Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 53

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        2019 оны 02 сарын 22 өдөр                    136/ШШ2019/00053                  Дорноговь аймаг.

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: 1974 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 44 настай, эмэгтэй, Дорноговь аймаг, Сайншанд сум, 6-р баг, Шинэ зууны гудамж, 29-р байр, 45 тоотод оршин суух, Дархан овогт Баавгайн Ариунцэцэг /РД:ЕП74052002/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: 1972 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, 7-р баг, Дэнж, Зүүн Дэнжийн 3-31 тоотод оршин суух, Гомбо овогт Хүрэлхуягийн Батнэмэх /РД:ФД72041213/-д холбогдох

 

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А, нарийн бичгийн дарга Д.Золбоо нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2011 онд Х.Бтэй танилцан, 2012 оны 05 дугаар сараас хамтран амьдарсан. Биднийг хамтран амьдрах хугацаанд 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр охин Б.Энхриймаа төрсөн. Х.Б нь 2013 оны 05 дугаар сараас эхлэн архи ууж, гэр орондоо агсам тавьж, охин бид хоёрыг айлгаж, сүрдүүлэн дарамтлах болсон... Бид цаашид хамтран амьдрах боломжгүй тул хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

 

 Хариуцагч Х.Б шүүхэд гаргасан тайлбараа: Миний бие Б.Аийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй уншиж танилцлаа. Миний бие Б.Атэй 2011 онд танилцаж, 2012 оноос эхлэн хамт амьдарсан. Биднийг хамт амьдрах хугацаанд 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Б.Энхриймаа төрсөн. Энхриймаа нь миний төрсөн охин мөн ба надаар овоглодог. Би архи ууж, бид мууддаг байсан. Муудахаар Ариунцэцэг намайг хөөдөг, хөөхөөр нь би яваад өгдөг байсан. 2013 оноос эхлэн тусдаа амьдрах болсон. Миний бие сүүлийн 4 жил Улаанбадрах суманд айлын мал маллаж, ирэн очин амьдарч байсан ба охинтойгоо Сайншандад ирэхээрээ уулздаг байсан. 2017 оны 11 дүгээр сараас хойш Ариунцэцэг болон охин Энхриймаатай уулзаагүй. 2018 оны 09 дүгээр сард Ариунцэцэгтэй утсаар ярихад намайг шүүхэд өгсөн талаар хэлсэн. Үүнээс хойш Ариунцэцэгтэй холбогдоогүй. Миний бие охин Энхриймаад хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

 

                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

 

Хариуцагч Х.Бэд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хариуцагч шүүх хуралдааныг өөрийн эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг бичгээр ирүүлсэн, нэхэмжлэгч Б.А нь хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийхийг зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

 

Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Х.Бэд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Б.А, хариуцагч Х.Б нар нь 2011 онд танилцаж, хамтран амьдрах хугацаанд 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр охин Б.Энхриймаа төрсөн болох нь зохигчдын тайлбар, Гомбо овогт Батнэмэхийн Энхриймаагийн №0000882140, Г-188 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Хариуцагч Х.Б нь охин Б.Энхриймаад хүүхдийн тэтгэлэг төлөх талаар маргаагүй, төлөхийг хүлээн зөвшөөрч, тайлбар гаргажээ.

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дэх хэсэгт зааснаар 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн охин Б.Энхриймааг 11 нас хүртэл нь тэдгээрийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Х.Бээр тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.Бээс 1 жилд төлөх тэтгэлгийн үнийн /93550х12=1122600/ дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 31 492 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:  

                                                                                 

1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн охин Б.Э-г 11 нас хүртэл нь тэдгээрийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Х.Бээр тэжээн тэтгүүлсүгэй.

 

2.Охин Б.Э нь эх Б.Аийн асрамжид байгаа болохыг дурдсугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.Бээс улсын тэмдэгтийн хураамж 31492 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.НАРАНЦЭЦЭГ