Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 155

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга: Х.Түмэнчимэг

Улсын яллагч: С.Мөнхгэрэл

Шүүгдэгч: Н.Сүлдмөнх, түүний өмгөөлөгч Ж.Эрдэнэбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Нямгаравын Сүлдмөнхийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн 201625021689  дугаартай хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, одоо 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, геологич мэргэжилтэй, ам бүл 3, ах, эгчийн хамт Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо Шинэ дөл цогцолбор 99б-703 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Нямгаравын Сүлдмөнх /регистрийн дугаар УД90100812/

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Н.Сүлдмөнх нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 5 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо Смайл баарны гадна иргэн Х.Ганзоригийг ямар нэгэн шалтгаангүйгээр догшин авирлан зодож  танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүгдэгч Н.Сүлдмөнх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “…2016 оны 05 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнийн 12 цаг 30 минутаас 01 цаг 30 минутын хооронд эхнэрээ авахаар Санни бааранд очсон. Тэнд Баяраа гэх залуу цуг сууя гээд 3 охинтой цуг суусан. Надтай чацуу залуу орж ирээд намайг бос гээд орилсон. Гадаа гараад тэр залуутай муудалцсан. Ганзориг гэх залуу гарч ирсэн. Би ганцаараа гурван хүнтэй хамт байсан. Би нэгийг нь дараад цохиход нөгөө хоёр нь намайг дээрээс цохиод байсан. Би Ганзоригийг цохьсондоо гэмшиж байгаа…” гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…2016 оны 5 дугаар сарын 26-27-нд шилжих шөнийн 01 цагийн орчим 100 айлын Смайл бааранд 3 хүүхэнтэй 4-үүлээ сууж байсан. Тэгэхэд хажуугаар нэг үл таних залуу өнгөрч явахдаа “чи наанаасаа сураггүй алга бол” гээд байхаар нь би “яасан гэж” асуусан чинь хөгжим дугараад сонсогдоогүй. Тэгээд гадаа гарч ирээд тамхи татсан. Дотор сууж байсан 3 залуугийн 2 нь гарч ирсэн. Тэгээд “чи наанаасаа яв” гээд байсан. Тэгээд намайг жижигхэн биетэй 23 насны залуу намайг мөргөхөөр нь би зөрүүлээд цохисон. Би тэрэнтэй муудалцаж байхад араас Ганзориг гэх залуу үсдээд байхаар нь эргэж хараад зүүн гараараа нэг удаа цохиод дээрээс нь дараад уначихсан. Тэгээд баарны эзэн Баяраа гэх ах гарч ирж салгасан...” гэсэн мэдүүлэг \хх-27-32\,

 

Хохирогч Х.Ганзоригийн "...2016 оны 5 дугаар сарын 26-наас 2016 оны 05 сарын 27-нд шилжих шөнө 100 айлын урд талын автобусны буудлын дэргэдэх Смайл нэртэй баарнаас 02 цагийн үед гарахад тухайн бааранд үл таних 5-6 залуучууд баарны үүдэнд миний цуг явж байсан Жанчив, Жанчивын шавь гэх 2 хүнтэй маргалдан зогсож байсан. | Тэгээд би хараад салгах гэж очсон чинь ямар ч үгийн зөрөөгүй намайг толгойн тус газар | нэг хүн цохисон. Тэгээд би ухаан алдаад унасан. "...Би салгах гэж очсон чинь намайг ар талаас нэг нь цохисон болохоор тэрийг сайн мэдэхгүй байна. Маргааны улмаас миний тархи хагарсан. Дээд, доод урууланд оёдол тавиулсан. Дараа нь намайг Сүлдмөнх гэдэг залуу цохисон нэг удаа толгойн ард цохиод доош нь дарсан байсан...” гэсэн мэдүүлэг \хх-10-11\,

Гэрч М.Баярбатын “…Намайг харж байхад Сүлдээ гэх залуу хамт явж байгаа Ганзориг гэх залууг цохиж байгаа харагдсан. Тэгээд очтол Сүлдээ энэ 2 намайг нийлж байгаад зодчихлоо гэсэн боловч хамт явж байсан Ганзориг гэх залуу газар хэвтэж байсан. Тэгээд удалгүй цагдаагийн албан хаагч ирсэн. Тэр үед Ганзориг гэх залуу гэмтсэн байсан болохоор би эмчлүүл гэж хэлээд 100.000 төгрөг өгөөд явуулсан... Ганзориг баарнаас гарч ирээд Мягмаршагай Сүлдмөнх нарыг салгах гэж байсан чинь Сүлдмөнх нэг удаа цохиод унагаачихсан. Яг аль гараараа цохьсныг нь сайн мэдэхгүй байна…” гэсэн мэдүүлэг \хх-12-13, 18\,

