Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/24

 

2023          02          10                                        2023/ШЦТ/24

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Б,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Ө,

Шүүгдэгч: Ц.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Өгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Х овогт Цын Гт холбогдох эрүүгийн 2335000000021 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .... оны 08 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн ........... суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эх барих эмэгтэйчүүдийн эмч мэргэжилтэй, Увс аймгийн Бөхмөрөн сумын ................ ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Бөхмөрөн сум 3 дугаар баг ............. хорооллын ...... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй Х овогт Цын Г /РД:............../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Г нь Увс аймгийн Бөхмөрөн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г.Бтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Ц.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Увс аймгийн Бөхмөрөн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Ц.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г.Бтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, зодсон болох нь:

Хохирогч Г.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2022.12.18-ны өдөр хамт ажиллаж байсан Ц.Г гэх залуугийн хамт Улаангомоос Бөхмөрөн сум руу машинаар явах болоод манай сумын Г гэх хүнийг хүүхэдтэй хамт аваад Бөхмөрөн сумын "Хөх сай" гэх газарт надтай хамт ажилладаг Ц.Г нь 2.5 литрийн нэг пиво задалсан бөгөөд тухайн үед би машин жолоодож байсан болохоор пивоноос нь амсаад өгсөн юм пиво ууж дуусаад сумын төвөөс 17-18 км зайтай явж байхад Ц.Г нь машин дотор шүлсээ хаяаад байсан бөгөөд тухайн үед чи наад шүлсээ хаяхаа болчихооч гээд хэлсэн чинь Ц.Г нь чи ямар сүртэй пизда вэ? Би ЭМТ-д чамаас түрүүлж олон жил ажиллаж байгаа шүү надад битгий заах гээд байгаараа гэж хэлхээр чи тэгвэл машинаас буугаад алхаад явчих сумын төв бараг харагдаж байна гээд хэлсэн чинь Ц.Г нь юм дугараагүй урд суудал дээр унтаад явж байсан бөгөөд би машинаа жолоодоод 15 км орчим явж байтал Ц.Г нь зүүн гараараа намайг нэг удаа миний аман дээр цохисон бөгөөд тухайн үед миний аман дотор шүд уначих шиг болохоор нь машиныхаа дотор гэрлийг асаагаад харсан чинь миний дээд үүдэн шүдний 1 шүд нь уначихсан нэг шүд нь нэлээн хөдөлгөөнтэй байсан тул Ц.Гт чи муу ямар арчаагүй новш вэ? хүн санаандгүй байхад цохиод байхдаа яадаг юм бэ? саяны хэлсэн зүйлд юм бодоод байгаа юм уу гэж хэлэхэд Ц.Г нь найз нь санаатай цохиогүй шүү яаралтай эмнэлэг орж үзүүлье гэж хэлсэн бөгөөд тухайн үед бид нар сумын төв орж ирээд хамт ирсэн хоёр хүнээ гэрт нь хүргэж өгөөд машинаа граш-д оруулчихаад машинд байсан 0.5 литрийн "Ерөөл" гэх архийг хамт Ц.Г нь надаас уучлалт гуйгаад найз нь чамд хар буруу санаж цохиогүй шүү гэж ярилцаад хэсэг сууж байгаад гэртээ харьсан чинь миний төрсөн эгч Г.М миний шүд унасан талаар мэдээд цагдаад дуудлага өгсөн юм. Тухайн үед 1 шүд нь хөдлөөд бараг унах гэж байхаар нь би гараараа авчихсан. Сумын төв орох замдаа би дэржигнүүр ихтэй замаар явж байгаад арай бага дэржигнүүртэй замаар явах гээд хэсэг зам хөндлөн гараад явж байсан чинь Ц.Г нь намайг машинаа жолоодож чадахгүй байна чи буруу замаар яваад байна гэхээр нь чи эмч байж болно. Надад харин зам заахгүй шүү харж байна уу? би яаж явсан ч замаа олдог байхгүй юу гээд Ц.Гийн мөр нь дээр гараа зөөлхөн хүрсэн чинь Ц.Г миний ам руу нэг удаа зүүн гараараа цохисон бөгөөд  тэр үед миний дээд үүдэн нэг шүд хугарсан юм. Миний унасан шүдний хажуудах нэг шүд урьд өмнө хөдөож байсан шүд байсан бөгөөд би өөрөө гараараа татаад авчихсан юм. Надад учирсан хохирлыг Ц.Г бүрэн төлж барагдуулсан. Хиймэл шүд хийлгэсэн. Буйланд хийлгэх шүд захиалж түүний төлбөр 1.500.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Мөн Улаангом сум руу явах замын зардал өгсөн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 6-7 9, 11 дэх тал),  

Гэрч Г.Бийн мөрдөн байцаалтад өгсөн:  “Би 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улаангом сумаас аав Ж.Гын хамт Бөхмөрөн сумын ЭМТ-д ажиллаж байсан Ц.Г болон Г.Бийн жолоодож явсан УАЗ-ХАНТЕР маркийн машинд сууж Бөхмөрөн сум руу явж байгаад “Хөх сай” гэх газар зөрөөд Ц.Г нь нэг шил 0.5 литрийн "Ерөөл" гэх архи задлаад тойруулсан бөгөөд тухайн үед Ц.Г, Г.Б мөн манай аав Г нар тухайн задалсан архинаас уусан юм. Хэсэг зогсож байгаад машинаа асаагаад хөдөлсөн бөгөөд манай аав амархан согтдог тул унтаад яваад байсан заримдаа сэрүүн байсан юм. Тухайн үед сумын төв нэлээн дөхөж ирээд Ц.Г Г.Бийг зөөлөн яв машинаа жолоодож чадахгүй бол би жолоодъё гэж хэлсэн чинь Г.Б ах Ц.Гийг чи надад заадаг хэн бэ? чи эмч байжийж надад зам заадаг хэн юм гээд хэлсэн чинь Ц.Г нь Г.Бөө би чиний төлөө хэлж байна гээд тэр хоёр хоорондоо маргалдаад явж байтал Г.Б машинаа жолоодож байгаад баруун гараараа Ц.Г ахыг 2-3 удаад мөр хэсэг рүү цохисон чинь Ц.Г нь гараараа хааж байгаад зөрөөлүүлээд нэг удаа зүүн гараараа Г.Бийн ам руу цохисон чинь Г.Б амаа гараараа арчсаныхаа дараагаар Ц.Г миний шүдийг хугалчихлаа та нар гэрч шүү гээд хэлсэн тухайн үед Г.Бийн амны дээд талын нэг шүд байхгүй амнаас нь цус гарч байсан бөгөөд тэр үед би Ц.Г Г.Б хоёрыг одоо гялс сум ороод цагдаагаар та хоёр наад асуудлаа шийдүүл гэж хэлсэн чинь Г.Б, Ц.Г хоёр хоорондоо маргалдаж байгаад эвлэрээд аав бид хоёрыг сумын төвд гэрт хүргэж өгөөд аав бид хоёроос уучлалт гуйгаад яваад өгсөн. Гашуун гэх газарт машн бага зэрэг цасанд суусан нь үнэн тэр үед би цас малтсан бөгөөд жолооч Г.Б уас малтаж шүдээ машины гупер мөргөж хугалсан зүйл болоогүй харин Гануу гэх газрын ойролцоо явж байхад тэр хоёр маргалдаж Ц.Г нь Г.Бийн ам руу нэг удаа цохихдоо шүдийн цохиж хугалсан бөгөөд тэр үед амнаас нь бага зэрэг цус гарч байсан. Бид нарыг Бөхмөрөн сум руу яж байхад Хар хөдөө гэх газрын ойролцоо явж байхад манай сумын М багш араас гүйцэж ирээд Г.Бийн машины урд талын гупер замд унасан байсныг өгөөд явсан өөр хэн нэгэн хүнтэй таараагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14, 24-25 дахь тал),

Гэрч Г.Цийн мөрдөн байцаалтад өгсөн: 2022 оны 12 дугаар сарын 18-ны орой гэртээ 20 цагийн үед зулын 25-ны цайгаа уух гээд Улаангом сумаас дүү Г.Бийг хүлээж байтал гаднаас манай дүү Г.Б нь байшингийн хаалга онгойлгоод та нар гараад ирээч Ц.Г нь миний шүдийг цохиод хугалчихлаа гэж хэлэхээр би тухайн үед гараад юу болоод байгаа юм бэ? үнэн юм уу? яагаад нэгнийхээ шүдийг хугалчихаж байгаа юм гээд Ц.Гоос асуухад тухайн үед Ц.Г нь надад хэлэхдээ би танай дүүгийн шүдийг хугалаагүй бөгөөд Улаангомоос ирж байхдаа машин цасанд суугаад бид нар цас ухаж байхад Г.Б нь өөрөө цас ухах явцдаа машиныхаа урд талын төмөр гүпер мөргөөд урд талын шүдээ хугалчихлаа гэж хэлэхэд хажууд байсан манай дүү Г.Б Ц.Гоо битгий худал хэлэлдээ чи үнэнээ хэлээд миний эгч болон эхнэр ээжээс ороод уучлалт гуйчих гээд хэлсэн чинь Ц.Г би Г.Бийг цохиж барьсан зүйл байхгүй. Надад буруу байхгүй гээд байхаар нь дүүгийн минь шүд хугарчихсан байсан тул миний хувьд гомдолтой байсан тул тухайн болсон явдлын үнэн зөвийг олуулах гэж цагдаагийн байгууллагад миний дүү хүнд зодуулсан байна гэж дуудлага өгсөн юм. Миний дүү 2022.12.18-ны орой намайг дуудаад эгчээ миний шүдийг надтай хамт ажилдаг Ц.Г гараараа цохиод хугалчихлаа гэж хэлсэн бөгөөд тэр үед би дүүгийн шүдийг шалгаж үзэхэд ам болон уруул хэсгээр нэлээд их цус болчихсон мөн дээд үүдэн 2 шүд нь хугараад унасан бололтой цус гарчихсан байсан бөгөөд амнаасаа хугарсан нэг шүдийг гаргаж ирсэн. Тэр үед би цагдаад дуудлага өгөөд сумын цагдаагийн хэсэг дээр дүүгийн хамт явж очиход Ц.Г нь миний дүүгийн шүдийг цохиж хугалсан талаараа хэлж надыг гомдолгүй гээд хэлчих гээд надаас уучлалт гуйсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15, 27 дахь тал),

Гэрч Ж.Гын мөрдөн байцаалтад өгсөн: Би 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улаангом сумаас өөрийн хүү Бийн хамт манай сумын ЭМТ-д ажиллаж байсан Ц.Г болон Г.Бийн жолоодож явсан УАЗ-ХАНТЕР маркийн машинд сууж Бөхмөрөн сум руу явж байгаад “Хөх сай" гэх газар зөрөөд сумын төвийн гэрэл холоос харагдаад замаас гараад зогсож байсан чинь Ц.Г нь нэг шил 0.5 литрийн “Ерөөл” гэх архи задлаад Г.Б, Ц.Г бид гурав уусан бөгөөд тухайн үед бид нар эртхэн сумын төв оръё гээд нөгөө архийг дуусгалгүй замдаа ганц нэг зогсохоороо уугаад явж байгаад Ц.Г Г.Бийг зөөлөн яв гээд хоорондоо маргалдаад байх шиг байсан би тэр хоёрт хандаж нэг байгууллагад ажиллаж байж хоорондоо битгий хэрэлдээд бай ямар муухай харагдаж байна та хоёр гээд загнасан тухайн үед би бага зэрэг архи уусан байсан тул замдаа унтаад явж байсан тэр хоёр маргалдаж байгаад чимээгүй болчихсон бөгөөд хэсэг явж байгаад Ц.Г нь машин жолоодож байсан Г.Бийг гараараа цохисон чинь Г.Б яаж байна пизда гээд хариу гараараа нэг удаа цохисон чинь Г.Б та хоёр гэрч шүү Ц.Г миний нэг шүдийг хугалчихлаа гээд тэр хоорондоо маргалдахад манай хүүхэд Б тэр хоёрын маргааныг болиулаад хүү бид хоёрыг сумын төвд гэрт хүргэж өгөөд Г.Б, Ц.Г хоёр машиндаа суугаад гэр лүүгээ яваад өгсөн. Г.Б машин жолоодоод Ц.Г жолоочийн хажуугийн суудал дээр сууж байсан харин би хүүхэдтэйгээ арын суудал дээр суугаад явж байсан бөгөөд би тухайн үед заримдаа унтаад арын суудал дээр явж байсан юм. Ц.Г нь машинаа зөөлхөн жолоодооч гээд Г.Бтэй маргалдаж байгаа нь надад сонсогдсон бөгөөд намайг нүдээ нээгээд сэрээд харсан чинь Ц.Г нэг удаа Г.Бийг цохихдоо Г.Бийн ам руу нь цохисон юм тэр үед Г.Б миний шүдийг чи хугалчихлаа та нар хараарай гээд Г.Б нь хэлсэн тухайн үед тэр хоёрын хэн нь түрүүлж цохисон талаар надад мэдэх зүйл байхгүй. Харин манай хүү Б сэрүүн байсан болохоор болсон зүйлийг мэдэж байгаа байх. Ц.Гийн биед ямар нэгэн гэмтэл харагдаагүй. Г.Бийн нэг шүд байхгүй амнаас нь цус гарч байсан. Ц.Г нь Г.Бийг машинаа аятайхан зөөлхөн жолоодооч гээд хэлсэн чинь Г.Б нь чи миний дарга юмуу? олон жил машин барилаа чамаар заалгахгүй гээд явж байсан тэр хооронд Г.Б нь Ц.Гийг чи буугаад алхаад харьчих гээд хоорондоо маргалдаж байсан тухайн үед намайг унтаж байхад тэр хоёрын маргаан надад сонсогдож байсан. Гашуун гэх газар бага зэрэг цасанд суусан бөгөөд тухайн үедминий хүү Б хүрзээр цас ухсан бөгөөд тэр үед Ц.Г машины гупер мөргөж шүдээ гэмтээсэн зүйл болоогүй. Харин Гануу гэх газарт Ц.Г нь Г.Бийн шүдийг цохиж хугалсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19, 21-22 дахь тал),

Шүүгдэгч Ц.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улаангом сумаас Бөхмөрөн сум руу Г.Бийн жолоодож явсан машинд бид хоёртой хамт Г болон түүний хүү Б хамт явсан Тэр үед Г.Б, Г ах бид гурав замдаа 1 шил архи 2.5 литрийн нэг пиво ууж нэлээд согтсон бөгөө тухайн үед машин жолоодож байсан Г.Б нь үндсэн замаар явахгүй өөр замаар явж бас зам хөндлөн гарч яваад байхаар нь чи машин жолоодож чадахгүй байна. Машинаа надад өгч жолоодуул би жолоодъё гэж хэлсэн чинь чи надад зам заадаг хэн бэ? Би яаж явсан ч үндсэн замаа олдог байхгүй юу гээд миний зүүн мөр рүү зөөлхөн 2 удаа түлхэхээр нь уурласандаа Г.Бийн ам руу зүүн гараараа нэг удаа цохисон чинь Г.Бийн нэг шүдийг хугалсан байсан. Тухайн үед найз эь санаатай цохиогүй шүү сум орж үзүүлье гэж хэлсэн. Г.Бийн эмчилгээний зардал гэж 1.000.000 төгрөг төлсөн бөгөөд одоо бид хоёрын хооронд ямар нэгэн гомдол санал байхгүй. Хохирогч Г.Б надад гомдолгүй гэж хэлсэн. Би мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулахын тулд хохирогчийн замын зардлыг бүрэн төлсөн, мөн Бөхмөрөн сумаас аймаг руу орж ирэх замын зардлыг шийдвэрлэсэн. Надаас шалтгаалах мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах болно. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59 дэх тал)-үүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны Шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 20 дугаартай: “Үзүүлэгч Г.Бийн биед үүдэн дээд баруун 1 дүгээр шүд, зүүн дээд 1 дүгээр шүдний булгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь тогтоолд заагдсан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Шинэ гэмтэл байна. Үүдэн дээд баруун 1 дүгээр шүд, зүүн дээд 1 дүгээр шүдний булгаралт гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр /10%-аар/ тогтонги алдагдуулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.2-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 39-40 дэх тал)-ээр хохирогч Г.Бийн биед учирсан үүдэн дээд баруун 1 дүгээр шүд, зүүн дээд 1 дүгээр шүдний булгаралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ц.Г нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Г.Бийн биед гэмтэл учирч болохыг мэдсээр байж зориуд зодож хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Ц.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Г.Бийн мөрдөн байцаалтын шатанд “Ц.Гт ямар нэгэн гомдол тэмцэл үгүй миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан учир гомдолгүй гэдэг нь үнэн” гэх тодорхойлолтыг гараар бичиж, нотариатчаар гэрчлүүлж, хэрэгт хавсаргасан (хавтаст хэргийн 91 дэх тал)-ыг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Ц.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч Ц.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ц.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Ц.Г нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (хавтаст хэргийн 74 дэх тал)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар Гэрч Т.Тын өгсөн:  “Би багаасаа Ц.Гтой найзалж нөхөрлөж байгаа, хар багаасаа нэгнийгээ таньж мэддэг, 1-8 дугаар анги хүртэл нэг ангид суралцаж төгссөн. Цовоо сэргэлэн, бусадтай эелдэг боловсон харилцдаг, нийтэч харилцаатай элдэв муу зуршил байдаггүй, ажилсаг, хөдөлмөрч, бусдад тусархуу, хүнлэг энэрэнгүй, сумын орон нутагтаа нэр хүндтэй хүн юм. Архи согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэдэ, тамхи татдаг, өөр ямар нэгэн муу зуршилгүй, урьд өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй, ял шийтгэлгүй ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дахь тал), Гэрч Д.Аын өгсөн:  “Ц.Гийг хүүхэд байх цагаас мэднэ. Цовоо сэргэлэн, бусадтай эелдэг боловсон харилцдаг, янз бүрийн муухай зан авир, ааш араншин үйлдэл гаргадаггүй, нийтэч харилцаатай элдэв муу зуршил байдаггүй, ажилсаг, хөдөлмөрч, бусдад тусархуу залуу юм. Архи согтууруулах ундааны зүйл ууж хэрэглэж мэдэгддэггү, надтай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай таарч байгаагүй, тамхи татдаг, өөр ямар нэгэн муу зуршилгүй урьд өмнө гэмт хэрэг зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй, ял шийтгэлгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дахь тал), Увс аймгийн Бөхмөрөн сумын Байшинт багийн засаг даргын: “Ц.Г нь даруу төлөв, бусадтай эелдэг харьцдаг нь үнэн болохыг тодорхойлов.” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 77 дахь тал)-үүд авагдсан байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдлыг харгалзан үзээд прокурортой тохиролцсон торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.Шүүгдэгч Х овогт Цын Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц.Гт 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 4. Шүүгдэгч Ц.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц.Гт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.ГАНСҮХ