| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2022/00108/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/112 |
| Огноо | 2022-11-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 2022/ШЦТ/112
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга: Н.Ням,
Улсын яллагч: Д.Алимаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,
Шүүгдэгч: С.Сувдбаяр нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Чандман овгийн Самданцоодолын Сувдбаярт холбогдох эрүүгийн 22270001940140 тоот хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг /барилгын материал зардаг/, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган Орхон баг Эрдэнэзуугийн гудамж 1-78 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Чандман овгийн Самданцоодолын Сувдбаяр, регистрийн дугаар:ЙР84041599
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Сувдбаяр нь 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын 2 дугаар баг Эрдэнэзуугийн гудамж 1-78 тоотод өөрийн эхнэр Х.Энхтуяаг тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас дух хэсэгт нь нэг удаа гараараа цохиж хөмсөгний гол хэсэгт нь няцарсан шарх гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдснаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Шүүгдэгч С.Сувдбаяр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч Х.Энхтуяа мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гэртээ хүүхдүүдтэйгээ байж байсан чинь манай нөхөр гаднаас их согтуу орж ирсэн тэгэхээр нь би уурлаад хоорондоо маргалдсан. Найзуудтайгаа нийлээд тухайн өдөр 200.000 төгрөгөөр архи согтууруулах ундаа авч уусан байхаар нь миний уур их хүрсэн. Тэгээд маргалдаж байх үед миний дух хэсэг рүү бөгжтэй гараараа нэг удаа цохисон чинь духны гол хэсэгт 2 см орчим зүсэгдэж цус гарсан. Тэгэхээр нь миний уур хүрээд цагдаад дуудлага өгсөн. Ийм л зүйл болсон.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 3-5 дугаар хуудас/,
Гэрч Х.Найдандорж мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн өдөр би хэв журмын оройн эргүүлийн үүргийг гүйцэтгэж байсан. ...би Тэмүүжинийг гадна талд Сувдбаяртай үлдээгээд би дотогш орж үзсэн чинь 2 давхарт хохирогч Х.Энхтуяа гэх эмэгтэй нүүрний дух хэсэгт гэмтэл авсан байдалтай байсан. Х.Энхтуяагаас юу болсон талаар асуухад “манай нөхөр хоёр найзтайгаа архи уугаад орж ирсэн учраас бид хоёр маргалдаж байх үед миний дух хэсэг рүү манай нөхөр бөгжтэй гараараа нэг удаа санаатай цохисон гэж хэлсэн. ... өмнө нь зодож цохиж хүчирхийлэл үйлдэж байгаагүй гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,
Гэрч Г.Норлохсүрэн мөрдөн байцаалтад өгсөн: “...Сувдбаяр бараг архи дарс хэрэглэж байна гэж сонсогдож байгаагүй миний дэргэд ч бараг архи уусан байгааг нь харж байгаагүй. Агсам согтуу тавьж байна гэж л би энэ олон жилийн хугацаанд сонсож байгаагүй юм байна. Би гэрт нь очиж Энхтуяатай уулзаж амьдрал ахуй нь ямар байгаа талаар хамаатан садны холбоотой хүмүүс бие биетэйгээ нууж хаалгүй ярилцдаг. Өмнө нь Энхтуяа гэр бүлийн ямар нэгэн асуудалд орж байгаагүй хүчирхийлэлд өртөж зодуулж цохиулж байсан удаа байхгүй гэж бодож байна. Энхтуяа энэ удаад болсон асуудлын талаар надад шууд л утсаар залгаж хэлэх үед нь мэдсэн тухайн асуудал нь Сувдбаяр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэнтэй холбоотой л гэж бодож байна. Архи согтууруулах ундааны зүйл бараг хэрэглэдэггүй хүн ухаан санаа нь самуурч уурлаж уцаарласан л юм болсон гэж сонссон. Сувдбаяр нь даруу төлөв зан харилцаа гайгүй залуу байгаа юм. Би Энхтуяа, Сувдбаяр хоёртой уулзаж ярилцах үед хоорондоо эвтэй байгаа талаар ярилцаж байсан. Сувдбаяр өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж одоо архи дарс уухгүй гэж ярьж байсан. Энхтуяагаас би тусдаа уулзаж байгаад ахиж зодож цохисон өмнө нь ингэж байсан эсэх талаар сайтар асууж үзэхэд одоо хэвийн байгаа өмнө нь ийм асуудал болж байгаагүй сая л нэг удаа архинаас болоод ийм зүйл болсон одоо амьдрал нь хэвийн байгаа гэж хэлж байсан. Хоёр сайхан хүүхэдтэй хүмүүс цаашдаа амьдралдаа ахиж ийм асуудал гаргахгүй байх гэж бодож байна…” гэсэн мэдүүлэг / хх-ийн 66 дугаар хуудас/,
Шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №14127 дугаартай дүгнэлтэд: “1. Х.Энхтуяагийн бие хөмсөгний голд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой... 5.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 6-7 дугаар хуудас/,
Хохирогч Х.Энхтуяагийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар гаргасан хүсэлт /хх-ийн 174 дүгээр хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 21 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх 26-51 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч С.Сувдбаярт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч С.Сувдбаяр нь 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын 2 дугаар баг Эрдэнэзуугийн гудамж 1-78 тоотод өөрийн эхнэр Х.Энхтуяаг тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас дух хэсэгт нь нэг удаа гараараа цохиж хөмсөгний гол хэсэгт нь няцарсан шарх гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч Х.Энхтуяагийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 3-5 дугаар хуудас/, гэрч Х.Найдандорж, Г.Норлохсүрэн нарын мэдүүлэг / хх-ийн 11, 66 дугаар хуудас/, шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №14127 дугаартай дүгнэлтэд: “1. Х.Энхтуяагийн бие хөмсөгний голд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой... 5.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 6-7 дугаар хуудас/, хохирогч Х.Энхтуяагийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар гаргасан хүсэлт /хх-ийн 174 дүгээр хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 21 дүгээр хуудас/, Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх 26-51 дүгээр хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Сувдбаярын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Шүүгдэгч С.Сувдбаяр нь хохирогч Х.Энхтуяагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй,
Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзлээ.
Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна. Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Энхтуяагийн биед хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокуророос шүүгдэгч С.Сувдбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч С.Сувдбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Хохирогч Х.Энхтуяа нь хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч С.Сувдбаярыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч С.Сувдбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “...шүүгдэгч Б.Золжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт .. шүүгдэгч Б.Золжаргал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа зөвшөөрч байгаа. Хэргийн зүйлчлэл дээр улсын яллагчтай маргах зүйл байхгүй...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасныг дурдав.
Шүүгдэгч С.Сувдбаярын гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид торгуулийн ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Сувдбаярын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.Сувдбаяр нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдаж,
шүүгдэгч С.Сувдбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүйг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Сувдбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Сувдбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Чандман овгийн Самданцоодолын Сувдбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Чандман овгийн Самданцоодолын Сувдбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сувдбаяр нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.
4. Шүүгдэгч С.Сувдбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүйг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Сувдбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Сувдбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН