| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2023/0008/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/14 |
| Огноо | 2023-01-25 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 2023/ШЦТ/14
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Улсын яллагч: Б.Түвшинтөр,
Хохирогч Э.Сувд-Эрдэнэ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш,
Шүүгдэгч С.Тунгалаг,
Нарийн бичгийн дарга: Н.Ням нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Мангууд овгийн Сайхнаагийн Тунгалагт холбогдох эрүүгийн 2227001490150 тоот хэргийг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, ах, дүү, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Налайх дүүрэг 4 дүгээр хороо, Алтайн 10-18 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/732 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгэж, шийтгэх тогтоолын биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/198 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 1, 3 дах хэсэгт зааснаар өмнө оногдуулсан 2 жил хорих ял дээр 6 сарыг нэмж нэгтгэн 2 жилийн 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, Мангууд овгийн Сайхнаагийн Тунгалаг /РД:УД00221200/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Тунгалаг нь 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр фэйсбүүк, цахим орчинд “Мөнхтуяа булгаа” гэх хаягнаас “Агуулах чөлөөлөх худалдаа” гэх зар байршуулан Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийнхүр багт оршин суух иргэн Э.Сувд- Эрдэнэтэй холбогдож 5 ханатай гэрийн хөшиг 1 ширхэг, хулдаас 1 боодол, 5 ханатай гэрийн берзинтэн бүрээс 1 ширхэгийг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 400,000 төгрөгийг 5754112053 тоот данс руу шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.Тунгалаг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би хэдэн сарын хэдэнд гэдгээ санахгүй байна. Фэйсбүүк дээр гэрийн хэрэгсэл зарна гэж зар байршуулсан. Тэгээд зарын дагуу надтай зөндөө хүн холбогдож байсан. Зарим нь очоод авъя, зарим нь мөнгөө ирэхээр нь өгье гэх мэт зөндөө хүн ярьсан. Тэгээд энэ хүн холбогдоод авъя гэхээр нь би унаанд тавиад өгье гэж хэлээд мөнгөө хүний дансанд хийлгээд дараа нь өөрийн данс руу шилжүүлж залилсан...” гэв.
Хохирогч Э.Сувд-Эрдэнэ шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр зарын дагуу холбогдсон. Тэгээд бараа авахаар болоод мөнгөө шилжүүлээд барааг унаанд явуулна гэсэн. Тэгээд маргааш нь залгасан чинь бороо ороод унаа явахгүй гэж байна маргааш явуулна гэсэн. Маргааш нь болоод залгатал ээж байхгүй байна, эмнэлэгт хэвтсэн гэж хэлсэн. Түүнээс хойш утсаар ярихгүй мессеж бичиж байсан. Тэгээд сүүлдээ байхгүй болохоор нь би цагдаад мэдэгдсэн. Би одоо хохирлоо авчихвал, гомдол санал байхгүй...” гэв.
Хохирогч Э.Сувд-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Хархорин сум дахь зарын групп гэх бүлгэмд Мөнхтуяа Булгаа гэх хаягнаас нийтлэгдсэн “Хулдаас, хөшиг, берзинт зарах агуулах чөлөөлөх худалдаа гэсэн нийтлэлийн дагуу тухайн чатаар холбогдож 5 ханатай гэрийн хөшиг 1 ширхэг, 40 метрийн урттай, 3 метрийн өргөнтэй хулдаас 1 боодол, 5 ханатай гэрийн берзинтэн бүрээс 1 ширхэг тус бүр авахаар тохироод мөнгийг нь буюу 400,000 төгрөгийг Амармэндийн 5556331818 гэх данснаас шилжүүлсэн. Би мөнгөө шилжүүлчхээд тухайн хүнтэй 90550123 гэх дугаарын утсаар холбогдоход орой унаа явна гэж хэлсэн. Тэгэхээр нь би орой нь залгахад маргааш явахаар болсон гэж хэлсэн. Энэ мэтчилэн миний авсан барааг явуулахгүй хойшлуулаад байсан тэгээд 7 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн утсаа авахаа болиод миний хаягийг блок хийсэн байсан. Тэгээд би залилуулсан гэдгээ мэдсэн. Хөшиг нь 110,000 төгрөг, хулдаас нь 180,000 төгрөг, берзинтэн бүрээс нь 110,000 төгрөг нийт 400,000 төгрөг болсон юм...” гэсэн мэдүүлэг /хх 19 дүгээр хуудас/,
- Б.Амармэндийн эзэмшлийн 5556331818 дугаартай Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 11 дүгээр хуудас/,
- М.Энхмаагийн эзэмшлийн 5300226114 дугаартай Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 21-23 дугаар хуудас/,
- С.Тунгалагийн 312500705071 тоот Төрийн банкны харилцах дансны хуулга /хх-ийн 25-31 дүгээр хуудас/,
- Хохирогч Э.Сувд-Эрдэнэ нь “Мөнхтуяа Булгаа” гэх нэртэй хүнтэй харьцсан мессежний хуулбар, цахим орчинд байршуулсан зарын хуулбар /хх-ийн 12-15 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч С.Тунгалагт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч С.Тунгалаг нь 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр фэйсбүүк, цахим орчинд “Мөнхтуяа булгаа” гэх хаягнаас “Агуулах чөлөөлөх худалдаа” гэх зар байршуулан Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр багт оршин суух иргэн Э.Сувд- Эрдэнэтэй холбогдож 5 ханатай гэрийн хөшиг 1 ширхэг, хулдаас 1 боодол, 5 ханатай гэрийн берзинтэн бүрээс 1 ширхэгийг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 400,000 төгрөгийг 5754112053 тоот данс руу шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд мэдүүлсэн хохирогч Э.Сувд-Эрдэнийн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/, Б.Амармэндийн эзэмшлийн 5556331818 дугаартай Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 11 дүгээр хуудас/, М.Энхмаагийн эзэмшлийн 5300226114 дугаартай Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 21-23 дугаар хуудас/, С.Тунгалагийн 312500705071 тоот Төрийн банкны харилцах дансны хуулга /хх-ийн 25-31 дүгээр хуудас/, хохирогч Э.Сувд-Эрдэнэ нь “Мөнхтуяа Булгаа” гэх нэртэй хүнтэй харьцсан мессежний хуулбар, цахим орчинд байршуулсан зарын хуулбар /хх-ийн 12-15 дугаар хуудас/ болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч С.Тунгалагт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдал бий болгон худал хэлэх, хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, цахим хэрэгсэл ашиглах, худал амлах, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглах зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг бөгөөд гэмт этгээд нь бодит байдлыг гуйвуулах замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөлдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр, өөрийн өмчлөлд авч байгаа, шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдэл байдаг.
Бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн хувьд өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлддэг гэмт хэрэг болно. Хохирогчийг төөрөгдөлд оруулж, өөрийнх нь зөвшөөрлөөр эд зүйлийг нь өөртөө авч захиран зарцуулах эрхтэй болсноор энэ төрлийн гэмт хэрэг төгс үйлдэгддэг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч... баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан нь уг хэрэг, яллах дүгнэлтийн хүрээнд хамаарч байна.
“Хуурах” гэж бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг,
"хуурч... баримт бичиг ашиглах” гэж хуурамч бичиг баримт, эд зүйл, цахим хэрэгсэл, цахим сүлжээ, цахим мэдээлэл, дуу, дүрсний бичлэг, техник хэрэгсэл ашиглах, тусгай албаны хувцас хэрэглэл, цол, тэмдэг хэрэглэж зориудаар төөрөгдүүлэх, дутуу буюу зориулалтын бус эсхүл хуурамч чанарын доголдолтой эд зүйлээр төлбөр хийх,
“зохиомол байдлыг зориудаар бий болгох” гэж өөрийгөө амжилттай яваа бизнесмен, баян, их хэмжээний эд хөрөнгийн өв залгамжлагч, томоохон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мэтээр зохиомол байдлыг бүрдүүлэх,
“бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах” гэж дампуурсан үйл ажиллагаа нь зогссон, доголдсон, санхүүгийн алдаатай, хөрөнгө оруулалт шаардлагатай байдлыг нуух, хуурамч аудитын дүгнэлт гаргуулах зэргээр бусдыг төөрөгдөлд оруулахыг тус тус ойлгоно.
Залилах гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаардахгүй ба хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцдог.
Залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, баримт бичиг ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах зэрэг аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой, шунахайн сэдэлтэй байдаг.
Шүүгдэгч С.Тунгалаг нь 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр фэйсбүүк, цахим орчинд “Мөнхтуяа булгаа” гэх хаягнаас “Агуулах чөлөөлөх худалдаа” гэх зар байршуулан Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр багт оршин суух иргэн Э.Сувд- Эрдэнэтэй холбогдож 5 ханатай гэрийн хөшиг 1 ширхэг, хулдаас 1 боодол, 5 ханатай гэрийн берзинтэн бүрээс 1 ширхгийг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 400,000 төгрөгийг 5754112053 тоот данс руу шилжүүлэн авч залилсан шинжийг хангасан гэмт хэргийг үйлдсэн болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байх ба шүүгдэгчийн шунахайн сэдэлттэй гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хохирол нь тус бүрдээ шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч С.Тунгалагийг зохиомол байдал зориудаар бий болгож бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь гэм буруугийн асуудлаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор хуульчилсан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заажээ.
Хохирогч Э.Сувд-Эрдэнэ нь шүүх хуралдаанд “...400,000 төгрөгөө авчихвал, гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй..” гэж тайлбарласан бөгөөд шүүгдэгч С.Тунгалагаас 400,000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Сувд-Эрдэнэд олгох нь зүйтэй.
Шүүгдэгч С.Тунгалаг нь 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хохирол 400,000 төгрөгийг /2023 оны 01 дүгээр сарын 31-ний дотор/ төлж барагдуулах талаар илэрхийлж шүүхэд баталгаа гаргасан болохыг дурдав.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч С.Тунгалагийг зохиомол байдал зориудаар бий болгож бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “...шүүгдэгч С.Тунгалагийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дах хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Тунгалагт оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулах ...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш “...шүүгдэгчийн хувийн байдлыг зайлшгүй харгалзан үзэх шаардлагатай гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хувийн байдал гэдэгт 33 недельтэй жирэмсэн, бага насны 2 хүүхэдтэй энэ талаар нотлох баримт шинжлэн судлахад судалсан байгаа. Иймээс эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзээд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлд зааснаар “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно” “Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд уг этгээд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулна” гэсэн заалт байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-т шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болох эрх хэмжээ нь шүүхэд байгаа. Хэрвээ ял хойшлуулах боломжгүй гэж үзвэл хорихоос өөр төрлийн ял оногдуулаад тус тусад нь эдлүүлэх эрх шүүхэд байгаа. Тиймээс эдгээр нөхцөл байдлыг харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан ял хойшлуулах, эсхүл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-т зааснаар хорихоос өөр төрлийн ял оногдуулж ялыг тус тусад нь эдлүүлэх талаар шийтгэх тогтоолд тусгаж шийдвэрлэж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “...шүүгдэгч С.Тунгалаг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдалд хамаарч байгаа тул шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү...” гэж тайлбарласан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалт нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүнд хэрэглэх эсэхийг шийдвэрлэх талаар зохицуулсан зохицуулалт бөгөөд шүүгдэгч С.Тунгалагийг өмнө нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/732 дугаартай шийтгэх тогтоолоор, Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ198 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж тус тус шийдвэрлэсэн байна.
Иймд өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Шүүгдэгч С.Тунгалагт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн...” гэсэн үндэслэл тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд уг этгээд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулна.” гэж заажээ.
Шүүгдэгч С.Тунгалагт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэгт үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хор уршиг, түүний хувийн байдал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 07 сарын хугацаагаар хорих ял шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж,
Энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт оногдуулсан нэг төрлийн ялыг нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ нь тухайн бүлэгт заасан хамгийн хүнд ялтай гэмт хэргийн хорих ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй.” гэж,
Энэ хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.”,
Энэ хуулийн 6.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй.” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч С.Тунгалагийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/732 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Тунгалагт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг мөн 2 жилийн хугацаагаар хойшлуулж, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгажээ.
Мөн шүүгдэгч С.Тунгалагийг Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ198 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Тунгалагт оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/732 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тунгалагт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж тус тус шийдвэрлэсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3, 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тунгалагт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/732 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг, Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ198 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 03 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар тогтоох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт оногдуулсан нэг төрлийн ялыг нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ нь тухайн бүлэгт заасан хамгийн хүнд ялтай гэмт хэргийн хорих ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй.” гэж заасан тул шүүгдэгч С.Тунгалагт нэг төрлийн ялыг нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээг 03 жил 01 сарын хугацаагаар тогтоосон болно.
Шүүгдэгч С.Тунгалагийн нарын хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.Тунгалагийн цагдан хоригдсон 61 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч С.Тунгалагт хорих ял оногдуулах болсонтой холбоотой түүний төрсөн охин 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин Т.Номинзул, 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Т.Нандин-Эрдэнэ нарын асран хамгаалагчийн асуудал яригдах бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилуулах, уг үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг Налайх дүүргийн Засаг даргад даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Тунгалаг нь хилийн хориг тавигдаагүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүйг тус тус дурдаж,
шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Тунгалагийг энэ өдрөөс эхлэн цагдан хорьж,
шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Тунгалагт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Мангууд овгийн Сайхнаагийн Тунгалаг зохиомол байдал зориудаар бий болгож бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Мангууд овгийн Сайхнаагийн Тунгалагийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 07 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3, 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тунгалагт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/732 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг, Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ198 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 03 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тунгалагт оногдуулсан 03 жил, 01 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.Тунгалагийн цагдан хоригдсон 61 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6.Шүүгдэгч С.Тунгалаг нь хилийн хориг тавигдаагүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч С.Тунгалаг нь 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хохирол 400,000 төгрөгийг /2023 оны 01 дүгээр сарын 31-ний дотор/ төлж барагдуулах талаар илэрхийлж шүүхэд баталгаа гаргасан болохыг тус тус дурдсугай.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч С.Тунгалагаас 400,000 төгрөгийг гаргуулж хохирогч Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр багт оршин суух Эрдэнэбилэгийн Сувд-Эрдэнэ /РД: НР95120103/-д олгосугай.
8.Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин Т.Номинзул, 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Т.Нандин-Эрдэнэ нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилуулах, уг үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг Налайх дүүргийн Засаг даргад даалгасугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Тунгалагийг энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Тунгалагт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН