Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 136/ШШ2019/00091

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, Айраг сум, 4 дүгээр баг, Замчдын гудамж, 22-р байрны 22 тоотод оршин суух, эмэгтэй, 30 настай, Бурдууд овогт Болоожийн Төрсайхан /РД: ОТ 89020463/-ны нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Дорноговь аймаг, Айраг сум, 4 дүгээр баг, Уурхайчин гудамж, 6-р гудамжны 10 тоотод оршин суух, эрэгтэй, 32 настай, Боржигон овогт Дамдинсүрэнгийн Гансүрэн /РД: ЕА 86062711/-д холбогдох 

Эцэг болон хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Төрсайхан, хариуцагч Д.Гансүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золбоо нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Төрсайхан нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

2015 оноос хойш Д.Гансүрэнтэй хамтран амьдрах болсон. Бид хамтран амьдрах хугацаандаа 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүү Т.Бат-Эрдэнэ, 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүү Т.Болд-Эрдэнэ нар төрсөн. Тухайн үеэс хойш хүүхдүүд маань миний асрамжид амьдарч байна. Одоо тэрээр Д.Гансүрэн өөр хүнтэй буюу өмнөх эхнэр хүүхэдтэйгээ амьдардаг. Хариуцагчийн ээж, эхнэр 2 нь удаа дараа ирж намайг доромжилдог болсон. Иймд хүүхдүүд болох Т.Бат-Эрдэнэ, Т.Болд-Эрдэнэ нарын эцэг мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.  

 

 

Хариуцагч Д.Гансүрэн нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие том хүү Бат-Эрдэнэ, бага хүү Болд-Эрдэнэ нарыг өөрийн хүүхэд гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг төлөхөөс татгалзах зүйлгүй гэв. 

 

Шүүх хуралдаанд гаргасан зохигчийн тайлбар болон хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судлаад                        

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Төрсайхан нь хариуцагч Д.Гансүрэнд холбогдуулж хүү Т.Бат-Эрдэнэ, Т.Болд-Эрдэнэ нарын эцгээр тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Төрсайхан, хариуцагч Д.Гансүрэн нар нь 2016 оноос 2018 оныг дуустал хамтран амьдрах хугацаандаа 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүү Т.Бат-Эрдэнэ /3 нас, 10 сар, 7 хоногтой/, 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүү Т.Болд-Эрдэнэ /1 нас, 8 сар, 6 хоногтой/, нар төрсөн болох нь төрсний гэрчилгээний нотариатчаар баталгаажуулсан хуулбар /хх-8, 9/, Дорноговь аймгийн Айрагс сумын 4 дүгээр багийн Засаг дарга Ц.анхбаярын 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тодорхойлолт /хх-6/, мөн тус сумын эрүүл мэндийн төвийн эмч Х.Байгалмаагийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн тодорхойлолт /хх-4, 5/, мөн цэцэрлэгийн эрхлэгч Н.Лхагвадэлгэрийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 06 тоот албан бичиг /хх-2/, болон нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Зохигч нар 2016 оноос 2018 оныг дуустал хамтран амьдарсан, энэ хугацаандаа хүү Т.Бат-Эрдэнэ, Т.Болд-Эрдэнэ нар төрсөн, эр, эмийн харилцаатай байсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан “бид эр, эмийн харилцаатай байсан, хүүхдүүд бидний дундаас гарсан, миний хүүхэд мөн” гэх тайлбараар нотлогдон тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 23-р зүйлийн 23.2-т зааснаар хариуцагч Д.Гансүрэнг Т.Бат-Эрдэнэ, Т.Болд-Эрдэнэ нарын эцгээр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй. 

Гэр бүлийн тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хүү Т.Бат-Эрдэнэ, Т.Болд-Эрдэнэ нарт тэтгэлэг тогтоож, эцэг Д.Гансүрэнгээр тэжээн тэтгүүлэх, 

-мөн хуулийн 38-р зүйлийн 38.5-д “Тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулна.” гэж зохицуулсан байх тул тэтгэлэгийг зориулалтын дагуу, гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.Төрсайханд даалгаж, 

-Тэтгэлэгийн хэлбэр, хугацааг гэрлэгчид тохиролцоогүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1., 41.2-д зааснаар мөнгөн хэлбэрээр, сар бүр тэтээж тэтгүүлэхээр шийдвэрлэв. 

Хүү Т.Бат-Эрдэнэ, Т.Болд-Эрдэнэ нар нь эх Б.Төрсайханы асрамжид Дорноговь аймгийн Айраг суманд оршин суудаг, хүмүүждэг ба Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 “... асуудлыг шүүх шийдвэрлэнэ.”-д зааснаар асрамжийн талаар шаардлага гаргаагүй хэдий ч хүү Т.Бат-Эрдэнэ, Т.Болд-Эрдэнэ нарыг эх Б.Төрсайханы асрамжид хэвээр үлдээв.

Тэтгэлэгийн хэмжээ нь, хүү Т.Бат-Эрдэнэ, Т.Болд-Эрдэнэ нар нь Дорноговь аймгийн Айраг суманд оршин суудаг байх ба төвийн бүсийн хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээ 2019 оны 3 дугаар сарын байдлаар /187,100/-аар 50 хувь нь 93,550 төгрөг байна.  

Хүү Т.Бат-Эрдэнэ, Т.Болд-Эрдэнэ нартай эцэг Д.Гансүрэнг хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд байнгын харилцаатай байлгах, уулзуулах, хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэх, адил үүрэг хүлээлгэх, өсөн бойжиход хувь нэмэр оруулах боломжоор хангаж байх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл эцгээс хүүхэдтэй харилцах харилцаа, эрх үүрэг тэгш хэвээр үргэлжилдэг болно.  

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагад улсын тэмдэгтийн хураамжийн үнийн дүнг тодорхойлохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасны дагуу тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлд нэг жил /187,100/50%=93,550*12=1,122,600-650,000=472,600*2.4%=11,342 +20,150=31,492*2=62,984/-ийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон 62,984 төгрөг хариуцагчаас гаргуулж улсын орлогод оруулах,  

нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Гансүрэнгээс 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор тус тус тогтов. 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, мөн хуулийн 116, 118 зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар Б овогт Д.Г-г хүү Б овогт Т.Б, Б овогт Т.Б нарын эцгээр тогтоосугай.

 2. Зохигч хүү Т.Б, Т.Б нарын асрамжийн талаар маргаагүй болохыг дурдаж, хүү Б овогт Т.Б, Б овогт Т.Б нарыг эх Б овогт Б.Т-ы асрамжид үлдээсүгэй.

 3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т зааснаар хүү Т.Б, Т.Б нарт тэтгэлэг тогтоож, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2-т зааснаар “11 нас хүртэлх насны хүүхдэд 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр” сар бүр эцэг Б овогт Д.Г-ээр тэжээн тэтгүүлсүгэй. 

4. Гэр бүлийн тухай хуулийн 38-р зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлэгийг зориулалтын дагуу, гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.Т-нд даалгасугай. 

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 

-хариуцагч Д.Г-ээс 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Т-нд олгож, хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 62,984 төгрөг гаргуулж улсын орлого /Төрийн банк 100060000957/-д оруулсугай.  

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг тогтоосон шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Ц.Чинбаярт даалгасугай. 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс хойш 7-21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай. 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар Зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

   

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          В.АМАРТҮВШИН