Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 136/ШШ2019/00129

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, Мандах сум, 2 дугаар багт оршин суух, Сайншанд сумын 1 дүгээр баг, Данзанваанчиг 7 дугаар гудамжны 9 тоотод түр оршин суух, эмэгтэй, 45 настай, Буянт овогт Уртнасангийн Бадралмаа /РД: ЕЕ 75041700/-гийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Дорноговь аймаг, Мандах сум, 2 дугаар багт оршин суух, эрэгтэй, 54 настай, Ашиг хорго овогт Баттулгын Баярмагнай /РД: ЕЕ 65090311/-д холбогдох 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч У.Бадралмаа, хариуцагч Б.Баярмагнай, түүний хэлмэрч Б.Үйжин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бүжмаа нар оролцов. 

 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч У.Бадралмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Миний бие 1992 онд Б.Баярмагнайтай танилцан 1993 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 тоот бүртгэлээр гэр бүл болсон. Биднийг гэр бүл байх хугацаанд 26 настай 1993 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр том хүү Б.Бадамгарав, 16 настай 2002 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүү Б.Чойжамц, 11 настай 2007 оны 6 дугаар сарын 18-ны өдөр охин Б.Цэрэннадмид нар төрсөн. Манай нөхөр ...сүүлийн 4 жил их дарамталж, хөөж туудаг, эд юмаа харамладаг, унтуулж хэвтүүлэхгүй чимхэн хөөж хөшиглөж ... яв чи, сайнаа үзэхгүй гэж хөөдөг болсон. Би 2016 оны 6 сард охиноо аваад ирсэн боловч миний төрсөн эмэгтэй дүү Отгончулуун худал хэлж аймагт 2 хонуулаад аваад явсан. Би тусдаа амьдраад 2 жил гаруй болж байна. Иймээс бид цаашид гэр бүл байх боломжгүй тул гэрлэлтийг цуцалж, охин Цэрэннадмидийг миний асрамжид үлдээж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв. 

 

Хариуцагч Б.Баярмагнай нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч У.Бадралмаа нь 3 жилийн өмнө намайг хөдөө малаа маллаж байхад Ц.Төмөрбаатар гэдэг хүнтэй суугаад Сайншанд сум явсан. Одоо Сайншанд суманд амьдарч байна. Бадралмаагаас гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна, харин охин Цэрэннадмидыг өөр дээрээ авч өсгөж хүмүүжүүлэх хүсэлтэй байна.

Учир нь би охин хүүхдийг хойд эцгийн гар харуулмааргүй байна. Хамтран амьдрагч Төмөрбаатар нь Бадралмааг зодож нэг бус удаа цагдаад очсон байдаг. Би охиныхоо ирээдүйг бодож өөр дээрээ авах хүсэлтэй байна. Охин ч өөрөө надтай хамт амьдрахыг хүссэн байна. Би 3 хүүхдээ ээжийнх нь асрамжид өгөхгүй, Бадралмаагийн хамтран амьдрагч нь архи уухаараа эхнэр охин хоёрыг зоддог. Би охиноо өгч хойд эцэгт нь зодуулахгүй гэв. 

 

Шүүх хуралдаанд гаргасан зохигчийн тайлбар болон хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судлаад                        

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч У.Бадралмаа нь хариуцагч Б.Баярмагнайд холбогдуулж гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Б.Баярмагнай нь сонсголгүй, дохионы хэл, тусгай тэмдэгт мэддэггүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т зааснаар Б.Үйжинг түүний хэлчмэрчээр оролцуулж хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Харин бичгээр ойлгоно, амаараа буюу эх хэлээрээ ярьж, мэдүүлэг, тайлбар өгч байсныг дурдана. 

 

Гэрлэгчид эвлэрүүлэх зуучлагчид 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хандсан боловч эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа үр дүнд хүрээгүй дуусгавар болсон байна.

 

Нэхэмжлэгч У.Бадралмаа, хариуцагч Б.Баярмагнай нар нь 1993 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гэр бүл болсныг 1993 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлж гэрлэлтээ баталгаажуулсан, хамтран амьдрах хугацаанд 1993 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүү Б.Бадамгарав /26 нас, 4 сар, 4 хоногтой/, 2002 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүү Б.Чойжамц /16 нас, 7 сар, 10 хоногтой/, 2007 оны 6 дугаар сарын 18-ны өдөр охин Б.Цэрэннадмид /11 нас, 11 сар 3 хоногтой/ нар төрсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар болон төрсний гэрчилгээний нотариатчаар баталгаажуулсан хуулбар /хх-5/, Дорноговь аймгийн Мандах сумын Эрүүл мэндийн төвийн дарга Э.Чулуунцэцэгийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн тодорхойлолт /хх-4/, мөн сумын Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер С.Төгсжаргалын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн тодорхойлолт /хх-3/, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдон тогтоогдож байна. 

 

Гэрлэгчид 2016 оны 6 дугаар сараас хойш тус тусдаа амьдарсан ба нэхэмжлэгч У.Бадралмаа хамтран амьдрагчтай, сэтгэл санаа, зан төлөв таарамжгүй зэрэг гэрлэлт цуцлуулах шалтгаан тогтоогдох ба гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч хүлээн зөвшөөрсөн, сайн дурын үндсэн дээр, өөрийн хүсэл зоригийн хүрээнд шийдвэрлэсэн  байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4, 132.6-д зааснаар гэрлэлтийг цуцлаж шийдвэрлэв.

 

  Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 17 дугаар зүйл 17.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар иргэний эрх зүйн зарим чадамжтай охин Б.Цэрэннадмидын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг төлөөлөх хууль ёсны төлөөлөгч /хх-5/ байх ба Гэр бүлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т зааснаар түүнийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4., 4.5. “...хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална. Хүүхдийг гэр бүлийн дотор эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, хөгжүүлэх, түүний эрх, ашиг сонирхлыг нь нэн тэргүүнд хамгаалахыг эрхэмлэнэ.”-д гэж заажээ.   

 

Гэрчлэгчид Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно.”-д зааснаар харилцан тохиролцоогүй байна.

 

Охин Б.Цэрэннадмид нь эцэг Б.Баярмагнайгийн асрамжид хүмүүждэг ба Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, “...тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, ... асуудлыг шүүх шийдвэрлэнэ.”-д гэж, 

мөн хуулийн 14.7 “Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ.”-д гэж зааснаар охин Б.Цэрэннадмидийн “... Аавтайгаа хамт амьдармаар байна/ гэх санал /хх-24/, 

-мөн Дорноговь аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн шинжээчийн дүгнэлт зэргийг харгалзан үнэлэхийн сацуу хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, орчин ахуй нөхцөл, ирээдүй, сурч хүмүүжих, айх айдасгүй сэргэлэн цовоо өсөх боломж, эцэгтэйгээ ээнэгшин дассан байдлыг анхаарч, хайр энхрийлэл, халамж анхаарлаа хандуулах нөхцөл, сургуульд хүмүүжих бололцоо, хүүхдийн эрх ашиг сонирхол зэргийг харьцуулан үзсэнээр охин Б.Цэрэннадмидыг эцэг Б.Баярмагнайгийн асрамжид үлдээж шийдвэрлэв.

 

Хариуцагч Б.Баярмагнай нь охин Б.Цэрэннадмидыг эх У.Бадралмаатай хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд байнгын харилцаатай байлгах, уулзуулах, хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэх, адил үүрэг хүлээлгэх, өсөн бойжиход хувь нэмэр оруулах боломжоор хангаж байх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл эхээс хүүхэдтэй харилцах харилцаа, эрх үүрэг хэвээр үргэлжилдэг болно.  

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 “хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй.” гэж заажээ

 

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч У.Бадралмаагийн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баярмагнайгаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч У.Бадралмаад олгох нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., мөн хуулийн 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

   1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Б овогт У.Б, А овогт Б.Баярмагнай нарын гэрлэлтийг цуцласугай.   

 

    2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6., 14.7-д зааснаар охин А овогт Б.Ц-ийг А,Б.Б-ийн асрамжид үлдээсүгэй. 

 

    3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч У.Б-гийн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-гаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч У.Б-д олгосугай. 

 

  4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг болохыг дурдсугай.

 

  5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шүүх гэрлэлт цуцласан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Ц.Чинбаярт даалгасугай. 

 

  6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч нь уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай. 

   7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг мэдэгдсүгэй. 

 

   

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                В.АМАРТҮВШИН