Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 213/МА2018/00004

 

З.Сгийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Л.Нямдорж, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 131/ШШ2017/00806 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч З.Сгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Баянхонгор аймгийн Нийгмийн Хариуцлагатай уул уурхай Хонгор нутаг ТББ-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 7.250.000 төгрөг гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг 600.000 төгрөгөөр тооцон нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч З.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гүнжлхам нарын давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч З.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гүнжлхам, нарийн бичгийн дарга Б.Оюунтөгс нар оролцов.

Нэхэмжлэгч З.Сгаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

З.С би 2017 оны 04 дүгээр сарын 05-нд Баянхонгор аймагт нөхөн сэргээлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Нийгмийн хариуцлагатай уул уурхайн Хонгор нутаг ТББ-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж тухайн компанид тогоочоор ажилласан. Захирал Г.Хүрэлсүхийн тушаалаар 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ажлын гэрээ дуусгавар болж байгаа тухай мэдэгдлийг уурхайн дарга Г.Очироогоос сонссон.

Миний нийгмийн даатгал, эрүүл мэндийг 600.000 төгрөгөөр бодож төлнө гэж гэрээ хийсэн боловч 240.000 төгрөгөөр бодож 4-6 сарын төлөлтийг төлөхдөө дутуу бодсон байна. Ажлаас халагдахдаа цалингаа бодуулж авсан бөгөөд нийт 1.217.000 төгрөг бодож өгсөн. Иймд Нийгмийн хариуцлагатай уул уурхайн Хонгор нутаг ТББ-ын тогоочийн ажилд эгүүлэн тогтоолгож, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэл 600.000 төгрөг төлүүлэх, ажиллаж байсан хугацааны цалин 1.500.000 төгрөгөөр тооцож, ажилгүй байсан цалин гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч З.Сгаас анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Би Нийгмийн хариуцлагатай уул уурхайн хонгор нутаг ТББ-тай хамтарч ажиллахаар 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Тэгээд 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Г.Хүрэлсүх захирал намайг хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан ажилтнаар томилсон. Энэ ажилд томилсноос хойш би шаардлагатай үед нь тухайн байгууллагад ажилладаг байсан хүмүүст найрсагаар шаардлага тавьдаг байсан. Ажлаас халагдсан тушаалаа 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр тушаалаа гаргуулж авсан. Би 2015 оны 05 дугаар сарын 04-ны өдрөөс хойших хугацааны цалинг 1.500.000 төгрөгөөр тооцон гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гүнжлхам шүүхэд гаргасан тайлбартаа:

Уул уурхайн Хонгор нутаг ТББ нь Баянхонгор аймгийн Заг сумын нутагт нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэх зорилгоор 2017 оны 04 дүгээр сараас кемп байгуулан, ажилчид авсан. Гал тогтооны хэсэгт нийт 5 тогооч авсны нэг нь З.С 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр тогоочоор ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан.

Хонгор нутаг ТББ-ын тэргүүн Г.Хүрэлсүх нь ёс зүйн доголдол, алдаа дутагдлаа засах сануулга өгөөд хувийн амьдрал, амьдралын боломж нөхцөлийг харгалзан ажлын байрыг нь өөрчлөн боломж олгоё хэмээн хөдөлмөрийн гэрээг шинэчлэн туршилтын 3 сарын хугацаагаар хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтнаар томилсон.

Тус байгууллага нь З.Стай хийсэн хөдөлмөрийн гэрээг тус гэрээний 1.9 дах заалт, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 2.3.5 дах хэсгийн 2.3.5.1, 2.3.5.2, 2.3.5.6, 2.3.5.10, 2.3.5.13 дах заалтууд, Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2, 40.1.4 дэх заалтуудыг үндэслэн ажлаас чөлөөлсөн гэжээ

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гүнжлхам анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагад ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасан байсан. З.С нь манай ажилд зан байдлын хувьд болон мэргэжлийн хувьд тэнцээгүй учраас ажилд авах боломжгүй. Мөн дараагийн шаардлагад нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх гэсэн байна. Манай байгууллага хөдөлмөрийн гэрээний 1.7, болон 1.8 дахь заалтынхаа дагуу З.Сгийн нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалыг төлж холбогдох бичилт хийсэн. Мөн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс хойшхи үндсэн цалингаа авмаар байна гэсэн байна. Гэрээд заасны дагуу З.С нь туршилтын хугацаан дахь цалин 240.000 төгрөг гэж хөдөлмөрийн гэрээгээ байгуулсан учраас энэ гэрээнийхээ дагуу манай байгууллага З.Сд цалин хөлсийг нь төлсөн.

