Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 136/ШШ2019/00092

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, Сайншанд сум, 3 дугаар баг, Мааньзав гудамжны 339 дүгээр байрны 6 тоотод түр оршин суух, эмэгтэй, 29 настай, Бор овогт Балжиннямын Алдармаа /РД: ЕБ 90032202/-гийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Дорноговь аймаг, Сайншанд сум, 3 дугаар баг, Мааньзав гудамж, 6-125 тоотод оршин суух, эрэгтэй, 28 настай, Дунд баян овогт Энхтайваны Батбаяр /РД: ЕБ 90062016/-т холбогдох 

Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Алдармаа, хариуцагч Э.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золбоо нар оролцов. 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Алдармаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Б.Алдармаа миний бие 2009 онд танилцаад 2010 онд 2 дахь охин Амин-Эрдэнэ гарсан. 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Бид гэр бүл болсноос хойш байнга хэрүүл маргаан хийж том охиныг минь гардуурхах, архи ууж агсан согтуу тавьж, хардаж, хэл амаар байнга доромжлох асуудлууд гардаг тул гэр бүл байх боломжгүй болсон. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв. 

 

Хариуцагч Э.Батбаяр нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Бидний хооронд хүүхдийн асрамж болон хүүхдийн тэтгэлэг, мөн эд хөрөнгийн талаар маргаангүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв. 

 

Шүүх хуралдаанд гаргасан зохигчийн тайлбар болон хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судлаад                        

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Алдармаа нь хариуцагч Э.Батбаярт холбогдуулж гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Гэрлэгчид эвлэрүүлэх зуучлагчид 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хандсан боловч гэрлэгчдийн хэн аль нь цаашид хамтран амьдрах боломжгүй тул эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа үр дүнд хүрээгүй дуусгавар болсон байна.

 

Нэхэмжлэгч Б.Алдармаа, хариуцагч Э.Батбаяр нар нь 2009 оны 5 дугаар сарын 10-ны өдөр гэр болсныг 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 4401000045 дугаарт бүртгүүлж гэрлэлтээ баталгаажуулсан, хамтран амьдрах хугацаандаа 2010 оны 5 дугаар сарын 08-ны өдөр охин Б.Амин-Эрдэнэ /8 нас, 3 сар 24 хоногтой/ төрсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар болон төрсний гэрчилгээний нотариатчаар баталгаажуулсан хуулбар /хх-7/, “Мишээлт мана” өрхийн эрүүл мэндийн төвийн эмч А.Оюунтуяагийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн тодорхойлолт /хх-7/, Сайншанд сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн сургалтын менежер Ц.Оюунчимэгийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн тодорхойлолт /хх-5/, Сайншанд сумын 3 дугаар багийн ажлын албаны 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2/4271 тоот албан бичиг /хх-4/, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдон тогтоогдож байна. 

 

Гэрлэгчид байнга хэрүүл маргаан хийж, архи ууж агсан согтуу тавьж, хардаж, хэл амаар байнга доромжилдог асуудлууд нь гэрлэлт цуцлуулах шалтгаан болсон нь тогтоогдож байх ба гэрлэгчдийн хэн хэн нь гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар харилцан тохиролцсон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4, 132.6-д зааснаар гэрлэлтийг цуцлаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б.Алдармаа нь Иргэний хуулийн 17 дугаар зүйл 17.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар иргэний эрх зүйн зарим чадамжтай охин Б.Амин-Эрдэнийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг төлөөлөх хууль ёсны төлөөлөгч /хх-7/, ба Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5., 14.6.,  мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т зааснаар охин Б.Амин-Эрдэнийг төлөөлөн хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох эрхтэй боловч энэ талаар болон хүүхдийн асрамжийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, тохиролцоогүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д зааснаар охин Б.Амин-Эрдэнийг эцэг Э.Батбаярын асрамжид хэвээр үлдээхээр тогтов. 

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70,200 төгрөгийг хариуцагч Э.Батбаяраас гаргуулж нэхэмжлэгч Б.Алдармаад буцаан олгох нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, мөн хуулийн 116, 118, мөн хуулийн 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Б овогт Б.А, Д овогт Э-ны Б нарын гэрлэлтийг цуцласугай.   

 

 2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д зааснаар гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгө, хүүхдийн асрамж болон тэтгэлэгийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдаж, охин Б.А-ийг эцэг Д овогт Э.Б-ын асрамжид үлдээсүгэй.   

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Б-аас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.А-д олгосугай.  

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шүүх гэрлэлт цуцласан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Ц.Чинбаярт даалгасугай. 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс хойш 7-21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай. 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар Зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                В.АМАРТҮВШИН