| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 122/2024/0019/З |
| Дугаар | 221/МА2025/0062 |
| Огноо | 2025-01-23 |
| Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2025/0062
“Ө” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 122/ШШ2024/0*** дугаар шийдвэрийг гомдол гаргагч “Ө” ХХК-ийн өмгөөлөгч Ө.Э давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдааны даргалагч Н.Долгорсүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү
Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Гомдол гаргагч “Ө” ХХК
Хариуцагч Сүх***********г дарга
Гуравдагч этгээд “М” ХХК
Шүүх хуралдааны оролцогчид:
Гомдол гаргагчийн төлөөлөгч Г.Б
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З
Гомдол гаргагч “Ө” ХХК-ийн өмгөөлөгч Ө.Э
Хариуцагч Сү**** газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уг
Хариуцагч Сүх***** итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг /цахим/
Гуравдагч этгээд “М” ХХК-ийн төлөөлөгч Ч.М /цахим/
Гуравдагч этгээд “М” ХХК-ийн өмгөөлөгч А.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал
Хэргийн индекс: 122/2024/0***/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 0*** дугаар шийдвэрээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилэгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 25 дугаар зүйлийн 25.1, 25.2, 50 дугаар зүйлийн 50.2.2-т заасныг үндэслэн гомдол гаргагч “Ө” ХХК-иас Сүхбаатар аймгийн Худалдан авах ажиллагааны газар, Тендерийн үнэлгээний хороо, Сүхбаатар аймгийн Засаг даргад тус тус холбогдуулан гаргасан “Гэр хорооллын өрхүүдэд халаалт, дулаан, агаар сэлгэлтийн Чип багц нийлүүлэх (Баруун-Урт сум) СҮАХААГ/2024010**** дугаартай тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн “М” ХХК-ийг шалгаруулсан шийдвэр, Сүхбаатар аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 1** тоот шийдвэрийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар болон “М” ХХК-ийн хооронд байгуулсан “Гэр хорооллын өрхүүдэд халаалт, дулаалга, агаар сэлгэлтийн чип багц нийлүүлэх худалдан авах (Баруун-Урт сум) гэрээ дугаар: СҮАХААГ/202407**** захиргааны гэрээг Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д заасан үндэслэлээр илт хууль бусад тооцуулах, “Ө” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерт тооцож, гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл хүргүүлэхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Гомдол гаргагч “Ө” ХХК-ийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: Шүүх Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь тендерийн тодруулга гэх зүйл тендерт оролцогчийн зүгээс архиметик алдаа гаргах, үг үсгийн зөрүү үүсгэсэн зэргийг тодруулах зорилгоор захиалагчаас авч болдог арга хэмжээ юм. Харин тендерийн тодруулга нэрийн доор тендерт оролцогчид тендерийг хүлээн авснаас хойш тендерийн баримт бичигт заасан шаардлага хангуулах баримт бичиг, нотлох баримтыг гаргаж өгөх нэмэлт болж олгодог баримт бичиг огт биш. Сангийн яамны 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 03/5321 дугаар албан бичгээр Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 20.1-д материалуудын дээжийг ШУТИС-ийн харьяа Барилгын эрчим хүчний хэмнэлтийн төвөөр баталгаажуулсан байх ёстой гэж заасан байна. “М” ХХК нь дулаалгын материалуудын дээжийг ШУТИС-ийн харьяа Барилгын эрчим хүчний хэмнэлтийн төвийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 03/05** дугаар дүгнэлтээр баталгаажуулсан байх бөгөөд халаалт болон агаар сэлгэлтийн материалуудын дээжийг Барилгын эрчим хүчний хэмнэлтийн төвөөр хянуулж баталгаажуулсан талаар дэлгэрэнгүй мэдээллийг ирүүлээгүй байх тул тендер шалгаруулалтын баримт бичгийг дээрх шалгуурын хангасан гэж үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна гэж дүгнэж үнэлгээг хүчингүй болгож дахин үнэлгээ хийлгэхээр буцаасан. Гэтэл Сүхбаатар аймгийн худалдан авах ажиллагааны газар нь дахин үнэлгээ хийхийн өмнө тендерт оролцогч “М” ХХК-ийн анх тендерт ирүүлээгүй, тендерийн баримт бичгээр шаардсан баримтыг бүрдүүлэх зорилгоор 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 142 дугаар албан бичгээр ““М” ХХК-аас “Халаалт болон агаар сэлгэлтийн материал хянуулсан бүрдэл хэсэг дутуу байна, түүнийг 2024 оны 06 дугаар сарын 26-ны дотор ирүүлнэ үү” хэмээн нэмэлт баримтыг шаардан авч бүрдүүлсний үндсэн дээр дахин үнэлгээ хийж тухайн компанийг шалгаруулсан.
Тендерийг дахин үнэлнэ гэдэг тендерт өмнө ирүүлсэн баримтуудад дахин үнэлгээ хийх тухай ойлголт болохоос аль нэг оролцогчоос Сангийн яам дээр шаардлага хангаагаагүй нь тогтоосон баримтуудыг нөхөн гүйцээн авч байгаад шинээр үнэлгээ хийх процесс огт биш. Гэтэл тухайн тохиолдолд ийнхүү нэмэлт баримтыг шаардан авч үнэлгээ хийж байгаа нь тендерийг дахин үнэлж буй биш харин зөвхөн “М” ХХК-ийг шалгаруулахын тулд тус компанид дутуу материалаа нөхөн бүрдүүлэх боломж олгож шинээр явуулсан тендер байна. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-д заасныг ноцтой зөрчсөн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүхэд тус заалтыг зөрчсөн талаар маргасаар байтал шүүх тухайн заалтыг зөрчсөн эсэх талаар огт дүгнэлт өгөлгүй дурдалгүй өнгөрөөсөн нь шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй болох ноцтой зөрчил юм.
“Гэр хорооллын өрхүүдэд халаалт, дулаан агаар сэлгэлтийн чип багц” гэх бараа бүтээгдэхүүн нь дотроо 3 үндсэн дэд хэсгээс бүрддэг. Үүнд нэгдүгээрт агаар дулаалгын багц, хоёрдугаарт халаалтын багц, гуравдугаарт агаар сэлгэлтийн багц багтана. Гэтэл “М” ХХК нь зөвхөн нэгдүгээр багц болох дулаалгын багцын материалуудад ШУТИС-ийн харьяа Барилгын эрчим хүчний хэмнэлтийн төвийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 03/0524 дугаар дүгнэлт баталгаажуулсан. Харин хоёр дахь хэсэг болох халаалтын багц, гурав дахь хэсэг болох агаар сэлгэлтийн багцад ТШЗ 20.1-д “Материалуудын дээжийг ШУТИС-ийн харьяа Барилгын эрчим хүчний хэмнэлтийн төвөөр баталгаажуулсан байх ёстой гэж заасан байна” гэж заасны дагуу тус газраар баталгаажуулан ирүүлээгүй байсан. Харин тус зөрчилтэй байхад шалгаруулсан байна хэмээн үзэж Сангийн яам дахин үнэлгээ хийлгэхээр буцаасны дараа 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 142 дугаар албан бичгээр “М” ХХК-аас “Халаалт болон агаар сэлгэлтийн материал хянуулсан бүрдэл хэсэг дутуу байна түүнийг 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн дотор ирүүлнэ үү” гэх бичгийн хариуд “М” ХХК нь 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 321 тоот албан бичгийн хавсралтаар ШУТИС-ийн харьяа Эрчим хүчний хэмнэлтийн төвийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 05/06** тоот албан бичгээр ирүүлсэн “М” ХХК-ийн агаар сэлгэлтийн болон халаалтын материал дээр гаргасан дүгнэлтийг нөхөн бүрдүүлж тус шаардлагыг хангуулан үнэлгээ хийж “М” ХХК-ийг шалгаруулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5-д заасныг ноцтой зөрчсөн зөрчил юм.
Мөн СҮАХААГ/202040102****4 дугаар тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 20.1-д “Материалуудын дээжийг ШУТИС-ийн харьяа Барилгын эрчим хүчний хэмнэлтийн төвөөр баталгаажуулсан байх ёстой гэж заасан” атлаа тендерийн үнэлгээний хороо нь хожим дахин үнэлгээ хийхдээ “халаалт болон агаар сэлгэлтийн материал нь шинжилгээнд хамруулах шаардлагагүй” гэж дүгнэсэн нь тендерийн баримт бичгээр тавигдсан шаардлагыг өөрсдөө зөрчсөн үйлдэл. Тендерийн үнэлгээний хороо нь тендерийн баримт бичгийн шаардлагыг хангасан эсэх талаар дүгнэлт хийх ёстой болохоос тухайн тендерт оролцогчийн ирүүлсэн тендерт зориулан өөрсдийн баталсан тендерийн баримт бичгээр шаардсан баримтыг шаардан авахгүй байх эрх байхгүй. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасныг зөрчсөн. Гэтэл анхан шатны шүүхээс ““М” ХХК-ийн тендерийг Тендерийн үнэлгээний хороо нь хуралдаж халаалт болон агаар сэлгэлтийн материал нь шинжилгээнд хамруулах шаардлагагүй шалгаруулсан нь холбогдох хууль, журмыг зөрчөөгүй байна гэж шүүхээс дүгнэж байна” хэмээн холбогдох хууль тогтоомжийг хэрэглэлгүйгээр дүгнэлт хийж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг зөрчсөн дүгнэлт юм.
“Ө” ХХК-аас татгалзсан шийдвэрийн хувьд шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй талаар. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7 дахь хэсэгт “Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг нь захиргааны ямар нэгэн шийдвэр гаргасан талаар оролцогчдод албан бичгээр мэдэгдэж байгаа захиргааны байгууллагын үйл ажиллагаа тул Сүхбаатар аймгийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 148 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан тоот нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг агуулаагүй байна гэж дүгнэв” гэжээ. Гэсэн атлаа шүүхээс тус тогтоох хэсэгтээ тус нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн талаар огт дурдаагүй байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг зөрчжээ. Мөн шүүхээс дээрх дүгнэлтийг хийхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.1.1, 28.1.2, 28.1.3-д тус тус зааснаар тус шийдвэрийг захиалагч эцсийн байдлаар гаргана. Мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.2, 50.2.3-т заасныг хэрэглээгүй. Үнэлгээний хороо зөвлөмж гаргаж харин эцсийн шийдвэрийг захиалагч гаргахаар хуульд заасан. Захиргааны ерөнхий хуулийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаac тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан бөгөөд эцсийн байдлаар гадагш чиглэгдсэн эрх зүйн үр дагавар шууд үүсгэж буй захиргааны акт нь захиалагчийн буюу Сүхбаатар аймгийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 148 тоот шийдвэр юм. Харин тендерийн Үнэлгээний хорооны дүгнэлт мөн зөвлөмж гаргаж “Ө” ХХК-ийн тендерээс татгалзаж, “М” ХХК-ийг шалгаруулах саналыг захиалагчид хүргүүлсэн дотогш чиглэгдсэн бөгөөд эрх зүйн үр дагавар шууд үүсгэхгүй, зөвлөмж саналын шинжтэй үйл ажиллагаа тул Захиргааны ерөнхий хуулийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг хангахгүй. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчид Сүхбаатар аймгийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 148 тоот шийдвэрийг хүргүүлж мэдэгдэж тус акт хүчин төгөлдөр болж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа болно.
Сүхбаатар аймгийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1** дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэрээр нэхэмжлэгчийн тендерийг шаардлага хангаагүй тендер хэмээн үзэж татгалзсан сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт бөгөөд нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж байгаа шийдвэр юм. Тус шийдвэрийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэнэ. Иймд нэхэмжлэлийг тус шаардлагын хуулийн үндэслэлд шүүх холбогдуулан дүгнэлт өгч шийдвэрлэх ёстой байсан. Нэхэмжлэгчийн зүгээс тус шийдвэрийн тухайд Хаан банкны 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 5084/**/160 тоот албан бичгээр “Ө” ХХК-д 988.00.000 төгрөгийн зээлийн санхүүжилт хийх боломжтой гэх тодорхойлолт гаргаж өгсөн нь ТШЗ-ын 18.1-д заасан түргэн хөрвөх хөрөнгийн хэмжээ төсөвт өртгийн 30 хувиас багагүй байх шаардлагыг хангасан гэж үзнэ хэмээн маргадаг. Мөн дээрх харилцагч банкны тодорхойлолтод 988.000.00 төгрөгийн зээл олгох боломжтой хэмээн мөнгөн дүнгээр илэрхийлсэн тодорхойлолт гаргасаар атал хариуцагч нь “банканд бодитой санхүүгийн үүрэг хүлээлгэхээргүй бол харгалзаж үзэхгүй” хэмээн тус шаардлагыг хангаагүй хэмээн татгалзсан нь үндэслэлгүй гэж маргадаг. Гэтэл анхан шатны шүүхээс энэ талаар огт дүгнэлт өгөлгүй орхигдуулсан. Иймд Сүхбаатар аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 0*** дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.
1. Нэхэмжлэгч “Ө” ХХК нь Гэр хорооллын өрхүүдэд халаалт, дулаан, агаар сэлгэлтийн Чип багц нийлүүлэх (Баруун-Урт сум) СҮХААГ/20040101034 дугаар тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн “М” ХХК-ийг шалгаруулсан шийдвэр болон Сүхбаатар аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 148 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, худалдан авах гэрээг илт хууль бусад тооцуулах, “Ө” ХХК-ийн тендерийг хамгийн сайн тендерт тооцож, гэрээ байгуулах мэдэгдэл хүргүүлэхийг даалгах” нэхэмжлэлийг гаргажээ.
2. Анхан шатны шүүх “... нэхэмжлэгч гомдол гаргасны дагуу Сангийн яам нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн тендертээ ирүүлсэн Хаан банкны 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 5084/24/160 дугаар тодорхойлолт нь тендерийн баримт бичигт заасан Шаардлагад нийцээгүй гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна. ... “М” ХХК-иас тодруулгын хариуг ирүүлэхдээ Барилгын эрчим хүчний хэмнэлтийн төвийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 05/0624 дугаар албан бичгийг хавсарган ирүүлснийг Үнэлгээний хороо хэлэлцэж “халаалт агаар сэлгэлтийн материал нь шинжилгээнд хамруулах шаардлагагүй гэж үзэн, “М” ХХК-ийн тендерийг шалгаруулсан нь хууль, холбогдох журмыг зөрчөөгүй” гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.
3. Нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо “... банкны тодорхойлолтод 988,000,000төгрөгийн зээлийн санхүүжилт хийх боломжтой” гэж мөнгөн дүнгээр илэрхийлсэн тодорхойлолт гаргасаар атал шаардлагад нийцэхгүй гэж үзсэнийг зөвшөөрөхгүй маргасанд шүүх дүгнэлт өгсөнгүй ...” гэснийг хүлээн авч хангах үндэслэлгүй байна.
3.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн (цаашид Хуулийн гэх) 16 дугаар зүйлийн 16.1-д “Захиалагч санхүүгийн чадавхын шаардлагыг хангах нотлох баримт ирүүлэхийг оролцогчоос шаардаж болно.”, 16.2-д “Оролцогч санхүүгийн чадавхыг дараах баримт бичгээр нотолж болно: 16.2.1. харилцагч банкны мэдэгдэл; 16.3-д “Захиалагч энэ хуулийн 16.2-т заасан баримт бичгийн аль шаардлагатайг ирүүлэхээр тендер шалгаруулалтын баримт бичигт заана.” гэж тус тус заасны дагуу тус тендерийн баримт бичгийн ТШЗ 18.1-д Санхүүгийн чадавхын шалгуур үзүүлэлт, шаардлага: … дараах шалгуур үзүүлэлтийн аль нэгээр эсвэл нийлбэрээр тодорхойлно. Харилцагч банкнаас авч болох мөнгөн дүн бүхий зээлийн тодорхойлолт” гэжээ.
3.2. Энэхүү хууль, тендерийн баримт бичигт заасан уг шаардлагыг хангасан талаар нэхэмжлэгчийн ирүүлсэн Хаан банкны 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 5084/24/160 дугаар албан бичигт “… шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд ХААН банкны Зээлийн бодлого, бүтээгдэхүүний журмын дагуу холбогдох шаардлагыг хангасан нөхцөлд зээлийн судалгаа хийж 988,000,000 төгрөгийн зээлийн санхүүжилт хийх боломжтойг тодорхойлж байна” гэсэн байна.
3.3. Нэхэмжлэгч компаниас санхүүгийн чадавхтай холбоотой бусад баримт буюу банкны дансны үлдэгдэл дангаараа хүрэлцэх талаар баримт ирүүлээгүй, санхүүгийн тайлан, бусдад өргүй, зээлгүй болон төлбөрийн маргаангүй зэрэг тодорхойлолт, материалууд нь банкны зээл авахгүйгээр “санхүүгийн шаардлагыг хангах” баримт болохооргүй байх тул дээрх Хаан банкны тухайн тодорхойлолтыг үнэлж, санхүүгийн чадавхын “шаардлага хангаагүй” гэж үзэж, татгалзсан Сүхбаатар аймгийн Худалдан авах ажиллагааны газрын шийдвэр, түүнийг нэхэмжлэгчийн гомдлын дагуу хянаж, “үндэслэлтэй” гэж үзсэн Сангийн яамны шийдвэр хууль, журамд нийцсэн байна.
3.4. Учир нь Банкны тодорхойлолтын агуулгаас үзвэл “хэрэв банк тухайн компанийн зээлийн хүсэлтийг судалж, шаардлагыг хангасан тохиолдолд олгоно, харин хангахгүй тохиолдолд олгох боломжгүй” гэсэн утгыг илэрхийлж байх тул “мөнгөн дүн” бичсэн нь тухайн зээлийг шууд олгох боломжтойг илэрхийлэхээргүй байна.
3.5. Энэ талаар Хуулийн 27 дугаар зүйлийн 27.16-д зааснаар эрх олгосны дагуу Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/255 дугаар тушаалаар баталсан "Тендер үнэлэх, давуу эрх олгох аргачлал, заавар"-ын 6.2-д “Харилцагч банкны мэдэгдэл нь зээл олгох асуудлыг судлан үзэх боломжтой гэх мэт банканд бодитой санхүүгийн үүрэг хүлээлгээгүй бол түүнийг тендер хянан үзэхэд харгалзан үзэхгүй.” гэж заасанд нийцжээ.
3.6. Хариуцагч нь Сангийн яамны шийдвэрийн дагуу тендерийг дахин үнэлж, дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн тендерээс татгалзсанаа дахин мэдэгдсэн нь мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ.” гэж, 26.4-д “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ: 26.4.1.энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх;” гэж заасан “тендер хянан үзэх шатанд” явуулсан үйл ажиллагаа байх бөгөөд дээр тайлбарласнаар “хууль зөрчсөн” гэж үзэх үндэслэлгүй тул “148 дугаар албан бичгийг хууль бус байсныг тогтоох” шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр зөв байна.
4. Мөн нэхэмжлэгч компанийн тендерийн материалаа шаардлага хангаж ирүүлээгүй нь түүний тендерээс татгалзах үндэслэл болсон байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг захиалагч зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд дээр дурдсанаар тендерийг хянан үзэх шатнаас тендерээс нь татгалзсан тул “хамгийн сайн тендерээр үнэлэх, гэрээ байгуулахыг даалгах” зэрэг нэхэмжлэлийн шаардлагуудыг хангах үндэслэлгүй.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь дахин үнэлгээ хийхдээ “Хамгийн сайн” тендерээр үнэлэгдсэн “М” ХХК-иас тодруулга авахдаа Хуулийн 25.1-д заасныг зөрчиж тодруулга биш, халаалт болон агаар сэлгэлтийн материал дээр ШУТИС-ийн харьяа эрчим хүчний хэмнэлтийн төвийн дүгнэлтийг нөхөн бүрдүүлсэн гэж давж заалдах гомдол гаргасныг мөн хүлээн авч хангах боломжгүй байна.
5.1. Хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Захиалагч тендерийн тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудлаар тодруулга авах нь бусад оролцогчийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүй бол оролцогчоос бичгээр тодруулга авах хүсэлт хүргүүлэх ба хүсэлтэд хариу ирүүлэх хугацааг заана.” гэж заасан.
Тендерийн баримт бичгийн “ТШЗ 20.1 Материалуудын дээжийг ШУТИС-ийн Барилгын эрчим хүчний хэмнэлтийн төвөөр хянуулж баталгаажуулсан байх ёстой” гэж зааснаас үзвэл “Материалууд” гэдэгт юу юу орохыг тодорхой заагаагүй, тендерт оролцогч нар энэ талаар тендер бэлтгэхдээ асууж, тодруулахгүйгээр өөрсдийн ойлгосноор, ялгаатай бүрдүүлж ирүүлснээс үзвэл дээрх хуульд заасан “тендерийн тодорхойгүй асуудал” гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй байна.
5.2. Мөн тодруулга авсны үндсэн дээр гуравдагч этгээдийн тендер “шаардлагад нийцсэн” гэж үзэж шалгаруулсан хариуцагчийн шийдвэр болон түүнтэй байгуулсан гэрээний улмаас хянан үзэх шатанд “шаардлага хангаагүй” нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй.
6. Харин анхан шатны шүүх хариуцагч Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 148 дугаар мэдэгдлийг “захиргааны акт биш” гэж үндэслэх хэсэгт дурдсан нь буруу боловч тогтоох хэсэгт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.
7. Эдгээр үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 122/ШШ2024/0*** дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очирын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