З.С нь бусадтай зүй бусаар хандаж байна, үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлж байна, хэрүүл гаргаад байгаа гэдэг шалтгаан байгаа учраас ажлаас нь халсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасны дагуу ажил олгогчийн санаачлагаар ажлаас халсан тушаал гаргасан. Мөн тус хуульд З.Сг ажлаас халах тохирох заалт байгаагүй учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг баримтлаагүй гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан З.Сг Нийгмийн хариуцлагатай уул уурхай Хонгор нутаг ТББ-ын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Нийгмийн хариуцлагатай уул уурхай Хонгор нутаг ТББ-аас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 523.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З.Сд олгож, 6.727.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д зааснаар нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг 600.000 төгрөгөөр тооцон нөхөн төлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч З.Сгийн ажилгүй байсан хугацааны цалин хөдөлмөрийн хөлсөнд төлөгдвөл зохих эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл хураамжийг тооцон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Нийгмийн хариуцлагатай уул уурхай Хонгор нутаг ТББ д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч З.Сгаас давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Миний бие тус ТББ-д 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс туршилтын хугацаагаар 500.000 төгрөгний цалинтай ажиллаж байгаад 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 1.500.000 төгрөгөөр тохиролцож ажилласан. Мөн Хөдөлмөрийн гэрээн дээр миний цалинг 1.500.000 төгрөг гэж бичсэн байдаг юм. Надтай Г.Хүрэлсүх ямар нэгэн байдлаар туршилтын хугацаагаар чамайг ажиллууллна гэж хэлээгүй, харин нэг сар ажиллалаа, одоо туршилтын хугацаа гэж байхгүй, нэг сарын 1.500.000 төгрөгний цалинтай ажиллана гэж хэлсэн юм. Гэтэл шүүх миний цалинг 1.500.000 /Нэг сая таван зуун мянга/ төгрөгнөөс биш туршилтын хугацаа гэж бичсэн гэх 240.000 төгрөгөөр тооцсон нь миний цалин хөлс авах эрхийг зөрчиж байна. Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж миний нэхэмжилсэн нийт цалин 6.727.000 төгрөгийг бүрэн олгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Т.Гүнжлхам давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан тэгэхээр нэхэмжлэгч З.С нь 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр тушаал авсан хэмээн өөрөө бичин шүүхэд өгснийг нотлох баримт хэмээн үзэж хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна. З.Стай түр ажлын байранд 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 01 хүртэл хугацаатай хөдөлмөрийн гэрээг байгуулсан байдаг ба шүүх хурлын үед хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан байхад ажилд эргүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 131/ШШ2017/00806 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З.Сгаас ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 7.250.000 төгрөг гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг 600.000 төгрөгөөр тооцон нөхөн төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүх З.Сг Нийгмийн хариуцлагатай уул уурхай Хонгор нутаг ТББ-ын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны ажилд эгүүлэн тогтоож, Нийгмийн хариуцлагатай уул уурхай Хонгор нутаг ТББ-аас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 523.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З.Сд олгож, 6.727.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг 600.000 төгрөгөөр тооцон нөхөн төлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

З.Сг Нийгмийн хариуцлагатай уул уурхай Хонгор нутаг ТББ-ын 2017 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 32 тоот тушаалаар тогоочийн үүрэгт ажлаас нь чөлөөлж, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтнаар туршилтын хугацаагаар томилсон боловч туршилтын хугацаа дуусаагүй буюу 1 сар 21 хоногийн дараа Нийгмийн хариуцлагатай уул уурхай Хонгор нутаг ТББ-ын 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 03 тоот тушаалаар ажлаас нь чөлөөлсөн байна.

Ажил олгогч З.Сг ажлаас чөлөөлөхдөө ажилтан сахилгын ямар зөрчил гаргасан, захиргааны санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах ямар үндэслэл байгаа нь тодорхойгүй байдлаар ажлаас нь чөлөөлжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар ажил олгогчийн санаачлагаар цуцлах гэсний аль нэг үндэслэлийг баримтлаагүй байна.

Хариуцагч талаас З.С нь хөдөлмөрийн дотоод журмын тодорхой заалтуудыг зөрчсөн, туршилтын хугацаанд мэргэжил зан байдал болон бусад нөхцөлөөр ажилдаа тэнцэхгүй болох нь тогтоогдсон гэж тайлбарлаж байгаа боловч энэ үндэслэлүүдийг шалгаж тогтоосон нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. З.Сг ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Иймд З.Сг ажилд нь эгүүлэн тогоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж шийдвэрлэх үндэстэй байна.

З.С нь туршилтын хугацаандаа ажлаас чөлөөлөгдсөн байх тул цалинг 1.500.000 төгрөгөөр тооцож олгох үндэслэлгүй байна. Харин туршилтын хугацаандаа түүний цалинг 240.000 төгрөгөөр тохиролцон хөдөлмөрийн гэрээ байгуулсан болох нь тогтоогджээ. З.Сгийн ажиллаж байсан хугацааны цалинг тооцохдоо тогоочоор ажиллаж байсан хугацааны цалинг 500.000 төгрөгөөр, 2017 оны 5 дугаар сарын 4-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны цалинг сарын 240.000 төгрөгөөр тооцож ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулсан анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч З.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гүнжлхам нарын гаргасан давж заалдсан гомдлуудыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч З.С болон Нийгмийн хариуцлагатай уул уурхай Хонгор нутаг ТББ-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн тус бүр 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 131/ШШ2017/00806 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч З.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гүнжлхам нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч З.Сгаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөг, Нийгмийн хариуцлагатай уул уурхай Хонгор нутаг ТББ-с улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                                ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

                                                 Г.УЛАМБАЯР