Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/01

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Улсын яллагч: Б.Түвшинтөр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш,

Шүүгдэгч: Ц.Дагдан, Б.Одонгариг,

Нарийн бичгийн дарга: Н.Ням нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зараа овогтой Цэрэндоржийн Дагдан, 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-т заасан хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогтой Бат-Эрдэнийн Одонгариг нарт холбогдох эрүүгийн 2227002200163 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын Онгоцон-Ухаа баг Сэнгэ хавтгай гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Зараа овогтой Цэрэндоржийн Дагдан /РД:АС77041235/,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын Онгоцон-Ухаа баг Сэнгэ хавтгай гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Боржигон овогтой Бат-Эрдэнийн Одонгариг /РД:ХГ77101615/,

Холбогдсон хэргийн талаар:        

Шүүгдэгч Зараа овгийн Цэрэндоржийн Дагдан нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын Жалбаа баг Ар элст гэх газраас 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Ц.Ууганбаярын өмчлөлийн 3 /гурван/ үхрийг хулгайлан авч түүнд 4,100,000 төгрөгийн хохирол учруулсан,

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Онгоцон-Ухаа багийн Худаг элстэй гэх газраас 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн орчим Д.Лхагвасүрэнгийн өмчлөлийн 1 /нэг/ үхрийг хулгайлан авч түүнд 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан,

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Онгоцон-Ухаа баг Худаг элстэй гэх газраас 2022 оны 10 дугаар сарын 27-ноос 2022 оны 10 дугаар сарын 28-нд шилжих шөнө Д.Ичинхорлоогийн өмчлөлийн 2 /хоёр/ үхрийг хулгайлан авч түүнд 2,600,000 төгрөгийн хохирол учруулсан,

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Жалбаа баг Өрхтий гэх газраас 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 29-нд шилжих шөнө Т.Лхагвасүрэнгийн өмчлөлийн 2 /хоёр/ адууг хулгайлан авч түүнд 1,900,000 төгрөгийн хохирол учруулан нийт 4 удаагийн үйлдлээр бусдын олон тооны малыг хулгайлсан,

Шүүгдэгч Боржигон овгийн Бат-Эрдэнийн Одонгариг нь Ц.Дагданг 1 /нэг/ үхрийг хулгайлан авсан гэж мэдсээр байж махыг нь 850,000 төгрөгөөр зарж уг мөнгөнөөс 250,000 төгрөгийг хувьдаа авч эзэмшиж, ахуйн хэрэгцээндээ зарцуулан мөнгө угаасан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Дагдан шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүгдэгч Б.Одонгариг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч Ц.Ууганбаярын мөрдөн байцаалтад өгсөн “...2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Хархорин сумын төв дээр ажил гараад ирсэн байсан. Маргааш өглөө нь манай дүү Даваа над руу залгаад манай улаан хүрэн хязаалан үхэр, хөмсөг цагаан хар үхэр, мухар улаан шүдлэн нийт 3 /гурван/ үхэр алга болсон байна гэж хэлсэн. Тухайн өдөр нь манай дүү Даваа үхрээ хурааж ирэхэд бүрэн байсан тэр шөнө л алга болсон...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 16-17-р хуу/,

Гэрч Х.Мөнхбатын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Дагдан гэх хүнээс 2 /хоёр/ адууны авлагатай байсан. Энэ өнгөрсөн зун Ц.Дагдан надаас мөнгөний хэрэг байна гээд идэшний үеэр 2 /хоёр/ адуу өгнө гэсэн. 2022 оны 10 дугаар сарын сүүлээр Ц.Дагдан болон Б.Одонгариг нар нь 1 /нэг/ адуу болон 1 /нэг/ үхрийн мах авч ирж өгсөн. Би өөрийн биеэр Ц.Дагдангийн гэрт очиж 1 /нэг/ адууны мах авсан. Үхрийн махны мөнгө гэж 1,300,000 төгрөгийг миний төрсөн дүү Х.Долгорсүрэн Б.Одонгаригийн данс руу шилжүүлсэн. Би тухайн үхрийн махыг дүүтэйгээ өрөөлдөж худалдаж авсан. Өөр малын мах худалдаж аваагүй. Үхэр нь сувай үнээ байсан 1 /нэг/ адуу нь бүдүүн адуу байсан. Арьс шийр нь дагаж ирээгүй. 2 /хоёр/ адууны толгой, 1 /нэг/ үхрийн толгой зэрэг ирсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 45-р хуу/,

Гэрч Ц.Энхдолгорын мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай нөхөр Ц.Дагдан, найз Б.Одонгариг нар 2022 оны 10 дугаар сарын сүүлээр байх гэж санаж байна. Хүрэн зүстэй, зээрд зүстэй 2 /хоёр/ адуу нядалсан. Тухайн адууны махаа Хархорин суманд байх Мөнхөө гэх хүнд өгсөн. Манайх Мөнхөө гэх хүнд 2 /хоёр/ адуу өгнө гэж хэлээд өнгөрсөн зун мөнгө зээлсэн байсан. Мөн тухайн сард гэж санагдаж байна. 2 /хоёр/ монгол хар зүстэй үхэр нядалж нэг үхрийг нь Мөнхөө гэх хүнд өгсөн. Үлдсэн нэг үхрийг нь манай хадам аав болох Цэрэндоржид өгсөн. 11 дүгээр сарын дундуур цас орох үед Улаанбаатар хотоос миний төрсөн эгч Ц.Пүрвээ идэшний үхэр авах гэж ирсэн. Ц.Пүрвээ эгчид 3 /гурван/ монголын үхэр нядалж өгч явуулсан. Хар зүстэй, улаан зүстэй үхрүүд байсан. Нэг нь мухар үхэр байх шиг байсан санагдаж байна. Би хэний үхэр, адуу эсэх талаар мэдээгүй. Манай нөхөр хүнээс авсан юм гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 47-р хуу/,

2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хохирогч Ц.Ууганбаяр, хөндлөнгийн гэрчээр Д.Түвшинбаяр, Б.Наранболд нарыг оролцуулсан таньж олуулах ажиллагааны тэмдэглэл “...Та өөрийн алдсан гэх 3 /гурван/ үхрийг ямар шинж тэмдгээр таних бэ? Хариулт: Би хар үхрээ зүүн талын цавь хэсгийн жижиг цагаан толбо болон имээр нь танина. Улаан үхэр болон улаан хүрэн үхрээ зүсээр нь болон имээр нь танина. Таньж олуулахад тогтоогдсон нөхцөл байдал.Хохирогч Ц.Ууганбаяр энэ гурван үхрийн арьснаас 2 /хоёр/ арьс нь миний алдсан үхрийн арьс мөн байна. Би хар зүстэй үхрээ цавь хэсгийн цагаан толбо болон хоёр чих цуулбар, зөв талын чих урдаасаа ганзага имээр нь таньж байна. 2 /хоёр/ улаан үхрийн арьсыг харахад 1 /нэг/ улаан зүстэй үхрийн арьсыг чихний имээр нь таньж байна. Зүсээр нь таньж байна толгойны арьсыг өвчиж үлдээсэн байна. Цавь цагаан, имгүй, улаан зүстэй үхрийн арьс нь биш байна. Имгүй үхрийн арьс байна. Нөгөө 2 /хоёр/ нь миний алдсан үхрийн арьс мөн байна. Би хараад таньж байна...” гэх тэмдэглэл, гэрэл зургууд /1 дүгээр хх-ийн 18-19-р хуу/,

Бат-Эрдэнийн Одонгариг нь Хаан банканд эзэмшдэг 5556456963 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хх-ийн 67-83-р хуу/,

Хөрөнгийн    үнэлгээний Вендо ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн “...Тус үнэлэгдэж байгаа хөрөнгө нь зах зээлийн шууд харьцуулалтын аргаар 2022 оны 11 дүгээр сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 4,100,000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх №ӨХЦ22-53 дугаартай хөрөнгийн үнэлгээ /1 дүгээр хх-ийн 49-50-р хуу/,

Хохирогч Д.Ичинхорлоогийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Манайх Өвөрхангай аймгийн Хархорин сумын Онгоцон-Ухаа багийн нутаг Худаг-Элстэй гэх газар байдаг юм. 2022 оны 10 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө манай үхрээс 2 /хоёр/ монголын сувай үнээ алга болсон юм. Хар зүстэй том далий эвэртэй, имгүй, монголын сувай үнээ байсан. Нэг нь бас хар зүстэй хөмөргөн эвэртэй, цавь цагаан бөөр алаг гэж хэлж болно зүүн чих хулгар, буруу чих үзүүрээсээ цуулбар имтэй монголын сувай үнээ байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 182-р хуу/,

Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ний 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “...Тус үнэлэгдэж байгаа хөрөнгө нь зах зээлийн шууд харьцуулалтын аргаар 2022 оны 11 дүгээр сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 2,600,000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх №ӨХЦ22-51 дугаартай хөрөнгийн үнэлгээ /1 дүгээр хх-ийн 184-185-р хуу/,

Хохирогч Т.Лхагвасүрэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн “...Манайх Өвөрхангай аймгийн Хархорин сумын Жалбаа баг Өрхтий гэх газар нутагладаг юм. 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө манай адуунаас хүрэн зүстэй 05 тоо тамгатай буруу талын чих араасаа цуулбар имтэй нас гүйцсэн морь, Зээрд зүстэй 05 тоо тамгатай буруу талын чих араасаа цуулбар эмтэй нийт 2 /хоёр/ адуу алдсан. Тухайн адуугаа хайж байгаад олдохгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн манай унаган адуу байгаа юм. Морь нь эмнэг байсан. Адуун сүргээсээ тасарч явах зүйл байхгүй. Цаг агаар цэлмэг ямар нэгэн байгалийн үзэгдэл болоогүй. Адуу шуурганд уруудахаар шуурга болоогүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 206-207-р хуу/,

2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн таньж олуулах ажиллагааны тэмдэглэл “...Танд үзүүлсэн адууны 3 /гурван/ ширхэг хөл /шийр/ нь таны алдсан гэх адууны шийр мөн үү хэрэв та мөн гэж таньж байгаа бол ямар содон шинж тэмдгээр нь таньж байгаа бэ? Хариулт: Миний алдсан гэх 2 адуунаас зээрд зүстэй хязаалан настай байдсан гүүний шийр мөн байна. Зүс нь таарч байна. Мөн хязаалан насны байдсан адууны хөл иймэрхүү нарийхан жижиг байдаг байсан гүүний хөл мөн байна...” гэх тэмдэглэл, гэрэл зургууд /1 дүгээр хх-ийн 207-208-р хуу/,

          Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ний 2022 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн “...Тус үнэлэгдэж байгаа хөрөнгө нь зах зээлийн шууд харьцуулалтын аргаар 2022 оны 11 дүгээр сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 1,900,000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн №ӨХЦ22-52 дугаартай хөрөнгийн үнэлгээ /1 дүгээр хх-ийн 210-211-р хуу/,

          Хохирогч Д.Лхагвасүрэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн “...Манайх Өвөрхангай аймгийн Хархорин сумын Онгоцон-Ухаа багийн Худаг элстэй гэх газар байдаг юм. 2022 оны 11 дүгээр сарын 10-ны үед гэж санаж байна. Өдрийг нь нарийн санахгүй байна. Манай үхэр гэрийнхээ гадаа хотондоо хоносон юм. Би өглөө үхрээ бүртгэхэд 1 тооны монголын шүдлэн үхэр алга байсан. Тэгээд би цагдаагийн байгуулагад хандсан. Хүрэн улаан зүстэй, имгүй, цавь цагаантай, шүдлэн насны монгол шүдлэн үхэр алга болсон. Тэгээд би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 145-р хуу/,

          Нөгөө 2 /хоёр/ нь миний алдсан үхрийн арьс мөн байна. Би хараад таньж байна...” гэх тэмдэглэл, гэрэл зургууд /1 дүгээр хх-ийн 18-19-р хуу/,

          Гэрч Ц.Тунгалаггоогийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн “...Одонгариг гэдэг хүнийг танина садан төрөл, найз нөхдийн холбоо байхгүй. 2022 оны 11 дүгээр сарын 10-ны үеэр санагдаж байна үхрийн мах авч ирээд авах уу гэж хэлсэн. Би тухайн үхрийн махыг авсан. Тухайн үхрийн мах 107 кг болсон. Шүдлэн үхрийн мах ойролцоогоор 107 кг болдог юм. 850,000 төгрөгөөр худалдаж авсан. 1 кг нь 8000 төгрөгөөр бодож авсан. Арьс шийр нь байгаа эсэхийг мэдээгүй. Надад арьс өгөөгүй ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 154-р хуу/,

          2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хохирогч Д.Лхагвасүрэн, хөндлөнгийн гэрчээр Д.Түвшинбаяр, Б.Наранболд нарыг оролцуулсан таньж олуулах ажиллагааны тэмдэглэл “...Та өөрийн алдсан гэх 1 /нэг/ үхрийг ямар шинж тэмдгээр таних бэ? Хариулт: Би улаан хүрэн зүстэй имгүй, шүдлэн насны үхрээ хараад зүсээр нь танина, мөн цавь цагаан толбоор нь танина. Малчин хүн өөрийн малаа нүдээр хараад шууд танина. Таньж олуулахад тогтоогдсон нөхцөл байдал. Хохирогч Д.Лхагвасүрэн Надад үзүүлсэн энэ 1 /нэг/ үхрийн арьс миний алдсан гэх үхрийн арьс мөн байна. Би хараад таньж байна. Манай алдсан үхэр имгүй байсан мөн байна. Мөн цавь цагаан содон шинж тэмдэг нь байна. Зүс нь мөн байна. Би өөрийн үхрээ хараад мэднэ...” гэх тэмдэглэл, гэрэл зургууд /1 дүгээр хх-ийн 146-147-р хуу/,

          Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “...Тус үнэлэгдэж байгаа хөрөнгө нь зах зээлийн шууд харьцуулалтын аргаар 2022 оны 11 дүгээр сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 1,300,000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх №ӨХЦ22-56 дугаартай хөрөнгийн үнэлгээ /1 дүгээр хх-ийн 156-157-р хуу/,

          Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 30-34, 40-44-р хуу/,         

          Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 234, 235, 236-р хуу/,        

          Шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хувийн байдлыг тогтоосон баримтууд /1 дүгээр хх-ийн 95-117-р хуу/,       

          Шүүгдэгч Ц.Дагдангийн мөрдөн байцаалтад яллагдагчаар дахин өгсөн: “Би яг сар өдрийг нь нарийн хэлж мэдэхгүй байна. Тодорхой хэлж өгвөл би 2022 оны 10 сарын сүүлээс 11 сарын дунд үе хүртэл 3 удаагийн үйлдлээр 6 үхэр 1 удаагийн үйлдлээр 2 тооны адуу хулгайлж өөрийн Өвөрхангай аймгийн Хархорин сумын Онгоцон-Ухаа багийн Сэнгэ хавтгай гэх газарт байрлах гэрт 10 настай бор мориор ганцаараа тууж авч очоод нядалж махыг нь зарж хүнд өгдөг байсан. Хулгай хийх үедээ би ганцаараа хэн нэгэн хүний туслалцаа дэмжлэгийг аваагүй. Авчирсан малаа ганцаараа нядалж янзалж чадахгүй байсан учраас саахалт айлын Одонгаригт би мал нядлах гэж байна туслаад өг гэж хэлээд л туслуулдаг байсан. 2 үхэр 2 адуу хулгайлж махыг нь зарж байгаа гэдгээ би нядлаад сумын төв рүү махыг нь авч явж байхдаа хулгайн малын мах байгаа юм гэдгийг нь энэ ямар учиртай малын мах вэ гэж асуусан учир мөнгө хэрэгтэй болоод хулгай хийсэн гэдгээ хэлсэн. Том жижиг нийт 700 тооны мал тоолуулсан. Миний хүү Түвшинтөгс энэ жил Улаанбаатар хотод архи уусан хүн цохиж гэмтээгээд шалгагдаж байгаа би энэ жил өөрийн малаас их зарж үрсэн. Сүүлд нь арга олдохгүй л ийм зүйл хийх болсон. Би эхнэр Энхдолгор болон 17, 12, 08 настай 3 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр бид хоёр 4 хүүхэдтэй хамгийн том нь одоо Улаанбаатар хотод байгаа. Одоо өр төлбөр гэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 229-230-р хуу/,

          Шүүгдэгч Б.Одонгаригийн мөрдөн байцаалтад яллагдагчаар дахин өгсөн: “Би Хархорин сумын төв рүү өөрийн эзэмшлийн 65-35 УБА улсын дугаартай приус 20 загварын тээврийн хэрэгслээр Дагдангийн сумын төв рүү Мөнхөө гэх хүнд мах хүргэж өгөөд өөрийнхөө дансанд мөнгийг нь хийлгүүлж аваад тухайн мөнгөөр нь миний чамаар банкнаас авхуулсан зээлийн эргэн төлөлтийг нь хийгээрэй гэж хэлсэн учир би Дагдангийн хүргээд өгчих гэсэн 2 үхэр 1 адууг хүргэж өгч байсан. Хүүхэд нь асуудалд ороод мөнгөний хэрэг гараад надаар 9.000.000 төгрөгийн зээл авхуулсан. Сүүлд сумын төв рүү нядалсан малын махыг нь хүргэж өгч байхад хүүхэд асуудалд ороод хохирогч талаас нь мөнгө нэхээд болохгүй байна хөгшин чинь хүний мал нядалчихлаа гэхээр нь би ахиж чамд дансаа ашиглуулахгүй чи ийм зүйл хийж болохгүй гэж хэлсэн. Дагдан гуйгаад байсан учир сумын төв орж малын махыг нь хүргэж өгсөн. Зарсан малын махны төлбөр 850.000 төгрөг орсон 600.000 төгрөгийг нь Дагдан өөрөө авч миний дансанд 250.000 үлдсэн. 50.000 төгрөгөөр нь бензин аваад үлдсэн мөнгийг нь гэрийн хэрэгцээний зүйлс авч дуусгасан. Үлдэгдэл байгаа би сайн ойлгохгүй байгаа учир зээлийн эргэн төлөлтийн хуваарь харвал ойлгогдох байх. Төлөгдөж дуусаагүй гэдгийг нь л мэдэж байна. Би өөрийн хийсэн үйлдэлд гэмшиж байна найз минь надад туслаач гэж гуйсан учир буруу зүйл хийсэн байна. Би хүн буруу зүйл хийж байгаа гэдгийг нь мэдсээр байж тусалсан нь миний буруу” гэсэн мэдүүлэг /хх-ийн 233-р хуу/,

          Хохирогч Ц.Ууганбаяр, Д.Ичинхорлоо, Д.Лхагвасүрэн, Т.Лхагвасүрэн нарт хэргийн материал танилцуулахад хохирол төлбөргүй, гомдолгүй гэсэн тэмдэглэл /хх-ийн 237-240-р хуу/,

          Шүүгдэгч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтүүд /2 дугаар хх-ийн 1-2-р хуу/,

          Хохирол төлсөн талаар баримтууд /2 дугаар хх-ийн 2-9-р хуу/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

          Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Одонгариг, Ц.Дагдан нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.

          Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

          Шүүгдэгч Ц.Дагдан нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын Жалбаа баг Ар элст гэх газраас 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Ц.Ууганбаярын өмчлөлийн 3 /гурван/ үхрийг хулгайлан авч түүнд 4,100,000 төгрөгийн хохирол учруулсан,

          Өвөрхангай аймгийн Хархорин сумын Онгоцон-Ухаа багийн Худаг элстэй гэх газраас 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн орчим Д.Лхагвасүрэнгийн өмчлөлийн 1 /нэг/ үхрийг хулгайлан авч түүнд 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан,

          Өвөрхангай аймгийн Хархорин сумын Онгоцон-Ухаа баг Худаг элстэй гэх газраас 2022 оны 10 дугаар сарын 27-ноос 2022 оны 10 дугаар сарын 28-нд шилжих шөнө Д.Ичинхорлоогийн өмчлөлийн 2 /хоёр/ үхрийг хулгайлан авч түүнд 2,600,000 төгрөгийн хохирол учруулсан,

          Өвөрхангай аймгийн Хархорин сумын Жалбаа баг Өрхтий гэх газраас 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 29-нд шилжих шөнө Т.Лхагвасүрэнгийн өмчлөлийн 2 /хоёр/ адууг хулгайлан авч түүнд 1,900,000 төгрөгийн хохирол учруулан нийт 4 удаагийн үйлдлээр бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргүүдийг,

          шүүгдэгч Б.Одонгариг нь Ц.Дагданг 1 үхрийг хулгайлан авсан гэж мэдсээр байж махыг нь 850,000 төгрөгөөр зарж уг мөнгөнөөс 250,000 төгрөгийг хувьдаа авч эзэмшиж, ахуйн хэрэгцээндээ зарцуулан мөнгө угаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч Ц.Ууганбаяр, Д.Ичинхорлоо, Д.Лхагвасүрэн, Д.Лхагвасүрэн /1-р хх-ийн 16-17, 182, 206-207, 145/, гэрч Х.Мөнхбат, Ц.Энхдолгор, Ц.Тунгалаггоо /хх-ийн 1-р хх-ийн 45, 47, 154-р хуу/ нарын мэдүүлэг, 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хохирогч Ц.Ууганбаяр, хөндлөнгийн гэрчээр Д.Түвшинбаяр, Б.Наранболд нарыг оролцуулсан таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /1-р хх-ийн 18-19-р хуу/, Бат-Эрдэнийн Одонгариг нь Хаан банканд эзэмшдэг 5556456963 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хх-ийн 67-83-р хуу/, хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн №ӨХЦ22-52 дугаартай хөрөнгийн үнэлгээ /1 дүгээр хх-ийн 210-211-р хуу/, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хохирогч Д.Лхагвасүрэн, хөндлөнгийн гэрчээр Д.Түвшинбаяр, Б.Наранболд нарыг оролцуулсан таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 146-147-р хуу/, хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №ӨХЦ22-56 дугаартай хөрөнгийн үнэлгээ /1 дүгээр хх-ийн 156-157-р хуу/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 30-34, 40-44-р хуу/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 234, 235, 236-р хуу/, шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хувийн байдлыг тогтоосон баримтууд /1 дүгээр хх-ийн 95-117-р хуу/, шүүгдэгч Ц.Дагдан, Б.Одонгариг нарын мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэг /1 дүгээр  хх-ийн 229-230, 233-р хуу/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

          Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын амар хялбар аргаар мөнгө олох санаа зорилго болон хохирогч нарын зүгээс өөрийн өмчлөлийн малаа хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

          Шүүгдэгч Б.Одонгариг нь иргэн Ц.Дагданг 1 үхрийг хулгайлан авсан гэж мэдсээр байж махыг нь 850,000 төгрөгөөр зарж уг мөнгөнөөс 250,000 төгрөгийг хувьдаа авч эзэмшиж, ахуйн хэрэгцээндээ зарцуулан авсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д заасан... гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө , орлого  гэдгийг мэдсээр байж  түүнийг авсан... гэх  мөнгө угаах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж үзнэ.

          Шүүгдэгч Ц.Дагдан нь бусдын өмчлөлд байгаа малыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор өөрийн эзэмшил, өмчлөлд авч, өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон, шүүгдэгч Б.Одонгариг нь гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан байх бөгөөд дээрх гэмт хэргүүдийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр тус тус үйлджээ.

          Мал хулгайлах гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь бусдын малыг хулгайлсан идэвхтэй үйлдлээр хэрэгжиж, малыг хулгайлах үйлдэл хийж, захиран зарцуулах боломж бүрдүүлснээр уг хэрэг төгсдөг бөгөөд шүүгдэгч Ц.Дагдан нь хохирогч Ц.Ууганбаяр, Д.Ичинхорлоо, Д.Лхагвасүрэн, Д.Лхагвасүрэн нарын олон  тооны малыг хулгайлж өөрийн хэрэгцээг хангах зорилгоор хулгайлсан нь хэрэгт хөдөлбөргүй тогтоогдсон байна

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгч Ц.Дагдан, Б.Одонгариг нар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй байна.

         Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.

          Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч Ц.Дагдан, Б.Одонгариг нарын үйлдэл нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.         

          Иймд шүүгдэгч Ц.Дагдан, Б.Одонгариг нарт холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, шүүхээс шүүгдэгч Ц.Дагданг бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

          шүүгдэгч Б.Одонгаригийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого  гэдгийг мэдсээр байж  түүнийг авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэв.

          Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

          Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилжээ. 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаарх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй.

          Хохирогч Ц.Ууганбаяр, Д.Ичинхорлоо, Д.Лхагвасүрэн, Д.Лхагвасүрэн нар шүүх хуралдаанд суухгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Ц.Дагдан, Б.Одонгариг нарыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж шүүх үзлээ.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:        

          Шүүхээс шүүгдэгч Ц.Дагдан, Б.Одонгариг нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “...шүүгдэгч Ц.Дагданг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулах,

           шүүгдэгч Д.Одонгаригийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 7 сарын хугацаагаар тэнсэх.

           Шүүгдэгч Д.Одонгаригт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч нарт 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Цагдан хоригдсон хоноггүй. Хилийн хориг тавигдаагүй. Шүүгдэгч Ц.Дагданд оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих ангид эдлүүлэх....” гэсэн дүгнэлтийг,

          Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт ... Иймд дээрх хэргийн нөхцөл байдлыг харгалзан прокурорын ялын саналын хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү... гэсэн дүгнэлтийг гаргасан болохыг дурдав.

Шүүгдэгч Ц.Дагдан, Б.Одонгариг нар нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, гэм хорыг арилгасан, гэм буруугаа хүлээн мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх,

          Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасан хорих ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан үзэж, шүүгдэгч Ц.Дагданд шүүх ял шийтгэл оногдуулсан болно.

          Шүүгдэгч Ц.Дагданг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 01 жил 03 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, түүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

          Шүүгдэгч Б.Одонгаригийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 07 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

          Шүүгдэгч Б.Одонгаригийг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус  хүлээлгэж,

              шүүгдэгч Б.Одонгаригийг бүртгэж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

          шүүгдэгч Б.Одонгариг нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг,

          шүүгдэгч Ц.Дагдан, Б.Одонгариг нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүйг тус тус дурдаж,

          шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Одонгаригт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

          шүүгдэгч Ц.Дагданд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж,

          шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж тус тус шийдвэрлэлээ.   

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Зараа овгийн Цэрэндоржийн Дагданг бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Боржигон овгийн Бат-Эрдэнийн Одонгаригийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Зараа овгийн Цэрэндоржийн Дагданг 01 жил 03 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овгийн Бат-Эрдэнийн Одонгаригийг хорих ялыг оногдуулахгүйгээр 07 сарын хугацаагаар тэнссүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Одонгаригт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дагданд оногдуулсан 01 жил, 03 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Одонгаригийг бүртгэж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Одонгариг нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдсугай.

8. Шүүгдэгч Ц.Дагдан, Б.Одонгариг нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Одонгаригт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

шүүгдэгч Ц.Дагданд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Одонгаригт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,

шүүгдэгч Ц.Дагданд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ЭНХ-АМГАЛАН