| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2023/0003/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/11 |
| Огноо | 2023-01-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Түвшинтөр |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 2023/ШЦТ/11
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга: А.Батцог,
Улсын яллагч: Б.Түвшинтөр,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Батсайхан, Д.Амаржаргал,
Гэрч: Ц.Доржжүгдэр, С.Төмөрчөдөр
Хохирогч Э.Амарсайхан, Н.Болдбат
Шүүгдэгч: Э.Амарсайхан, Н.Болдбат нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өндөр Нуваан овгийн Энхбатын Амарсайхан,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өлзийхутагт овгийн Нинагийн Болдбат нарт холбогдох эрүүгийн 2227001440144 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багийн Бэл 13-08 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Өндөр Нуваан овгийн Энхбатын Амарсайхан /РД: ЙБ85060411/,
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар багийн Бэл 3-303 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Өлзийхутагт овгийн Нинагийн Болдбат /РД: ЙБ79081411/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Болдбат, Э.Амарсайхан нар нь 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 20 цагийн орчим Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багийн нутаг Дээд өргөн чөлөө гэх газар тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Н.Болдбат нь давтан үйлдлээр 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 21 цагийн орчим Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар баг Дээд өргөн чөлөө гэх газар албан үүргээ гүйцэтгэхээр очсон тус сумын хэсгийн төлөөлөгч Э.Билгүүнийг нүүрэн тус газар нь гараараа нэг цохин хүч хэрэглэж эсэргүүцсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Амарсайхан шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Би 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр эхнэрийнхээ эзэмшлийн машинтай С.Төмөрчөдөртэй хамт явж байсан. Бид хоёр засмал замаар явж байтал өмнөөс хар өнгийн Жийп машин урсгал сөрөөд маш хурдтай ирж явсан. Би согтуу хүн юм байх гэж айгаад машинаа зогсоосон. Тухайн машин миний машины өмнөөс тулж ирээд зогссон. Би машиныхаа цонхийг буулгатал миний машины хажуугаар зөрж зогсоод Н.Болдбат машиныхаа цонхийг буулгасан. Би чи хүн дайрлаа ш дээ гэж хэлтэл миний өмнөөс чамайг дайраад алчихсан ч яадгийн гээд машинтайгаа урагшаа хөдлөөд буцаж хойшоо ухраад миний машины жолоочийн хаалгыг цөм мөргөөд, машины толь хуга мөргөчхөөд хөдлөөд явах гэхээр нь би зогсоох арга хэмжээ авах гээд машиных нь онгорхой цонхоор толгойгоо оруулаад машиных нь түлхүүрийг авах гэтэл Н.Болдбат тэр хооронд намайг гараараа хэд хэдэн удаа цохиод авсан. Машинаасаа бууж ирээд миний хоолойг шахаад намайг хэд хэдэн удаа цохиод авсан. Тэр үед Ц.Доржжүгдэр гэж хүн ирээд миний хоёр гарыг барьчхаад тавихгүй байсан. Тэр хооронд Н.Болдбат гэж хүн намайг дахиад 2-3 удаа цохиод авсан. Би яаж байгаа юм бэ гэж хэлэхэд Н.Болдбат нь миний өмнөөс хуучны өс хонзон яриад байсан. Н.Болдбат нь 2010 оны үед надаас дэлгүүр худалдаж авч байсан. Чи бичиг баримтыг нь удааж өгсөн, аавдаа хэлээгүй гэх зэргээр тухайн үед яриад байсан. Тухайн үед миний бие их муу байсан. Н.Болдбатын цохилтыг эсэргүүцэх нь битгий хэл өмнөөс нь хорих тэнхэл надад байхгүй байсан. Би цагдаа дуудах гэтэл цагдаа утсаа авахгүй байсан. Би арга барахдаа аав руугаа утсаар яриад та цагдаа аваад хүрээд ирээч гэж хэлсэн. Удалгүй манай аав 2 цагдаа аваад ирсэн. Цагдаа ирээд Н.Болдбат бид хоёрыг драгер багаж үлээлгэсэн. Н.Болдбат нь 2.6 хувийн согтолттой. Надаас огт архи согтууруулах ундааны зүйл илрээгүй. Би тухайн үед эрүүл явж байсан. Архи тамхи хэрэглэдэггүй ийм хүн байгаа. Цагдаа Н.Болдбатыг үлдээгээд намайг цагдаагийн байр луу авч явсан. Тэр үед миний бие тавгүйрхээд би шууд сумын эмнэлэгт очиж үзүүлсэн. Миний бөөр өмнө нь их өвддөг байсан. Энэ гэмт хэргийн улмаас миний бие их муудсан. Н.Болдбат гэж хүнд зодуулахаас 7 хоногийн өмнө би Говь-Алтай аймгийн Бигэр суманд байх сувилалд 10 гаран хоног эмчилгээ хийлгээд ирсэн байсан. Би гэмт хэрэг гарах үед маш их гам барьж байсан. Н.Болдбатад зодуулсны улмаас миний бөөрний өвчин эргээд сэдэрсэн. Хэрэг болсны маргааш өглөө би цусаар шээгээд эхэлсэн. Улаанбаатар хотод эмчлүүлж байсан эмч рүүгээ утсаар ярьтал яаралтай ир гэж хэлсэн. Тэгээд удалгүй Улаанбаатар хот руу үзүүлэхээр явсан. Би Улаанбаатар хот ороод Улаанбаатар мед эмнэлэгт 7 хоног эмчилгээ хийлгэсэн. Одоогоороо миний бие сайнгүй байгаа. Би сумын эмнэлэгт 7 хоног эмнэлэгт хэвтсэн. Өмгөөлөгч намайг хэвтээгүй гэж яриад байгааг гайхаж байна. Цэдэндорж гэх эмч надад стори нээж өгч миний эмчлүүлэгчийн карт дээр бичилт хийсэн. Шаардлагатай гэвэл би эмчлүүлэгчийн картаа үзүүлж болно. Би яагаад Н.Болдбатад гомдолтой байна гэхээр Н.Болдбат гэж хүн намайг бэртээчхээд миний биеийг асууж надад сэтгэл санаа, эд материалын тусламж дэмжлэг огт үзүүлээгүй. Би үүнийг их гайхаж бас гомдож байгаа. Миний эмчилгээний үр дүнг Н.Болдбат байхгүй болгосон. Биеийн эрүүл мэнд дээрээ би их гомдолтой байна” гэв.
Шүүгдэгч Н.Болдбат шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Би 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр найзтайгаа хамт нэг найзындаа оччихоод буцаж явсан. Би машинтай буцаж явахдаа дээд өргөн чөлөө гэх газарт зам голлож явсан. Миний өмнөөс Портер машин ирж байхаар нь хурдаа хасаад хажуу талаар нь зөрөөд гарсан. Намайг хажуу талаар нь зөрөөд гарах үед Э.Амарсайхан над руу хандан ална шүү пизда минь дайраад алчхав гэж орилсон. Би тэр үгийг нь яагаад тийм сонор хүлээж авсан бэ гэхээр Э.Амарсайхан бид хоёр төрсөн эгч, дүүсийн хүүхдүүд байгаа. Э.Амарсайхан надаас дүү учир тухайн үед би ахархаад машинаа зогсоогоод юу гээд байгаа муу чацага минь гэж хэлсэн. Би 2010 оноос хойш япон машин унаж байгаа. Улаанбаатар хотод замын хөдөлгөөнд оролцохдоо машиныхаа арааг Н дээр нь тавиад зогсдог. Тэгж яваад сурчихсан. Би тухайн үед машинаа зогсоогоод Н дээр нь тавиад Э.Амарсайхантай маргалдаж байгаад мартаад тормоз дээрээс хөлөө автал машин ухраад Э.Амарсайханы машиныг мөргөөд зогссон. Би санаатайгаар машинаа хаазлаад Э.Амарсайханы машиныг мөргөсөн зүйл огт байхгүй. Э.Амарсайханы машины груперны будаг зурагдаж, толь нь хагарсан байсан. Би хүний машин мөргөчихлөө яанаа гэж бодоод машинаа хөдөлгөөд зогсоол руу шахчхаад ахыгаа уучлаарай гэж хэлэхийн хоорондгүй Э.Амарсайхан намайг цохиод авсан. Миний гэмтлийн талаар эмчийн тодорхойлолт дээр бичигдсэн байгаа. Миний уруулын язрал одоо овойгоод эдгэрсэн байгаа. Намайг машинаас буулгаж ирээд үсдээд, толгой руу өвдөглөөд нүүрэн тус газар хэд хэдэн удаа цохисон. Би Э.Амарсайханы өмнөөс эсэргүүцэл үзүүлсэн. Гэхдээ хэвлий толгой хашаа мөргүүлсэн зүйл байхгүй. Тухайн асуудал засмал замын голд болсон учир би Э.Амарсайханыг хашаа мөргүүлэх ямар ч үндэслэл байхгүй. Би өмнөөс нь эсэргүүцээд гар хөлийг нь барьсан. Түүнийгээ хүлээн зөвшөөрч байгаа. Тухайн үед ийм л зүйл болсон. Энэ асуудал болж байхад цагдаад Э.Билгүүн ирчихсэн миний машины хажууд бичлэг хийж байсан. Би Э.Билгүүнд хандан ахын дүү битгий бичлэг хий миний нүүр ам авах юм байхгүй болчихсон гэж хэлтэл бичлэг хийгээд байсан. Би машинаас бууж очоод Э.Билгүүний гар утсыг авах гэсэн. Энэ үйлдэл миний буруу” гэв.
Хохирогч Э.Амарсайхан шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Миний шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би яагаад хохирсон, яагаад гомдолтой байна вэ гэхээр эрүүл мэндээрээ хохирсондоо маш их гомдолтой байна. Би Н.Болдбатад зодуулаагүй байсан бол миний бие өнөөдөр илүү сайн байх байсан. Манай өрхийн орлого хүүхдийн 100,000 төгрөгөөс өөр орлого байхгүй. Би оюутан хүүхэдтэй. Миний оюутан хүүхэд Оросын холбооны улсад сурдаг маш их өндөр зардалтай. Манай өрхийн орлогыг залгуулдаг машин бол тухайн үед унаж явсан Портер машин байгаа. Өөр надад орлого олдог зүйл байхгүй. Н.Болдбатын буруутай үйлдлээс болж миний Портер машин нэг сар цагдаагийн журмын хашаанд байсан. Тухайн үед Н.Болдбатын эзэмшлийн Lexus-470 маркийн авто машиныг миний машинтай хамт журмын хашаанд оруулсан боловч 20 хонуулаад Н.Болдбатын машиныг өгөөд явуулчихсан байсан. Н.Болдбат машинаа журмын хашаанаас аваад хот оруулаад зарчихсан байсан. Би бодохдоо Н.Болдбатыг өөрийнхөө нотлох баримтыг устгалаа гэж бодсон. Н.Болдбат манай сумын хамгийн том дэлгүүрийг ажиллуулдаг. Би орлого зарлагыг нь сайн мэдэхгүй байна. Намайг бодвол амьдралын боломжтой хүн байгаа. Би Н.Болдбатаас болж сэтгэл санаа, цаг хугацаа, эд материалаар маш их хохирч байна. Энэ хэрэг 4 дэлгүүрийн камерын дунд болсон хэрэг байгаа. Гэтэл дэлгүүрүүдийн камерын бичлэг гарч ирээгүй. Сумын хяналтын камер хүртэл байсан. Би тухайн камерын бичлэгүүд гарч ирээгүйд маш их гайхаж, хардаж байгаа. Н.Болдбатыг нөлөөлсөн байж болзошгүй гэж бодож байгаа. Камерын бичлэгүүд гарч ирсэн бол ямар ч гэрчийн шаардлага байхгүй байсан. Бид хоёрын үйлдлийг манай сумын зөндөө хүн харсан байдаг юм байна лээ. Би эрүүл мэндээрээ хохирсондоо маш их гомдолтой байна. Өнөөдөр би өвчин намдаах эм уучхаад, хоёр бөөрөө бөөрний бүсээр баглаад шүүхээ хүндлээд зогсож байна. Н.Болдбатаас нийт дөрвөн сая гаран төгрөг нэхэмжилж байна” гэв.
Хохирогч Н.Болдбат шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Би Э.Амарсайханд зодуулаад 10 гаран хоног толгой өвдөж явсан. Би хажуу талынхаа эмийн сангаас өвчин намдаах эм авч ууж байсан. Би хохирол нэхэмжлэхээр баримт бүрдүүлсэн зүйл байхгүй. Надад нэхэмжлэх зүйл гомдол, санал байхгүй” гэв.
Гэрч Ц.Доржжүгдэр шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Э.Амарсайхан, Н.Болдбат хоёр маргалдаж, Э.Амарсайхан, Н.Болдбат хоёр машиныхаа цонхоор хоорондоо хэрэлдсэн. Тэр үед Н.Болдбат машинаа Н дээр тавьчихсан зогсож байсан. Тэгтэл Н.Болдбатын машин өнхөрч очоод Э.Амарсайханы машиныг мөргөсөн. Тэгээд Э.Амарсайхан машинаасаа бууж ирээд Н.Болдбатыг машинаас нь татаж буулгасан. Э.Амарсайхан Н.Болдбатыг чи яахаараа хүний машин мөргөдөг юм бэ гэж хэлээд үснээс нь татаж буулгасан. Э.Амарсайхан, Н.Болдбат хоёр барилцаж аваад их удаагүй салсан. Би тухайн зодоонд оролцоогүй. Энэ хоёр хүнийг салгасан. Тэр үед Э.Амарсайханы машин асаалттай байсан. Би Э.Амарсайханы машиныг унтраасан. Машиныг нь унтраатал хөгжим нь орилоод байхаар нь MP-г нь аваад машиных нь түлхүүртэй хамт Э.Амарсайханд өгсөн. Надад хулгайн санаа зорилго байгаагүй. Би Н.Болдбатын машины арын суудал дээр сууж байсан. Н.Болдбат санаатайгаар хаазалж очоод Э.Амарсайханы машиныг мөргөсөн зүйл байхгүй. Би Н.Болдбатын машины арын суудал дээр сууж байсан болохоор машинаа Н дээр нь тавьж байхыг өөрийн нүдээр харсан. Э.Амарсайхан, Н.Болдбатыг машинаас нь буулгаж ирээд шууд нүүр лүү цохисон. Би Э.Амарсайханы подволькны ар талаас татсан зүйл байхгүй. Би тухайн үед их согтоогүй байсан учир болсон явдлыг сайн санаж байгаа. Тухайн үед Н.Болдбатын доод уруул язраад цус гарчихсан байсан. Миний одоо өгч байгаа мэдүүлэг үнэн зөв” гэв.
Гэрч С.Төмөрчөдөр шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Би 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Э.Амарсайханы машин суугаад гэрийнхээ ойролцоо буух гээд явж байтал бид хоёрын өмнөөс хар өнгийн Жийп машин их хурдтай ирж байснаа буцаж ухраад хажуугаар дараад өнгөрөөд зогссон. Э.Амарсайхан машиныхаа цонхийг буулгаад дайрах нээ гэж хэлтэл Н.Болдбат өмнөөс нь дайраад алсан ч яадгийн гэж хэлээд буцаж ухраад түс тас хийгээд л явчихсан. Э.Амарсайхан машинаасаа буусан. Би Э.Амарсайханы машинд сууж л байсан. Гадаа бөөн шуугиан болохоор нь би машинаас нь гарсан. Тэгсэн Ц.Доржжүгдэр гэж залуу Э.Амарсайханы өмсөж явсан подволкны араас татчихсан зогсож байсан. Намайг явж очихын хооронд Н.Болдбат Э.Амарсайханы нүүр лүү 2-3 удаа цохисон. Би салгах гэж оролдсон. Өөрөө гар муутай болохоор цохиулчих байх гэж байгаад хүрч чадаагүй. Би тэндээс алхаад гэртээ харьчхаад нилээн байж байгаад буцаад иртэл Н.Болдбат гудамж руу ороод зогсчихсон 2 цагдаа ирчихсэн. Хэрэлдээд зогсож байсан. Тухайн хоёр цагдаа намайг маргааш өглөө ирж гэрчийн мэдүүлэг өгөөрэй одоо явж бай гэж хэлсэн. Тэгээд би гэр лүүгээ явсан. Би тухайн үед нэг шил архи уучихсан байсан. Гэхдээ их согтоогүй байсан. Болсон явдлыг өөрийн нүдээрээ харсан. Э.Амарсайхан Н.Болдбатад пиздаа минь ална шүү гэж огт хэлээгүй. Дайрах нээ гэж хэлтэл Н.Болдбат дайрсан ч яадгийн гэж хэлээд машиныг нь мөргөсөн. Э.Амарсайхан намайг харснаар Н.Болдбатыг цохиж зодоогүй. Хэрэг болсон газар нь машин өнхрөх боломж байхгүй. Засмал зам дээр болсон. Намайг Э.Амарсайханы машин дотор сууж байхад Н.Болдбат машиныг нь мөргөсөн. Н.Болдбат нь нилээн хүчтэй мөргөсөн” гэв.
Хэрэг болсон дэлгүүрийн гаднах хяналтын камер бичлэг хийдэггүй талаар мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 161-162-р хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 502 дугаартай “1. Э.Амарсайханы биед тархи доргилт, бөөрний түүдгэнцэрийн үрэвслийн сэдрэл, цустай шээх, уурагтай шээх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи тархи доргилт гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрхи бөөрний өвчний сэдрэл нь өөрийн өгүүлснээр цохиулж зодуулснаас үүссэн байх боломжтой ч Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд энэ тухай тусгагдаагүй байна. 3.Дээрхи тархи доргилт гэмтэл нь хуучин гэмтэл байна. 4.Дээрхи гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5.Дээрхи гэмтэл нь хатуу мохоо хүчний 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 6.Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар үүссэн цаг хугацаандаа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 61-63-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 11154 дугаартай “1.Н.Болдбатын биед доод уруулын салстад шарх /сорви/, баруун шуунд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн гэсэн дүгнэлт /хх-ийн 68-69-р хуудас/,
Хохирогч Э.Амарсайханы мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 20 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3-р багийн нутаг дэвсгэр Сумьяацэцэг гэх хүний дэлгүүрийн урд төв замаар өөрийн эхнэр Дэлгэрмаагийн эзэмшлийн 06-54 ӨВА улсын дугаартай портер 2 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож хажуудаа иргэн С.Төмөрчөдөрийн хамтаар ертөнцийн зүгээр хойноос урагшаа ойр зуур ажлаа амжуулаад явж байхад сайжруулсан төв зам дээр миний урдаас хар өнгийн 470 маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрөөд ирж харагдахаар нь би мөргөлдөж магадгүй гэж бодоод өөрийн амь нас эрүүл мэндийг болгоомжлох үүднээс зам дагуу машинаа зогсоосон тэгтэл тэр машин миний машины эгц өөдөөс тулж ирж зогсоод буцаж ухраад хажуугаар зөрөх гэхээр нь би жолоочийг нь чи хүн дайрлаа гэхэд чамайг дайрсан ч яадаг юм гээд дахин ухарч миний машины жолооч талын хаалгыг өөрийн машины ард хэсгээр хонхойлгож мөргөсөн тэр машины жолооч нь Н.Болдбат гэх залуу байсан тэгээд миний машиныг мөргөчхөөд урагшаа хөдлөхөд би машинаасаа буугаад чи яаж байгаа юм хүн мөргөж алах дөхлөө гээд тэр машины түлхүүрийг аваад кармалаад 470 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Болдбат гэх залуу бууж ирээд намайг боогоод түүнтэй хамт явсан Жүгдэр гэх залуу бууж ирээд миний кармаанд байсан машиныхаа түлхүүрийг авсан байсан би тэр үед мэдээгүй сүүлд нь мэдсэн Жүгдэр гэх залуу миний араас тэврээд цамцны араас татаад боосон. Болдбат машинаа асаагаад тухайн хэрэг болсон гэх газраас 200 метр зайнд зугтаахаар нь би араас нь алхаж очсон тэр ноцолдож байх хооронд миний машин дотор байсан машины түлхүүр, мф-ыг Болдбаттай хамт явсан хүн авсан байсан би араас нь түлхүүрээ авахад санаатай араас нь дахиж очиход Болдбат намайг дахиж барьж аваад яах гээд байгаа юм чи гээд дахин барилцаж аваад миний хэвлий, толгой, хөл хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа намайг цохиод хашаа мөргүүлсэн тэгээд маргалдаад зогсож байхад цагдаа нар ирсэн. Хэдэн удаа цохиж байсныг сайн санахгүй байна гараараа миний хэвлий толгой хэсэгт цохисон. Н.Болдбаттай хамт явсан Жүгдэр гэх хүн надтай хамт явсан Төмөрчөдөр гэх хоёр хүн байсан ойр орчим тойроод хүмүүс хараад зогсож байсан. Миний биед халдаагүй Болдбат намайг зодох боломжийг бүрдүүлж өгсөн гэж би үзэж байгаа хойно, урд гарч миний гар бариад байсан. Нэгийгээ танина урьд өмнө маргалдаж зодолдож байсан удаа байхгүй. Миний хувьд гомдол саналтай хуулийн дагуу арга хэмжээг нь авхуулмаар байна. Энэ гэмт хэргийг би санаатайгаар үйлдсэн урьдаас төлөвлөж ярьсан. Өс хонзонгийн сэдэлттэй гэж үзэж байна би өөрөө эрүүл мэндээрээ маш их хохирсон. Надад бол байхгүй Болдбат надад чи аавтайгаа нийлж хашаа байшингаа надад үнэтэй шахаж зарсан гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуу/,
Хохирогч Н.Болдбатын мөрдөн байцаалтад өгсөн: “Миний бие 2022 оны 07 дугаар сарын 15-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын төвд автомашин унаж явж байхдаа Амарсайханы автомашиныг шүргэсэн юм. Тэгтэл Амарсайхан намайг зодсон. Нүүр лүү цохиж эрүүл мэндэд гэмтэл учруулсан. Тухайн үйл явдлыг манай Доржжүгдэр мэдэж байгаа. Би уг өдөр найз Доржжүгдэрийн хамт хөдөө явж найзынхаа гэрт очиж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Улмаар автомашин /тээврийн хэрэгсэл/ унаж замын хөдөлгөөнд оролцох үедээ хүний автомашиныг мөргөсөн юм. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж 400,000 мянган төгрөгөөр торгуулсан. Харин Амарсайхан эрүүл байсан. Намайг автомашин мөргөж /шүргэсэн/ гэж хэлээд зодсон. Амарсайхан бид хоёрын дунд өр авлага, өс хонзонгийн асуудал огт байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл ямар нэгэн санал хүсэлт тайлбар огт байхгүй. Өмгөөлөгч Б.Батсайхан миний зүгээс хохирогч Болдбатаас асуулт байна. Би Амарсайханы унаж явсан цэнхэр өнгийн Портер маркийн автомашины зөв талыг хаалга хэсгийг хажуугаар нь зөрөх үедээ мөргөсөн юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/,
Гэрч Ц.Доржжүгдэрийн мөрдөн байцаалтад өгсөн: “Тухайн өдрийн 15 цагийн орчимд өөрийн найз болох Болдбатынд ороод бид шил 0.5 литрийн хар Экс нэртэй архи хувааж уугаад Мойлт гэх газар руу найз Ганзориг гэх айл руу очоод тэднийд жоохон айраг монгол архитай хувааж уугаад сумын төв рүү орж ирээд Алтансүх гэх хүний дэлгүүрийн урд машинтайгаа явж байхад зам дээр нэг портер зогсож байхад манай найз Болдбат машинтайгаа өнгөрч яваад буцаж ухарч машиныг нь шүргээд зогстол портерийн эзэн Амараа гэх залуу байсан тэр хоёр машинаасаа хоёулаа буугаад зодолдсон хэнийг нь түрүүлж зодсоныг анзаараагүй тэгээд би буугаад тэр хоёрыг салгаад байж байтал цагдаа нар ирсэн. Амараатай нэг сумын хүмүүс болохоор танина. Болдбат Амараагийн машиныг шүргээд зогстол тэр хоёр буугаад хоорондоо зодолдож байхаар нь би очиж салгасан. Болдбат, Амараа хоёрын хэн нь түрүүлж зодсон болохыг би анзаараагүй машин тойрч очоод харахад Амараа гэх залуу Болдбатыг зодсон байх шиг байсан. Үгүй ээ би салгасан Амараагийн машинд Чөдөрөө гэх залуу сууж байсан. Би тодорхой хэмжээний согтолттой байсан цагдаагийн алба хаагч нар ирсэн цагаас хойш юу болсон талаар сайн санахгүй байна. Болдбатын машины түлхүүрийг булаацалдаад байсан өөр зүйл мэдэхгүй. Цагдаагийн алба хаагч Болдбатын машины түлхүүрийг надаас асууж байх шиг байсан. Болдбат машины түлхүүрээ сүүлд өөрөө гаргаж ирж байсан. Гэрчийн мэдүүлэг өгөхөд мөрдөгчийн зүгээс дарамталсан, шахалт үзүүлсэн зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/,
Гэрч Н.Болдбатын мөрдөн байцаалтад өгсөн: “Манай найз болох Доржжүгдэр тухайн өдөр Өвөрхангай аймгийн төвөөс манайд ирээд бид хоёр нэг шил архи хувааж уугаад манай найз Өвтийн өвөрт машин хашаа руу оруулаад өг гэхээр нь өөрийн машинаараа чирээд хашаа нь дотор нь оруулж өгчхөөд Мойлт гэх газар Ганзориг гэх найзындаа Доржжүгдэрийн хамтаар очоод ойр зуур сонин хөөрөөд жоохон айраг монгол архитай хольж уугаад сумын төв рүү орж Төгсөө гэх хүний дэлгүүрийн урд машинтайгаа явж байхад урдаас ирж байсан портер машин зөрөхдөө миний машины ард хэсэгт мөргөчих шиг болохоор нь зогсоод машинаасаа буугаад жолоочтой нь уулзтал Энхбатын Амарсайхан гэх хүн байсан бид хоёр ах дүүсийн хүүхдүүд юм тэгтэл Амарсайхан намайг чи муу намайг яаж байгаа юм дайрчих дөхлөө гээд миний уруул хэсэгт хэд хэдэн удаа толгой, нүд, гарын шуу хэсэгт хэд удаа зодсон тэгээд маргалдаад зогсож байсан чин цагдаа нар ирсэн цагдаа нар ирээд согтолт хэмжих багажаар намайг үлээлгээд 2,19 бүхэлтэй гарсан тэгээд миний машиныг авч явна гээд түлхүүрийн хайгаад олоогүй тэгээд манай найз Доржжүгдэр бид машиндаа сууж байсан тэрнээс цааш юу болсон талаар санахгүй байна. Ц.Доржжүгдэртэй нэлээн олон жил найзалж нөхөрлөж яваа манай сайн найз. Цагдаагийн алба хаагч ирээд намайг согтолт хэмжих багажаар үлээлгээд 2,19 гарсан тэгээд би машиндаа очоод суусан өөр зүйл санахгүй байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон болохоор миний машиныг цагдаагийн түр саатуулах газар авч явах гэтэл миний машины түлхүүр олдоогүй би тухайн машиныхаа түлхүүрийг яасан талаар сайн санахгүй байна. Би цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж биед нь халдсан удаа байхгүй. Гэрчийн мэдүүлэг өгөхөд мөрдөгчийн зүгээс дарамталсан шахалт үзүүлсэн зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-р хуудас/,
Гэрч Б.Дэлгэрмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “Амарсайхан нь манай нөхөр байгаа юм, бид 2 хамт амьдраад 19 жил болж байна. Харин Болдбат нь манай нөхөр Амарсайхантай төрөл садангийн холбоотой хүн байгаа юм. Би бол нэг их сайн танихгүй, зүс нэрийг нь л мэднэ. Уг Портер маркийн тээврийн хэрэгслийг манай нөхөр Улаанбаатар хотоос 2021 оны 11 дүгээр сарын үед 17,500,000 төгрөгөөр худалдан авч байсан. Тухайн өдрийн орой 18 цагийн үед манай нөхөр гэртээ байж байгаад хүнтэй уулзаад ирье гээд өөрийнхөө цэнхэр өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ ганцаараа гараад явсан. Гэрээс гараад 1 цаг орчмын дараа манай хүү над руу залгаад “аавыг машин мөргөчихсөн гэж байна шүү дээ, аав гэртээ байгаа юм уу, өргөн чөлөөнд гэнэ” гэж хэлэхээр нь би сандраад гэрээсээ гараад шууд өргөн чөлөөнд гараад хартал ямар ч машин тэрэг харагдахгүй байхаар нь цагдаа руу явсан. Тэгээд цагдаагийн гадна ирэхэд манай машины жолоочийн талын хаалга нь цөмөрчихсөн, манай нөхөр гадна нь сууж байсан. Нөхөр рүүгээ яваад очсон чинь нүүр нь цонхийчихсон, куртка, хувцас нь шороо болчихсон байхаар нь болсон явдлын талаар асуухад Болдбат согтуу машинтай ирээд хажуу талаас мөргөчихөөр нь би буугаад түлхүүрийг нь авах гэтэл түлхүүрээ өгөхгүй намайг зодчихлоо гэж хэлсэн. Тухайн үед Болдбат байхгүй байсан. Тухайн үедээ би нөхрийгөө дагуулаад эмнэлэгт үзүүлэхэд даралт, зүрхний пульс өндөр, мөн дотор нь муухайраад байна гэснээр эмнэлгийн ажилчид даралт болон бөөлжис намдаах тариа хийж өгсөн. Миний санаж байгаагаар биед нь ил харагдах шарх сорви байгаагүй. Харин маргааш нь харахад 2 гарын шуу хэсэг болон нурууны ууц хэсгийн 2 талаараа хөхөрсөн байсан. Мөн нөхөр маань бөөр өвдөөд байна гэхээр нь ундааны саванд шээлгэсэн чинь шууд цусаар шээсэн. Тэгээд 2022 оны 07-р сарын 17-ны өглөө Улаанбаатар хот руу явсан. Одоо уг тээврийн хэрэгсэл манай хашаанд байгаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-р хуудас/,
Шүүгдэгч Н.Болдбатын согтолтын зэргийг шалгаж баталгаажуулсан гэрэл зураг /хх-ийн 88-р хуудас/,
Гэрч Г.Энхбатын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хүү Н.Амарсайхантай хамт байгаагүй. Харин миний хүү Н.Амарсайхан над руу утсаар ярьж Н.Болдбат, Ц.Доржжүгдэр хоёр элбэж зодож байна. Та яаралтай хүрээд ирээч бие хачин болчихлоо гэж ярьсан юм. Иймд би гэрээс гарч Бат-Өлзий сум дахь Цагдаагийн тасгийн байранд ирж цагдаагийн ажилтанд уг асуудлыг хэлж хамт явах гэтэл бид нар араас чинь очно гэж хэлсэн. Би өөрийнхөө машиныг унаж тухайн газарт очиход цагдаагийн алба хаагч нар мөн ирсэн. Намайг очиход Н.Болдбатын машин дотор манай хүү Н.Амарсайхан Н.Болдбат нар сууж байсан. Бид нарыг очиход хэрүүл маргаан болоод өнгөрсөн байдалтай байсан. Намайг байхад Н.Болдбат, Э.Амарсайхан нар хоорондоо зодолдож, барилцаж аваагүй. Харин амаараа хэрэлдэж, маргалдаж байсан. Цагдаагийн алба хаагч нар Болдбат, Амарсайхан нарыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгаж байсан. Тэгээд Болдбатыг 2 бүхэл хэдтэй байна гэж хэлсэн. Харин Амарсайхан уугаагүй байна гэж хэлээд машинаа унаж цагдаагийн байранд ир гэж хэлсэн. Болдбат, Амарсайхан нарын биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Цагдаагийн байрнаас хүү Амарсайханыг Бат-Өлзий сумын Эрүүл мэндийн төв рүү хүргэсэн. Амарсайханы хүзүү хоолой улайсан байсан. Болдбатыг нарийн сайн ажиглаж хараагүй. Их л согтуу байсан. Болдбат нь цагдаагийн алба хаагчийн эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан асуудлыг би хараагүй. Намайг байхад тийм зүйл болоогүй. Сүүлд харин тийм яриа гарчихсан байсан. Хэргийн газарт Болдбат машинтайгаа үлдсэн. Манай том хүү Амарсайхан нь айлын том хүү, одоо ам бүл дөрөв эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Бүрэн дунд боловсролтой. Эрхэлсэн тодорхой ажилгүй. Одоогоос 10 гаран жилийн өмнө Амарсайхан, Болдбат нар хашаа байшингийн наймаа хийсэн юм байна лээ. Тэрнээс шалтгаалж хэрүүл маргаан болсон гэдгийг Амарсайхан надад хэлсэн. Болдбат нь манай эхнэрийн хамаатан миний эхнэрийн аав Дарамбазар нь Болдбатын ээжийн төрсөн ах нь байгаа юм. Амарсайхан, Болдбат нар төрсөн ах дүүсийн хүүхдүүд юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 134-137-р хуудас/,
Гэрч Б.Баасандавгын мөрдөн байцаалтад өгсөн: “Намайг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Эрүүл мэндийн төвд жижүүр эмчээр 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр ойролцоогоор 21 цаг өнгөрч байхад Э.Амарсайхан ирж үзүүлсэн. Тухайн үед автомашинд мөргүүлсэн хүнтэй зодоон хийсэн гэж ярьж байсан. Түүнээс хойш хоёр хоногийн дараа буюу 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр мөн жижүүртэй байхад Болдбат гэж хүн ирж үзүүлсэн.тэгээд 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр согтуу байхдаа хүнтэй маргаан хийсэн. Гэтэл ийм болчихсон байна гэж хэлэхээр энэ Амарсайхан гэх хүн надад үзүүлсэн гэж хэлэхэд эмчийн тодорхойлолт хэрэг болдог гэнэ гэж хэлээд надаар тийм тодорхойлолт хийлгүүлээд гарсан. Би тухайн үеийн нөхцөл байдлыг бичээд гаргасан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 139-140-р хуудас/,
Шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75, 90-р хуудас/,
Шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 76-82, 95-98-р хуудас/,
Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 94-р хуудас/,
Шүүгдэгч Э.Амарсайханы гэрэл зураг, портер машины гэрэл зураг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, эмчид үзүүлсэн талаар эрүүл мэндийн дэвтрийн хуулбар, эмнэлэгт үзүүлсэн талаар төлбөрийн баримтууд /хх-ийн 99-106-р хуудас/,
Эмчийн тодорхойлолт /хх-ийн 151-р хуудас/,
Шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн хохирлын баримтууд /2 дугаар хх-ийн 12-16-р хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Болдбат, Э.Амарсайхан нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч Н.Болдбат, Э.Амарсайхан нар нь 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 20 цагийн орчим Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багийн нутаг Дээд өргөн чөлөө гэх газар тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Н.Болдбат нь давтан үйлдлээр 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 21 цагийн орчим Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар баг Дээд өргөн чөлөө гэх газар албан үүргээ гүйцэтгэхээр очсон тус сумын хэсгийн төлөөлөгч Э.Билгүүнийг нүүрэн тус газар нь гараараа нэг цохин хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь хохирогч, шүүгдэгч Э.Амарсайхан, Н.Болдбат, гэрч Ц.Доржжүгдэр, С.Төмөрчөдөр нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хэрэгт авагдсан хохирогч Э.Амарсайхан, Н.Болдбат, гэрч Ц.Доржжүгдэр, Н.Болдбат, Б.Дэлгэрмаа, Г.Энхбат, Б.Баасандавга нарын мэдүүлэг /хх-ийн 20-21, 24, 32, 37, 51,134-137, 139-140/, хэрэг болсон дэлгүүрийн гаднах хяналтын камер бичлэг хийдэггүй талаар мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 161-162-р хуудас/, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 502 дугаартай дүгнэлт /хх-ийн 61-63-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 11154 дугаартай дүгнэлт /хх-ийн 68-69-р хуудас/, шүүгдэгч Н.Болдбатын согтолтын зэргийг шалгаж баталгаажуулсан гэрэл зураг /хх-ийн 88-р хуудас/, шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75, 90-р хуудас/, шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 76-82, 95-98-р хуудас/, эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 94-р хуудас/, шүүгдэгч Э.Амарсайханы гэрэл зураг, портер машины гэрэл зураг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, эмчид үзүүлсэн талаар эрүүл мэндийн дэвтрийн хуулбар, эмнэлэгт үзүүлсэн талаар төлбөрийн баримтууд /хх-ийн 99-106-р хуудас/, эмчийн тодорхойлот /хх-ийн 151-р хуудас/, шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн хохирлын баримтууд /2 дугаар хх-ийн 12-16-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, ач холбогдолтой, хууль ёсны нотлох баримтууд гэж үнэллээ.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.
Шүүгдэгч Н.Болдбат, Э.Амарсайхан нар нь хохирогч Н.Болдбат, Э.Амарсайхан нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй,
Шүүгдэгч Н.Болдбатын хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй,
Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон гэж үзлээ.
Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч Э.Амарсайхан, Н.Болдбат нарын үйлдэл нь хавтас хэрэгт авагдсан үйл баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Н.Болдбат, Э.Амарсайхан нарт холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Э.Амарсайханыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Н.Болдбатыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Э.Амарсайханы өмгөөлөгч Д.Амаржаргал нь “...Мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх хүсэлтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг хэзээ, хаана гарсан шалтгаан нөхцөл, шалтгаант холбоог тогтоох ёстой. Гэрч Ц.Доржжүгдэр болон шүүгдэгч Н.Болдбат нар нь зөрүүтэй мэдүүлэг өгөөд байна. Хэргийн газрын үзлэгийг дахин хийж өгнө үү. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна гэж заасны дагуу хойшлуулж өгнө үү...” гэж тайлбарласан ба хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой байх тул өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаарх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй.
Хохирогч Н.Болдбат, Э.Билгүүн нар нь хохирол нэхэмжлээгүй болохыг дурдав.
Хохирогч Э.Амарсайхан нь шүүх хуралдаанд “... Би эрүүл мэндээрээ хохирсондоо маш их гомдолтой. Өнөөдөр өвчин намдаах эм уучхаад, хоёр бөөрөө бөөрний бүсээр баглаад шүүхээ хүндлээд зогсож байна. Н.Болдбатаас нийт дөрвөн сая гаран төгрөг нэхэмжилж байна...” гэж тайлбарласан бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Н.Болдбатаас 4,031,240 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Амарсайханд олгох нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Хохирогч Э.Амарсайхан нь энэ гэмт хэргийн улмаас цаашид учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.
Шүүх хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлаад нотлох баримтыг үнэлж шүүгдэгч Э.Амарсайхан, Н.Болдбат нарын гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн шийдвэрийг танилцуулахад шүүгдэгч Н.Болдбат, түүний өмгөөлөгч нараас 10 минутын завсарлага авч, хохирогч Э.Амарсайханд хохирол 4,031,240 төгрөгийг төлсөн болохыг дурдлаа.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч Э.Амарсайхан, Н.Болдбат нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “...Шүүгдэгч Э.Амарсайханы хувийн байдал буюу, цаашид хөдөлмөрлөх боломжтой, түүний ам бүлийн байдал, гэр бүлийн байдал, биеийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгч Э.Амарсайханыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох, оногдуулсан торгох ялыг 03 сарын хугацаанд багтаан төлүүлэх, Шүүгдэгч Н.Болдбатын хувийн байдал буюу, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хийсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан шүүгдэгч Н.Болдбатад оногдуулсан 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ял дээр 2700 нэгж буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 3150 нэгж буюу 3,150,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан торгох ялыг 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Н.Болдбатаас хохирогч Э.Амарсайханд учирсан хохирол 4,031,240 төгрөгийг төлсөн. Хохирогч Н.Болдбат болон хохирогч Э.Билгүүн нар нь хохирлын талаар барим т гаргаж өгөөгүй...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батсайхан шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шүүгдэгч Н.Болдбатын тухайд эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүхээс оногдуулахаар тогтоосон 4,031,240 төгрөгийг шүүхээс завсарлага авч хохирогч Э.Амарсайханд 3,000,000 төгрөгийг бэлнээр, 1,032,300 төгрөгийг дансаар шилжүүлж төлсөн. Шүүгдэгч Н.Болдбат нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа чин санаанаасаа гэмшиж удаа дараа уучлалт гуйсан. Энэ хэрэгт эвлэрэх байр сууриа хадгалж цаашид ах, дүү, төрөл садангийн харилцааг эрхэмлэж байгаа энэ байдлыг харгалзаад улсын яллагчаас санал болгож байгаа ялын хүрээнд шийдвэрлэж өгнө үү” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Амаржаргал шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шүүгдэгч Э.Амарсайхан нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Гэмт хэрэг гарахад нь хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн. Өмнө нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгэл хүлээж байгаагүй. Бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хувийн байдлын тухайд ам бүл 4-лээ. Эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Бөөрний өвчний улмаас байнгын эмчилгээ хийлгэдэг. Ийм учраас улсын яллагчийн санал болгосон 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч байна. Шүүгдэгч Н.Болдбатын тухайд гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо төлж барагдуулсан. Ийм учраас улсын яллагчийн санал болгож байгаа ялын хүрээнд шийдвэрлэхэд татгалзах зүйл байхгүй” саналыг тус тус гаргасан болохыг дурдав.
Шүүгдэгч Э.Амарсайхан, Н.Болдбат нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Э.Амарсайхан, Н.Болдбат нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял тус тус шийтгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүдэгч Н.Болдбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ял 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ял болох 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, торгох ялын нийт хугацааг 3,150,000 төгрөгөөр тогтоох нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Амарсайхан, Н.Болдбат нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдав.
Шүүгдэгч Э.Амарсайхан, Н.Болдбат нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгч нарын баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Амарсайхан, Н.Болдбат нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Амарсайхан, Н.Болдбат нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Өндөр нуваан овгийн Энхбатын Амарсайханыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Өлзийхутагт овгийн Нинагийн Болдбатыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Өндөр нуваан овгийн Энхбатын Амарсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Өлзийхутагт овгийн Нинагийн Болдбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүдэгч Н.Болдбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ял 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ял болох 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, торгох ялын нийт хугацааг 3,150,000 төгрөгөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Амарсайхан, Н.Болдбат нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Э.Амарсайхан, Н.Болдбат нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгч нарын баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Болдбат нь хохирогч Э.Амарсайханд хохирол 4,031,240 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдсугай.
7. Хохирогч Э.Амарсайхан нь энэ гэмт хэргийн улмаас цаашид учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Амарсайхан, Н.Болдбат нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Амарсайхан, Н.Болдбат нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН