| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тэрбишийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2021/0401/З |
| Дугаар | 128/ШШ2021/0507 |
| Огноо | 2021-08-03 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 128/ШШ2021/0507
2021 08 03 128/ШШ2021/0507
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч: Г.Г
Хариуцагч: МҮОНР,ТҮЗ,ТК
Гуравдагч этгээд: А.Б
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Г, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Ж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би энэ байгууллагад хүүхэд наснаасаа хойш 20 жил ажилласан. Тухайн сонгон шалгаруулалтад байхдаа дэд захирлын албан тушаалтай байсан. Харин одоо ажлаасаа халагдсан байж байна. Тухайн сонгон шалгаруулалтад орсон хууль бус үйл ажиллагаа хамгийн харамсалтай зүйл болсон. Олон нийтийн өмнө үйл ажиллагаа нь ил тод байдаг. Хэвлэл мэдээллийн үйлчилгээг хамгийн эхэнд үзүүлж байх ёстой үйл ажиллагааг үндэсний зөвлөлийн ерөнхий захирлыг сонгон шалгаруулахдаа хууль дээр заасан чиг үүргээ дагаж явуулаагүй. Бид нарын дунд явагдсан сонгон шалгаруулалт 200 хүний өмнө явагдсан сонсгол байсан. Гэтэл 200 хүн тооллогын комиссын дүнг 2 цаг 30 минут хүлээж байсан. 170 хүн ажиглагчаар суусан. Тооллогын комисс хаалттай ажилсан. Надад яаж 571 оноо өгснийг хэн ч тайлбарлаж өгөөгүй. Иймд би эрхээ хамгаалуулахаар захиргааны шүүхэд гомдол гаргасан. Яагаад 3 хүн 571 оноо авсан бэ гэдэг хардалттай байсан. Хэрвээ тооллогын комисс дахин нягталж үнэн зөв ажилласан бол би дараагийн сонгон шалгаруулалтад оролцох боломжтой байсан. Иймд миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж хүсэж байна. ...Үндэсний олон нийтийн радио телевизийн Үндэсний зөвлөл хэрхэн хариуцлагагүй ажиллаж ерөнхий захирлаа томилсон бэ? гэдэг нь шууд харагдаж байна. Зөрүүтэй тооллого дээр үндэслэж 2021 оны 3 дугаар сарын 5-ны өдөр ерөнхий захирлыг томилж тогтоол гарсан. Г.О гишүүн Үндэсний зөвлөлийн гишүүн Тооллогын комисст нэг удаа томилогдсон ч гэсэн 15 хүн адилхан эрх үүрэгтэй. Г.Гийн оноог нэг бүрчлэн цохож миний оноог дүгнэх ёстой. Хэн ч хуулийн өмнө тэгш үүрэгтэй нэг газар гомдол өгсөн бол нөгөөд битгий өг гэсэн зүйл заалт байхгүй. Шинэ нөхцөл байдал үүссэн амьдрал баян гээд байна үгүй. Хэрвээ энэ тооллогыг зөв хийгээд хуулийнхаа дагуу чиг үүргээ бүрэн хэрэгжүүлсэн бол алдаатай зүйл байхгүй байх байсан. Б ерөнхий захирал болоогүй байсан надтай адилхан шүүхийн танхимд орж ирэх байсан гэж бодож байна. Иймд миний гаргасан нэхэмжлэл бүрэн үндэслэлтэй гэж бодож байна.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Үндэсний зөвлөл 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс Олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирал цаашид Ерөнхий захирлыг сонгон шалгаруулах зарыг нийтэд мэдээлж, 03 дугаар сарын 05-ны өдрийг дуустал сонгон шалгаруулалтыг явуулсан. Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад 15 хүн нэрээ дэвшүүлснээс, 14 хүн өрсөлдөж Үндэсний зөвлөлийн 18 дугаар тогтоолоор А.Б томилогдсон. Үндэсний олон, нийтийн радио телевизийн Үндэсний зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 11 дүгээр тогтоолын хавсралтаар Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирлыг сонгон шалгаруулах, томилох журам баталсан бөгөөд журмын 10.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Үндэсний зөвлөлийн хуралдаанд оролцож буй гишүүд 14 нэр дэвшигчдэд оноо өгч, дүнг нэгтгэсэн. Энэхүү дүнгээр хамгийн өндөр оноо авсан 2 нэр дэвшигч дараагийн шатны нууц санал хураалтад оролцох эрхтэй болдог бөгөөд нэр дэвшигч Р.Г577, нэр дэвшигч М.А, А.Б, Г.Г гурав ижил 571 оноо авсан талаар танилцуулж байсан. Ийнхүү гурван нэр дэвшигч ижил оноо авсан гэсэн тул Р.Гандиймаа, М.А, А.Б, Г.Г дөрвийн дунд дахин санал хураасан, ингэхдээ Үндэсний зөвлөлийн нэг гишүүн 2 хүнд санал өгч, 30 саналыг хуваах байдлаар батлагдсан журмыг илэрхий зөрчиж, сонгон шалгаруулалтын Үндэсний зөвлөлийн хуралдаанд оролцож байгаа гишүүн энэ журмын 10.7.3-т заасан жагсаалтад заасан нэр дэвшигч тус бүрд энэ журмын гуравдугаар хавсралтад заасан үзүүлэлт тус бүрээр үнэлгээ өгсөн байдаг. Журмын 10.10 дахь хэсэгт зааснаар хуралдаанд оролцож байгаа Үндэсний зөвлөлийн гишүүдээс энэ журмын 10.9 дэх хэсэгт заасан үнэлгээгээр хамгийн өндөр үнэлгээ авсан хоёр нэр дэвшигчийн дунд нууц санал хураалт явуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж хүсэж байна. ...Хариуцагч асуудлыг сайн мэдэж байгаа. Тэхдээ үүнийгээ хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байна гэж харж байна. Тооллого алдаатай явж байгаа нь илэрхий боллоо. Тооллогын комисс өөрийн чиг үүргээ хайрцаглаад арыг л тоолох ёстой гэдгээр асуудалд хандаад байна. Үндэсний зөвлөлийн гишүүдийн дүн тоог нэгтгэж гаргах үүрэгтэй. Захиргааны чиг үүргийг хэрэгжүүлж байгаа албан тушаалтны бүрэн эрх процессын журам нь амьдрал баян гэж ярих асуудал биш. Нууц байсан саналын хуудсыг яаж мэдэв гэдэг хэрэгт ач холбогдолгүй. Оноо тоолох асуудал Тооллогын комиссын бүрэн эрхийн асуудал юм. Хариуцагчийн өмгөөлөгчөөс Иргэний шүүх дээр дэд захирлаас чөлөөлсөн асуудал явж байгаа, Авлигатай тэмцэх газар дээр гомдол гаргаад явж байгаа гэж байна. Тус тусдаа өөр асуудлаар маргаж байгаа.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Үндэсний зөвлөлийн тухайлсан нэг гишүүн нэр дэвшигчийн оноон дээр алдаа хийсэн гэж нэхэмжлэгчид үзээд байна. Үүнийг тооллогын комисс тоолоогүй. Алдаа гарсан гэж үзвэл тэрийг хэн юугаар нотолж байгаа вэ? 3 нэр дэвшигч тэнцсэн нэг нэр дэвшигч өндөр гарсан. Монголын олон нийтийн радио телевизийн хууль хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг тодруулна гэсэн болохоос үнэлгээ авсан нэр дэвшигчийг тодруулна гээгүй. Гэтэл олон санал нэр дэвшигчийг гаргаж ирэхийн тулд үнэлгээ өгсөн. Алдаа гарсан байна гэвэл Үндэсний зөвлөл буруу бодсон уу? Тооллогын комисс зассан уу? гэдгийг хэн нотлох вэ? 15 үзүүлэлтийг Тооллогын комисс 2 цаг тоолж байхад Ц.Н 1 цагийн дотор тоолсон нь эргэлзээтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэгчийн нэхэмжлэл дээр гаргаж өгөөд тодруулсан байгаа хүснэгт дээр нэг ч засвар байхгүй. Энэ нэгдсэн дүнг Үндэсний зөвлөл уламжилсан. Буруу бодсон оноог Тооллогын комисс засах боломжгүй. Нэгэнт амьдрал баялаг учраас хууль өөрөө нэг бүрчлэн харилцаан дээр зохицуулж чадахгүй. Энэ журмаар тохиолдол болгоныг зохицуулах боломж байхгүй. Г.Г ажлаас чөлөөлсөн Ерөнхий захирлын тушаал шийдвэртэй Баянгол дүүргийн анхан шатны шүүхэд хүчингүй болгуулъя гээд нэхэмжлэл гаргаад иргэний хэрэг үүсгэсэн явж байгаа. Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад ороод нэхэмжлэлийн шаардлагаа дэмжээд байна уу Баянгол дүүрэг дээр нэхэмжлэлээ хангуулаад дэд захирлаараа үргэлжлүүлээд явна гээд байна уу? гэдэг асуудал байна. Санал тоолоход процессыг нээлттэй явуулах байсан гэж байна. Нээлттэй явуулсан ч үр дагавар өөрчлөгдөхгүй. Зөвлөлийн гишүүд саналаа өгөхдөө саналын хуудсан нэр тогтоох ямар ч боломж байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Гуравдагч этгээдийн Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз нь монгол улсад олон нийтийн өмчит цорын ганц байгууллага юм. Энэ телевиз нь өөрөө бие даасан хуультай. Тэр хуульд удирдах дээд байгууллага нь хэн бэ гэхээр Үндэсний Зөвлөл гээд заагаад өгсөн байхад нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасан хугацаагаа хэтрүүлж гаргасан гэж үзэж байгаа. Шийдвэрийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд Үндэсний Зөвлөлийн бүрэн эрхийн талаар дурдсан ба 24.1.7 дахь хэсэгт зааснаар сонгон шалгаруулалт явагдсан. Нэхэмжлэгчийн зүгээс Тооллогын комисс хууль зөрчиж 4 оролцогчийн дунд дахин санал хураалт явуулсан. Тэгэхээр журмаар нарийн зохицуулагдаагүй зүйлийг Олон нийтийн радио, телевизийн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Үндэсний зөвлөл шийдвэрийг гаргаж тодорхой санал хураалтыг дахин явуулсан. Гуравдагч этгээдийн зүгээс гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Монгол Улсын иргэн Г.Г нь тус шүүхэд хандан “2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл /цаашид Үндэсний зөвлөл гэх/-ийн Тооллогын комиссын нэгдсэн дүн /2021/, Үндэсний зөвлөлийн мөн өдрийн 18 дугаар МҮОНРТ-ийн Ерөнхий захирлыг томилох тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах, нэхэмжлэгч Г.Гийг МҮОНРТ-ийн Ерөнхий захирлыг сонгон шалгаруулах, томилох журмын 10.10-д заасны дагуу хамгийн өндөр санал авсан нэр дэвшигчээр тогтоож, нууц санал хураалтад оруулахыг Үндэсний зөвлөлд даалгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэг. Хэргийн үйл баримтын талаар:
1.1. Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз /цаашид “ОНРТВ” гэх/-ийн Үндэсний зөвлөлөөс 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ОНРТВ-ийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтын зарыг нийтэд мэдээлж, 03 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл сонгон шалгаруулалтыг явуулсан.
1.2. Тус сонгон шалгаруулалт нь ОНРТВ-ийн Үндэсний зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 11 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирлыг сонгон шалгаруулах, томилох журам” /цаашид “Журам” гэх/-аар зохицуулагдсан.[1]
1.3. Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад 15 хүн нэрээ дэвшүүлснээс 14 хүн өрсөлдөж, Үндэсний зөвлөлийн 18 дугаар тогтоолоор нэр дэвшигч А.БОНРТВ-ийн Ерөнхий захирлаар томилогдсон.[2]
1.4. Журмын 10.9 дэх хэсэгт заасны дагуу 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Үндэсний зөвлөлийн хуралдаанд оролцсон 15 гишүүд 14 нэр дэвшигчдэд тодорхой шалгуураар, тухайлсан интервалтайгаар оноо өгч, дүнг нэгтгэсэн. Оноо өгөхдөө нууцаар өгсөн.
1.5. Энэхүү дүнгээр хамгийн өндөр оноо авсан 2 нэр дэвшигч дараагийн шатны нууц санал хураалтад оролцох эрхтэй болдог бөгөөд нэр дэвшигч Р.Г577, нэр дэвшигч М.А, А.Б, Г.Г нар ижилхэн 571 оноо авсан талаар танилцуулсан.[3]
1.6. Ийнхүү гурван нэр дэвшигч ижил оноо авсан гэсэн тул Р.Гандиймаа, М.А, А.Б, Г.Г дөрвийн дунд дахин санал хураасан.
1.7. Дахин санал хураалтаар А.Б, М.А нар өндөр санал авч, дараагийн шатны нууц санал хураалтад оролцож, А.Б олонхын санал авсан тул ОНРТВ-ийн Ерөнхий захирлаар сонгогдсон.
1.8. ОНРТВ-ийн Үндэсний зөвлөлийн Тооллогын комисс 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан бөгөөд тус комиссоос 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр /2021.03.05-2021.03.06-нд шилжих шөнө/ Тооллогын комиссын нэгдсэн дүн /2021/-г нэгтгэж танилцуулсан.
1.9. Тооллогын комисс тус дүнг нэгтгэхдээ Үндэсний зөвлөлийн гишүүд тус бүрээс өгсөн “МҮОНРТ-ийн Ерөнхий захирлыг сонгон шалгаруулах шалгуур, үзүүлэлт дүн /2021/” хуудаснууд дахь нийлбэр оноо зөв гарсан эсэхийг шалгаж нягтлалгүйгээр нийлбэрийг буруу гаргасан, хэрвээ дүнг сайтар нягталж зөв нийлбэр гаргасан бол нэхэмжлэгч 575 оноо, А.Б574 оноо, Р.Г, М.А нар 572 оноо авсан байх бөгөөд хэрэв энэхүү бодит оноог үндэслэсэн бол нэхэмжлэгч Г.Г нь А.Б-ын хамт дараагийн шатны нууц санал хураалтад оролцох боломжтой байсан гэж маргаж байна.
Хоёр. Хариуцагчийн гаргасан шийдвэр, үйл ажиллагааны хууль зүйн үндэслэлийн талаар:
2.1. Нэхэмжлэгч Г.Г нь нэхэмжлэлийн шаардлагаа “Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл /цаашид Үндэсний зөвлөл гэх/-ийн Тооллогын комиссын 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 01 тоот тогтоол, Үндэсний зөвлөлийн мөн өдрийн 18 дугаар МҮОНРТ-ийн Ерөнхий захирлыг томилох тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах, нэхэмжлэгч Г.Г намайг журмын 10.10-д заасны дагуу хамгийн өндөр санал авсан нэр дэвшигчээр тогтоож, нууц санал хураалтад оруулахыг Үндэсний зөвлөлд даалгуулах” гэж тодорхойлсон байсныг шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр “2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл /цаашид Үндэсний зөвлөл гэх/-ийн Тооллогын комиссын нэгдсэн дүн /2021/[4], Үндэсний зөвлөлийн мөн өдрийн 18 дугаар МҮОНРТ-ийн Ерөнхий захирлыг томилох тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах, нэхэмжлэгч Г.Гийг МҮОНРТ-ийн Ерөнхий захирлыг сонгон шалгаруулах, томилох журмын 10.10-д заасны дагуу хамгийн өндөр санал авсан нэр дэвшигчээр тогтоож, нууц санал хураалтад оруулахыг Үндэсний зөвлөлд даалгуулах” гэж тодруулсан болно.
2.2. Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.7 дахь заалтад “олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захиралд нэр дэвшүүлэх, томилох журмыг батлах;” эрх хэмжээг ОНРТВ-ийн Үндэсний зөвлөл хэрэгжүүлэхээр заажээ.
2.3. Мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт “Ерөнхий захирлыг сонгон шалгаруулах замаар томилж болно” гэж заасан байна.
2.4. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзвэл, ОНРТВ-ийн Үндэсний зөвлөл нь тус радио, телевизийн Ерөнхий захирлыг сонгон шалгаруулалтын журмаар томилох эрх хэмжээтэй байх бөгөөд түүний дагуу 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор холбогдох Журмыг[5] баталжээ.
2.5. Дээр дурдсан Журмын 10.6 дахь хэсэгт зааснаар Үндэсний зөвлөл ажлын хэсгийн тайланг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Ерөнхий захирлыг сонгох, томилох асуудлыг хуралдаанаараа хэлэлцэж шийдвэрлэх бөгөөд мөн журмын 10.7 дахь хэсэгт заасан дарааллаар асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхээр зохицуулжээ.
2.6. Уг дарааллын 10.7.4 дэх заалтад Үндэсний зөвлөлийн гишүүд нь “нэр дэвшигч энэ журмын 2.2-т заасан шалгуурыг хэрхэн хангаж байгаа байдалд үнэлгээ өгөх”-өөр заасан байх бөгөөд түүний дагуу 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Үндэсний зөвлөлийн гишүүд үнэлгээ өгсөн байна.[6]
2.7. Үндэсний зөвлөл болон түүний Тооллогын комисс сонгон шалгаруулалтыг явуулахдаа, мөн түүнчлэн шалгуур үзүүлэлтийн үнэлгээг нэгтгэж, нэгдсэн дүнг гаргахдаа дараах байдлаар хууль, журмыг зөрчсөн буюу сонгон шалгаруулалтад баримтлах процедурын шаардлага /due process/-ыг хангаагүй байна гэж шүүх дүгнэлээ.
2.8. Нэгдүгээрт, Үндэсний зөвлөлийн гишүүд нь Ерөнхий захиралд нэр дэвшигч тус бүр дээр “МҮОНРТ-ийн Ерөнхий захирлыг сонгон шалгаруулах шалгуур, үзүүлэлт”-д заасан үнэлгээг өгөхдөө нууц байдлаар өгсөн нь Журмын 10.9 дэх хэсэгт “Үндэсний зөвлөлийн хуралдаанд оролцож байгаа гишүүн энэ журмын 10.7.3-т заасан жагсаалтад заасан нэр дэвшигч тус бүрд энэ журмын гуравдугаар хавсралтад заасан үзүүлэлт тус бүрээр үнэлгээ өгнө” гэснийг зөрчсөн байна. Тодруулбал, дурдсан заалтад шалгуур үзүүлэлт тус бүрээр үнэлгээ өгөхдөө нууцаар өгнө гэж заагаагүй байх бөгөөд үүнээс үзвэл журмын дагуу Үндэсний зөвлөлийн гишүүд шалгуур үзүүлэлтэд оноо өгөхдөө илээр өгөхөөр зохицуулагдсан гэж үзнэ.
2.9. Хэрвээ нууцаар үнэлгээ өгөх байсан бол энэ тухай Үндэсний зөвлөлийн гишүүд горимын санал гаргаж, дэмжигдсэн тохиолдолд зөвшөөрөгдөх байжээ. Хавтаст хэрэгт авагдсан Үндэсний зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд нууцаар үнэлгээ өгөх талаар горимын санал гарсныг дэмжсэн гэх үйл баримт байхгүй байгаа болно.
2.10. Хоёрдугаарт, Үндэсний зөвлөлийн Тооллогын комисс нь 3 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан байх бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Тооллогын комисс Үндэсний зөвлөлийн гишүүд шалгуур үзүүлэлтийн нийлбэр оноогоо зөв нэмсэн эсэхийг хянах чиг үүрэггүй, харин шалгуур үзүүлэлтэд тогтоосон онооны интервал дотор Үндэсний зөвлөлийн гишүүд оноогоо өгсөн эсэхийг хянах чиг үүрэгтэй” гэх агуулгаар тайлбар өгсөн нь үндэслэлгүй. Учир нь, аливаа Тооллогын комиссын үндсэн чиг үүрэг нь саналын дүнг эцсийн байдлаар нэгтгэж гаргахаас гадна түүний үнэн зөв байдалд хяналт тавьж, хууль ёсны байх шинжийг нь хангуулахад оршино.
2.11. Тодруулбал, Үндэсний зөвлөлийн Тооллогын комисс нь тухайн өдрийн хуралдаанд оролцсон 15 гишүүнээс өгсөн 15 ширхэг “МҮОНРТ-ийн Ерөнхий захирлыг сонгон шалгаруулах шалгуур, үзүүлэлт дүн /2021/” хуудас дахь онооны нийлбэрийн үнэн зөв байдалд хяналт тавьж, хэрвээ зөрүүтэй нийлбэр гарсан бол тэдгээрийг засан залруулах талаар Үндэсний зөвлөлд асуудал тавьж, шийдвэрлүүлэх эрхтэй гэж үзнэ.
2.12. Хавтаст хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд, нэр дэвшигч Р.Гандиймаад хамаарах нэг шалгуур үзүүлэлтийн хуудас дахь нийлбэр буруу /46 оноо гэсэн байх боловч бодит нийлбэр нь 41/[7], нэр дэвшигч М.Ат хамаарах хоёр шалгуур үзүүлэлтийн хуудас дахь нийлбэр буруу /32 оноо гэсэн байх боловч бодит нийлбэр нь 31[8], мөн 33 оноо гэсэн байх боловч бодит нийлбэр нь 35[9]/, нэр дэвшигч А.Бт хамаарах дөрвөн шалгуур үзүүлэлтийн хуудас дахь нийлбэр буруу /38 гэсэн байх боловч бодит нийлбэр нь 37[10], 42 гэсэн байх боловч бодит нийлбэр нь 44[11], 34 гэсэн байх боловч бодит нийлбэр нь 35[12], 40 гэсэн байх боловч бодит нийлбэр нь 41[13]/, нэр дэвшигч Г.Гд хамаарах нэг шалгуур үзүүлэлтийн хуудас дахь нийлбэр буруу /36 гэсэн байх боловч бодит нийлбэр нь 40[14]/ байгаа нь тогтоогдсон болно.
2.13. Дээрхээс дүгнэвэл, бодит байдал дээр нэр дэвшигч Р.Г нь нийт 577 оноо биш, 572 оноо, нэр дэвшигч М.А нь нийт 571 оноо биш, 572 оноо, нэр дэвшигч А.Б нь нийт 571 оноо биш, 574 оноо, нэр дэвшигч Г.Г нь нийт 571 оноо биш, харин 575 оноо авсан байна.
2.14. Иймд Үндэсний зөвлөлийн Тооллогын комисс нь дээр дурдсан байдлаар Үндэсний зөвлөлийн гишүүдээс өгсөн шалгуур үзүүлэлтийн онооны нийлбэрийн үнэн зөв байдалд бүрэн дүүрэн хяналт тавьж ажиллаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад “... шийдвэр нь үндэслэл бүхий байх ...”, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, Журмын 1.3 дугаар зүйлийн 1.3.4 дэх заалтад “бодитой хандах” гэснийг тус тус зөрчиж, улмаар нийлбэр дүнгийн үнэн зөв байдлыг хянаагүйгээс зөвхөн нэхэмжлэгч Г.Г төдийгүй түүнтэй хамт нэр дэвшсэн Р.Гандиймаа, М.А, А.Б нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх нөхцөл байдалд хүргэсэн байна гэж шүүх дүгнэлээ.
2.15. Иймээс Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар хууль бус захиргааны актуудыг хүчингүй болгох үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч Г.Гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас “2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн Тооллогын комиссын нэгдсэн дүн /2021/, Үндэсний зөвлөлийн мөн өдрийн 18 дугаар МҮОНРТ-ийн Ерөнхий захирлыг томилох тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах” тухай шаардлагуудыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2.16. Харин нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсэг болох “нэхэмжлэгч Г.Гийг МҮОНРТ-ийн Ерөнхий захирлыг сонгон шалгаруулах, томилох журмын 10.10-д заасны дагуу хамгийн өндөр санал авсан нэр дэвшигчээр тогтоож, нууц санал хураалтад оруулахыг Үндэсний зөвлөлд даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэсэн.
2.17. Учир нь, ОНРТВ-ийн Үндэсний зөвлөлөөс 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр явуулсан ОНРТВ-ийн Ерөнхий захирлыг томилох сонгох шалгаруулалт нь анхнаасаа сонгон шалгаруулалтад баримтлах процедурын шаардлагыг хангаагүй, хууль зөрчиж явагдсан болох нь тогтоогдсон тул тухайн сонгон шалгаруулалтаар бодит байдал дээр хамгийн өндөр санал авсан Г.Г, А.Бнарын дунд дахин санал хураалт явуулах нь шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж шүүх үзэж байна.
2.18. Тодруулбал, хууль, журмыг зөрчиж явуулсан сонгон шалгаруулалтын эцсийн үр дүнг хууль ёсны гэж үзэх боломжгүй тул ОНРТВ-ийн Ерөнхий захирлыг томилох сонгон шалгаруулалтыг дахин зарлаж, хуульд нийцүүлэн явуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэлээ.
2.19. Шүүх хуралдааны мэтгэлцээн дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “хавтаст хэрэгт авагдсан шалгуур үзүүлэлтийн үнэлгээний хуудаснуудын үнэн зөв байдал эргэлзээтэй, хэн ч зассан байхыг мэдэхгүй, Үндэсний зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ц.Нарантуяа үнэлгээний хуудаснууд дахь онооны нийлбэрийг мэдсэн байх учиргүй” гэх зэрэг агуулга бүхий тайлбаруудыг хэлж байсан бөгөөд үүнийг үндэслэл бүхий тайлбар гэж шүүх үзээгүй болно.
2.20. Учир нь, шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2 дахь хэсгүүдэд заасан мөрдөн шалгах зарчмын хүрээнд хариуцагчийн эрх бүхий этгээдээс нотлох баримтын шаардлага хангуулж /хуулбар үнэн тэмдэг дарж/ ирүүлсэн баримтуудыг үнэлдэг бөгөөд нотлох баримтын үнэн зөв болон бүрэн бүтэн байдлыг хариуцагч өөрөө хариуцаж, аливаа хариуцлага хүлээнэ гэдгийг дурдах нь зүйтэй.
2.21. Мөн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгч өөрийн эрхээ зөрчигдсөн гэдгийг хэзээ мэдсэн нь эргэлзээтэй, ингэснээрээ нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны дотор нэхэмжлэл гаргасан эсэхийг тодруулан мэтгэлцсэн бөгөөд нэхэмжлэгч Г.Гийн тайлбар болон гэрч Ц.Н мэдүүлгээс[15] үзэхэд нэхэмжлэгч нь сонгон шалгаруулалт алдаатай явагдсан гэдэг үйл баримтыг 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр мэдсэн болох нь тогтоогдож байх тул 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийг хуульд заасан хугацааны дотор шүүхэд гаргасан гэж үзсэн болно.
Гурав. Шүүх хуралдаан дээр хэргийн оролцогч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн талаар:
3.1. Шүүх хуралдааны үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ОНРТВ-ийн Үндэсний зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ц.Н гэрчээр асуух, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н олгосон итгэмжлэлээс татгалзах, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “хамгийн өндөр оноо авсан 4 оролцогчдын дунд дахин нууц санал хураалт явуулсан дүнгийн хуудас”-ыг нотлох баримтаар гаргуулан авах болон гэрчээр Ц.Нарантуяаг асуухаас татгалзах хүсэлтүүдийг гаргасан.
3.2. Хариуцагчаас Ц.Н олгосон итгэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр ирүүлсэн тул Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.2.2 дахь заалтад зааснаар татгалзлыг хүлээн авч, улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Ц.Н гэрчээр асуулгах хүсэлтийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон мөн зүйлийн 37.10.1 дэх заалтад зааснаар Ц.Н нь хэргийн оролцогчийн төлөөлөгч биш болсон тул гэрчээр мэдүүлэг авахад харшлах зүйлгүй бөгөөд хэрэгт нотолгооны ач холбогдолтой гэж үзэн хангаж, харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан Ц.Н гэрчээр асуух хүсэлтийг хангасан тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөлөгчийн гаргасан татгалзлыг, мөн түүний гаргасан нотлох баримт гаргуулах хүсэлтэд дурдсан баримт нь хэрэгт шууд ач холбогдолгүй гэж үзэж хүсэлтийг тус тус хангахгүй орхисныг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.13 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалт, 24 дүгээр зүйлийн 24.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Гийн гаргасан “2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл /цаашид Үндэсний зөвлөл гэх/-ийн Тооллогын комиссын нэгдсэн дүн /2021/, Үндэсний зөвлөлийн мөн өдрийн 18 дугаар МҮОНРТ-ийн Ерөнхий захирлыг томилох тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдсэн шаардлага болох “Г.Гийг МҮОНРТ-ийн Ерөнхий захирлыг сонгон шалгаруулах, томилох журмын 10.10-д заасны дагуу хамгийн өндөр санал авсан нэр дэвшигчээр тогтоож, нууц санал хураалтад оруулахыг Үндэсний зөвлөлд даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 35100 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ
[1] Хавтаст хэргийн /цаашид “Хх” гэх/ 94-97 дахь тал
[2] Хх 92 дахь тал
[3] Хх 140 дэх тал
[4] Хх 75 дахь тал
[5] Хх 94-97 дахь тал
[6] Хх 76-90 дэх тал
[7] Хх 89 дэх тал
[8] Хх 79 дэх тал
[9] Хх 80 дахь тал
[10] Хх 76 дахь тал
[11] Хх 77 дахь тал
[12] Хх 82 дахь тал
[13] Хх 88 дахь тал
[14] Хх 76 дахь тал
[15] Хх 162 дахь тал