| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2022/0029/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/119 |
| Огноо | 2022-12-13 |
| Зүйл хэсэг | 15.1.3., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 2022/ШЦТ/119
Нарийн бичгийн дарга: А.Батцог,
Улсын яллагч: Б.Түвшинтөр,
Шүүгдэгч А.Сундуйдоржийн өмгөөлөгч: Р.Шүрхүү /цахим/,
Шүүгдэгч Т.Ариунболдын өмгөөлөгч Т.Оюунчимэг /цахим/,
Шүүгдэгч: Т.Ариунболд, А.Сундуйдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигон овгийн Төмөрбаатарын Ариунболд, шүүгдэгч Шарынхан овгийн Адъяацэрэнгийн Сундуйдорж нарт холбогдох эрүүгийн 2027000870117 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1. Монгол Улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Улсын 3 дугаар эмнэлэгт их эмчээр ажиллаж байгаа, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт, Өвөрхангай аймгийн Бүрд сумын 4-р баг, Ар хөшөөт гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавья а шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Боржигон овгийн Төмөрбаатарын Ариунболд /РД:ЙЕ95040257/,
2. Монгол Улсын иргэн, 1996 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Өвөрхангай аймгийн Бүрд сумын эрүүл мэндийн төвд эмч ажилтай, ам бүл 2, эхийн хамт Өвөрхангай аймгийн Уянга сумын 3 дугаар баг, Шивээ-Овоо гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Шарынхан овгийн Адъяацэрэнгийн Сундуйдорж, /РД:ЙӨ96040433/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Ариунболд, А.Сундуйдорж нар нь Өвөрхангай аймгийн Бүрд сумын Эрүүл мэндийн төвийн их эмчээр ажиллаж байхдаа эмчлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас тус сумын 2 дугаар багийн иргэн Д.Охинтогтохын 3 сартай охин Бадамхорол 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр вакцин хийлгээд 2020 оны 06 сарын 06-ны өглөө 05 цаг 30 минутын орчимд нас барсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүгдэгч Т.Ариунболд шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдрийн орой 23 цагийн үед дуудлага ирсэн байдаг. Намайг дуудлагаар очиж үзэхэд хүүхдийн биеийн байдал хэвийн хөхөө хөхөж байсан. Амин үзүүлэлтийг үзэхэд мөн хэвийн байсан. Зүрхний цохилт, амьсгал, даралт, халуун зэрэг нь хэвийн байсан. Намайг очихоос 10-20 минутын өмнө нь хүүхэд хөхөө хөхөөд унтсан байсан. Би хүүхдийг чагнуураар чагнаж үзэхэд чээж нь хэржигнэх чимээ байгаагүй. Би хүүхдийг үзчихээд гэрт нь 20-30 минут ажиглаж суухад хүүхэд тайвшраад хөхөө хөхөөд унтахаар нь сумын төв рүү хөдөлсөн байгаа. Миний бие хүүхдэд анилген демидрол хийхдээ килограмм жинд нь тохирох хэмжээгээр хийсэн. Би тухайн хүүхдийг өглөө эмнэлэг дээр ирэхэд нь сэхээн амьдруулах тусламж үйлчилгээ үзүүлсэн. Чээжний шахалт болон аманд нь амаараа хиймэл амьсгаа хийсэн. Намайг хиймэл амьсгаа хийх үед хүүхдийн хамраас шингэн зүйл гарч байсан. Би тусламжийг 10-15 минутын хугацаанд үзүүлсэн. Хүүхдийн зүрхний цохилт байхгүй пүлс нь мэдэгдэхгүй, хүүхэн хараа нь томорсон учраас тусламж үйлчилгээг зогсоосон байгаа” гэв.
Шүүгдэгч А.Сундуйдорж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 11 цаг болж байхад Оюунчимэг эгч надад хүүхдээ үзүүлсэн. Анх хүүхдийнхээ вакциныг хийлгэх гэж байгаа гээд орж ирсэн. Би хүүхдийг нь үзэхэд бүх зүйл нь хэвийн байсан. Оюунчимэг гэж хүн хавтаст хэрэгт мэдүүлэхдээ хүүхдийн хамраас ногоон нус гарсан гэж мэдүүлсэн байдаг. Тухайн үед хүүхдийн хамраас ногоон нус гарсан, найтаасан зүйл огт байгаагүй. Хүүхдийн амьсгал 32, халуун нь 36 хувьтай, уушгины хатгалгаагүй шинж тэмдэг илрээгүй. Хүүхдийн уушгийг чагнаж үзэхэд цулцангийн амьсгалтай, уушги амьсгал суларсан зүйл байгаагүй. Би хүүхдэд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй учир вакцинаа хийлгэж болно гэж хэлсэн. Намайг үзэхээс өмнө манай эмнэлгийн вакцины сувилагч Энхцэцэгтэй уулзаж вакцинаа хийлгэх үү гэж асуусан байсан. Мөн Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв рүү асуулгасан байсан. Тухайн хүүхэд дутуу төрсөн хэдий ч вакцин хийлгэх жиндээ орсон байсан болохоор вакциныг нь хийсэн” гэв.
Яллагдагч А.Энхцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Вакцин хийлгэхээр орж ирж байгаа хүүхдүүдийн эцэг эх нараас танай хүүхэд урьд нь вакцин хийлгэсэн үү? хэрвээ хийлгэсэн бол вакцин хийсний дараа ямар нэгэн гаж нөлөө илэрсэн үү /таталт, халуурах г.м/, халуурсан гэх юм бол ямар арга хэмжээ авсан бэ, хэд хоног халуурсан, ямар нэгэн харшилтай юу гэх мэт асуултууд асуудаг. Дархлаажуулалтын тухай хуульд заасан байдаг учраас вакцин хийхээс өмнө харшлах эм бодис зэргийг асуух үүрэг хүлээдэг. Тухайн үедээ би Сундуйдорж эмчээс “эмчээ вакцин хийвэл яахаар байна гэхэд хариуд зүгээр юм байна хийчих гэж хэлснээр би вакцин хийсэн. Ер нь бол вакцинатор нь эмч үзлэгээ хийгээд эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэрт бичсэний дагуу хийдэг. Тухайн үед ч Сундуйдорж эмч уг дэвтэр дээр нь биеийн байдал хэвийн хийх вакцины нэрсийг нь биччихсэн байсан. Тухайн үед би талийгаачийг дутуу төрсөн учраас хаширлаад Золзаяа эмч рүү залгаж Охинтогтохын дутуу төрсөн хүүхэд вакцинаа хийлгэхээр ирсэн байна вакциныг нь хийх үү яах уу гэж асуухад хэдэн килограмм жинтэй байна” гэхэд нь 2,800 грамм байна гэхэд эмчид нь сайн үзуүлээд хийж болно гэвэл хийчих гэж хэлсэн.Тэгээд би талийгаачийн ээж Оюунчимэгт хандаж одоо эмчид үзүүлчих эмч
вакцин хийж болно гэвэл хийнэ гэж хэлээд Сундуйдорж эмч рүү явуулсан. Би вакцинатор сувилагч учраас хүүхдийг чагнаж үзэж мэдэхгүй, эмчийн хэлснээр бичиж өгсний дагуу л вакцин хийдэг. Вакцин хийснээс хойш маргааш нь намайг хөдөө явж байхад Оюунчимэг над руу залгаад манай хүүхэд уйлаад байна яах вэ гэхээр би хариуд нь яаралтай дуудаж үзүүл, уйлаад болохгүй байвал парацетрамон таллаад өгчих өө бүр болохгүй бол өвчин намдаах лаа хийчих, уйлуулаад байж болохгүй таталт өгнө шүү, түргэн эмчээ л дууд гэж хэлсэн. Тухайн үед амралтын өдөр учраас би хөдөө хувийн ажлаар /мал мах авах/ айсан юм. Тэгээд утасны сүлжээ тасрах үед Оюунчимэг залгахаар нь би дээрх дөвлөгөөг өгсөн. Шалтгаан гэвэл амралтын өдөр хөдөө хувийн ажлаар явж байхад сүлжээ тасрах үед залгасан учраас би олон зүйл ярьж чадаагүй юм. Гэхдээ би яаралтай эмчид үзүүл гэх зүйлсийг хэлээд утасны сүлжээ тасарсан. Би сувилагч учраас хүний биеийг үзэж хараад чагнаж эрүүл мэндийн байдлыг үнэлэж чадахгүй мэдэхгүй. Ийм учраас тухайн хүүхдийг эмнэлэгт хэвтүүлэх. Шаардлагатайг эмч л үзэж хараад шийдвэр гаргана, надад тийм эрх байхгүй. Би зүйл заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өөрийнхөө хуулийн заалт дүрэм, эмчийн зөвшөөрлийн дагуу л ажилласан” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 31-р хуу/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 3.Оюунчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би нөхөр, 0-10 насны 5 хүүхэдтэй 7-уулаа Өвөрхангай аймгийн Бүрд суманд амьдарч байна. Тэгээд миний хамгийн бага хүүхэд буюу талийгаач маань 2020 оны 02-р сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн БОЭТ-ийн Төрөх тасагт төрсөн. Тухайн үед талийгаач маань 7 сар 10 хоногтой 1.6 кг жинтэй дутуу төрж БОЭТ-ийн Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлээд 03-р сарын 25-ны өдөр Үүрцайх эмч талийгаачийг үзээд одоо зүгээрээ эрүүл, боломжийн болсон эмнэлгээс гарч болно гэснээр тухайн өдөр эмнэлгээс гарч Өвөрхангай аймгийн Бүрд сумын 2-р багт өөрийн гэртээ ирсэн. Түүнээс ч хойш талийгаач охин маань эрүүл саруул өсөн торниж байсан ба 2 сартай болоход нь вакциныг нь хийлгэх гээд эмнэлэг дээр ирэхэд Энхцэцэг эмч хэлэхдээ танай хүүхэд вакцин хийх жиндээ хүрээгүй байна энэ сардаа вакцин хийгээд хэрэггүй гэж аймгаас хэллээ гэснээр тухайн сард вакцин хийлгээгүй. Тэгээд 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр би сумын төвд явж байгаад Энхцэцэг эмчтэй таарахад надад хэлэхдээ танай хүүхэд одоо хэдэн кг жинтэй болж байна, одоо сумын эмнэлэг дээр очоод жинг нь үзээд вакцин хийх болсон бол хийлгэчих гээд сумын эмнэлэг дээр очоод Золжаргал эмчид жинг нь үзүүлэхэд 2.800 грамм жинтэй байна болоогүй гээд буцаасан. Тэгсэн чинь 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр манай нөхөртэй Энхцэцэг эмч таараад одоо танай хүүхэд вакцин хийлгэх хугацаа нь болчихсон ирээд вакциныг нь хийлгэ гэхээр 06 дугаар сарын 04-ны өглөөний 11 цаг өнгөрч байхад ирээд сумын эмнэлэг дээр ороход Энхцэцэг эмч хэлэхдээ за гялс эмчдээ үзүүлчих, захиргаанд сонгуулийн хурал зөвлөгөөнд суух гээд байна гэхээр нь би Сундуй эмчид үзүүлэхэд за за ороод вакцинаа хийлгэчих гэхээр нь би Энхцэцэг эмч дээр ороод вакцин хийлгэсэн ба эмч хэлэхдээ хүүхдээ халууруулж болохгүй шүү эндээс паратай лаа аваад яв халуурах гээд байвал хийгээрэй гэсэн. Тэгээд Бүрд сумын 2-р баг Шарт гэх газар руу гэр рүүгээ яваад 13 цагийн үед гэртээ очсон. Түүнээс хойш 15 цаг өнгөрч байхад талийгаач охин маань уйлагнаад байхаар нь авсан лааг нь хийснээс хойш хэвийн байж байснаа 06-р сарын 05-ны өдрийн 13 цаг өнгөрч байхад уйлагнаад тавиулахгүй байхаар нь халуураад байгаа юм байх гэж бодоод паратай лаа хийсэн чинь төд удалгүй баагаад гаргачихаар халууныг нь үзэхэд 36 градус байсан ба би Энхцэцэг эмч рүү залгаад хүүхдээ уйлаад байгаа талаар хэлэхэд паратай лаа хийчих гэхээр нь түрүүн хийсэн чинь баагаад гаргачихлаа гэсэн чинь парацетрамон уухаар бий юу байвал нухаад өгчих гээд утсаа тасалсан. Тэгээд би парацетромний 4-ний 1-ийг нухаад өгөхөд мөн л дуугүй болохгүй уйлаад байхаар нь дахиад Энхцэцэг эмч рүү залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэгэхээр нь аймгийн БОЭТ-ийн Үүрцайх эмч рүү залгаад хүүхдээ уйлаад байгаа талаар хэлэхэд яасан сонин юм яагаад уйлаад байгаа юм болдоо чи сумынхаа эмнэлэг рүү залгаад түргэн дуудсан нь дээр байх гэхээр нь би 19 цагийн үед сумын их баригч эмч Должинсүрэн рүү залгаад хүүхдээ уйлаад байгаа талаар хэлэхэд Должинсүрэн эмч хариуд чиний яриа сайн сонсогдохгүй сүлжээ унаад байх шиг байна би түргэн явуулъя гэсэн. Түүнээс хойш 23 цаг 30 минутын үед сумын түргэнээр Ариунбаатар эмч, жолооч Бүтэд-Очир нар ирсэн. Талийгаач охин маань 15 цаг өнгөрч байхад уйлсаар түргэний машин ирэхээс 10-20 минутын өмнө чимээгүй болсон. Тэгээд Ариунбаатар эмч орж ирээд халууныг нь үзэж харчхаад зүгээр байна ш дээ яагаад уйлаад байсан юм бол, одоо яах уу гэж байснаа танд парацетрамон байгаа юу гэхээр нь би байхгүй гэсэн чинь надаас ав гээд гараад машинаасаа түргэн тусламжийн цүнхээ оруулж ирээд аналгин, демидрол тариагаар гаргаж ирээд, цүнх нь дотроосоо өөр нэг юм хайгаад байгаа бололтой хайж хайж байснаа юу ч гаргаж ирээгүй, тэгээд гаргаж ирсэн аналгин, демидролоо тарих гэж байхад нь манай нөхөр наадах чинь жоохон нярай хүүхэд ш дээ та ийм ихээр тарих гэж байгаа юм уу гэхэд Ариунбаатар эмч үгүй ээ найруулж байгаад багийг аваад багаар хийнэ гээд асгаж байгаад өгзөг рүү нь тарьсан. Тарих үед талийгаач охин маань час гэж уйлахад эмч хэлэхдээ 5-10 минутын дараа тариа үйлчилнэ. Өглөө хүртэл сайхан амарчихна, би та нарыг авах гээд ирсэн чинь хүүхэд чинь гайгүй л байна ш дээ гээд яваад өгсөн. Тэгээд талийгаач охин маань унтаад өгсөн. 2020 оны 06-р сарын 06-ны шөнө 03 цагийн үед гэнэт чангаар уйлахаар нь би босоод бүүвэйлээд хөхөө хөхүүлэх гэсэн чинь ер хөхөхгүй уйлсаар гэгээ орохоор нь нөхрийн хамт талийгаач охиноо аваад эмнэлэг рүү яваад 05 цаг 30 минутад сумын эмнэлэг дээр ирсэн. Тэгээд би талийгаач охиноо тэврээд эмнэлэг рүү ороход 1 давхарт нь эмч, сувилагч байхгүй байхаар нь би дээд давхар руу гарахад сувилагч нь унтаж байсан ба сувилагч сэрэхэд нь би эмчийгээ дууд хүүхэд уйлаад болохгүй байна гэхэд сувилагч босоод эмчийгээ дуудчихаад хүлээн авахын өрөөнд оруулаад амьсгалын аппарат залгаж бай гэж эмч хэлж байна гээд амьсгалын аппарат залгах гэтэл аппаратны хошуу нь бүр хуучирчихсан бохир юм байхаар би сувилагчид нь надад шинэ хошуу байгаа миний хүүхдийг тэвэрч бай гээд гараад машинаас хошуу аваад л эргээд ороход уйлж байсан охин маань уйлахаа больж байсан ба сувилагч хэлэхдээ хүүхдээ хэвтүүлээд хувцсыг нь задлаарай эмч орж ирж байгаа гэсэн. Тэгээд хувцсыг нь задалж байхад Ариунболд эмч орж ирээд хөлөнд нь зүрхний цохилт, амьсгал хэмждэг багаж гэх зүйл залгах гэж байснаа чагнуураа аваад чээжийг нь чагнаж үзсэнээ шууд чээжин дээр нь хуруугаараа дараад, өгзөгний нүх рүү нь нэг цагаан зүйл шахчихсан, тэгээд ам руу нь үлээснээ амьсгалахгүй болчихлоо гэж хэлсэн. Талийгаач охин маань 05 цаг 40 минут гэхэд өөд болсон, ердөө 10-хан минутад л анхны тусламж үзүүлчихсэн бол миний охин өдийд амьд сэрүүн байх байсан юм. Өвөрхангай аймгийн БОЭТ-д төрснөөсөө хойш 24 цагийн дотор хийлгэх вакцинаа хийлгэсэн. Тэгээд хийлгээгүй байж байгаад 2 сартайд нь хийх ёстой вакциныг жин нь хүрэхгүй байна гэх шалтгаанаар 3 сартайд нь хийсэн. Гомдолтой байна, эмч нарын хариуцлагагүй байдал, 2020 оны 06 дугаар сарын 06-ны 05 цаг 30 минутын үед эмнэлэг дээр ирэхэд анхны тусламж үзүүлээгүй тул маш их гомдолтой байна. шалгаж шийдвэрлэж өгнө үү. 3 сартайд нь вакцин хийлгэх үед би Сундуй эмчид охин маань найтаахад ногоон нус гарч байна гэхэд зүгээрээ вакцинаа хийлгэчих гэснээр би вакцинаа хийлгэсэн. Тухайн үед талийгаачийн нас барчихлаа гээд эмнэлгийн байгууллагад гомдолтой гэхэд Өвөрхангай аймгаас БОЭТ-ын зөвлөх эмч Тогтохдулам, задлангийн эмч, вакцины менежер гэх 3 хүн ирээд Бүрд сумын эмнэлгийн эмч нар болон нөхөр бид 2, нөхрийн найз Уламбадрах, эхнэр нь болох Эрдэнэтунгаа, нөхрийн ээжийн хамгийн бага дүү болох Отгонжаргал нарын хамтаар задлангийн өмнөх хурал гэх зөвлөгөөнд оролцсон. Тэгсэн тухайн зөвлөгөөнөөр Тогтохдулам эмч хэлэхдээ манай Бүрдний эмч залуу туршлагагүй болоод танай хүүхэд ийм юм болчихлоо, Вакцины менежер гэх хүн хэлэхдээ манай вакцинд ямар ч асуудал байхгүй гэхэд хажуугаас нь Тогтохдулам эмч манайханд хандаж хэлэхдээ танай хүүхдийн 100 хувийн биеийн байдлаас болж нас барсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу гэж дээ вакцин хийлгэхийн өмнө Сундуй эмчид үзүүлэхэд эрүүл саруул байна вакцинаа хийлгэчих гэж хэлэхээр нь л би вакцин хийлгэсэн ш дээ гэхэд танай 4 хүүхдүүд чинь бас вакцинаас болж харшилж, халуурдаг байсан юм биш үү гэхээр нь би манай хүүхдүүд харшилж халуурч байгаагүй гэсэн. Тэгээд мөн 2020 оны 06-р сарын 05-ны орой дуудлагаар Ариунболд эмч ирж талийгаачийг үзэхэд нь Ариунболд эмчид хандаж наад хүүхэд чинь дутуу төрсөн нярай шуу дээ та эмнэлгийн байгууллагад хүргээд хянаж хоновол зүгээр юм биш үү гэхэд зүгээрээ би тариа хийчихсэн, хэрвээ уйлаад байвал маргааш хүрээд ирээрэй гэж хэлсэн биз дээ гэж Ариунболд эмчид хэлэхэд “Тийм” гэж хариулчхаад сүүлдээ би тийм гэж хэлээгүй гэх мэтээр ярих болсон. Хэд хоногийн дараа би эмнэлэг орохдоо Ариунболд эмчид хандаж миний дүү яагаад тэмдэглэлээ худлаа биччихсэн юм бэ гэхэд та нар одоо юу яриад байгаа юм, явдаг газраараа яв гэх мэтээр уурлаад, өрөөнөөсөө хөөгөөд гаргасан болохоор миний болон манай гэр бүлийн зүгээс их гомдолтой байна. Мөн сувилагч Нэргүй нь манай хүүхдийг тэвэрч байсан мөртлөө худлаа мэдүүлэг өгсөн, эмч Сундуй вакцины өмнө үзэхдээ эрүүл саруул байсан гэж худал мэдүүлсэн, эмнэлгийн байгууллагад байсан хүмүүс үгсэн тохирч худал мэдүүлэг өгсөнд гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 75, 79-80-р хуу/,
Гэрч Д.Должинсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Бид нар 1 нутгийн хүмүүс байгаа юм. Оюунчимэг, түүний нөхөр Охинтогтох нар нь одоогоор 4 хүүхэдтэй. Оюунчимэг нь 6 дахь жирэмслэлт, төрөлт 5, зулбалт 1 байх ба бүгд миний хяналтад байсан. Сая сүүлийн хүүхэд нь 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр аймгийн төвд БОЭТ-д 30-31 долоо хоногтой дутуу төрөөд тэндээ 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл эмчилгээ хийлгээд гарсан юм. Тэгээд Оюунчимэг нь 04 дүгээр сарын 01-ний өдөр талийгаач Бадамхоролыг надад үзүүлэхэд эрүүл мэндийн байдал хэвийн, биеэр жижиг хүүхэд байсан. Надад хяналтад байгаа жирэмсэн эхчүүд төрөөд хүүхэд нь 1 сар хүрэхээр тухайн хариуцсан багийн эмчийн хяналтад шилжүүлж өгдөг учир Оюунчимэгийн өөд болсон охиныг 2-р багийн эмч Б.Гансүхийн эргэлт хяналтад хүлээлгэн өгсөн юм” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 85-86-р хуу/,
Гэрч Б.Нэргүйн мөрдөн байцаалтын шатанд өгсөн“...Тухайн өдөр амралтын өдөр байсан тул 5-6 хүн амбулаториор үйлчлүүлсэн. Ирсэн дуудлага мэдээллийн талаар гэвэл өдрийн цагаар Бүрд сумын 4-р багийн нутагт Бага мухар гэх газарт 1 сар гарантай нярай хүүхэд халуураад, уйлагнаад байна гэх, шөнийн 23 цаг 36 минутад Бүрд сумын 2- р баг Өндөр толгойн ар гэх газарт О.Бадамхорол нь 3 сартай нярай хүүхэд уйлагнаад байна гэх дуудлага мэдээлэл ирсэн. 2020 оны 06-р сарын 06-ны гэгээ орчихсон байх үед намайг эмнэлгийн 2 давхарт амарч байхад Оюунчимэг эгч хүүхдээ тэвэрчихсэн орж ирээд манай хүүхэд хөхрөөд сонин болчихлоо, эмчээ дууд гэснээр би босоод эмч Ариунболд руу залгахад 05 цаг 48 минут болж байсан. Тэгээд би доошоо буугаад яаралтай тусламжийн өрөө рүү дагуулж ороод хэвтэж байсан хүнийг гаргаад би хүүхдийг нь тэвэрч байгаад амьсгалын аппарат залгах гэсэн чинь манайд байгаа амьсгалын аппаратын гуурс нярай хүүхдэд таарахаар байдаггүй болохоор ямартай ч байсан гуурсаа залгаад байж байя гээд залгаад байж байтал Оюунчимэг эгч гараад нярай хүүхдийн гуурс аваад ороод ирсэн. Тэгэхээр нь би хүүхэд чинь сонин байна та хэвтүүлээд хувцсыг нь задлаадах гээд, би ч гуурсыг сольж хийчхээд, Оюунчимэг эгч хүүхдийнхээ хувцсыг задалж байхад гаднаас Т.Ариунболд эмч орж ирээд чагнуураараа үзчихээд шууд л цээжин дээр нь дарж зүрхний иллэг хийж эхэлсэн тэгэхэд тухайн хүүхэд нас барчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 87-88-р хуу/,
Гэрч Т.Отгоны мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2020 оны 06 сарын 05-аас 06-нд шилжих шөнө өнгөрч үүр цайх үеэр би бие засах санаатай эмнэлгийн хаалгаар гарч байхад эмнэлгийн хашааны хаалгаар Оюунчимэг хүүхдээ тэвэрчихсэн гүйгээд орж байгаа харагдсан, хашааны гадна машин дотор Охинтогтох машин дотор суучихсан байсан. Тэгээд би бие засчхаад эмнэлэг рүү ороод шатаар дээш гарах гэж байхад Ариунболд эмч гаднаас орж ирж байсан, шатаар дээш өгсөж байхад сувилагч Нэргүй надтай зөрөөд доош бууж ирж байсан. Тэгээд өрөөндөө ороод удалгүй байтал доод давхраас эмэгтэй хүн орилох, уйлах чимээ гарсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 90-91-р хуу/,
Гэрч А.Тунгалагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...тухайн шөнө өнгөрч үүрээр гэгээ орсон үед эмнэлгийн коридорт нэг эмэгтэй хүн “жижүүр эмчээ” гээд орилохоор нь би хувцсаа өмсөөд аажуу байж байгаад доод давхар руу буухад Охинтогтох, Оюунчимэг нар уйлаад сууж байсан ба учрыг асуухад хүүхэд маань өөд болчихсон гэж хэлсэн. Тухайн үед хүүхэд уйлах чимээ гараагүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 93-94-р хуу/,
Гэрч Б.Гансүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2020 оны 04 сарын 01-ний өдөр Должинсүрэн эмч надад хэлэхдээ энэ хүүхэд аймагт дутуу төрөөд 1 сар орчим хэвтэн эмчлүүлж байгаа юм. Одоо хяналтдаа авна шүү гэснээр би тухайн хүүхдэд хяналт тавьж эхэлсэн. Би 4 дүгээр сарын 11, 5 сарын 25-ны өдөр очиж тухайн хүүхдэд үзлэг хийсэн. Үзлэг хийх бүрд талийгаач охины биеийн байдал хэвийн, ямар нэгэн өөрчлөлтгүй, гэхдээ дутуу төрсөн учраас жин багатай туранхай хүүхэд байсан. Охинтогтох, Оюунчимэг нар надтай утсаар холбогдож хүүхдийнхээ биеийн байдлын талаар асууж тодруулж байгаагүй” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 95-р хуу/,
Гэрч М. Золзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тэгээд 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр буюу вакцин хийж байсан өдрөө Энхцэцэг мөн над руу залгаад “нөгөө нярай вакцинаа хийлгэхээр ирлээ, жин нь нэмэгдсэн байна, одоо хийх үү” гэхээр нь би Энхцэцэгт “эмчдээ үзүүлээд үзлэгээ сайн хийж байгаад хийгээрэй” гэж хэлсэн. Дахиж над руу утсаар холбогдоогүй...Эрүүл мэндийн шалтгааны улмаас товлосон хугацаанд вакциныг хийгээгүй тохиолдолд дараагийн сард нөхөн хийж болно...тухайн товлосон сард хийгээгүйгээс хүүхдэд ямар нэгэн үр дагавар, хор уршиг үүсэхгүй. Тухайн вакцины найрлагад орсон бодист харшилтай хүүхдэд уг вакциныг хийдэггүй заалт байдаг” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 98-100-р хуу/,
Гэрч М.Үүрцайхын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2020 оны 6 дугаар сард байсан юм, өдрийг нь сайн санахгүй байна. Над руу Оюунчимэг яриад “манай хүүхэд жаахан зовиурлаад байна” гэхээр нь би танай хүүхэд жижиг балчир юм чинь эмчээ дуудаад үзүүлэхгүй бол болохгүй шүү гэж хэлсэн. Тэгээд маргааш өглөө нь намайг эх нялхас дээр жижүүрт гарч байхад өглөөний 06 цагийн орчимд Оюунчимэг над руу залгаад “манай охин нас барчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би эмчээ дуудаж үзүүлсэн юм уу гэхэд өчигдөр орой эмчийг дуудаж үзүүлэхэд эмч ирж үзээд гайгүй байна гэж хэлээд явсан юм гэж хэлсэн. Талийгаачийн биеийн байдал дутуу боловч харьцангуй тогтвортой байсан. 14 хоног эмчлэгдээд гарсан, хөхөө сайн хөхөж байсан. Эмнэлгээс гарахад биеийн байдал нь тогтвортой байсан” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 101-103-р хуу/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн: “Шүүх эмнэлэгт эмнэлгийн байгууллагын эмч мэргэжилтнүүд эрүүл мэндийн байгууллагаас гаргасан эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль, стандарт, холбогдох журмыг зөрчсөн эсэхийг тогтоодоггүй” гэсэн 1161 дугаартай дүгнэлт” /1 дүгээр хх-ийн 119-121-р хуу/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн: 1. Өвөрхангай аймгийн Бүрд сумын эмнэлэг эмчилгээ үйлчилгээг зохих ёсоор үзүүлсэн байна. 2. Талийгаачид хийгдэх ёстой вакцин зохих хугацаандаа хийгдсэн байна, үхлийн шалтгаан вакцинтай холбоогүй байна” гэсэн 1264 дугаартай дүгнэлт /1 дүгээр хх-ийн 128-131-р хуу/,
Өвчний түүх /1 дүгээр хх 140-149 дүгээр хуудас/,
Эд зүйл баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 150-р хуу/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар 28-ны өдрийн: “...Талийгаач О.Бадамхорол нь вирусийн гаралтай амьсгалын замын хурц үрэвсэл, тархины аалзан бүрхүүлийн шүүдэст үрэвсэл /менингит/ өвчтэй байх боломжтой үхэлд нөлөөлсөн болно. Талийгаач О.Бадамхорол нь уушгины хурц үрэвсэл болох хатгалгааны улмаас амьсгалын цочмог дутагдалд орж нас баржээ...” гэсэн №55 дугаартай дүгнэлт /1 дүгээр хх-ийн 105-107 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн: “...1.Талийгаач О.Бадамхоролын биед гэмтэл тогтоогдсонгүй. 2.Талийгаач О.Бадамхорол нь амьсгалын замын вирусийн цочмог халдварын шалтгаант хоёр уушгины хатгалгааны улмаас амьсгалын цочмог дутагдалд орж нас баржээ. Шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 55 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1264 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна. Эрүүл мэндийн сайдын 2012 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн дархлаажуулалтын хуулийг хэрэгжүүлэх тухай 217 дугаар тушаалын 1.1-д заасан “Хүүхдэд дархлаажуулалт хийх тохиолдол бүрийн өмнө эрүүл мэндийн үзлэг хийнэ. Эхийн жирэмслэлт, төрөлтийн явц, удмын байдал, хүүхдийн бие сэтгэцийн өсөлт, өвчилж байсан өвчин, урьд нь вакцин тариулсны дараа урвал хүндрэл илэрч байсан эсэхийг судална. Дархлаажуулалт хийхэд эсрэг заалт байгаа эсэхийг тогтоож, харшлах заалт илэрсэн хүүхдэд эмчилгээ хийж эрүүлжүүлж, цаашид ямар вакцинаар, ямар товлолоор хийхийг тогтоож өгнө” гэсэн хэсгийг зөрчиж нярайд вакцин хийхийн өмнө сум, өрхийн эмч хүүхдийг үзэж биеийн байдлыг үнэлээгүй. Амьсгалын замын халдвар авсан байсныг оношлоогүйгээс вакцины дараа хүүхэд хүндэрсэн байна. Вакцины дараа дуудлагаар очиж үзсэн эмч хүүхдийн биеийн байдлыг зөв үнэлж зохих арга хэмжээ аваагүй хугацаа алдсан тул хүүхэд хүндэрч нас барсан байна...” гэсэн №508 дугаар дүгнэлт /1 дүгээр хх-ийн 225-230/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн: “Талийгаач Бадамхоролын үхлийн шалтгааныг тогтоосон 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 55 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Шинжээчийн 1264 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна. Вакцин хийхийн өмнө хүүхдийн биед үзлэг хийгээгүй, биеийн байдлыг үнэлээгүй, 2 уушгины үрэвслийг оношлоогүй, шаардлагатай арга хэмжээг аваагүй байхад эмчилгээ, үйлчилгээг зохих ёсоор үзүүлсэн байна гэсэн нь үндэслэлгүй. Шинжээчийн 508 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Энэ дүгнэлтэд эргэлзээтэй буруу гэх заалт байхгүй байна. Хүүхэд вакцин хийхийн өмнө үзлэг хийсэн гэх тэмдэглэл байхгүй байна. Эрүүл мэндийн сайдын 2015 оны 261 тоот тушаалаар “Хүүхдэд дархлаажуулалт хийх тохиолдол бүрийн өмнө эрүүл мэндийн үзлэг хийнэ. Үзлэг хийхдээ эхийн жирэмслэлт, төрөлтийн явц, удмын байдал, хүүхдийн бие сэтгэцийн өсөлт, өвчилж байсан өвчин, урьд нь вакцин тариулсны дараа урвал хүндэрч илэрч байсан эсэхийг судална. Дархлаажуулалт хийхэд эсрэг заалт байгаа эсэхийг тогтоож, харшлах заалт илэрсэн хүүхдэд эмчилгээ хийж эрүүлжүүлж, цаашид ямар вакцинаар , ямар товлолоор хийхийг тогтоож өгнө” гэсэн хэсгийг зөрчиж нярайд вакцин хийхийн өмнө сум, өрхийн эмч хүүхдийг үзэж биеийн байдлыг үнэлээгүй. Амьсгалын замын халдвар авсан байсныг оношлоогүйгээс вакцины дараа хүүхэд хүндэрсэн байна. Вакцины дараа дуудлагаар очиж үзсэн эмч хүүхдийн биеийн байдлыг зөв үнэлж зохих арга хэмжээ аваагүй хугацаа алдсан тул хүүхэд хүндэрч нас барсан байна” гэсэн №57 дугаар дүгнэлт /2 дугаар хх-ийн 75-81-р хуу/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн №735 дугаар дүгнэлтэд: “1.Талийгаач Бадамхоролын үхлийн шалтгааныг тогтоосон 2020 оны 07-р сарын 28-ны өдрийн 55 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
2.Шинжээчийн 1264 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна. Вакцин хийхийн өмнө хүүхдийн биед үзлэг хийгээгүй, биеийн байдлыг үнэлээгүй, 2 уушгины үрэвслийг оношлоогүй, шаардлагатай арга хэмжээ аваагүй байхад эмчилгээ, үйлчилгээг зохих ёсоор үзүүлсэн байна гэсэн нь үндэслэлгүй байна.
3.Шинжээчийн 508 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Энэ дүгнэлтэд эргэлзээтэй бүруу гэх заалт байхгүй байна.4.Хүүхдэд вакцин хийхийн өмнө үзлэг хийсэн гэх тэмдэглэл байхгүй байна.5.Эрүүл мэндийн сайдын 2015 оны 261 тоот тушаалаар “Хүүхдэд дархлаажуулалт хийх тохиолдол бүрийн өмнө эрүүл мэндийн үзлэг хийнэ. Үзлэг хийхдээ эхийн жирэмслэлт, төрөлтийн явц, удмын байдал, хүүхдийн бие сэтгэцийн өсөлт, өвчилж байсан өвчин, урьд нь вакцин тариулсаны дараа урвал хүндрэл илэрч байсан эсэхийг судална.Дархлаажуулалт хийхэд эсрэг заалт байгаа эсэхийг тогтоож харшлах заалт илэрсэн хүүхдэд эмчилгээ хийж эрүүлжүүлж, цаашид ямар вакцинаар,ямар товлолоор хийхийг тогтоож өгнө” гэсэн хэсгийг зөрчиж нярайд вакцин хийхийн өмнө сум, өрхийн эмч хүүхдийг үзэж биеийн байдлыг үнэлээгүй, амьсгалын замын халдвар авсан байсныг оношлоогүйгээс вакцины дараа хүүхдийн биеийн байдал хүндэрсэн байна.Вакцины дараа дуудлагаар очиж үзсэн эмч нь хүүхдийн биеийн байдлыг зөв үнэлээгүй, амьсгалын замын халдварт өвчнийг оношлоогүй, зохих арга хэмжээг аваагүй хугацаа алдсан тул хүүхэд хүндэрч нас барсан байна. М.Энхбаяр, Т.Амартүвшин, Г.Энхбаатар, Б.Ганзориг, Б.Баяртогтох 2022.01.07 гэжээ.
Дээрхээс үндэслэн комисс шинжээч бид санал нэгтэй дараах дүгнэлтийг гаргав.
1.2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр талийгаач О.Бадамхоролыг эмч А.Сундуйдорж нь үзлэг хийсэн байна. Тухайн үед өвчин нь эхэн үедээ, зовуурь, үгүй. биеийн байдлын өөрчлөлт бага. шинж тэмдгүүд сул илэрч байсан нь уг өвчний оношлоход эмчийн туршлага, чадвараас хамаарна. А.Сундуйдорж эмч хайнга хандаагүй. үзлэгийг зохих ёсоор хийсэн байна.
2.Уушгины хатгалгаа, менингитийг үзлэгээр оношилж болно. Рентген шинжилгээ болон лабораторийн шинжилгээ хийгдвэл оношийг зөв тавихад хялбар болно. Эдгээр шинжилгээний багаж, төхөөрөмж суманд байхгүй.
3.Уушгины хатгалгааны гол шинжийн нэг нь амьсгалын дутагдал. Энэ нь амьсгаадах амьсгалын тоо олшрох, хөхрөх шинжээр илэрдэг. Өвчний эхэн үед эдгээр шинж илрэхгүй байж болно.
4. Эрүүл мэндийн сайдын Дархлаажуулалтын тухай 2015 оны 261 тоот тушаалыг зөрчсөн байна.
5. Эмч А.Сундуйдорж нь Эрүүл мэндийн сайдын Дархлаажуулалтын тухай 2015 оны 07 дугаар сарын 07-ны №261 тоот тушаалын 2 дугаар хавсралтын И.Эмчийн үзлэгээр вакцин хийлгэхэд харшлах өвчин эмгэггүй хүүхдийг вакцинд хамруулах бөгөөд ямар төрлийн вакцинд хамрагдах, хэд дэх тун, вакцинд хамрагдах өдөр хугацааг амаржих газарт нярайн түүх, сум, өрх, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт “Эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр”-т тэмдэглэнэ заалтыг зөрчсөн байна.
Эмч Т.Ариунболд нь 2020 оны 06 сарын 05-ны 23 цагийн үед дуудлагаар очиж үзэхдээ биеийн байдлыг нь зөв үнэлээгүй, оношлоогүй, эмнэлэгт хэвтүүлэн эмчлээгүй байна” гэсэн дүгнэлт /2 дугаар хх-ийн 230-238-р хуу/,
Шүүгдэгч Т.Ариунболд, А.Сундуйдорж нарын албан тушаалын тодорхойлолт /3 дугаар хх-ийн 141-147-р хуу/,
Шүүгдэгч Т.Ариунболд, А.Сундуйдорж нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 249, 2 дугаар хх-ийн 5 дугаар хуудас/ зэрэг болно.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.Ариунболд, А.Сундуйдорж нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч А.Сундуйдорж нь 2020 оны 06 дугаар сарын 04-ний Өвөрхангай аймгийн Бүрд сумын эрүүл мэндийн төвийн эмчээр ажиллаж байхдаа талийгаач О.Бадамхоролд вакцин хийхийн өмнө хүүхдийг үзэж биеийн байдлыг зөв үнэлээгүй, амьсгалын замын халдвар авсан байсныг оношлолгүй вакцин хийлгүүлснээс биеийн байдал хүндэрч нас барсан,
шүүгдэгч Т.Ариунболд нь Өвөрхангай аймгийн Бүрд сумын эрүүл мэндийн төвийн эмчээр ажиллаж байхдаа 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд сумын 2 дугаар багт байх талийгаач О.Бадамхоролын гэрт вакцины дараа дуудлагаар очиж үзэхдээ хүүхдийн нөхцөл байдлыг зөв үнэлээгүй, амьсгалын замын халдварт өвчнийг оношлоогүй, зохих арга хэмжээ авалгүй хугацаа алдсанаас О.Бадамхорол нас барсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Оюунчимэгийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /1 дүгээр хх 75, 79-80 дугаар хуудас/, гэрч Д.Должинсүрэн, Б.Нэргүй, Т.Отгон, А.Тунгалаг, Б.Гансүх, М.Золзаяа, М.Үүрцайх нарын мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 85-86, 87-88, 90-91-93-94, 95, 98-100, 101-103 дугаар хуудас/, өвчний түүх /1 дүгээр хх 140-149 дүгээр хуудас/, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар 28-ны өдрийн №55 дугаартай дүгнэлт /1 дүгээр хх 105-107/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн №508 дугаар дүгнэлтэд:“...1.Талийгаач О.Бадамхоролын биед гэмтэл тогтоогдсонгүй. 2.Талийгаач О.Бадамхорол нь амьсгалын замын вирусийн цочмог халдварын шалтгаант хоёр уушгины хатгалгааны улмаас амьсгалын цочмог дутагдалд орж нас баржээ. Шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 55 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1264 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна. Эрүүл мэндийн сайдын 2012 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн дархлаажуулалтын хуулийг хэрэгжүүлэх тухай 217 дугаар тушаалын 1.1-д заасан “Хүүхдэд дархлаажуулалт хийх тохиолдол бүрийн өмнө эрүүл мэндийн үзлэг хийнэ. Эхийн жирэмслэлт, төрөлтийн явц, удмын байдал, хүүхдийн бие сэтгэцийн өсөлт, өвчилж байсан өвчин, урьд нь вакцин тариулсны дараа урвал хүндрэл илэрч байсан эсэхийг судална. Дархлаажуулалт хийхэд эсрэг заалт байгаа эсэхийг тогтоож, харшлах заалт илэрсэн хүүхдэд эмчилгээ хийж эрүүлжүүлж, цаашид ямар вакцинаар, ямар товлолоор хийхийг тогтоож өгнө” гэсэн хэсгийг зөрчиж нярайд вакцин хийхийн өмнө сум, өрхийн эмч хүүхдийг үзэж биеийн байдлыг үнэлээгүй. Амьсгалын замын халдвар авсан байсныг оношлоогүйгээс вакцины дараа хүүхэд хүндэрсэн байна. Вакцины дараа дуудлагаар очиж үзсэн эмч хүүхдийн биеийн байдлыг зөв үнэлж зохих арга хэмжээ аваагүй хугацаа алдсан тул хүүхэд хүндэрч нас барсан байна...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 225-230/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн №57 дугаар дүгнэлтэд: Талийгаач Бадамхоролын үхлийн шалтгааныг тогтоосон 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 55 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Шинжээчийн 1264 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна. Вакцин хийхийн өмнө хүүхдийн биед үзлэг хийгээгүй, биеийн байдлыг үнэлээгүй, 2 уушгины үрэвслийг оношлоогүй, шаардлагатай арга хэмжээг аваагүй байхад эмчилгээ, үйлчилгээг зохих ёсоор үзүүлсэн байна гэсэн нь үндэслэлгүй. Шинжээчийн 508 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Энэ дүгнэлтэд эргэлзээтэй буруу гэх заалт байхгүй байна. Хүүхэд вакцин хийхийн өмнө үзлэг хийсэн гэх тэмдэглэл байхгүй байна. Эрүүл мэндийн сайдын 2015 оны 261 тоот тушаалаар “Хүүхдэд дархлаажуулалт хийх тохиолдол бүрийн өмнө эрүүл мэндийн үзлэг хийнэ. Үзлэг хийхдээ эхийн жирэмслэлт, төрөлтийн явц, удмын байдал, хүүхдийн бие сэтгэцийн өсөлт, өвчилж байсан өвчин, урьд нь вакцин тариулсны дараа урвал хүндэрч илэрч байсан эсэхийг судална. Дархлаажуулалт хийхэд эсрэг заалт байгаа эсэхийг тогтоож, харшлах заалт илэрсэн хүүхдэд эмчилгээ хийж эрүүлжүүлж, цаашид ямар вакцинаар , ямар товлолоор хийхийг тогтоож өгнө” гэсэн хэсгийг зөрчиж нярайд вакцин хийхийн өмнө сум, өрхийн эмч хүүхдийг үзэж биеийн байдлыг үнэлээгүй. Амьсгалын замын халдвар авсан байсныг оношлоогүйгээс вакцины дараа хүүхэд хүндэрсэн байна. Вакцины дараа дуудлагаар очиж үзсэн эмч хүүхдийн биеийн байдлыг зөв үнэлж зохих арга хэмжээ аваагүй хугацаа алдсан тул хүүхэд хүндэрч нас барсан байна. /2-р хх-ийн 75-81-р хуудас/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн № 735 дугаар дүгнэлт /2 дугаар хх-ийн 230-238-р хуу/ зэрэг яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.” гэж заасан байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субъектийг “эмнэлгийн мэргэжилтэн” гэж тодорхойлсон бөгөөд Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь заалтад “эмнэлгийн мэргэжилтэн” гэж анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль, коллежийг төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий хүний их, бага эмч, шүдний их эмч, уламжлалт анагаах ухааны их эмч, сувилагч, эх баригч, эм зүйч, эм найруулагч, сэргээн засах чиглэлийн мэргэжилтэнг ойлгохоор тодорхойлсон байна.
Шүүгдэгч Т.Ариунболд, А.Сундуйдорж нар эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч нас барсан гэмт үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогч амь хохирсон үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Эрүүл мэндийн сайдын 2015 оны 261 тоот тушаалаар “Хүүхдэд дархлаажуулалт хийх тохиолдол бүрийн өмнө эрүүл мэндийн үзлэг хийнэ. Үзлэг хийхдээ эхийн жирэмслэлт, төрөлтийн явц, удмын байдал, хүүхдийн бие сэтгэцийн өсөлт, өвчилж байсан өвчин, урьд нь вакцин тариулсны дараа урвал хүндэрч илэрч байсан эсэхийг судална. Дархлаажуулалт хийхэд эсрэг заалт байгаа эсэхийг тогтоож, харшлах заалт илэрсэн хүүхдэд эмчилгээ хийж эрүүлжүүлж, цаашид ямар вакцинаар, ямар товлолоор хийхийг тогтоож өгнө” гэснийг шүүгдэгч Т.Ариунболд, А.Сундуйдорж нар зөрчсөн байна.
Өвөрхангай аймгийн Бүрд сумын эрүүл мэндийн төвийн эмч Т.Ариунболд, А.Сундуйдорж нарын ажлын байрны тодорхойлолтод “Үйлчлэх хүрээний хүн амд үзлэг, оношилгоо, эмчилгээ хийх үйл ажиллагааг удирдан зохион байгуулах”, “шаардлагатай тохиолдолд өвчтөнийг дараагийн шатлалын эмнэлгийн байгууллагад шилжүүлэх, үр дүнтэй шилжүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих” ... чиг үүргийг ажлын байрны гол үйл ажиллагаа болгож тусгасан байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай байсан боловч авч чадаагүй гэж тайлбарласан боловч шүүгдэгч нарыг холбогдох эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.
Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч Т.Ариунболд, А.Сундуйдорж нарын эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байдал, мөн хариуцлагагүй байдал шууд нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Ариунболд, А.Сундуйдорж нар нь эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч нас барсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокуророос Т.Ариунболд, А.Сундуйдорж нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж тус тус ирүүлсэн нь шүүгдэгч нарын гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Т.Ариунболд, А.Сундуйдорж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3-д зааснаар эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч А.Сундуйдоржийн өмгөөлөгч Р.Шүрхүү нь “....талийгаач О.Бадамхоролын нас барсантай А.Сундуйдоржийн үзлэг хийгээгүй нь ямар ч холбоо хамаарал байхгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруу нь тогтоогдохгүй байна гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гаргаж байна....” гэсэн,
шүүгдэгч Т.Ариунболдын өмгөөлөгч Т.Оюунчимэг нь ....улсын яллагчийн яллаад байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж байхгүй гэж үзэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Т.Ариунболдын үйлдэл тогтоогдохгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэсэн саналыг шүүхэд гаргаж байна” гэсэн агуулга бүхий тайлбарыг тус тус шүүх хуралдаанд гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын “хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн гэм буруугийн дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч Т.Ариунболд, А.Сундуйдорж нарыг эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч нас барсан шалтгааныг тогтоосон нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой байна.
Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “...шүүгдэгч Т.Ариунболд, А.Сундуйдорж нараас хохирол, төлбөр нэхэмжлэхгүй...” гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Т.Ариунболд, А.Сундуйдорж нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “...шүүгдэгч Т.Ариунболд, А.Сундуйдорж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар эрх хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар 2 жилийн хугацааг хасах дүгнэлтийг гаргаж байна....”, гэсэн
шүүгдэгч Т.Сундуйдоржийн өмгөөлөгч Р.Шүрхүү шүүхийн хэлэлцүүлэгт “....2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү...” гэсэн,
шүүгдэгч Т.Ариунболдын өмгөөлөгч Т.Оюунчимэг шүүхийн хэлэлцүүлэгт “...2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, эмчлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж өгнө үү...” гэсэн ялын санал тус тус гаргасан болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Т.Ариунболд, А.Сундуйдорж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Ариунболд, А.Сундуйдорж нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3-д заасан гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.
2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай 6 дугаар зүйлийн 6.2-д 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах /Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зүйл/,Баривчлах, таслан зогсоох хэр хэмжээг хэтрүүлж хүнийг алах/Эрүүгийн хуулийн 10.3 дугаар зүйл/,Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх /Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйл/,Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах/Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл/, Хүн хулгайлах /Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, Хүнийг хүчээр алга болгох /Эрүүгийн хуулийн 13.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг/, Заналхийлэх /Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг/,Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх/Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг/,Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх/Эрүүгийн хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/,Хүний цус, эс, эд, эрхтнийг шаардлага хангаагүй нөхцөлд бэлтгэх, шилжүүлэн суулгах/Эрүүгийн хуулийн 15.4 дүгээр зүйл/,Хууль бусаар үр хөндөх/Эрүүгийн хуулийн 15.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг/, Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх /Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/,Эд хөрөнгө устгах, гэмтээх/Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг/,Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хамгаалахад хайнга хандах /Эрүүгийн хуулийн 20.6 дугаар зүйл/, Эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдах, түгээх /Эрүүгийн хуулийн 20.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/,Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах/Эрүүгийн хуулийн 20.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/,Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах/Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/,Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, усан онгоц, агаарын хөлгийн хөдөлгөөнд аюултайгаар халдах/Эрүүгийн хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг/,Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, усан онгоц,агаарын хөлгийн хөдөлгөөнд аюул учруулах/Эрүүгийн хуулийн 27.2 дугаар зүйл/,Төмөр замын, агаарын, усан замын тээврийн хөдөлгөөний ба ашиглалтын аюулгүй байдлын журам зөрчих/Эрүүгийн хуулийн 27.3 дугаар зүйл/,Осол, зөрчилд өртсөн агаарын хөлгийн бодит хяналтын хэрэгслийг устгах, гэмтээх/Эрүүгийн хуулийн 27.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/,Агаарын навигацийн тоног төхөөрөмжийг устгаж гэмтээх, нислэгийн хөдөлгөөнд саад учруулах/Эрүүгийн хуулийн 27.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/,Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг/ гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна.” гэж заажээ.
Иймд шүүгдэгч Т.Ариунболд, А.Сундуйдорж нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3-д зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаас тус тус 2 жилийг өршөөн хасах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Т.Ариунболд, А.Сундуйдорж нарт оногдуулсан эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
Шүүгдэгч Т.Ариунболд, А.Сундуйдорж нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүйг тус тус дурдаж,
шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Ариунболд, А.Сундуйдорж нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Ариунболд, А.Сундуйдорж нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн Төмөрбаатарын Ариунболд, шүүгдэгч Шарынхан овгийн Адъяацэрэнгийн Сундуйдорж нарыг эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овгийн Төмөрбаатарын Ариунболд, шүүгдэгч Шарынхан овгийн Адъяацэрэнгийн Сундуйдорж нарыг эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ариунболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3-д зааснаар 1 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялаас,
шүүгдэгч А.Сундуйдоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3-д зааснаар 1 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялаас тус тус 2 жилийг өршөөн хассугай.
4. Шүүгдэгч Т.Ариунболд, А.Сундуйдорж нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүйг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Ариунболд, А.Сундуйдорж нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Ариунболд, А.Сундуйдорж нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр тус тус үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН