Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2021/0679

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, З.Э, Б.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: “Б” ХХК                                                  

Хариуцагч: НЗД,ХУДЗД

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дугаар А/******* “Авто зам замын байгууламжид даацын болон цагийн хязгаарлалт тогтоох тухай захиргааны хэм хэмжээний актыг Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/******* дугаар захиргааны хэм хэмжээний актыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн төлөөлөгч Ж.Б шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ замыг барихдаа элс хайрга тээвэрлэх хүнд даацын машинд зориулан барьж 2014 онд ашиглалтад оруулсан байдаг. Энэ ******* тоот захирамжийн 1-рт ХУД-ийн нутаг дэвсгэрт Нисэхийн тойргоос Био, Шувуун фабрик хүртэлх замд түгээмэл тархацтай ашигт малтмал тээвэрлэх ачааны автомашины бүх жинг “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS-4598:2011 стандартад зааснаар хязгаарлаж тээвэрлэлтийн хугацааг өглөөний 08.00 цагаас оройны 22.00 цаг хүртэл байхаар тогтоосугай гэж захирамжилсан нь Захиргааны ерөнхий хуулийн 59.1-д Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно гэсэн захиргааны хэм хэмжээний актын шинжийг агуулсан байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5-д зааснаар хугацаа хамаарахгүй нэхэмжлэл гаргаж байна. ******* тоот захирамжийг хангаж ажиллахыг Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Байгаль орчны газарт үүрэг болгосон ч пүүлэх, жинлэх тоног төхөөрөмж худалдан авах зардал байхгүй халдварт өвчин гарснаас шалтгаалан хойшилж ХУД-ийн Засаг дарга ******* тоот хэм хэмжээний актыг үндэслэн 2021.03.09-нд А/******* тоот захиргааны акт гарган хэрэгжүүлж эхэлснээр түгээмэл тархацтай ашигт малтмал олборлон тээвэрлэж байгаа манай компани болон бусад аж ахуйн нэгж байгууллагын тээвэрлэлтэд даац болон цагийн хязгаарлалтад хяналт тавих постыг Таван толгойн гүүрний зам, Шувуун фабрик орох зам, Өлзийт хорооны замын уулзварт явуулын Жин хэмжүүр байнга ажиллуулж байна.

Нийслэлийн хэмжээнд өөр зам дээр жин хэмжигч тавиагүй байгаа нь МУ- ын Үндсэн хуулийн 14.1-д МУ-д хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэсэн заалт, Авто тээврийн тухай хуулийн 14.2-д Хуульд тогтоомжид зааснаас бусад үндэслэлээр тээвэрлэлтийн ажлыг зогсоох, хязгаарлах, авто тээврийн хэрэгслийг саатуулахыг хориглоно гэсэн заалтыг зөрчиж байна. ******* тоот захиргааны хэм хэмжээний акт нь Захиргааны ерөнхий хуулийн 61.4.4-т зааснаар хүний эрх, эрх чөлөө, өрсөлдөөнийг хязгаарласан санхүү эдийн засагт саад хориг тавьсан хүнд суртал, авлигал гарах нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж байна.

Пүү ажиллуулснаас хойш манай компани борлуулалт тээвэрлэлтээ хийж чадахгүй элс, хайрга, чулуу тээвэрлэн хүргэх гэрээтэй барилгын “Тэмээн”, “Шилэн хийц”, бетон зуурмагийн “ЖНПЭ” компанид бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээгээ биелүүлж чадахгүй хохирч байна. Хувьдаа ачааны машинтай ХУД-ийн 13-р хорооны иргэн Н. Р тээврийн гэрээ хийсэн боловч удаа дараа машины гэрчилгээ, жолоочийн үнэмлэхээ хураалгаж торгуулсан. ХУД-ээс авто зам дээр цагийн даацын бүс нутгийн хязгаарлалт хийж буй нь зах зээлийн шударга өрсөлдөөнийг зөрчиж зарим аж ахуйн нэгж бүтээгдэхүүнийг хэт нэмэх, хэт их ашиг олох, пүү тавьж хэмжсэнээр хэмжилт хийж байгаа байрлалаас цааших манай компани дампууран ажилчдадаа тараахад хүргэж бидний хууль ёсны хөдөлмөрлөх, амьдрах эрх ашиг зөрчигдөж бидний амь зуулгад халдаж байна. Нөгөө талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд УБ хотын захирагчийн замын түгжрэлтэй тэмцэх дугаарын болон цагийн хязгаарлалт хийх журамд заасан өдрийн цагаар УБ хот дотор ачааны автомашинаар тээвэрлэлт хийхийг хязгаарласан өмнөх Захиргааны хэм хэмжээний акттай зөрчилдөж байна.

Дээрх захиргааны хэм хэмжээний актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 59-77-р заалт, тодруулбал Захиргааны ерөнхий хуулийн 67.1, 67.2, 67.3, 67.4-т заагдсан захиргааны хэм хэмжээний акт хүчин төгөлдөр болох хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй байна. Иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг зөрчиж хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний актыг хэрэгжүүлэх нэрээр Нийслэлийн Цагдаагийн Газар, ХУД-ийн Цагдаагийн газар, Мэргэжлийн Хяналтын Газар, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн, аж ахуйн нэгжийн автомашиныг саатуулан торгож буйг зогсоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

Нийслэлийн Засаг даргын ******* тоот захирамж 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн авто замын байгууламжид даацын болон цагийн хязгаарлалт тогтоох тухай гаргасан. Энэ ******* тоот захирамжийг гаргахдаа хотын Засаг дарга Үндсэн хуульд заагдсан эрх тэгш байх гэсэн зарчмыг зөрчиж байгаа. Хан-Уул дүүргийн нисэхийн тойргоос шувуун хаалга хүртэл авто зам гэж тодорхойлон зааж өгсөн байгаа. Тээврийн хэрэгслийг саадгүй зорчино гэсэн Авто тээврийн хуулийг бас зөрчиж байгаа. Авто машин цагийн хязгаарлалтгүй хөдөлгөөнд оролцох ёстой. Нийслэлийн Засаг дарга өөрөө замын хөдөлгөөнийг багасгахын тулд шөнийн цагаар хүнд даацын тээврийн хэрэгслийг явуулна гэсэн захирамж гаргасан хэр нь, өдөр явуулна, шөнө явуулахгүй хоёр өөр захирамж гаргасан байгаа. Даацын хязгаарлалт гэдэгт шувуун фабрик, өлзийтийн замын уулзвар гээд пүү тавьсан. Бусад газраар явахаар ямар ч пүү байхгүй. Тухайн үеийн ард иргэдийн шаардлагаар захирамж гаргасан гэж байгаа болов ч энэ нь хууль зөрчиж байгаа юм. Даацын хязгаарлалт 201145982011 стандартыг мөрдөх юм бол Улаанбаатар хотын захирагч хотын хэмжээгээр харах ёстой. Нисэхийн тойргоос шувуун фабрик хүртэл авто зам бол 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр авто замд хүсэлт гаргасан байгаа. Энэ авто зам нь 20 см-ийн цемент хучилттай, бетон чулуун хучилттай 60 см-ийн хучилттай элс хайрга зөөх зориулалттай зам байгаа. Энэ зам дээр элс хайрга зөөхгүй, өөр ямар замаар зөөх вэ. 2011 оны стандарт маань хүчингүй болсон байгаа. Үүнд Нийслэлийн Засаг дарга өөрөө оролцоогүй. Энэ захирамж гарснаас хойш пүү хэтрээд ирвэл торгодог, бага хэтэрвэл мөнгөн төгрөг аваад авлига их болсон. Мөн зориулалтын зам дээр явж байх машиныг 10 цагаас 20 цагийн хооронд хязгаарлана гэдэг болохгүй зүйл. Авто зам, даацын хязгаарлалтын хэм хэмжээний актыг Хууль зүйн яамд бүртгүүлээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлээс 77 дугаар зүйл заалт, тодруулбал мөн хуулийн 67.1, 67.2, 67.3, 67.4 дэх хэсэгт заагдсан захиргааны хэм хэмжээний акт хүчин төгөлдөр болох хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй. Ж.А 128 дугаар захирамжийг гаргасан байгаа. Нийслэлийн иргэдийн хурлаас Ж.А хоёр удаа сонгогдож байгаа. Хуралд сонгогдох гээд очиход машинуудыг явуулахгүй, шөнө унтахгүй байна гэсэн шаардлага тавьдаг.” гэжээ.         

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “... Нийслэлийн Засаг даргын 2016 оны “Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах тухай” А/520 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангахад Монгол Улсын стандарт MNS4598:2011 "Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-ын хүрээнд тээвэрлэлт гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн тээврийн хэрэгсэлд хяналт тавьж ажилласан.

Нийслэлийн Засаг дарга хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд баталсан бөгөөд тухайн актыг батлахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Авто замын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.8, Зам, тээврийн хөгжлийн сайдын баталсан 2018 оны 161 дүгээр тушаал, Монгол Улсын Их хурлын 2019 оны 04/01 дүгээр тогтоолын 3-т заасныг тус тус үндэслэн тухайн оршин суугч иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг хангах үүднээс тухайн шийдвэрийг баталсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. ...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. ******* дүгээр захирамжийг гаргахдаа хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан. Үндэслэх хэсэгтээ Зам тээврийн хөгжлийн сайдын баталсан 2018 оны 161 дүгээр тушаал дээр 1.4 дэх хэсэгт заасан орон нутгийн чанартай, хурлын 2019 оны 0401 дүгээр тогтоолыг үндэслэсэн. Тухайн Хан-Уул дүүргийн шувуун фабриктай холбоотой асуудлыг 2016 онд тэрбум орчмын төгрөгөөр ажил хийгдсэн учир даацын машин явахад зам эвдрэх асуудал байнга байдаг байсан. Б ХХК 2016-2017 он хооронд Захиргааны хэргийн шүүх дээр маргаад 502 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулъя гэсэн боловч Дээд шүүхээс 502 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсэн. Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч 4598 стандартыг хүчингүй болгосон гэж байна. Энэ нь 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр С64 дүгээр стандарт хэмжилтийн газрын даргын тушаалаар 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлээд батлагдсан. Тухайн үед ******* дүгээр захирамж гарахад 4598 стандарт бүртгэгдэж байсан. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн хурлын тэргүүлэх 2014 оны 102 дугаар тогтоолоор автомашиныг цагийн хязгаарлалттай оролцуулах түр зөвшөөрөл олгох журмыг баталсан байдаг. Энэ журмаар ачаа тээвэрлэлтийг зохион байгуулсан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийслэлийн Засаг дарга 2019 оны А/******* дүгээр захирамжаар түгээмэл тархацтай ашигт малтмал тээвэрлэх хүнд даацын тээврийн хэрэгслийн бүх жинг стандартад зааснаар хязгаарласан.

Гэтэл түгээмэл тархацтай ашигт малтмалын тээвэрлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуй нэгж, байгууллагууд зөрчлийг гаргасаар байсан тул дүүргийн Засаг дарга Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-д “хууль тогтоомж, Засгийн газар, Хурал, Засаг даргын шийдвэрийг сурталчлах, биелэлтийг нь хангах ажлыг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулах” гэж заасны дагуу 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр А/******* дугаар захирамжаар Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/******* дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангаж хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж байна.

Маргаан бүхий захиргааны актаар тээвэрлэлтийн үйл ажиллагааг хязгаарлаагүй бөгөөд Монгол Улсад мөрдөгдөж байгаа “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS 4598:2011 стандартад заасны дагуу жингийн хязгаарлалт хийж байгаа.

Мөн маргаан бүхий захиргааны актын үйлчлэл болон чиглэгдсэн этгээд тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулан, тээвэрлэлт хийж байгаа иргэн, аж ахуй нэгж, байгууллага гэтэл нэхэмжлэгч Б ХХК Төв аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд маргаан бүхий захирамжаар дээрх байгууллагын үйл ажиллагаа тээвэрлэлтийг зогсоож хязгаарласан ямар ч зохицуулалт байхгүй.

Дүүргийн Засаг даргын 2021 оны А/******* дугаар захирамж хуулиар эрх олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гаргасан, хууль ёсны бөгөөд зорилгодоо нийцсэн захиргааны акт тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...Түгээмэл ашигт малтмалыг уурхай дээрээс тээвэрлэн Улаанбаатар хотод ирүүлэхдээ стандартаас хэтэрсэн тээвэрлэлтийг хийх, суурьшлын бүсийн дундуур явдаг энэ асуудлууд гарч эхэлсэн. Нийслэлийн Засаг дарга 2019 онд тухайн бүс нутгийн замын зорчих хөдөлгөөнд хүнд даацын тээврийн хэрэгслийг стандартад нийцүүлсэн байдлаар захирамжилсан захирамж гаргасан. Энэ захирамжийг иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд энэ захирамжийг биелүүлэх үүрэгтэй. Гэтэл 2019 оноос хойш энэ захирамжийг биелүүлэхгүй хүнд даацын хэтэрсэн тээвэрлэлтийн асуудал байнга гарч гомдол ирдэг байсан учраас Дүүргийн Засаг даргад Монгол Улсын Засаг захиргаа, түүний удирдлагын тухай хуулийн 29.1.6 дахь хэсэгт заасны дагуу дээд шатны Засаг даргын шийдвэрийг тухайн орон нутагтаа зохион байгуулж, биелэлтийг хангах ажлыг зохион байгуулах ажлын хүрээнд 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 727 дугаар захирамжийг гаргаж тус дүүргийн 14 дүгээр хороо, 13 дугаар хороо дээр хяналтын ажлыг зохион байгуулсан. Энэ захиргааны актын чиглэгдсэн этгээд тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж байгаа этгээд юм. Б ХХК нь тээвэрлэлтийн үйл ажиллагаа биш, борлуулалтын үйл ажиллагаа явуулдаг. Захиргааны актад чиглэгдсэн этгээд биш юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“Б” ХХК нь тус шүүхэд хандан “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/******* дугаар “Авто зам, замын байгууламжид даацын болон цагийн хязгаарлалт тогтоох тухай” болон Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/******* дугаар “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тээвэрлэлтэд хяналт, шалгалт явуулах тухай” захиргааны хэм хэмжээний актыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдан маргаж буй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/******* дугаар “Авто зам, замын байгууламжид даацын болон цагийн хязгаарлалт тогтоох тухай” болон Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/******* дугаар “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тээвэрлэлтэд хяналт, шалгалт явуулах тухай” захирамжуудыг хариуцагч нараас дахин шинэ акт гаргах хүртэл 1 хүртэл сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

 

Нэг. Хэргийн үйл баримтын талаар:

1.1. Нэхэмжлэгч “Б” ХХК нь өөрийн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар[1] “гадаад худалдаа, худалдааны зуучлал, барилгын блок үйлдвэрлэл, фермерийн аж ахуй, ашигт малтмалын ашиглалт, ачааны машинаар ачаа тээвэрлэх” чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд.

1.2. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр А/******* дугаар “Авто зам, замын байгууламжид даацын болон цагийн хязгаарлалт тогтоох тухай” шийдвэр гаргасан. Тус шийдвэрийн дагуу Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийн Нисэхийн тойргоос Био, Шувуун фабрик хүртэлх замд түгээмэл тархацтай ашигт малтмал тээвэрлэх ачааны автомашины бүх жинг “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS 4598:2011 стандартад зааснаар хязгаарлах, тээвэрлэлтийн хугацааг өглөөний 8:00 цагаас оройн 22:00 цаг хүртэл байхаар тогтоож шийдвэрлэсэн.[2]

1.3. Хан-Уул дүүргийн Засаг дарга 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр А/******* дугаар “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тээвэрлэлтэд хяналт, шалгалт явуулах тухай” шийдвэр гаргасан. Уг шийдвэр нь дээр дурдсан нийслэлийн Засаг даргын А/******* дугаар шийдвэрийг шууд үндэслэж гарсан бөгөөд уг шийдвэрийн дагуу дүүргийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох, тээвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын ачааны авто тээврийн хэрэгслийн бүх жинг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийн Нисэхийн аюулгүйн тойргоос Биокомбинат хүртэл /12 дугаар хороо/, Шувуун фабрик /13 дугаар хороо/, Өлзийт /14 дүгээр хороо/ хүртэлх замд “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS 4598:2011 стандартад заасны дагуу хязгаарлаж, хяналт тавих асуудлыг шийдвэрлэсэн.

1.4. Нэхэмжлэгчийн зүгээс “дээрх шийдвэр нь адил нөхцөл байдалд ижил тэгш үйлчлэхгүй буюу нийслэлийн хэмжээнд дээр дурдсан замын маршрутаас өөр зам дээр жин хэмжигч тавиагүй, хуульд зааснаас бусад үндэслэлээр тээвэрлэлтийн ажлыг зогсоох, хязгаарлах, автотээврийн хэрэгслийг саатуулахыг хориглоно гэснийг зөрчсөн, энэ арга хэмжээ нь иргэн, хуулийн этгээдэд эдийн засгийн хүндрэл үүсгэсэн, хүнд суртал, авлига гарах нөхцөлийг бүрдүүлсэн, дээрх шийдвэрүүдийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан холбогдох журмуудыг баримтлаагүй, хүчингүй болсон стандартыг хэрэглэхээр заасан” гэх зэргээр, хариуцагч нарын зүгээс “эдгээр шийдвэрүүд нь авто зам, замын байгууламжийн бүрэн бүтэн байдлыг хангах, эвдрэл гэмтлээс сэргийлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг хангах зорилготой, нийслэлийн Засаг дарга болон Хан-Уул дүүргийн Засаг дарга нар холбогдох хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан” гэх зэргээр маргаж байна.

Хоёр. Шүүх нэхэмжлэгчийн зүгээс маргаж буй захирамжуудыг захиргааны актын тусгай тохиолдол гэж дүгнэсэн талаар:

2.1. Маргаан бүхий Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/******* дугаар “Авто зам, замын байгууламжид даацын болон цагийн хязгаарлалт тогтоох тухай” болон Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/******* дугаар “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тээвэрлэлтэд хяналт, шалгалт явуулах тухай” захирамжуудыг нэхэмжлэгч нь захиргааны хэм хэмжээний акт гэж тодорхойлон маргасан.

2.2. Шүүхээс дээрх шийдвэрүүдийг дараах үндэслэлээр Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр 59.1 дэх хэсэгт заасан захиргааны хэм хэмжээний акт биш, харин мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.7 дахь хэсэгт заасан захиргааны актын тусгай тохиолдол буюу захиргааны акт байна гэж дүгнэсэн болно.

2.3. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно.” гэж заажээ.

2.4. Дээр дурдсан хуулийн хэм хэмжээнээс үзвэл аливаа шийдвэр нь захиргааны хэм хэмжээний акт болохын тулд захиргааны байгууллагаас гаргасан, бүх нийтэд чиглэсэн, үйлчлэл нь давтагдах шинжтэй, зохицуулалт агуулсан, гадагш чиглэсэн байх шинжүүдийг нэгэн зэрэг агуулсан байхыг шаардана.

2.5. Маргаан бүхий Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/******* дугаар “Авто зам, замын байгууламжид даацын болон цагийн хязгаарлалт тогтоох тухай” болон Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/******* дугаар “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тээвэрлэлтэд хяналт, шалгалт явуулах тухай” захирамжуудаас үзэхэд эдгээр шийдвэрүүд нь нийтэд чиглэсэн шинжийг агуулахгүй байгаа болох нь тус захирамжийн 1 дэх заалтад “Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийн Нисэхийн тойргоос Био, Шувуун фабрик хүртэлх замд түгээмэл тархацтай ашигт малтмал тээвэрлэх ачааны автомашин ...”[3], “Дүүргийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох, тээвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын ачааны авто тээврийн хэрэгслийн ...”[4] гэж тус тус зааснаас ойлгогдож байна. Өөрөөр хэлбэл, тухайн шийдвэрүүд нь бүх нийтэд биш, зөвхөн дээрх захирамжид дурдсан маршрутаар тухайн замыг сонгон явдаг ачааны автомашинтай иргэн, хуулийн этгээдэд чиглэжээ.

2.6. Тиймээс дээрх маргаан бүхий захирамжуудыг захиргааны хэм хэмжээний акт гэж үзэх боломжгүй бөгөөд харин Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.7 дахь хэсэгт заасан захиргааны акт байна гэж шүүх дүгнэлээ.

2.7. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.7 дахь хэсэгт “Нийтлэг шинжээр тодорхойлогддог, эсхүл тодорхойлж болохуйц этгээдэд чиглэсэн, эсхүл эд юмсын нийтийн эрх зүйн байдлыг тодорхойлох, түүнийг ашиглахтай холбоотой захиргааны акт байж болно.” гэж заажээ.

2.8. Хуулийн дээрх хэм хэмжээнээс үзэхэд нийтлэг шинжээр тодорхойлогддог, эсхүл тодорхойлж болохуйц этгээдэд чиглэсэн захиргааны акт байж болох бөгөөд тухайн шийдвэрийн хаяглагдсан этгээдийн хүрээ нь өөр хоорондоо нийтлэг шинжтэй, эсхүл тодорхойлж болохуйц тооны хэд хэдэн этгээд байх боломжтой юм.

2.9. Дээр дүгнэсний дагуу маргаан бүхий А/******* болон А/******* дугаартай захирамжууд нь Нисэхийн тойргоос Био, Шувуун фабрик хүртэлх замд түгээмэл тархацтай ашигт малтмал тээвэрлэх ачааны автомашинтай гэх нийтлэг шинжтэй бөгөөд тодорхойлж болохуйц тооны иргэн, хуулийн этгээдэд чиглэсэн байх тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.7 дахь хэсэгт заасан шинжийг хангаж байна гэж дүгнэлээ.

2.10. Тиймээс энэхүү маргааныг хянан шийдвэрлэхдээ шүүгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасны дагуу дангаар хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

Гурав. Хариуцагч нарын гаргасан захиргааны актын хууль зүйн үндэслэлийн талаар:

3.1. 2006 оны Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 дахь заалтад “хууль ёс, дэг журам, аюулгүй байдлыг хангах, иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалах талаар” аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын хэрэгжүүлэх бүрэн эрхийг тогтоосон байх бөгөөд тус заалтын 29.1.6.л дэд заалтад “нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагад орон нутаг, ард иргэдийн эрх ашигтай холбоотой асуудлаар хууль тогтоомжид заасан хэмжээ, хязгаарын дотор үүрэг, чиглэл өгч, биелэлтийг нь хангуулах” эрх хэмжээг заажээ.

3.2. Мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” гэж заажээ.

3.3. Авто замын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалтад “олон улс, улсын болон орон нутгийн чанартай, тусгай зориулалтын авто замын бүрэн бүтэн байдлыг хангах, хамгаалах талаар харьяа нутаг дэвсгэрийн байгууллага, иргэнд үүрэг даалгавар өгөх, биелэлтийг хангуулах;”, мөн 12.1.8 дахь заалтад “харьяа нутаг дэвсгэртээ авто замын хөдөлгөөнийг зохих хууль, журмын дагуу зохион байгуулах, зохицуулах;” гэж заажээ.

3.4. Автотээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад “нутаг дэвсгэртээ автотээврийн тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн биелэлтийг хангах;” гэж мөн хуульчилжээ.

3.5. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзвэл нийслэлийн болон дүүргийн Засаг дарга нарт өөрийн харьяалах нутаг дэвсгэрт байрлах автозам, замын байгууламжийн бүрэн бүтэн байдлыг хангах, аюулгүй байдлыг ханган хамгаалах зорилгоор тодорхой автозамын маршрутад хөдөлгөөний, автотээврийн жингийн болон цагийн зохицуулалт хийх эрх хэмжээг олгосон байна гэж дүгнэлээ.

3.6. Энэхүү чиг үүргээ хэрэгжүүлэх хүрээнд нийслэлийн болон Хан-Уул дүүргийн Засаг дарга нараас маргаан бүхий А/******* болон А/******* дугаар захирамжийг батлан гаргасныг буруутгах үндэслэл байхгүй байна.

3.7. Харин нийслэлийн Засаг даргын баталсан А/******* дугаар захирамж болон Хан-Уул дүүргийн Засаг даргын баталсан А/******* дугаар захирамжаар хэрэгжүүлэхээр заасан “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS 4598:2011” стандарт нь Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн С/64 дүгээр тушаалаар хүчингүй болж, улмаар уг тушаалаар баталсан ““Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS 4598:2020” стандарт[5] нь 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж байгаа болох нь тогтоогдлоо.

3.8. Маргаж буй нийслэлийн Засаг даргын А/******* дугаар захирамж нь 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гарсан байх бөгөөд хэдийгээр MNS 4598:2020 стандарт хүчин төгөлдөр болохоос өмнө гарсан боловч өнөөдрийн цаг хугацаанд тус захирамж нь хүчингүй болсон стандартыг хэрэгжүүлэхээр байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзнэ.

3.9. Мөн маргаж буй Хан-Уул дүүргийн Засаг даргын А/******* дугаар захирамж нь 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр гарсан байх бөгөөд MNS 4598:2020 стандарт хэдийнээ хүчин төгөлдөр болсон байхад түүнийг хайхралгүй хүчингүй болсон MNS 4598:2011 стандартыг хэрэгжүүлэхээр захирамжилсан нь хуульд нийцээгүй байна.

3.10. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар маргаан бүхий захирамжуудад хүчингүй болсон MNS 4598:2011 стандартыг хэрэгжүүлэхээр заасан үйл баримтыг хүлээн зөвшөөрснийг тэмдэглэх нь зүйтэй.

3.11. Түүнчлэн хариуцагч нар маргаан бүхий захирамжуудыг батлан гаргахаас өмнө захиргааны акт болохынх нь хувьд Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, 27 дугаар зүйлд тогтоосон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдүүдэд сонсох ажиллагаа хийгээгүй нь хуульд нийцээгүй байх бөгөөд сонсох ажиллагаа хийсэн гэдгээ хариуцагч талаас нотлоогүй болохыг дурдах нь зүйтэй.

3.12. Тиймээс дээр дурдсан нөхцөл байдлыг шүүхээс цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн буюу хариуцагч нар нь хүчин төгөлдөр стандартыг хэрэгжүүлэх, тухайн шийдвэрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг сонсох, нөхцөл байдлыг бодитой тогтоох ажиллагаануудыг хийх шаардлагатай гэдэг үндэслэлээр нийслэлийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/******* дугаар захирамж, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/******* дугаар захирамжийг хариуцагч нараас дахин шинэ акт гаргах хүртэл 1 сар хүртэл хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

3.13. Шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэгч “Б” ХХК-ийг эрх ашиг нь хөндөгдсөн этгээд биш гэж маргасан бөгөөд “Б” ХХК-ийн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан тус компанийн үйл ажиллагааны чиглэлд “ачааны машинаар ачаа тээвэрлэх” үйл ажиллагаа багтсан, түүнчлэн тус компани нь бодит байдал дээр маргаан бүхий автозам, маршрутаар 4 машинаар өдөрт 2 удаа элс, хайрга тээвэрлэдэг гэх зэрэг тайлбарыг үндэслэн шүүх тус компанийг эрх ашиг нь хөндөгдсөн этгээд мөн гэж дүгнэсэн болохыг дурдаж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.11 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 29 дүгээр зүйлийн 29.1.6.л дэд заалт, 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Авто замын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 12 дугаар зүйлийн 12.1.5, 12.1.8 дахь заалт, Автотээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, 27 дугаар зүйл, 37 дугаар зүйлийн 37.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан маргаан бүхий Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/******* дугаар “Авто зам, замын байгууламжид даацын болон цагийн хязгаарлалт тогтоох тухай” болон Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/******* дугаар “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тээвэрлэлтэд хяналт, шалгалт явуулах тухай” захирамжийг тус тус хариуцагч нийслэлийн Засаг дарга болон Хан-Уул дүүргийн Засаг дарга нараас дахин шинэ акт гаргах хүртэл 1 хүртэл сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий А/******* дугаар болон А/******* дугаар захирамжууд хүчингүй болох болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчид буцаан олгохгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

[1] Хавтаст хэргийн /цаашид “Хх” гэх/ 10 дахь тал

[2] Хх 80 дахь тал

[3] Хх 80 дахь тал

[4] Хх 84 дэх тал

[5] Хх 60 дахь тал