Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/22

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,

Улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ,

Хохирогч А.*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

Шүүгдэгч Т. нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Цэцэг-Эрдэнийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 08 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ны *******д холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, -ний өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, "*******" ХХК-ийн аж ахуйн туслах ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ,, тоотод оршин суух хаягтай,

урьд Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил, 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг журамлан оногдуулсан 3 жил, 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож шийдвэрлэсэн.

******* овогт *******ны ******* /РД:/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Т.******* нь 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 16 цаг 20 минутын орчим ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах "*******" ХХК-ийн хашаан дотор "Манай авгайг ажлаас гар гэж хэлсэн" гэж шалтаглан А.Жарденбекийн нүүр хэсэгт гараараа цохиж, зүүн хөл рүү нь өшиглөж түүний биед зүүн нүдний дотор булан, доод зовхинд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

   Улсын яллагчийн зүгээс: хохирогч А.*******ийн мэдүүлэг /хх-5-7/, гэрч Д.*******гийн мэдүүлэг /хх-8-9/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 16612 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-14-15/, яллагдагч Т.*******гийн мэдүүлэг /хх-27-28/, Т.*******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-30/,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: ******* ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1050 дугаар ...Т.******* нь 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ажиллаж байгаа нь үнэн болно ... гэх тодорхойлолт /хх-54/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-55/, Эмнэлэгт иргэнийг илгээх цахим бүртгэл /хх-59-61/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

            Хохирогч, шүүгдэгч нар нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

Шүүгдэгч Т.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “...12 дугаар сарын 05-ны өдөр А.*******тэй *******ийн урд таараад маргалдсан. Манай эхнэрийг ажлаас нь гар гэж хэд хэдэн удаа хэлсэн. Тэгээд би чи яахаараа манай эхнэрийг ажлаас гар гэж хэлдэг юм, чи мэддэг юм уу, тэр дарга нь мэдэх байлгүй гэж хэлээд нүүр рүү нь нэг удаа цохичихоод явсан...”  гэв.

  

Хохирогч А.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “....Т.******* архи уучихсан, согтуу *******ийн гадаа ирээд намайг чи яахаараа мана эхнэрийг ажлаасаа гар гэж хэлдэг юм гээд миний хамар руу цохисон. Тэгээд миний хамраас цус гараад ерөөсөө тогтохгүй байгаад байсан....” гэв.

 

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч...Шүүгдэгч Т.*******г 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 16 цаг 20 минутын орчим ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах "*******" ХХК-ийн хашаан дотор "Манай авгайг ажлаас гар гэж хэлсэн" гэж шалтаглан А.Жарденбекийн нүүр хэсэгт гараараа цохиж, зүүн хөл рүү нь өшиглөж түүний биед зүүн нүдний дотор булан, доод зовхинд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилтай, тогтмол орлоготой, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, гэмт хэргийн улмаас хохирогч А.*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Хохирогчоос учирсан хор уршигт баримтаар мөнгөн төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүйг дурдаж, мөн Т.******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураан авсан битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналтай байна...” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар нь шүүхийн хэлэлцүүлэгт: “... Шүүгдэгч Т.******* нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогчийн нүүрэн тус газарт цохиж хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон. Мөн шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүхэд шилжүүлсэн гэх үндэслэлээр маргах, мэтгэлцэх зүйлгүй. Харин эрүүгийн хариуцлагын хувьд Улсын яллагчийн зүгээс гаргасан торгох ялтай санал нэг байна. Шүүгдэгч, хохирогчийн хувийн байдал зэргийг харгалзаад 500 нэгжийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү...” гэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Т.*******д  холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Т.******* нь 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 16 цаг 20 минутын орчим ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах "*******" ХХК-ийн хашаан дотор "Манай авгайг ажлаас гар гэж хэлсэн" гэх шалтгаанаар хохирогч А.Жарденбектэй маргалдан түүний нүүр хэсэгт гараараа цохиж, зүүн хөл рүү нь өшиглөх зэргээр биед нь зүүн нүдний дотор булан, доод зовхинд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

1.1. Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Т.*******гийн өгсөн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 15 цагийн үед ******* хороо, Төрийн банкны салбарын гадаа хамгаалагч ******* гэх залуу зогсож байхад нь чи яагаад манай эхнэрийг ажлаасаа гар, яв гэж дарамтлаад байгаа юм бэ би энэ талаар эхнэрээсээ нэг бус удаа сонслоо гэхэд чи юу гээд байгаа юм тэгэж хэлсэн ч яадаг юм  гэхэд нь уур хүрээд гараараа нэг удаа цохьсон ...” гэх мэдүүлэг, /хх-28/

1.2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор А.*******ийн өгсөн: “... Би 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 16 цагийн орчим хамт ажилладаг үйлчлэгч *******гийн нөхөр Мухаан гэх залуу ирээд манай эхнэрийг ажлаасаа гар гэдэг чи юу юм бэ гэсэн зүйл яриад миний нүүр рүү гараараа 3 удаа цохиж, миний зүүн хөл рүү 2 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг, /хх-5/

1.3. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Д.*******гийн өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 15 билүү 16 цагийн үед манай нөхөр Т.******* ажил дээр ирчихсэн байна гэхээр нь гараад хартал нөхөр маань ажлын газрын хамгаалагч А.*******тэй хоорондоо муудалцчихсан, А.*******ийн хамраас цус гарчихсан байдалтай байж байхаар нь би нөхрөөсөө чи яаж байгаа юм бэ? гэж асуутал энэ муу чамайг ажлаасаа гар гэж хэд хэдэн удаа хэлж, өөрийнхөө эхнэрийг чиний оронд ажилд оруулах гэж байсан биз дээ гэж хэлсэн. Тэгсэн чинь А.******* би юу гэж тэгж хэлдэг юм, битгий худлаа яриад бай гэж хэлээд цагдаа дуудчихсан, удаагүй манай нөхөр гэр рүүгээ явчихсан...” гэх мэдүүлэг, /хх-9/

           1.4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Н.Энхцолмонгийн 16612 дугаар: “А.*******ийн биед зүүн нүдний дотор булан, доод зовхинд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх үүссэн байна...” гэх дүгнэлт, /хх-14-15/

1.5. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-30/

1.6. Шүүгдэгч Т.*******д захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан тухай, /хх-31-33/

1.7. Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 18 дугаар шийтгэх тогтоол, /хх-35-39/

1.8. Шүүгдэгч Т.*******н хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-40-43/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Т.******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогч А.*******ийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.******* нь хохирогч А.*******ийн нүүр рүү гараараа цохисон болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 16612 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

 

Тиймээс шүүгдэгч Т.*******г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Т.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Т.******* нь хохирогч А.*******ийн биед халдаж хөнгөн хохирол учруулсан ба хавтаст хэрэгт хохирлын баримт авагдаагүй ч хохирогч А.*******эд хохирол төлбөр 150,000 төгрөгийг шүүгдэгчээс төлсөн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин хохирогч А.******* нь “...шүүгдэгчийн өгсөн 150,000 төгрөгөөр би эмнэлэгт үзүүлж чадахгүй, хамрын зургаа авхуулахад л дор хаяж 60,000-150,000 төгрөг гардаг, цаашлаад эмчилгээ хийлгэх мөнгө байхгүй ...” гэх хүсэлт гаргасан ба хохирогч нь хохирол төлбөртэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүй тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй учир цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэй.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв

 

Харин шүүгдэгч Т.******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т  заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч Т.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

Бусад асуудлаар

Шүүгдэгч Т.******* нь энэ хэрэгт  эд  мөрийн  баримтаар  хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч ******* овогт *******ны *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч А.******* нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой төлбөрийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

           5. Шүүгдэгч Т.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч А.*******эд 150,000 төгрөгийг төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.  

            6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