| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2023/0010/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/13 |
| Огноо | 2023-01-24 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Түвшинтөр |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 2023/ШЦТ/13
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Улсын яллагч: Б.Түвшинтөр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш
Шүүгдэгч Т.Түмэнжаргал,
Нарийн бичгийн дарга: А.Батцог нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Уургач овгийн Тарваагийн Түмэнжаргалд холбогдох эрүүгийн 2227002340006 тоот хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 4 дүгээр баг Цагаан-Овоо гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Уургач овгийн Тарваагийн Түмэнжаргал /РД: ЙЗ80091114/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Түмэнжаргал нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 4-р баг Цагаан овоо гэх газарт үл ялих зүйлээр шалтаглан зодож М.Тунгалагийн биед чээжний баруун талд 6 дугаар хавирга зөрүүгүй хугарал, зүүн гарын бугалга, чээжний баруун хэсэгт цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирлыг санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдснаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.Түмэнжаргал шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр манайх хүүхдийнхээ үсийг авсан. Тухайн өдөр М.Тунгалаг эгч манайд ирсэн. Бид нар 3 шил архи хувааж уусан. М.Тунгалаг эгч Баярынх цагаан идээтэй байна. Танайх яагаад цагаан идээ байхгүй байгаа юм гэж ярьсан. Би тэрнээс болж уурлаад М.Тунгалаг эгчийг сандлаар нэг удаа цохисон. Миний буруу” гэв.
Хохирогч М.Тунгалагийн мөрдөн байцаалтад өгсөн: “2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10 цагийн үед Түмэнжаргалын хүүхдийн үсний найранд урьсан болохоор нь очсон. Би баз бэр хоёр та зун манайхаар орсонгүй тойроод яваад байсан Манайхаар орж ирсэн бол манайх энэ жил гайгүй цагаан идээ авсан гэж ярьсан. Би танайх цагаан идээ тийм их авсан юм уу гэж хоорондоо яриад сууж байхад цаанаас Түмэнжаргал шээс минь чи тэр их цагаан идээ авдаг айлдаа малаа аваач очиж тавь малаа аваад зайл гэж босож ирэхээр нь чи юу яриад солиороод байгаа юм гэсэн. Тэгтэл над руу сандал аваад шидчихсэн тэгээд би хөдөлж чадахгүй байсан. Элбэгзаяа манайд очиж хоно гээд намайг түшээд явсан.Бид нар хоорондоо төрөл садангийн холбоотой хүмүүс байгаа юм тухайн үедээ л үл ойлголцол үүссэн. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-р хуу/,
Гэрч Б.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 5 дахь өдөр байсан. Би бие засчхаад орж ирэхэд Тунгаа эгч рүү сандал шидсэн гээд Тунгаа эгч босоод ирсэн байсан. Тэр айлд хэрүүл болж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-р хуу/,
Гэрч Т.Лхамын мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай эхнэр Тунгалаг болон манай дүү Түмэнжаргал нар маргалдсан. Тэр хоёр юунаас болж маргалдсан талаар мэдээгүй. Түмэнжаргал манай эхнэр Тунгалаг руу сандал авч шидсэн. Тэр сандал нь Тунгалагийн баруун суганд цохисон...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 11-12-р хуу/,
Шүүгдэгч Т.Түмэнжаргалын мөрдөн байцаалтад яллагчаар өгсөн: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсаныг хүлээн зөвшөөрч байна. Миний буруу. Тухайн үйл явдал Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 4 дүгээр багийн нутаг Цагаан-Овоо гэх газарт буюу манай гэрт болсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-р хуу/,
Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 640 дугаартай: “...1. Үзүүлэгч М.Тунгалагийн биед чээжний баруун талд 6 дугаар хавирга зөрүүгүй хугарал, зүүн гарын бугалга. чээжний баруун хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл болно. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 16-17-р хуу/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримт /хх-ийн 39-40-р хуу/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47-р хуу/,
Хохирогч Б.Тунгалагийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт /хх-ийн 67-р хуу/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Түмэнжаргалд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч Т.Түмэнжаргал нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 4-р баг Цагаан овоо гэх газарт үл ялих зүйлээр шалтаглан зодож М.Тунгалагийн биед чээжний баруун талд 6 дугаар хавирга зөрүүгүй хугарал, зүүн гарын бугалга, чээжний баруун хэсэгт цус хуралт гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтад хохирогч М.Тунгалаг, гэрч Б.Лхагвасүрэн, Т.Лхам нарын мэдүүлэг /хх-ийн 24, 9, 11-12/, шүүгдэгч Т.Түмэнжаргалын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 30/, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 640 дугаартай дүгнэлт /хх-ийн 16-17/, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримт /хх-ийн 39-40-р хуу/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47-р хуу/, хохирогч Б.Тунгалагийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт /хх-ийн 67-р хуу/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Түмэнжаргалын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Шүүгдэгч Т.Түмэнжаргал нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй,
Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзлээ.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.
Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Тунгалагийн биед хүндэвтэр хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокуророос шүүгдэгч Т.Түмэнжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Т.Түмэнжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Хохирогч М.Тунгалаг нь хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч Т.Түмэнжаргалыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч Т.Түмэнжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шүүгдэгч Т.Түмэнжаргал хувийн байдал буюу, цаашид хөдөлмөрлөх боломжтой, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хийсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан шүүгдэгч Т.Түмэнжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох, оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хувааж төлүүлэх дүгнэлтийг гаргаж байна...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш шүүхийн хэлэлцүүлэгт: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл шаардлагыг бүрэн хангаж байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймээс улсын яллагчийн ялын саналын хүрээнд шийдвэрлэж өгнө үү. Нэмж хэлэхэд шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүгдэгч эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сандлыг буцааж авах хүсэлтэй байгаа талаар өмгөөлөгчдөө хэлсэн байгаа. Үүнийг хэлмээр байна” гэсэн саналыг тус тус гаргасан болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Т.Түмэнжаргалыг гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид торгуулийн ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.Түмэнжаргалд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Т.Түмэнжаргал нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдаж,
шүүгдэгч Т.Түмэнжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүйг тус тус дурдаж,
эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сандал 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр шүүгдэгч Т.Түмэнжаргалд буцаан олгохыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримтыг устгах комисст даалгаж,
шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Түмэнжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Түмэнжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэн хэргийг тус шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байна гэж үзээд шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэсэн болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Уургач овгийн Тарваагийн Түмэнжаргалыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Уургач овгийн Тарваагийн Түмэнжаргалыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Түмэнжаргал нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.
4.Шүүгдэгч Т.Түмэнжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сандал 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр шүүгдэгч Т.Түмэнжаргалд буцаан олгохыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримтыг устгах комисст даалгасугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Түмэнжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Түмэнжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН