Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/117

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж, 

Нарийн бичгийн дарга: Н.Ням,

Улсын яллагч: Д.Алимаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш,

Шүүгдэгч Ц.Цэрэнпүрэв нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Зоригт овгийн Цээтаяагийн Цэрэнпүрэвт холбогдох эрүүгийн 2227001420142 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, Өвөрхангай аймгийн Хужирт сумын 6 дугаар баг Өвөр эрэг гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Зоригт овгийн Цээтаяагийн Цэрэнпүрэв /РД: ЙС87123117/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Цэрэнпүрэв нь 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 08 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хужирт сумын 6 дугаар багийн нутаг Өвөр эргийн даваа гэх газар 68-20 ӨВА улсын дугаартай “Портер” загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмж хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч А.Солонгын амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

            Шүүгдэгч Ц.Цэрэнпүрэв шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг өгөхгүй гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Алтангэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн “...022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр манай эмээгийн талын хамаатан болох Ц.Цэрэнпүрэвийнх нутгийн хоёр гурван айлтайгаа нийлж Өвөрхангай аймгийн Хужирт сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Дулаан уулын Сант хайрхныг тахиж наадам зохион байгуулах байсан юм. Тэгээд тус тахилгад наадамд манай машинаар буюу 68-20 ӨВА улсын дугаартай цагаан өнгийн Портер маркийн тээврийн хэрэгслээр ойр зуурын идээ ундаагаа зөөвөрлөхөөр болоод 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 08 цагийн орчим эхний машин буюу манай 68-20 ӨВА улсын дугаартай цагаан өнгийн Портер маркийн тээврийн хэрэгслийг Ц.Цэрэнпүрэв жолоодоод хажууд нь талийгаач А.Солонго суугаад айраг цагаа, хүүхдүүдэд өгөх бэлэг зэргээ ачаад хөдөлсөн. ...мотоциклтой давхиад очтол “Өвөр эргийн даваа гэх давааны ар уруу урууддаг хэсгийн доохон талд манай 68-20 ӨВА улсын дугаартай цагаан өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэл онхолдож бөмбөрсөн байдалтай, машины цаад доор нь Ц.Цэрэнпүрэв, Ц.Цэрэнпүрэвийн цаахна талд талийгаач Солонго цус нөжтэйгээ хутгалдчихсан, ээж нь тэвэрчихсэн уйлаад сууж байсан. ...Надад гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй. Санамсар болгоомжгүйгээр энэ хэрэг учрал болсон, би өөрийн нүдээр хэргийн газарт очиж харсан учир талийгаач Солонгоогийн амь насыг нэхэхгүй. Харин энэ хэрэгтэй холбогдуулан гарсан осолд орсон тээврийн хэрэгслийг зөөвөрлөх, дуудагдан ирж мэдүүлэг өгсөнтэй холбогдуулан гарсан бензин маслоны мөнгө зэргээр тодорхой хэмжээний зардлууд байгаа. Тус зардлуудыг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-44 дүгээр хуудас/,

                  Гэрч    Ц.Оюунчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Талийгаач А.Солонгоо миний төрсөн охин байсан. ...Өглөө 08 цагийн үед ачаагаа ачаад манай машиныг Ц.Цэрэнпүрэв жолоодоод хажуу талд нь талийгаач Солонгоо суугаад түрүүлээд хөдөлсөн юм. ...Ц.Цэрэнпүрэв, Солонгоо хоёрын араас Өвөр эргийн даваа уруудаад ортол машин нь замын зүүн тал замгүй газраар явж байгаад онхолдсон байсан. Би жалганы баруун талд онхолдсон машины харалдаа машинаасаа буугаад онхолдсон машины чигт гүйгээд очтол талийгаач доошоо хараад толгой хэсгээс нь их хэмжээний цус гарсан байдалтай хэвтэж байсан. Би очоод тэвэрч дээш нь харуулаад нүүрнийх нь цусыг арчтал нээх урт амьсгаа авснаа чимээгүй болчихсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр хуудас/,

            Гэрч Ц.Цэрэндүгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Ц.Цэрэнпүрэв нь миний төрсөн дүү байгаа юм. ...Ц.Цэрэнпүрэвийн гэрээс зүүн хойд зүгт байх Өвөр эргийн даваа гэх давааг даваад уруудаад ортол Ц.Цэрэнпүрэв, талийгаач А.Солонгоо хоёр давааны доохон хэсэгт машинтайгаа онхолдсон талийгаач А.Солонгоо машинаас нэлээд хол шидэгдсэн байдалтай ухаангүй, Ц.Цэрэнпүрэв талийгаачийн дээхэн талд ухаантай сайн ярьж чадахгүй хэвтэж байсан. Тэгээд би шууд сүлжээн дээр гарч эмнэлэг дуудсан. Мөн эхнэр Гэрэлсүрэн рүү залган талийгаач А.Солонгоогийн аав Ц.Алтангэрэл ахад хэл хүргүүлсэн. Намайг Өвөр эргийн даваа даваад уруудах үед замын баруун гар талд замгүй газраар их тод машины мөр гарсан байсан. Би тухайн үед Ц.Цэрэнпүрэв, талийгаач А.Солонгоо нарын явсан мөр гэж мэдээгүй бөгөөд давааг давж буудаг төв замаа дагаад уруудаж явтал тэр хоёр онхолдсон байсан. Тухайн үеийн замын нөхцөл байдал гайгүй, өглөө нь жаахан бороо шивэрсэн газар бага зэрэг чийгтэй байсан. Ц.Цэрэнпүрэв нь ...эхээс 5-уул, айлын бага хүүхэд, 1995-1999 онд Хужирт сумын ЕБС-д 4 дүгээр анги төгссөн. 2006-2007 онд Өвөрхангай аймгийн 256 дугаар цэргийн ангид алба хааж байсан. Эхнэр хүүхэдгүй хүн байгаа юм. Одоогоор Өвөрхангай аймгийн Хужирт сумын 6 дугаар баг Өвөр эрэг гэх газар талийгаачийн аав Ц.Алтангэрэлийнхтэй айл мал маллаж амьдарч байгаа юм. Зан байдлын хувьд төлөв даруу, хүнтэй эвсэг, ажилд их сайн хүүхэд байгаа юм. Архи дарс хааяа хэрэглээд байгаа сураг дуулддаг, элдэв гаж муу зангүй хүн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 66-67 дугаар хуудас/,

            Ц.Цэрэнпүрэвийн цусанд спиртийн агууламж байгаа эсэхийг шинжилсэн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 4046 дугаартай дүгнэлт /хх-ийн 76-77 дугаар хуудас/,

            Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн №91 дугаартай дүгнэлтэд: “1.Талийгаач А.Солонгын биед баруун талд 1-7-р хавирга эгэмний дунд шугамаар зүүн талд 1-4-р хавирга суганы дунд шугамаар шууд хугарал, баруун, зүүн уушигны язарсан шарх, цээжний хөндийд 2 л шингэн агууламж. Элэгний язарсан шарх, хамар, зүүн хөмсөг, эрүү, зүүн хөл, нуруунд цус хуралт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ..7.Талийгаач нь цээж, хэвлийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас барсан байна” гэжээ. /хх-ийн 87-88 дугаар хуудас/,

            Техникийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №31 дугаартай дүгнэлтэд: “...4.Энэ зам тээврийн осол нь: Хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүй, хамгаалах бүсийг зохих журмын дагуу хэрэглээгүй, уруу замыг туулахдаа хөдөлгүүрийг унтраахгүйгээр авцуулах холбоо болон араан дамжуулгыг салгахгүй хүнд араан дамжуулгыг сонгоогүйн улмаас энэ зам тээврийн осол гарсан байна.” гэжээ. /хх-ийн 94 дүгээр хуудас/,

            Ц.Цэрэнпүрэвийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн №570 дугаартай дүгнэлт /хх-ийн 100-102 дугаар хуудас/,

            68-20 ӨВА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хийсэн үнэлгээний тайлан /хх-ийн 107-108 дугаар хуудас/,

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийн шалгах хуудас /хх-ийн 15 дугаар хуудас/,

            Шүүгдэгч Ц.Цэрэнпүрэвийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /цахим үнэмлэх, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, Голомт, Хас банкны тус банкинд харилцах болон хадгаламжийн данстай талаар тодорхойлолт, Төр, Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга, малын А дансны лавлагаа/ /хх-ийн 130-143 дугаар хуудас/,

                   Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Алтангэрэлийн хохирол төлбөргүй талаар хүсэлт /хх-ийн 167 дугаар хуудас/ зэрэг болно.    

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.Цэрэнпүрэвийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Цэрэнпүрэв нь 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 08 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хужирт сумын 6 дугаар багийн нутаг Өвөр эргийн даваа гэх газар 68-20 ӨВА улсын дугаартай “Портер” загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмж хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч А.Солонгын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Алтангэрэл, гэрч Ц.Оюунчимэг, Ц.Цэрэндүг, яллагдагч Ц.Цэрэнпүрэв нарыг мэдүүлэг /хх-ийн 40-44, 53-54, 66-67, 121-122/, Ц.Цэрэнпүрэвийн цусанд спиртийн агууламж байгаа эсэхийг шинжилсэн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 4046 дугаартай дүгнэлт /хх-ийн 76-77 дугаар хуудас/, цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 91 дугаартай дүгнэлт /хх-ийн 87-88 дугаар хуудас/, техникийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 31 дугаартай: “...4.Энэ зам тээврийн осол нь: Хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүй, хамгаалах бүсийг зохих журмын дагуу хэрэглээгүй, уруу замыг туулахдаа хөдөлгүүрийг унтраахгүйгээр авцуулах холбоо болон араан дамжуулгыг салгахгүй хүнд араан дамжуулгыг сонгоогүйн улмаас энэ зам тээврийн осол гарсан байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 94 дүгээр хуудас/, Ц.Цэрэнпүрэвийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 570 дугаартай дүгнэлт /хх-ийн 100-102 дугаар хуудас/, 68-20 ӨВА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хийсэн үнэлгээний тайлан /хх-ийн 107-108 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийн шалгах хуудас /хх-ийн 15 дугаар хуудас/, шүүгдэгч Ц.Цэрэнпүрэвийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /цахим үнэмлэх, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, Голомт, Хас банкны тус банканд харилцах болон хадгаламжийн данстай талаар тодорхойлолт, Төр, Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга, малын А дансны лавлагаа/ /хх-ийн 130-143 дугаар хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Алтангэрэлийн хохирол төлбөргүй талаар хүсэлт /хх-ийн 167 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон.

Шүүгдэгч Ц.Цэрэнпүрэвийн гэмт үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогч амь хохирсон үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй юм.

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг нийгмийн аюулын шинж, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.

 Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон гэж Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсныг ойлгоно.

Шүүгдэгч Ц.Цэрэнпүрэв нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокуророос Ц.Цэрэнпүрэвт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй байна. 

Иймд шүүгдэгч Ц.Цэрэнпүрэвийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаарх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Алтангэрэл шүүх хуралдаанд суухгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Ц.Цэрэнпүрэвийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж шүүх үзлээ.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шүүгдэгч Ц.Цэрэнпүрэвт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял эдлүүлэх саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай гэсэн....”,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш шүүхийн хэлэлцүүлэгт “....Шүүгдэгч Ц.Цэрэнпүрэвт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн..... ялын санал тус тус гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.Цэрэнпүрэв нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлоо төлсөн, тохиолдлын шинжтэй анх удаа болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.Цэрэнпүрэвт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг харгалзан үзлээ.

 Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь “тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасныг харгалзлаа. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, учирсан хор уршиг арилахгүй боловч шүүгдэгч болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн хувьд хууль зааснаар хөнгөн гэмт хэрэгт хамаарч байгаа, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хуульд заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Зоригт овгийн Цээтаяагийн Цэрэнпүрэвийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 02 жил 07 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Ц.Цэрэнпүрэвт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай тогтоов.

Тэнсэж шийдвэрлэж байгаатай холбоотойгоор шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

Шүүх шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цэрэнпүрэвийг бүртгэж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цэрэнпүрэв нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдаж,

             Шүүгдэгч Ц.Цэрэнпүрэв нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүйг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Цэрэнпүрэвт авсан хувийн баталгааг гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Цэрэнпүрэвт авсан хувийн баталгааг гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэв.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Зоригт овгийн Цээтаяагийн Цэрэнпүрэвийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Зоригт овгийн Цээтаяагийн Цэрэнпүрэвийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 02 жил 07 сарын хугацаагаар тэнссүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цэрэнпүрэв оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цэрэнпүрэвийг бүртгэж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цэрэнпүрэв нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Ц.Цэрэнпүрэвт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

            7. Шүүгдэгч Ц.Цэрэнпүрэв нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүйг тус тус дурдсугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Цэрэнпүрэвт авсан хувийн баталгааг гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Цэрэнпүрэвт авсан хувийн баталгааг гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.ЭНХ-АМГАЛАН