Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2025/0074

 

 

 

“Ц-Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

 

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч Т.Энхмаа

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б;

 

Нэхэмжлэгч: “Ц-Ө” ХХК

Хариуцагч: Завхан аймгийн Яруу сумын Засаг дарга

Хариуцагч: Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Яруу сумын нутагт байрших Ц нэртэй ашигт малтмалын хайгуулын XV-0225** дүгээр тусгай зөвшөөрлийн 2023, 2024 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, эдгээр төлөвлөгөөг батлахыг хариуцагч Яруу сумын Засаг даргад даалгах, Яруу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай” 1Х дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” тухай;

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 118/ШШ2024/0061 дугаар шийдвэр;

 

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, Ж.Б нар;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дэлгэрмөрөн

Хэргийн индекс: 118/2024/0028/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Ц-Ө” ХХК-иас Завхан аймгийн Яруу сумын Засаг дарга, Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Яруу сумын нутагт байрших Ц нэртэй ашигт малтмалын хайгуулын XV-0225** дүгээр тусгай зөвшөөрлийн 2023, 2024 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, эдгээр төлөвлөгөөг батлахыг хариуцагч Яруу сумын Засаг даргад даалгах, Яруу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай” 1Х  дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

 

2. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 61 дугаартай шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3, 38.2, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.8, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3 дахь заалтад заасныг тус тус баримтлан Яруу сумын нутагт байрших Ц нэртэй ашигт малтмалын хайгуулын XV-0225** дүгээр тусгай зөвшөөрлийн 2023, 2024 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, эдгээр төлөвлөгөөг батлахыг хариуцагч Яруу сумын Засаг даргад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас Яруу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай 1Х дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б давж заалдах гомдолдоо:

3.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Хэдийгээр Яруу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан 1Х  дугаар тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 67-д заасан захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сан буюу Хууль зүй дотоод хэргийн яаманд бүртгүүлээгүй болох нь тогтоогдож байх боловч энэ нөхцөлөөр уг тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй байна. Учир нь Ц нэртэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтын зарыг 2023 оны 07-р сарын 06-ны өдөр нийтэд мэдээлж Ашигт малтмал, Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 08-р сарын 08-ны өдрийн 28Х дүгээр шийдвэрээр хайгуулын XV-0225** дугаартай тусгай зөвшөөрлийн эрхийг маргааны бүхий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын дараа гаргасан байх тул нэхэмжлэгчийн хууль ёсны эрхийг зөрчөөгүй гэсэн нь үндэслэлгүй бөгөөд илэрхий хууль зөрчсөн шийдвэр болсон байна. Шүүх өөрөө Яруу сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06-р сарын 05-ны өдрийн 1Х  дугаар тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 67-д заасан захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сан буюу Хууль зүй дотоод хэргийн яаманд бүртгүүлээгүй болох тогтоосон атлаа түүний дараа ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон Ашигт малтмал, Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 08-р сарын 08-ны өдрийн 28Х дүгээр шийдвэр гарсан байх тул нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчөөгүй гэсэн нь Захиргааны ерөнхий хуулийг илтэд зөрчсөн хүчин төгөлдөр бус маргаан бүхий 1Х  дугаар тогтоолыг зөвтгөж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.2-д заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэснийг зөрчсөн шийдвэр болсон байна. Нэхэмжлэгч нь шүүх хурал дээр Ц нэртэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай нь өмнө нь 2018 онд Засгийн газрын тогтоолоор сонгон шалгаруулалтын талбайгаар тогтоосон талбайд хамаарч байгаа тул Ашигт малтмалын тухай хуулиар олгосон хайгуул хийх хууль ёсны эрхийг зөрчиж байгаагаа нотолсон баримтыг гаргаж тайлбарыг хийсэн.

3.2. Мөн хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцуулан авсан Яруу сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06-р сарын 05-ны өдрийн 1Х  дугаар тогтоолыг үндэслэн сумын Засаг дарга нэхэмжлэгчийн хайгуулын XV-0225** дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх 2023, 2024 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахаас татгалзсан хууль шийдвэрийг гаргасан нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрхийг зөрчиж байгааг давхар нотолж байна. Өөрөөр хэлбэл шүүх нэхэмжлэгчид хайгуулын ХV-0225** дугаартай тусгай зөвшөөрлийн олгосон Ашигт малтмал, Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 08-р сарын 08-ны өдрийн 28Х дүгээр шийдвэрийг хууль ёсны гэдгийг зөвшөөрч бөгөөд энэ тусгай зөвшөөрлийн талбайд хайгуул хийх болон байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлах үүргээ Засаг дарга биелүүлээгүй гэдгийг тогтоож эхний нэхэмжлэлийн шаардлагыг хангасан атлаа өөр ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулахыг хязгаарласан хүчин төгөлдөр бус Яруу сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06-р сарын 05-ны өдрийн 1Х  дугаар тогтоолыг зөвтгөж байгаа нь илэрхий хууль зөрчсөн шийдвэр болсон.

3.3. Шүүх маргаан бүхий Яруу сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06-р сарын 05-ны өдрийн 1Х  дугаар тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 60-67 дугаар зүйлд заасан шаардлага, процессын дагуу гарсан эсэх тал дээр дүгнэлт хийгээгүй. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын баталсан газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай журамд заасан тавигдах шалгуур болон тусгай хэрэгцээнд авах зорилго, зориулалтыг хангасан эсэх, эдгээртэй холбоотой нотлох баримтуудыг гаргуулаагүй, дүгнэлтийг анхан шатны шүүх хийгээгүй болохыг шүүх анхаарч үзэхийг хүсэж байна.

3.4. Иймд Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11-р сарын 08-ны өдрийн 118/ШШ2024/0061 дугаартай шийдвэрийн “Яруу сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06-р сарын 05-ны өдрийн орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай 1Х  дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “Ц-Ө” ХХК-иас

-“Завхан аймгийн Яруу сумын Засаг даргад холбогдуулан ашигт малтмалын хайгуулын ХV-0225** дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд 2023, 2024 онд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, төлөвлөгөө батлахыг даалгах,

-Яруу сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд холбогдуулан 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Орон нутгийн хэрэгцээнд авах тухай” 1Х  дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гарган, үүний улмаас нэхэмжлэгч хуулийн этгээдийн ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулах эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж маргаж байна.

3. Ашигт малтмалын тухай хууль /2006 он/-ийн 17 дугаар зүйлийн 17.3-т “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг энэ хуулийн 17.2-т заасны дагуу ирүүлсэн зөвшөөрсөн санал болон геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална”, 17.4-т “Энэ хуулийн 17.3-т заасны дагуу Засгийн газраас баталсан талбайн солбицлын хүрээнд төрийн захиргааны байгууллага хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг ялгаж, сонгон шалгаруулалт явуулахаас 30-аас доошгүй хоногийн өмнө сонгон шалгаруулалтын урилгыг үндэсний хэмжээний өдөр тутмын сонин, хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр нийтэд мэдээлнэ.” гэсэн зохицуулалтын дагуу Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 24Х дугаар тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг баталж, Ашигт малтмал, Газрын тосны газраас Завхан аймгийн Яруу, А  сумын нутаг Ц нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтад оролцох урилгыг нээлттэйгээр нийтэд /www.tender.gov.mn, https://cmcs.mrpam.gov.mn, https://ngs.gov.mn/ зарлан мэдээлжээ.

4. Улмаар сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч “Ц-Ө” ХХК нь шалгарч улсын төсөвт 1 200 000 000 /нэг тэрбум хоёр зуун сая/ төгрөгийг төлж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 28Х  дүгээр шийдвэрээр Завхан аймгийн А , Яруу сумын Ц нэртэй газарт 13954.21 гектар талбайг олгохоор шийдвэрлэж, ашигт малтмалын хайгуулын ХV-0225**  дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр олгосноор нэхэмжлэгчид хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших эрх үүссэн байна. Хариуцагч нараас энэхүү тусгай зөвшөөрөл олгосон талаарх үйл баримттай маргадаггүй.

5. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Ц-Ө” ХХК-иас Яруу суманд байрших талбайд 2023, 2024 онд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлуулахаар хуульд заасан хугацаанд, удаа дараа хүсэлт гаргасан байхад уг хүсэлтийг шийдвэрлэх үүргээ хариуцагч хэрэгжүүлэлгүй, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 37.3-т заасан эс үйлдэхүй гаргасан болох нь тогтоогдож байна.

6. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаар дараах үүрэг хүлээнэ”, 38.1.1-д “тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах,”, 38.1.3-т “энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргад хүргүүлж батлуулах,”, 38.2-т “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэж,

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах болон нөхөн сэргээлт хийх журам, аргачлалыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нөхөн сэргээлтийн стандартыг холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллага тус тус батална.” гэж Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнахтай холбогдсон харилцааг хуульчлан зохицуулжээ.

7. Мөн дээрх хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/618 тоот тушаалаар баталсан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, батлах, тайлагнах журам”-ын 2.11-д “Газрын тос, уламжлалт бус газрын тос, цацраг идэвхт ашигт малтмалаас бусад ашигт малтмалын хайгуулын төслийг хэрэгжүүлэгч нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулж, тухайн хайгуулын үйл ажиллагаа явуулж буй сум, дүүргийн Засаг даргын тамгын газарт батлуулахаар хүргүүлнэ.” гэж Сумын Засаг даргын эрх, үүргийг тодорхойлон хуульчилжээ.

8. Үүнээс үзвэл хариуцагч Завхан аймгийн Яруу сумын Засаг дарга Ашигт малтмалын тухай хуульд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгч “Ц-Ө” ХХК-ийн сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

9. Завхан аймгийн Яруу сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн хуралдааны 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1Х тоот тогтоолоор “Сумын Х, Зүйл багийн нутагт орших “Ц” орчмын 3.252.7464 га газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан байх бөгөөд энэхүү тусгай хэрэгцээнд авсан талбай нь нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай 2564.17 га талбайгаар хэсэгчлэн давхцалтай байна.

10. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 243 дугаар тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг батлахаас өмнө нь тухайн үед Завхан аймгийн Засаг даргаас 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр албан бичгээр “А , Яруу сумын Урт нэртэй хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.5 дахь заалтуудыг зөрчиж байна. У, А гэсэн талбайд “дэмжихгүй” гэх саналыг хүргүүлж байснаас үзвэл, нэхэмжлэгчийн сонгон шалгаруулалтаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших эрх үүссэн маргаан бүхий талбайд “дэмжихгүй” гэсэн саналыг хүргүүлж байгаагүй бөгөөд хариуцагч Завхан аймгийн Яруу сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн хуралдааны 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1Х  дугаар тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг хангаагүй, захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.

11. Нөгөөтээгүүр, Завхан аймгийн Яруу сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан талбай нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын ялгасан талбай болон мөн Засгийн газрын тогтоолоор батлагдсан сонгон шалгаруулалт явуулах талбайтай давхцуулсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 17.5-д заасантай нийцэхгүй байна.

12. Үүний улмаас нэхэмжлэгч “Ц-Ө” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулах эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.

13. Иймд дээрх тогтоогдсон нөхцөл байдал, хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбар зэрэгт тулгуурлан Завхан аймгийн Яруу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай” 1Х  дугаар тогтоолыг бүхэлд нь биш, харин нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн хэсэг буюу нэхэмжлэгч “Ц-Ө” ХХК-ийн Яруу сумын Ц нэртэй газарт орших хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай 2564.17 га талбайгаар давхцаж буй хэсгийг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 118/ШШ2024/0061 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтын “...Яруу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай” 1Х  дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Яруу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай” 1Х  дугаар тогтоолын нэхэмжлэгч “Ц-Ө” ХХК-ийн Яруу сумын Ц нэртэй газарт байрших хайгуулын тусгай зөвшөөрлийн 2564.17 га талбайгаар давхцаж байгаа хэсгийг хүчингүй болгосугай” гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                    Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                    Т.ЭНХМАА