Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/118

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

          Улсын яллагч: Д.Алимаа,

          Шүүгдэгч **********,

          Нарийн бичгийн дарга: А.Батцог нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

          Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржгин овгийн Дашнямын Мөнхбатад холбогдох эрүүгийн 2227000000141 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Өвөрхангай аймгийн Хархорин сумын АЗЗА ТӨХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1 дүгээр баг Од хорооны 4-8 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Боржгин овгийн Дашнямын Мөнхбат /РД: ЙР83070477/,        

Холбогдсон хэргийн талаар:      

Шүүгдэгч ********** нь 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 19 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Г.Баянжаргалын биед баруун зовхи хэсэгт шарх, баруун тавхай хэсэгт цус хуралт, гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдснаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч ********** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Б.Орхон, Ууганбаяр, Г.Баянжаргал бид 4 машинд архи ууж байгаад зам ангийн хашаанаас Г.Баянжаргал машиныг унаж гарсан. Бид 4 доод өргөн чөлөөнд байрлах Найман зуу дэлгүүр орж Г.Баянжаргал бид 3-т Соёрхол нэртэй 0,75 граммын архи авч өгсөн. Тухайн архийг Б.Орхон, Ууганбаяр, Г.Баянжаргал бид 4 зам ангийн хашааны өмнө машинд сууж байгаад уусан. Архиа дуусаад Б.Орхон дахиж нэг шил архи авсан. Г.Баянжаргал бид 3 дээр ирэхдээ согтуу, архи уучихсан байсан. Тухайн архийг манай хашааны гадаа ирж 4-үүлээ хувааж уусан. Машинд хэн нь авсан нь мэдэгдэхгүй нэг том пиво байсан. Тухайн пивийг 1 дүгээр хороонд байх ажлынхаа ахынд очиж уух гэж яваад машинаа жалга руу оруулсан. Тухайн өдөр гадаа цас ороод цасан шуурга шуурч байсан. Би Г.Баянжаргалд хандан чи яагаад машинаа жалга руу хийчих вэ гэж хэлтэл над руу уурласан. Бид хоёр машин дотор маргалдсан. Би машины хойд талын суудал дээр суучихсан архи аягалж байсан. Би буугаад машинаа хартал манай машины зүүн тал жалга руу их лав орсон байсан. Би Г.Баянжаргалын араас өшиглөж татаж чангаасан зүйл огт байхгүй. Би машины руль дээр сууж хойш, урагш нь хөдөлгөж үзтэл Г.Баянжаргал гэнэт уурлаад пизданууд минь та нар надаар машин бариулсан болохоор чинь би албаар машиныг нь чинь жалга руу хийсэн гэж хэлсэн. Бид хоёр тэрнээс болж хоорондоо маргалдсан. Би Г.Баянжаргалыг цохиж зодсон зүйл байхгүй. Г.Баянжаргал хойшоо унасан. Г.Баянжаргалыг орилж хашхираад байхаар нь шууд гэр рүүгээ хариад унтсан. Намайг гэртээ байж байхад цагдаагийн 2 албан хаагч ирж намайг цагдаа руу авч явсан. Тухайн үед Г.Баянжаргалыг эмнэлэг авч явсан гэсэн. Би тэр үед хажууд нь байгаагүй. Ийм л зүйл болсон. Би Г.Баянжаргалыг цохиж зодсон зүйл байхгүй. Тэрийгээ өөрөө мэдэж байгаа...” гэв.

Хохирогч Г.Баянжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “... 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 18 цагийн үед би ажлаа тараад гарсан. ...Тэгээд дээшээ гудамж өгсөөд 100 метр ч явалгүй цасанд суусан тэгээд Мөнхбат гэдэг хүн намайг чи яагаад суулгачих ваа машин тэрэг унаж чаддаггүй юм уу гэж хэлсэн тэгээд буугаад жолооч талын хаалган дээр хүрч ирсэн. Тэгээд буу би гаргая гэж хэлэхээр нь та согтуу байна хойшоо сууж бай гэж би хэлсэн. Тэгсэн Мөнхбат ууртай намайг татаад буулгах гээд байсан тэгэхээр нь би албаар ийшээ хийчихсэн юм аа, та зүгээр хойшоо сууж бай би одоо гаргаадахъя гээд би бууж ирсэн тэгээд машин доогуурх цасыг авах гээд тонгойсон чинь хойноос татаад унагаасан. Тэгээд унахдаа толгойгоороо юм мөргөх шиг болсон тэгээд босоод иртэл миний толгойн баруун дээд хавьцаа өшиглөсөн ...миний баруун хөл өвдөөд байна нүдний дээд талд жоохон өвдөөд байна. ...Би одоо эмчилгээ хийлгэсэн зардал мөнгөө гаргуулаад авчихвал надад ямар нэгэн гомдол, санал байхгүй. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Чин мэнд эмнэлэгт толгойгоо үзүүлж зураг авхуулсан юм. Тэгээд хувь хүн дээр очиж толгойгоо бариулсан. Би эмчилгээний зардал гэж 1,124,300 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 3-10 дугаар хуудас/,

          Гэрч Б.Орхоны мөрдөн байцаалтад өгсөн: “2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 19 цагийн үед Мөнхбат Ууганбаяр, Баянжаргал бид 4 хамт байсан. Мөнхбат, Ууганбаяр бид 3 машин дотор архи ууж байсан. Тэгээд Баянжаргал бид гуравтай 6 цагийн үед замын гаднаас нийлсэн. Мөнхбат, Баянжаргал хоёр хоорондоо ярьж байгаад гараад явсан тэгээд тэр     хоёр хоорондоо ноцолдсон. Ууганбаяр бид хоёр машинаасаа бууж очоод салгасан юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/

          Гэрч Г.Ууганбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1 дүгээр багийн Од хороонд **********ын гудамжанд болсон. Тэдний гэрээс дээшээ явж байгаад цасанд суугаад зогссон. Тэгээд чи машин суулгалаа гээд хоорондоо хэрэлдэж зодолдсон. Нэгнийгээ өшиглөсөн талаар мэдэхгүй, хараагүй, ямар ч байсан тэр хоёр машинаас гараад хэрэлдээд, нэг харахад барилцаад авчихсан байсан. 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 19 цагийн үед болсон явдал” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,

          Шинжээч эмчийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №618 дугаартай дүгнэлтэд: “1.Үзүүлэгч Г.Баянжаргалын биед баруун зовхи хэсэгт шарх, баруун тавхай хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ./хх-ийн 29-30 дугаар хуудас/,                                                                                      Хохирол төлсөн талаарх нотлох баримт зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

          Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч **********ад холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.

          Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

        Шүүгдэгч ********** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 19 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Г.Баянжаргалын биед баруун зовхи хэсэгт шарх, баруун тавхай хэсэгт цус хуралт, гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч Г.Баянжаргал, гэрч Б.Орхон, Г.Ууганбаяр нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 3-10, 15-16, 18 дугаар хуудас/, шинжээч эмчийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 618 дугаартай дүгнэлт /хх-ийн 29-30 дугаар хуудас/, хохирол төлсөн талаарх нотлох баримт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдсон.  

          Шүүгдэгч **********ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

          Шүүгдэгч ********** нь хохирогч Г.Баянжаргалын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй,

          Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзлээ.

          Шүүгдэгч ********** нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна. Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Баянжаргалын биед хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

          Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокуророос шүүгдэгч **********ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй байна. 

          Иймд шүүгдэгч **********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

          Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

          Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд,

           мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилжээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-д зааснаар хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаарх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд энэ эрхийнхээ дагуу хохирогч Г.Баянжаргал нь эмчилгээний зардалд 1,124,300 төгрөг нэхэмжилснээс хэрэгт нотлох баримтаар 236,500 төгрөгийн /хх25/ баримт гаргаж өгснийг шүүгдэгч ********** төлж барагдуулсан, үлдсэн 887,800 төгрөгийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байх тул хэлэлцээгүй орхих нь зүйтэй байна.

           Хохирогч Г.Баянжаргал нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргах эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

          Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Шүүхээс шүүгдэгч **********ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

  Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “...шүүгдэгч **********ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай. Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэсэн дүгнэлт гаргасныг дурдав.

          Шүүгдэгч **********ыг гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид торгуулийн ял оногдуулах нь зүйтэй байна. 

          Шүүгдэгч **********ыг үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Шүүгдэгч ********** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдаж,

шүүгдэгч ********** нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 236,500 төгрөг төлсөн, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүйг тус тус дурдаж,

          шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч **********ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

          шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

          давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч **********ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.    

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Боржгин овгийн Дашнямын Мөнхбатыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Шүүгдэгч Боржгин овгийн Дашнямын Мөнхбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.

          4. Шүүгдэгч ********** нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 236,500 төгрөг төлсөн, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүйг тус тус дурдсугай.

          5. Хохирогч Г.Баянжаргал энэ гэмт хэргийн улмаас цаашид учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч **********ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч **********ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.ЭНХ-АМГАЛАН