Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 41

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        2019 оны 01 сарын 30 өдөр                    136/ШШ2019/00041                   Дорноговь аймаг.

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: 1987 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 31 настай, эмэгтэй, Дорноговь аймаг, Сайншанд сум, 6-р баг, Дампилын 14-12 тоотод оршин суух, Жаньтик овогт Содболдын Батчимэг /РД:ЧД87031304/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: 1985 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, Дорноговь аймаг, Сайншанд сум, 6-р баг, Дампилын 14-12 тоотод оршин суух, Уяач овогт Рэнчимэгийн Энхбаяр /РД:ЕК85010278/-т холбогдох

 

 Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Б, хариуцагч Р.Э, нарийн бичгийн дарга Д.Золбоо нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2006 онд Р.Этай танилцан, 2007 оны 04 дүгээр сарын 16-ний өдөр гэрлэлтийн Г-1463 тоот баталгаагаар бүртгүүлж, гэр бүл болсон. Бидний гэр бүл байх хугацаанд 2006 оны 07 дугаар сарын 22-ний өдөр хүү Энх-Орчлон төрсөн. Манай нөхөр Р.Э 2015 оны 11 дүгээр сараас өөр эмэгтэйтэй нэр холбогдож, гэртээ ирэхгүй гадуур хонодог болсон. Гэртээ байх хугацаандаа байнга хэрүүл маргаантай байдаг байсан. 2015 оны 12 дугаар сараас хойш гэртээ ирэхээ байсан. Үүнээс хойш тус тусдаа амьдрах болсон. Иймд бид цаашид гэр бүл байх боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулж, хүү Энх-Орчлонг өөрийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Хүүхдийн тэтгэлгийн талаар тохиролцох боломжгүй, хуулийн дагуу шийдвэрлүүлнэ. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

 

Хариуцагч Р.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие С.Бтэй 2006 оноос хамтран амьдарч байгаад 2015 оноос тусдаа амьдарч, одоо тусдаа гэр бүлтэй болсон тул гэрлэлтээ цуцлуулахад татгалзах зүйлгүй. Хүү Э.Энх-Орчлонг ээжийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэгчтэй тэтгэлгийн талаар тохиролцох саналтай байна ... гэжээ.

 

                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч Р.Эт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч С.Б, хариуцагч Р.Э нар нь 2006 онд танилцаж, 2007 оны 04 дүгээр сарын   16-ны өдөр гэрлэлтээ батлуулан хууль ёсны эхнэр нөхөр, гэр бүл болсон ба гэрлэгчдийн дундаас 2006 оны 07 дугаар сарын 22-ний өдөр хүү Э.Энх-Орчлон төрсөн болох нь зохигчдын тайлбар, Уяач овогт Энхбаярын Энх-Орчлонгийн №0251995, Г-2756 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, №0020202, Г-1463 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

            Хариуцагч Р.Э нь хамтран амьдрагчтай болсон, цаашид гэр бүлийн амьдралаа үргэлжлүүлэх боломжгүй гэсэн хэн алиных нь тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримт, урьдчилан шийдвэрүүлэхээр эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч амжилтгүй болсон зэрэг нөхцөл байдалд дүгнэлт хийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэхь хэсэгт зааснаар гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч С.Б нь хүүхдийн асрамжийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Р.Э маргаагүй, хүү Э.Энх-Орчлонг эх С.Бийн асрамжид үлдээхийг зөвшөөрсөн байна.

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2006 оны 07 дугаар сарын 22-ний өдөр төрсөн хүү Э.Энх-Орчлонг эх С.Бийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.

 

Хариуцагч Р.Э нь хүүхдийн тэтгэлгийн талаар маргаагүй, тэтгэлэг төлөхийг зөвшөөрчээ.

 

Хүүхдийн тэтгэлгийн талаар талууд харилцан тохиролцож, гэрээ байгуулаагүй тул тэтгэлгийг шүүхээс тогтоосон болно. 

 

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дэх хэсэгт зааснаар 2006 оны 07 дугаар сарын 22-ний өдөр төрсөн, 12 настай хүү Э.Энх-Орчлонг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Р.Эаар тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт  зааснаар нэхэмжлэгч С.Бийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Р.Эаас 70 200  төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Бт олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Р.Эаас 1 жилд төлөх тэтгэлгийн үнийн /175600х12=2107200/ дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 48 665 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

             Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 зүйл, 127 дугаар зүйлийн 127.1, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэг, удирдлага болгон ТОГТООХ нь:  

                                                                                 

  1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар С.Б, Р.Э нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2006 оны 07 дугаар сарын 22-ний өдөр төрсөн хүү Э.Э-г нэхэмжлэгч С.Бийн асрамжид үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дэх хэсэгт зааснаар 2006 оны 07 дугаар сарын 22-ний өдөр төрсөн, 12 настай хүү Э.Э-г 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Р.Эаар тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт  зааснаар нэхэмжлэгч С.Бийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Р.Эаас 70 200  төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Бт олгосугай.

 

5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Р.Эаас 1 жилд төлөх тэтгэлгийн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 48665 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай.

 

6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Мөнх-Эрдэнэд даалгасугай.

 

  7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.НАРАНЦЭЦЭГ