| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 178/2023/0035/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/35 |
| Огноо | 2023-01-30 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Батцоож |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 2023/ШЦТ/35
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уянга, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоож, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2236001110214 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ургийн овогт Отгонхишиг, 1983 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлийн мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл хоёр, эхнэрийн хамт Ховд аймгийн Жаргалант сум, 09 дүгээр (Рашаант) багийн ******* тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: *******.
Холбогдсон хэргийн талаар:
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоож шүүгдэгч *******ийг “2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын 07 дугаар (Магсаржав) багийн 3 дугаар 60 айлын орон сууцны 16 тоот байрнаас хохирогч ******* 208’000 төгрөгийн үнэлгээтэй цохилттой дрилл 1 ширхэг, хохирогч ******* нийт 216’000 төгрөгийн үнэлгээтэй зайтай дрилл 1 ширхэг, бугуйн цаг 1 ширхэг, бахь 2 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 424’000 төгрөгийн хохирол учруулсан” гэж дүгнэн, түүнийг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал:
1.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан “...Намсрайн ******* “Миний багажийг хэлэхгүйгээр аваад явсан байна” гэх гэмт хэргийн талаарх амаар гаргасан гомдол, мэдээллийг 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 16 цаг 40 минутад хүлээн авч, тэмдэглэл үйлдэв” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дүгээр хуудас);
- Хохирогч ******* “...Магсаржав багийн 3-р 60 айлын 16 тоот байрандаа би засвар үйлчилгээ хийлгэж байгаа юм. Тэр засварыг Г.Сумшагай гэх залуутай ярилцаж үнэ хөлсөө тохироод хийлгүүлж байгаа юм. ...ажлын явцад ******* хамт ирж эхнэртэйгээ засал хийж байгаа Хишгээ гэх залуу ажлаа хаяад явахдаа миний засварын багаж аваад явчихсан байна. ...Хятад улсад үйлдвэрлэсэн цохилттой том дрилл хошуутайгаа, ******* Хятад улсад үйлдвэрлэсэн шрүп мастер, бугуйн цаг, бахь зэрэг байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас),
- Хохирогч ******* “...260’000 төгрөгийн үнэтэй Ken загварын цохилттой дрилл алга болсон, манай байранд засвар хийж байсан ******* бугуйн цаг нэг ширхэг, бахь нэг ширхэг, шрүп мастер нэг ширхэг зэрэг эд зүйлс алга болсон байгаа. ...2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр алга болсон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дугаар хуудас);
- Хохирогч ******* “...Би ажлынхаа бус цагаар мужааны ажил хийдэг ба гэх залуутай ярилцаад Магсаржав багийн 3-р 60 айлын 16 тоот байранд засвар хийж өгөхөөр тохирсон. Засал чимэглэлийг нь би Хишгээ гэх залуугаар хийлгэхээр тохиролцсон. Замаскийн ажил дуусаад би Хишгээд урьдчилгаа 500’000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Ажил дуусаагүй байхад Хишгээ надаас болон захиалагч талаас 250’000 төгрөг өгчих гэж нэхэхээр нь би замаскаа хийж дуусгаад ярьснаа ав гэж хэлсэн. Гэтэл Хишгээ хүний бие өвдөөд байна гээд надаас мөнгө нэхсэн. Би Хишгээд 150’000 төгрөг өгөх гэж байтал ах над руу 2022 оны 05 дугаар сарын 10-нд залгаад “багаж алга болсон байна, ажилчид чинь өчигдөр ямар ч ажил хийгээгүй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Хишгээд мөнгө өгөхөө болиод Хишгээ рүү залгатал утсаа авахгүй байсан. Би “чи хүний багаж аваад явчихсан байна аваачиж өг” гэж мессеж бичсэн чинь “150’000 төгрөгөө өгчхөөд юмнуудаа аваарай” гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас),
- Хохирогч ******* “...160’000 төгрөгийн үнэтэй Teng fei загварын шрүп мастер, бугуйн цаг, бахь зэрэг эд зүйлс алга болсон. Мөн ******* цохилттой дрилл алга болсон. ...Надтай хамт ахын байранд засвар хийж байсан Хишгээ гэх залуу авсан байх гэж сэжиглэж байна. Тухай байрны нэг түлхүүр Хишгээ гэх залууд байсан. 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр алга болсон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дугаар хуудас);
Дээрх мэдүүлгүүдээр давхар нотлогдсон шүүгдэгч *******ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн “...Би 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутагт байрлах 3 дугаар 60 айлын 16 тоотод байх гэх айлд засварын ажил хийж байсан. Намайг ажилд зуучилж өгсөн Г.Сумшагай гэх залуу надад урьдчилгаа авч өгнө гэж хэлчхээд өгөхгүй болохоор нь би тухайн засвар хийж байсан байрнаас цохилттой дрилл нэг ширхэг, батарейтай дрилл нэг ширхэг, бугуйн цаг нэг ширхэг, бахь хоёр ширхгийг аваад шууд гэрт хүргэж тавьсан. ...Би тухайн үед ганцаараа очиж авсан. гэх айлд хүн байгаагүй. Би засвар хийж байсан болохоор түлхүүр нь надад байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 71-72 дугаар хуудас) зэргээр шүүгдэгч ******* 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын 07 дугаар (Магсаржав) багийн 3 дугаар 60 айлын орон сууцны 16 тоот байрнаас хохирогч ******* цохилттой дрилл нэг ширхэг, хохирогч ******* батарейтай дрилл нэг ширхэг, бугуйн цаг нэг ширхэг, бахь хоёр ширхэг зэргийг хохирогч нарт мэдэгдэлгүйгээр, тэдний зөвшөөрөлгүйгээр авсан нь нотлогджээ.
1.2. Вендо ХХК-ийн гаргасан хөрөнгө үнэлгээний ХЦ22-85 дугаартай “...цохилттой дрилл-208’000 төгрөг” гэх тайлан (хавтаст хэргийн 40-43 дугаар хуудас)-гаар хохирогч т 208’000 төгрөгийн хохирол,
- Вендо ХХК-ийн гаргасан хөрөнгө үнэлгээний ХЦ22-89 дугаартай “...шрүп мастер-128’000 төгрөг, бахь хоёр ширхэг-20’000 төгрөг, бугуйн цаг-68’000 төгрөг” гэх тайлан (хавтаст хэргийн 46-49 дүгээр хуудас)-гаар хохирогч 216’000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь тогтоогдож байна.
1.3. Дээр дурдсан үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын 07 дугаар (Магсаржав) багийн 3 дугаар 60 айлын орон сууцны 16 тоот байрнаас шүүгдэгч ******* хохирогч ******* цохилттой дрилл нэг ширхэг, хохирогч ******* батарейтай дрилл нэг ширхэг, бугуйн цаг нэг ширхэг, бахь хоёр ширхэг зэргийг хохирогч нарт мэдэгдэлгүйгээр, тэдний зөвшөөрөлгүйгээр авч, хохирогч т 208’000 төгрөгийн хохирол, хохирогч 216’000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэх үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.
2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” хулгайлах гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.
Шүүгдэгч ******* нь хохирогч , Г.Сумшагай нарт хүч хэрэглэхгүйгээр, тэдгээрт мэдэгдэж, зөвшөөрөл авахгүйгээр эд зүйлүүдийг нь авсан үйлдэл дээр дурдсан хулгайлах гэмт хэргийн обьектив болон субьектив талын шинжийг хангаж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо обьектив болон субьектив талын шинжүүдээс гадна учирсан хохирлын хэмжээг харгалздаг. Тодруулбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн хуульчилсан тайлбарт “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохгүй” гэж заажээ. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч нарт нийт 424’000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзнэ.
2.2. Шүүгдэгч *******ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 76 дугаар хуудас), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 80 дугаар хуудас), шүүгдэгч *******ийн “...Би сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Бусдын эд зүйлийг зөвшөөрөлгүй авч хулгайн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаагаа ухамсарлаж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 71-72 хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан гэх хувийн байдал тогтоогдож байна.
2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
2.3. Гэмт хэргийн улмаас хохирогч нарт нийт 424’000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан ба үүнийг учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт хамааруулан үзнэ.
3. Улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 340 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” санал гаргасан, шүүгдэгч эрүүгийн хариуцлагын талаар санал гаргаагүй болно.
3.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж хуульчилжээ.
Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь тус хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заажээ.
Иймд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
3.2. Мөн шүүгдэгчийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэх нь зүйтэй байна.
4. Хохирогч ******* “...2022 оны 05 дугаар сарын 08-нд Магсаржав багийн 3 дугаар 60 айлын 16 тоотод засварын ажил хийж байхад ******* гэх залуу ажлын багаж авсан. Бүх багажаа хүлээн авсан учир ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх хүсэлт (хавтаст хэргийн 83 дугаар хуудас), мөрдөгчийн эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд (хавтаст хэргийн 23, 24 дүгээр хуудас) зэргээр шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь нотлогдож байна. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаар хохирогч нар нэхэмжлэл гаргаагүй, хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар хор уршиг учирсан гэх үйл баримт тогтоогдоогүй тул шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хор уршиггүй гэж үзнэ.
5. Шүүгдэгч ******* энэ хэрэгт цагдан хоригдоогүй ба хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ургийн овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч *******т тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА