхнэр байгаагүй маргаан үүсэх үед орж ирсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-р хуу/,

Гэрч Э.Туяасайханы мөрдөн байцаалтад өгсөн “...2022 оны 08 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Одбаяр, Баасансүрэн, Хүрэлбаатар бид 4 байсан. Түвшинбаяр утсаар яриад эхнэр Баярмаагийн хамт ирсэн. Би хоол хийсэн байсан хоол идчихээд Түвшинбаяр гараад явсан удалгүй буцаад орж ирсэн ирэхдээ 2 шил архитай 4 лааз пивтой орж ирсэн. Нэг архи ууж дуусаад хоёрдох архи ууж эхэлж байгаад хоорондоо маргалдаж хэрэлдэж байгаад зодоон болсон юм. Эхлээд Түвшинбаяр архины шил авч Баасансүрэн рүү шидэх гэхээр нь би тэрийг нь авсан тэгээд нэг хуванцар сандал Баасансүрэн рүү авч шидсэн хажуугаар нь гараад хана цохиод сандлын нь хөл хугарсан. Чимээ шуугианд Одбаяр босож ирээд Түвшинбаярыг миний хайрыг яаж байгаа юм бэ гээд хүзүүдээд дараад ойчсон тэгсэн чинь Баярмаа хөл нь хугарсан сандлаар Түвшинбаярыг цохиод л байсан. Тухайн үед Баярмаа машиндаа сууж байсан би гэрээс дуудаад буцаж орж ирэх үед цус нөж болсон, шүд уначихлаа гээд байж байсан юм. Тухайн үйл явдал Хархорин сумын Эрдэнэ толгой баг Дэнж 34-5 тоотод байрлах манай гэрт болж байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 103-104-р хуу/,

          Монгол Улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн №11687 дугаартай дүгнэлтэд “1. Ж.Түвшинбаярын биед дээд урууланд шарх цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд үүдэн 1-р шүдний булгарал, зүүн дээд үүдэн 2-р шүдний хугарал, зүүн өвдөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Нэг шүдний булгаралт нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонгид 5% алдагдуулна. 5. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн 11687 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 13-14-р хуу/,

          Шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 20, 52-р хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч О.Одбаярын хувийн байдлын талаарх нотлох баримтууд /хх-ийн 27-29-р хуу/,

          Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 40-44 дүгээр хуудас/,

          Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 45-50 дугаар хуу/,

          Шүүгдэгч Н.Баасансүрэнгийн хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 56-58-р хуу/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

          Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч О.Одбаяр, Н.Баасансүрэн нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.

          Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

        Шүүгдэгч О.Одбаяр, Н.Баасансүрэн нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой баг Дэнж 34-5 тоотод 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 19 цагийн үед Ж.Түвшинбаярыг үл ялих зүйлээр шалтаглан зодож түүний биед дээд уруулд шарх цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд үүдэн шүдэнд 1-р шүдний булгарал, зүүн дээд үүдэн 2-р шүдний хугарал, зүүн өвдөгний зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч Ж.Түвшинбаяр, гэрч Б.Баярчимэг, Ц.Хүрэлбаатар, Э.Туяасайхан нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /6, 87-88, 8-9, 11, 103-104-р хуу/, Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 11687 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 13-14-р хуу/, шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 20, 52-р хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна

          Шүүгдэгч О.Одбаяр, Н.Баасансүрэн нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

          Шүүгдэгч О.Одбаяр, Н.Баасансүрэн нар нь хохирогч Ж.Түвшинбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй,

          Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон.

          Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна. Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.Түвшинбаярын биед хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

          Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокуророос шүүгдэгч О.Одбаяр, Н.Баасансүрэн нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч нарын гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй байна. 

          Иймд шүүгдэгч О.Одбаяр, Н.Баасансүрэн нарыг энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

          Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

          Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд,

           мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилжээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-д зааснаар хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаарх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй.       

          Энэ эрхийнхээ дагуу хохирогч Ж.Түвшинбаярын өмгөөлөгч шүүх хуралдаанд “...хэрэгт баримтаар гаргаж өгсөн эмчилгээний зардалтай холбоотой 609,612 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нараас гаргуулж өгнө үү. Мөн “Саммит финанс” эмнэлэгт шүдэндээ эмчилгээ хийлгэх 6,810,000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулж өгнө үү...” гэж хүсэлт гаргасан ба шүүгдэгч нар шүүх хуралдаанд хохиролд 1 үхэр өгсөн гэж тайлбарладаг тул хэрэгт нотлох баримтаар авагдсан 609,612 төгрөгийг хохирогч Ж.Түвшинбаярт шүүгдэгч нар нь төлсөн байна гэж шүүх үзлээ.

           Харин хохирогчийн нэхэмжилсэн 6,810,000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Ж.Түвшинбаяр нь энэ гэмт хэргийн улмаас цаашид учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргах эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

          Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Шүүхээс шүүгдэгч О.Одбаяр, Н.Баасансүрэн нарыг энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

          Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “...шүүгдэгч О.Одбаяр, Н.Баасансүрэн  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын саналтай...” гэсэн дүгнэлтийг,

          Шүүгдэгчийн өмгөөлөгч “...шүүгдэгч О.Одбаяр, Н.Баасансүрэн  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

          Шүүгдэгч О.Одбаяр, Н.Баасансүрэн нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарт торгуулийн ял оногдуулах нь зүйтэй байна. 

          Шүүгдэгч О.Одбаяр, Н.Баасансүрэн нарт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Одбаяр, Н.Баасансүрэн нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдаж,

          Шүүгдэгч О.Одбаяр, Н.Баасансүрэн нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгч нарын баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Одбаяр, Н.Баасансүрэн нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Одбаяр, Н.Баасансүрэн нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.                                                             

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Боржигон овгийн Олзвойн Одбаяр, Боржигон овгийн Нацагдоржийн Баасансүрэн нарыг энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

          2. Шүүгдэгч Боржигон овгийн Олзвойн Одбаяр, Боржигон овгийн Нацагдоржийн Баасансүрэн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Одбаяр, Н.Баасансүрэн нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.

          4. Шүүгдэгч О.Одбаяр, Н.Баасансүрэн нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгч нарын баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай

          5. Хохирогч Ж.Түвшинбаяр нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргах эрхийг нээлттэй үлдээсүгэй.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Одбаяр, Н.Баасансүрэн нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Одбаяр, Н.Баасансүрэн нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ЭНХ-АМГАЛАН