Гэрч Б.Мягмарын “…гадаа зодоон болж байна гэж хэлэхээр нь гараад харсан чинь миний таньдаг Сүлдмөнх гэдэг залуу нэг үл таних залууг гараараа доош нь дараад барьцан байсан тэгээд Сүлдмөнхийн араас нь нэг нь 20-25 орчим насны 170-172 см өндөртэй намхан бор царайтай, нөгөө талаас нь 175-177 см орчим өндөртэй 2 үл таних залуу ар талаас нь зуурсан байдалтай байсан. Тэгээд баарны эзэн Баяраа гэх залуу бид очиж салгаад байж байтал цагдаа ирсэн...” гэсэн мэдүүлэг \хх-14\,

 

Гэрч Ч.Жанчивын “…Ганзориг, Мягмаршагай бид 3 уулзаад 100 айлын буудлын тэнд байдаг Смайл бааранд орж нэг нэг шил пиво уучихаад байж байтал Мягмаршагай утсаар яриад ирье гээд бид гараад явсан тэгээд орж ирээд багшаа гадаа хэдэн залуучууд зодох гэж байна гэсэн тэгээд Мягмаршагай буцаад гараад явахаар нь Ганзориг бид 2 араас нь гарсан чинь Мягмаршагайг нэг үл таних залуу бариад авахаар нь би ороод салгах гэж дундуур нь орсон чинь нэг залуу намайг цохиод авахаар нь би автобусны буудал рүү зугтсан. Тэгээд эргээд харсан чинь тэр залуу Ганзоригийг доороо дарцан өшиглөж байхаар нь би цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг \хх-16\,

 

Гэрч Б.Мягмаршагайгийн “…Би Сүлдмөнх гэдэг залуутай хамт тамхи татаад зогсож байгаад маргалдаад зодолдсон. Тэгээд хэл амаараа учраа олоод зогсоод байж байтал баарнаас хүмүүс гарч ирээд бид хоёрыг тойроод зогссон. Намайг баарны хамгаалагч залуу ар тийш нь салгаад аваад явсан. Нэг харсан чинь Ганзоригийн уруул хөмсөгнөөс нь цус гарсан байдалтай намайг цохичихлоо гэж хэлээд сууж байсан...” гэсэн мэдүүлэг \хх-17\,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹7703 тоот актын “…Х.Ганзоригийн биед тархи доргилт, уруулын язарсан шарх, дух, баруун тавхайн зөөлөн эдийн гэмтэл, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-21/,

 

Н.Сүлдмөнхийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-36/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-37/, фото гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-34/, Н.Сүлдмөнхийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-35/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-34/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-57-58/ зэргийг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжигдсэн байх бөгөөд энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

 

Шүүгдэгч Н.Сүлдмөнх нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 5 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, “Смайл” баарны гадна иргэн Х.Ганзоригийг ямар нэгэн шалтгаангүйгээр зодож, хохирогч Х.Ганзоригийн бие махбодид “тархи доргилт, уруулын язарсан шарх, дух, баруун тавхайн зөөлөн эдийн гэмтэл, зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан танхайрсан болох нь дээр дурдсан хохирогч Х.Ганзориг, гэрч М.Баярбат, гэрч Б.Мягмар, гэрч Ч.Жанчив, гэрч Б.Мягмаршагай нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹7703 тоот актын дүгнэлт, шүүгдэгч Н.Сүлдмөнхийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Шүүгдэгч Н.Сүлдмөнхийн бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан гэмт хэргийг дошгин авирлаж буюу хохирогч Х.Ганзоригийн бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэгт шалгавал зохих байдлыг бүгдийг шалгасан байна.

 

Хохирогч Х.Ганзориг нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд "…гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй" гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Н.Сүлдмөнхийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

 

Шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлж, гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тооцлоо.

 

Шүүх шүүгдэгч Н.Сүлдмөнхөд ял шийтгэл оногдуулахдаа хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, хохирогч нь гомдол саналгүй гэсэн, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж дүгнэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Сүлдмөнх нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298-р зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:   

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Нямгаравын Сүлдмөнхийг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар Нямгаравын Сүлдмөнхийг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Н.Сүлдмөнхөд оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн 201625021689 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Н.Сүлдмөнх нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай. .

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Н.Сүлдмөнхөд оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст хариуцуулсугай.

 

6.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолын хувийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Сүлдмөнхөд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

           

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             З.БОЛДБААТАР