Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/06

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Улсын яллагч: Д.Алимаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Дашцэрэн,

Шүүгдэгч: Г.Мягмар,

Нарийн бичгийн дарга: Н.Ням нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Өндөрийнхөн овгийн Ганзоригийн Мягмарт холбогдох эрүүгийн 2227000000155 тоот хэргийг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын 5 дугаар баг Азар толгой гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Өндөрийнхөн овгийн Ганзоригийн Мягмар /РД: ЙР87120811/,

Холбогдсон хэргийн талаар:        

Шүүгдэгч Г.Мягмар нь 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр өөрийн эзэмшлийн морийг унаж Өвөрхангай аймгийн Хархорин сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч Ц.Оюун-Эрдэний 1 тооны хүрэн зүсний шүдлэн үхрийг хулгайлан авч хохирогчид 1,100,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч Г.Мягмар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Нуурын дэрс гэдэг газар 1 тооны үхэр байсан. Дахиад 2-3 хоногийн дараа харсан чинь тэр үхэр нөгөө газраа байж л байсан. Тэр орой нь би үхэр авах хүн байна уу гээд найзууд руу гаа ярьсан. Тэгээд Ганхүлэгийнд аваачиж өгсөн. Маргааш нь Давааням утасдаад Ганхүлэгийнд хүрээд ир гээд намайг дуудсан. Тэгээд намайг очтол Давааням сэтэрлэсэн үхэр гэж юм яриагүй, угаасаа хэд хоногоос зарах гэж байсан юм гэж хэлээд бид хоёр 2,000,000 төгрөг төлөхөөр болоод тохиролцсон. Тэгээд би гэртээ харьсан” гэв.

          Хохирогч Ц.Оюун-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Хамгийн сүүлд 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өглөө гэрээсээ баруун тийш Хөгшин гол руу услахаар бэлчээсэн, орой 18 цагийн үед манай үхрүүд ирцгээсэн. Тухайн үед үхрээ бүртгэхэд 10 байхаас 9 тооны үхэр болчихсон байсан ба харуй бүрий болсон байсан учраас хайж чадаагүй юм. Маргааш нь үхрийнхээ эрэлд явах гэсэн чинь цас ихээр орж шуураад үхрийнхээ араас мөн л явж чадаагүй. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өглөө хүү Даваанямыг үхрийнхээ араас явуулсан, 17 цаг өнгөрч оройн хүйтэн ороход би хүү рүүгээ залгаад “Одоо орой болчихлоо, олдохгүй бол хүрээд ир” гэхэд хүү Давааням хариуд “алдсан үхрээ олчихлоо Хүлэг, Маагаа хоёр энд нядалчихсан байна" гэж хэлсэн. Ингээд би цагдаагийн байгууллагад хандах болсон. 2 эвэртэй, хүрэн зүсний, зүүн талын чих шоргоолжин имтэй шүдлэн насны үхэр байсан. ...Манай нөхрийг өөд болох үед лам нядлагдсан үхрийг сэтэрлэж байсан юм. Монгол ёсондоо сэтэрлэсэн малын амийг тасалдаггүй, гэтэл Маагаа, Ганхүлэг нар тууж аваачаад нядалж хүнд зарчихсан байгаад гомдолтой байна, алдагдсан үхрээ мөнгөөр бодож авна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуу/,

          Гэрч Н.Даваанямын мөрдөн байцаалтад өгсөн: “...Маргааш өглөө нь үхрээ бүртгэхэд 10 үхэр байхаас 1 үхэр байхгүй байсан. Тэр өдөр цасан шуургатай байсан учраас үхрээ хайж чадаагүй юм. Тэгээд өнөөдөр өглөө 13 цаг өнгөрч байхад Сэрээ гэх газар байх Ганхүлэгийнхээс алдсан үхрээ сураглах гээд гэрийнх нь гадаа иртэл өвөлжөөний хажууд Ганхүлэг эхнэртэйгээ, мөн өөр 2 үл таних хүмүүс үхэр нядалж байсан яваад очтол Ганхүлэг надад За хөгшөөн үхрийг чинь хийчихлээ гэрт ороод ярилцъя гэж хэлсэн. Гэрт нь ороод ярилцахад Ганхүлэг надад хандаж Маагаа над руу яриад 1 үхэр байна. Гаргаад өгөх боломж байна уу, мөнгөний хэрэг гарчихлаа гэхээр нь би хариуд нь юун үхэр юм гэхэд хариуд манай үхэр байгаа юм ээж, ааваас нуугаад 1 үхэр зарчих гэсэн юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би за аваад ир гэхэд Маагаа 11 дүгээр сарын 18-ны орой мориор 1 үхэр тууж ирсэн гэж Ганхүлэг хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуу/,

          Гэрч С.Ганхүлэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “2022 оны 11 дүгээр сарын 18-ны 16-17 цагийн үед Маагаа над руу утсаар залгаад 'аав ээжид хэлэлгүй 1 үхэр зарчихмаар байна, мөнгөний хэрэг гараад аа. “Ээж, аав 2 одоогоор байхгүй” гэхээр нь би хариуд нь за тэгвэл портер дээрээ ачаад ирээ, манай эхнэрийн дүүгийн найз нь ирж идэшний үхэр авна гэж 1 сар гаруй хугацааны өмнө хэлж байсан юм. Тэгээд найз нь маргааш ирж идэшний үхрээ авна тэрэнд нь өгчихье гэж хэлсэн. Тэгсэн орой 20 цагийн үед манай зүүн хойд зүгээс мориор 1 тооны үхэр туугаад ирэхээр нь би чи чинь ямар учиртай үхэр туугаад ирэв, машин дээрээ ачаад ирэхгүй яасан юм гэхэд хариуд цас орж байгаа болохоор танай өөд рүү машин гарахгүй байх гэж бодоод мориор туугаад ирлээ. Энэ манай үхэр гэж хэлээд манай малын саравчинд оруулж хашчихаад цас их орж байгаа учраас эртхэн шиг явъя гээд гэрээр оролгүй эргээд яваад өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуу/,

          Гэрч П.Даваасамбуугийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Анх гэрт нь очиход Ганхүлэг, эхнэр 4 хүүхдийн хамт байсан ба үхэр нядалж байх үед эхлээд мотоциклтой 1 залуу ирсэн, хэсэг хугацааны дараа 1 залуу ирчихсэн харагдсан. Тэгээд Ганхүлэг нөгөө 2 залуутай зайдуу хоорондоо юм ярилцаад зогсож байгаад нэг мэдсэн 2 залуу явчихсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн З0-р хуу/

          Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ӨХЦ22-54 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 62-63-р хуу/,

          Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримт /хх-ийн 81-р хуу/,

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 87-р хуу/,

          Шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн хохирол төлсөн баримт зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

          Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Мягмарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.

          Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

          Шүүгдэгч Г.Мягмар 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр өөрийн эзэмшлийн морийг унаж Өвөрхангай аймгийн Хархорин сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч Ц.Оюун-Эрдэний 1 тооны хүрэн зүсний шүдлэн үхрийг хулгайлан авч хохирогчид 1,100,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч Ц.Оюун-Эрдэнэ, гэрч Н.Давааням,  С.Ганхүлэг, П.Даваасамбуу,  /хх-ийн 19-20, 22-23, 25-26, 30, -р хуу/, Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ӨХЦ22-54 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 62-63-р хуу/, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримт /хх-ийн 81-р хуу/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 87-р хуу/, шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн хохирол төлсөн баримт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

          Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн амар хялбар аргаар мөнгө олох санаа зорилго болон хохирогчийн зүгээс өөрийн өмчлөлийн малаа хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

          Шүүгдэгч Г.Мягмар нь бусдын өмчлөлд байгаа малыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор өөрийн эзэмшил, өмчлөлд авч, өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.

          Мал хулгайлах гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь бусдын малыг хулгайлсан идэвхтэй үйлдлээр хэрэгжиж, малыг хулгайлах үйлдэл хийж, захиран зарцуулах боломж бүрдүүлснээр уг хэрэг төгсдөг бөгөөд шүүгдэгч Г.Мягмар нь хохирогч Ц.Оюун-Эрдэний 1 тооны малыг хулгайлж өөрийн хэрэгцээг хангах зорилгоор хулгайлсан нь хэрэгт хөдөлбөргүй тогтоогдсон байна.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгч Г.Мягмар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй байна.

          Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна. 

          Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч Г.Мягмарын үйлдэл нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.          

          Иймд шүүгдэгч Г.Мягмарт холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, шүүхээс шүүгдэгчийг бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэв.

          Нэг: Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

          Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилжээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхтэй.

          Г.Мягмарын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын үнэлгээг мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч тогтоол гарган хөрөнгийн үнэлгээ гаргах тусгай зөвшөөрөл бүхий “Вендо” ХХК-ны 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №ӨХЦ22-54 дугаар шинжээчийн дүгнэлтийг гаргасан байна.

          Дээрх шинжээчийн дүгнэлтээр тогтоолгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолно”, 16.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэг зайлшгүй шаардсан, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор шинжилгээ хийлгэнэ” гэж заасан зохицуулалтад нийцэх бөгөөд хууль зөрчөөгүй байна.

           “Вендо” ХХК-ны шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ц.Оюун-Эрдэний 1 тооны шүдлэн үхрийг 1,100,000 төгрөгөөр үнэлсэн байна. Дээрх үнэлгээ нь тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх зэрэг хуулийн шаардлагад нийцсэн байгааг дурдах нь зүйтэй.

          Хохирогч Ц.Оюун-Эрдэнэ “...Мягмар нь 2022 оны 12 дугаар сарын 08-ны 1,600,000 төгрөгийг өгсөн. Манай үхэр нь сэтэртэй мал байсан тул үхрээ 3,600,000 төгрөгөөр үнэлж байна. Мөн манай хүн нас бараад 49 хоног нь дуусаагүй байхад ийм үйлдэл гаргаж сэтгэл санаагаар хохироосон тул гомдолтой байна. Иймд сэтгэл санааны хохирол болон үхрийн үнэ 3,600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн ба шүүгдэгч Г.Мягмар нь хохиролд 1,600,000 төгрөгийг төлсөн болох нь шүүгдэгч, хохирогч нарын тайлбар болон хэрэгт авагдсан Хаан банкны  2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт зэргээр тогтоогдож байна.

          Түүнчлэн хохирогч Ц.Оюун-Эрдэнэ сэтгэл санааны хохирол болон үхрийн үнэ 3,600,000 төгрөг нэхэмжилсэн нь хэрэгт энэ талаар нотлох баримт авагдаагүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

          Иймд шүүгдэгч Г.Мягмарыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж шүүх үзлээ.         

          Шүүхээс 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 16 цаг 30 минутад болох шүүх хуралдааны товыг хохирогч Ц.Оюун-Эрдэнэд 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр утсаар мэдэгдэхэд “шүүх хуралдаанд суухгүй, гомдолтой” гэсэн бөгөөд хохирогч шүүх хуралдаанд оролцох тухай бичгээр хүсэлт гаргаагүй тул хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

          Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:         

          Шүүхээс шүүгдэгч Г.Мягмарыг бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Цагдан хоригдсон хоноггүй. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналтай. Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Битүүмжилсэн 1 тооны морийг хураан авч улсын орлого болгох саналыг гаргаж байна....гэсэн дүгнэлтийг,

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дашцэрэн “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар тодорхой хугацаагаар тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна. Шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээж маш их гэмшиж байгаа. Сэтэрлэсэн гэж ярьж байгаа боловч ямар нэгэн байдлаар үнэлгээг нэхэмжлэх боломжгүй. Тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү. Өөрөө маш их гэмшиж байгаа...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

          Шүүгдэгч Г.Мягмар нь хохирогчид учруулсан хохирлоо төлсөн,анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Шүүгдэгч Г.Мягмарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ.           

          Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь “тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасныг харгалзлаа.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мягмарыг хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй.

Тэнсэж шийдвэрлэж байгаатай холбоотойгоор шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

          Шүүх шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мягмарыг бүртгэж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мягмар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдаж

          Шүүгдэгч Г.Мягмар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүйг тус тус дурдав.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мягмарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1 тооны хул зүсний соёолон насны 1,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий морины үнэ 1,000,000 төгрөгийг шүүгдэгч Г.Мягмараас гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Мягмарт авсан хувийн баталгааг гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Мягмарт авсан хувийн баталгааг гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.          

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Өндөрийнхөн овгийн Ганзоригийн Мягмарыг бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.      

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Өндөрийнхөн овгийн Ганзоригийн Мягмарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнссүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мягмарыг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

          4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мягмарыг бүртгэж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. 

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мягмар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдсугай.

            6. Шүүгдэгч Г.Мягмар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүйг тус тус дурдаж, хохирогч Ц.Оюун-Эрдэнийн нэхэмжилсэн нь 3,600,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мягмарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1 тооны морины үнэ 1,000,000 төгрөгийг шүүгдэгч Г.Мягмараас гаргуулж улсын орлого болгосугай.

    8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Мягмарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

    9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

   10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Мягмарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

    

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Г.ЭНХ-АМГАЛАН